МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны 2 дугаар Улаанбаатар
сарын 20-ны өдөр Дугаар 56 хот
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ
(МОНГОЛ СУДЛАЛЫГ)
Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Монгол
Улсын Үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлалын
заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Монгол судлалыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр”-ийг хавсралт ёсоор баталсугай.
2. “Монгол судлалыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт даалгасугай.
3. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 2012 онд шаардагдах зардлыг Боловсрол,
соёл, шинжлэх ухааны сайдын төсвийн багцад багтаан санхүүжүүлэх арга
хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, цаашид шаардагдах хөрөнгийг жил бүр улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд Д.Хаянхярваа нарт тус тус даалгасугай.
4. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг 2 жил тутам Засгийн газарт танилцуулж байхыг Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Боловсрол, соёл, шинжлэх
ухааны сайд Ё.ОТГОНБАЯР
Засгийн газрын 2012 оны 56 дугаар
тогтоолын хавсралт
МОНГОЛ СУДЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Нэг. Нийтлэг үндэслэл
Монгол Улс олон
мянган жилийн түүхтэй монгол угсаатны гал голомт, өлгий нутаг, монгол
үндэстнээс бүрдсэн тусгаар тогтносон улс гэдэг утгаараа монгол
судлалын олон салбарыг эрчимтэй хөгжүүлэх өргөн боломжтой юм. Ийм ч
учраас Монгол Улс олон улсын монгол судлалын төв байх ёстой гэсэн үзэл
баримтлал бүрэлдэн тогтож, гадаадын монголч эрдэмтэд хүлээн
зөвшөөрдөг боллоо. 1970-1990 оны үед тэр үеийн социалист орнууд
төдийгүй Япон, Англи, Франц, Энэтхэг зэрэг бусад орны олон оюутан Монгол
Улсад суралцан төгссөн бөгөөд тэдгээрийн олонхи нь өөр өөрийн орны
монгол судлалын салбарыг манлайлж байна.
Монгол судлалын чиглэлээрх олон улсын хандлага сүүлийн 10 жилийн хугацаанд нэлээд
өөрчлөгдөн гадаад орнууд дахь монгол судлалын эрч хүч буурч, Америк,
ХБНГУ, Англи, ОХУ, Унгар, Япон, Болгар зэрэг орны 15 их сургууль, эрдэм
шинжилгээний төвүүдийн дэргэдэх монгол судлалын үйл ажиллагаа хаагдсан
байна. Түүнчлэн Дорно дахины судлалын томоохон сэтгүүлүүдэд
монголын холбогдолтой өгүүлэл, баримт материал гарах нь хязгаарлагдмал
болжээ. Сүүлийн 5 жилийн байдлаар өрнөдийн орнуудаас манай
их, дээд сургуулиудад монгол судлалын чиглэлээр суралцаж байгаа оюутны
тоо цөөрч байна.
Иймээс даяаршиж буй өнөөгийн нөхцөлд монгол судлалын асуудлыг төр ивээлдээ авч бодлогоор дэмжих, монголын түүх, соёл, хэл, зан заншил, үндэсний баялаг өв сангаа
судлах, хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх, монгол судлалыг дотоод,
гадаадад тогтвортой хөгжүүлэх үндэсний хэмжээний бүтэц бий болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Энэхүү шаардлагыг хангаснаар “Монгол
Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц
бодлого“, “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал” болон
“Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлал”-д тусгагдсан зорилтууд хэрэгжиж Монгол Улс олон улсын монгол судлалын цөм байх байр суурийг хадгалан үлдэх нөхцөл бүрдэх юм.
Хөтөлбөрийг
2012-2016 онд хэрэгжүүлэх бөгөөд үйл ажиллагааны санхүүжилтийг улсын
төсөв, гадаад орон, олон улсын байгууллага, бизнесийн байгууллагын
хандив тусламж, төсөл, хөтөлбөрийн хөрөнгөөс бүрдүүлэн шийдвэрлэх болно.
Хөтөлбөр
хэрэгжсэнээр нэгдүгээрт Монгол Улс олон улсын монгол судлалын төв байх
бодит боломж нэмэгдэнэ, хоёрдугаарт үндэсний хэл, соёлын дархлаа бэхжиж,
манай улсын гадаад нэр хүнд олон улсын хэмжээнд өснө.
Хоёр. Үндэсний хөтөлбөрийн зорилго
Монгол судлалыг хөгжүүлэх нэгдсэн бодлого, удирдлага, санхүүжилтийн тогтолцоо бий болгох, монгол судлалын үйл ажиллагаанд төр-шинжлэх ухаан- бизнесийн идэвх,
оролцоог нэмэгдүүлэх, монгол судлаачдын залуу халааг бэлтгэх,
мэргэшүүлэх, монгол судлалыг дотоод, гадаадад гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хөхиүлэн дэмжих орчин бүрдүүлэхэд оршино.
Гурав. Үндэсний хөтөлбөрийн зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагаа
Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд дараахь зорилтыг дэвшүүлж байна:
Зорилт 1. Монгол судлалыг хөгжүүлэх нэгдсэн бодлого, удирдлага, санхүүжилтийн тогтолцоог бий болгох
3.1.1. монгол судлалын хүний нөөц, сургалт-судалгааны ажлын өнөөгийн байдалд үнэлгээ өгч цаашдын зорилтыг тодорхойлох;
3.1.2. монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, холбогдох журам, дүрмийг боловсруулан хэрэгжүүлэх;
3.1.3. монгол судлалыг хөгжүүлэх үйл ажиллагаанд зохицуулалт хийж нэгдсэн удирдлагаар хангах Монгол судлалын Үндэсний зөвлөл (МСҮЗ) байгуулах;
3.1.4. монгол судлалын үйл ажиллагааны санхүүжилтийг улсын төсөвт тусган чиглэл бүрт нээлттэй, зохистой, жигд хуваарилах;
3.1.5. монгол судлалын мэдээллийн нэгдсэн сан байгуулж, цахим хэлбэрээр өргөжүүлэх, дэлхий дахинд таниулах.
Зорилт 2. Дотоод, гадаадын монгол судлаачдын залуу халааг бэлтгэх, чадавхийг хөгжүүлэх
3.2.1. дотоод, гадаадын залуу монгол судлаачийг Монгол Улсад магистрантур, докторантурт сурахад дэмжлэг үзүүлэх, тэтгэлэг олгох;
3.2.2. залуу монгол судлаачдын олон улсын зуны сургалт зохион байгуулах, судалгааны тэтгэлэг олгох;
3.2.3. судлаач, эрдэмтдийг харилцан солилцох хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх.
Зорилт 3. Монгол судлалыг дотоод, гадаадад гүнзгийрүүлэн
хөгжүүлэх, хөхиүлэн дэмжих
3.3.1. гадаадын монгол судлаачдад Монгол Улсад суралцах, судалгаа хийхэд дэмжлэг үзүүлэх, тэтгэлэг олгох;
3.3.2. монгол судлалын олон улсын хурал, семинар, симпозиумыг дэмжих, санхүүжүүлэх.
3.3.3.
гадаад дахь монгол судлалын төвийг дэмжих, сэргээх, шинээр үүсгэх
чиглэлээр ажиллах, тус төвүүдэд ажиллаж байгаа монголын эрдэмтдэд
санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
3.3.4.
монгол судлалын тэргүүлэх чиглэлээр дотоод, гадаадын монголч эрдэмтдийн
суурь судалгааны хамтарсан төсөл, сэдэвт ажлыг хөхиүлэн дэмжих,
санхүүжүүлэх;
3.3.5. гадаадын монголч эрдэмтдэд “Оны шилдэг бүтээл” шагнал хүртээх;
3.3.6.
монголч эрдэмтдийн шилдэг бүтээлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит
шагнал, Шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний нэрэмжит шагнал, Шинжлэх ухааны академийн шагнал олгох;
3.3.7. монгол судлаачдыг гадаад, дотоодод зочин судлаачаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, санхүүжүүлэх;
3.3.8. монгол судлалын тодорхой чиглэлээр (монгол хэл, түүх, соёл) олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, хилийн чанадад таниулах, сурталчлах;
3.3.9. олон улсын монгол судлалын эрдэм шинжилгээний сэтгүүл, мэдээллийн цуврал гаргах;
3.3.10. дэлхийн монгол судлалын шилдэг бүтээлийг монгол хэлээр орчуулж, хэвлэх, түгээх;
3.3.11. гадаад орнуудын сурах бичгүүдэд Монголын
түүхийн тухай бичсэн мэдээлэл цуглуулах, буруу ташаа гарсан мэдээллийг
засч залруулахад чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх.
Зорилт 4. Монгол судлалыг хүртээмжтэй, чанартай, үр ашигтай
хөгжүүлэх орчин бий болгох
3.4.1. монгол
судлалын номын сан байгуулж, баримтын хөмрөг бүрдүүлэн дотоод, гадаадын
монгол судлаачдад архив, номын сангийн материалтай танилцах, судлах,
ажиллах боломж олгох:
3.4.1.1. монгол судлалын талаар төрөөс баримталж байгаа бодлого, зорилтыг олон нийтэд хүргэх, сурталчлах;
3.4.1.2. монгол судлалын талаар шинээр хэвлэгдэж байгаа зохиол бүтээл, цувралын талаархи мэдээллийг нэгтгэн орчуулах, түгээх;
3.4.1.3. монгол судлалын сургалтын хөтөлбөрүүд боловсруулж, цахим хуудсанд байрлуулах, гадаадын монгол судлалын төвүүдэд мэдээлэх.
3.4.2. дотоод, гадаадын эрдэмтэн, судлаачдад мэдээллийн санг ашиглах, материалтай танилцах боломж олгож, ажиллах нөхцөлөөр хангах;
3.4.3.
монгол үндэстний гарал үүсэл, түүх соёлыг дэлхий дахинд сурталчлах,
үнэн зөв мэдээлэл өгөх зорилгоор гадаад орны нэр хүндтэй томоохон музей,
үзэсгэлэнгийн газруудад байгаа Монголын түүх, соёлын бие даасан тасаг, танхимыг үзмэрээр баяжуулахад туслалцаа, дэмжлэг үзүүлэх;
3.4.4. гадаад, дотоодод монгол үндэстний соёлын өвийн болон шинжлэх ухаан технологийн үзэсгэлэн гаргах.
Дөрөв. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим
Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараахь зарчмыг баримтална:
4.1.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг эрх зүй, нийгэм-эдийн засаг,
шинжлэх ухаан технологийн бодлоготой уялдуулан зохицуулах.
4.2. Монгол судлалын үйл ажиллагаанд олон хувилбартай, уян хатан, нээлттэй бодлого баримтлах.
4.3. Монгол судлалыг хөгжүүлэх үйл ажиллагааны өрсөлдөөн, мэдээллийн чөлөөт байдлыг хангах.
4.4. Монгол судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа дээд боловсрол, эрдэм шинжилгээний байгууллагын ажилд зарцуулах хөрөнгө, санхүүгийн нөөцийг зохистой хуваарилах.
4.5.
Монгол судлалын сургалт, судалгааны байгууллагуудын хооронд үр
бүтээлтэй хамтын ажиллагаа явуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх.
Тав. Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх хугацаа
5.1. Үндэсний хөтөлбөрийг 2012-2016 онд 4 жилийн хугацаатай хэрэгжүүлнэ.
Зургаа. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх
удирдлага, зохион байгуулалт
6.1. Шинжлэх ухааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын дэргэд Монгол судлалын Үндэсний зөвлөл (цаашид “зөвлөл” гэх) ажиллана.
6.2. Зөвлөлийн дарга нь Шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна.
6.3.
Зөвлөл нь төр-эрдэм шинжилгээ-бизнесийн байгууллагын төлөөлөл болон
эрдэмтдээс бүрдсэн 10 хүртэлх гишүүнтэй байх бөгөөд ажлын албатай байж
болно.
6.4. Зөвлөл нь дараахь дурьдсан асуудлыг хэлэлцэж зөвлөмж гаргана:
6.4.1. Монгол судлалын өнөөгийн түвшин, цаашдын чиг хандлага;
6.4.2.
Үндэсний хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх ажлыг Монгол Улсын Үндэсний
аюулгүй байдлын үзэл баримтлал болон боловсрол, соёл, шинжлэх ухааны
талаар төрөөс баримталж байгаа бодлогод нийцүүлэх асуудал;
6.4.3. монгол судлалын чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа
гадаад, дотоодын дээд боловсрол, эрдэм шинжилгээний байгууллагын хамтын
үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, идэвхжүүлэх асуудал;
6.4.4. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан;
6.4.5. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардал, санхүүжилт, хуваарилалт;
6.4.6. монгол судлалын байгууллага, нэгжийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хөгжүүлэх асуудал, түүнд төрөөс үзүүлэх дэмжлэг.
Долоо. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн
шалгуур үзүүлэлт, хяналт-шинжилгээ
Монгол судлалын Үндэсний зөвлөл нь энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд заасан ажлуудыг дараах шалгуурын дагуу дүгнэнэ:
7.1. Монгол судлалын үндэсний хэмжээний бүтэцтэй болж, хүний нөөцийн чадавхи нэмэгдсэн байдал.
7.2. Сургалтын хөтөлбөрүүд судлаачдын сонирхол, шаардлагад нийцсэн байдал.
7.3. Дотоод, гадаадын монгол судлаачдын тоо, чанарын өсөлт.
7.4. Эрдэм шинжилгээний ажилд хамтын бүтээлийн эзлэх хувь.
7.5. Монгол судлалыг хөгжүүлэхэд хувийн хэвшил болон мэргэжлийн байгууллагын сонирхол, оролцоог нэмэгдүүлсэн байдал.
7.6. Судалгаа, эрдэм шинжилгээний ажил, хамтарсан төслийн үр дүн, хэрэглээ болсон байдал, хүртээмж.
7.7. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг өмнөх жилүүдтэй харьцуулахад гарсан орчны өөрчлөлт, шинэчлэлт.
Найм. Үндэсний хөтөлбөрийн үйл ажиллагааны санхүүжилт
8.1. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардлыг улсын төсөвт тусган санхүүжүүлнэ.
8.2. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны санхүүжилт дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
8.2.1. улсын төсөв;
8.2.2. олон улсын байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын хандив тусламж;
8.2.3. хөтөлбөр, төслийн хөрөнгө;
8.2.4. бусад эх үүсвэр.
---oOo---
No comments:
Post a Comment