Saturday

”Боловсрол” намуудын мөрийн хөтөлбөрт хэрхэн тусав?

Энэ удаагийн сонгуульд намууд бэлэн мөнгөний амлалт биш мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөж байгаа.
Улс төрийн гол хүчин Ардчилсан нам нь мөрийн хөтөлбөрөө боловсруулахаар бүхий л аймгуудад очиж, иргэдтэй уулзалт хийж явсан тул нэлээд томоохон хөтөлбөр боловсруулж. МАН нь ч энэ жишгийг барин хөдөө орон нутгаар мөн л явсан. Гол нь эдгээр намууд мөрийн хөтөлбөртөө иргэдийнхээ санал бодлыг, шийдвэрлэх асуудлыг хэр тусгав?

Энэ асуултад хариулт өгөхийн тулд боловсрол, халамж, эрүүл мэндийн гээд тодорхой асуудлыг хэрхэн шийдэхээр тусгасан талаар аль алиных нь мөрийн хөтөлбөрийг шинжье. “Боловсролын асуудал” намуудын мөрийн хөтөлбөрт хэрхэн туссан талаар сонирхоё.



ЭХ СУРВАЛЖ: www.news.mn


АРДЧИЛСАН НАМ:

Тус намынхан мөрийн хөтөлбөрийнхөө нэг үндсэн хэсгийг бүхэлд нь боловсролд зориулжээ. “Эрдэм боловсролтой Монгол Хүн” бий болгох шаардлагатай гээд бага, дунд, их, дээд боловсролын тогтолцоон дахь асуудлыг шийдэхээр төлөвлөж.

Боловсролоос илүүтэй зөв хүмүүжил хэрэгтэй гэх олон иргэдийн санал дээр тулгуурлан “Эх оронч сэтгэлгээ, ёс суртахуунтай иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн “Зөв Монгол Хүүхэд” хөтөлбөр боловсруулж, хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдэд зориулсан Монгол бахархалтай, үндэсний соёл уламжлалыг дээдэлсэн иргэн болгон хүмүүжих бүх нөхцлийг агуулсан хичээлийн стандарттай болно” хэмээж.

Мөн сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх, өргөтгөх замаар хүүхдийн ая тухтай сурч хүмүүжих орчинг бүрдүүлэх. Гэр цэцэрлэгийг шаардлагатай багт байгуулах ажлыг зохион байгуулж сургуулийн өмнөх боловсролын хамрах сургалтыг нэмэгдүүлнэ. “Үдийн хоол” хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилтийг дэмжсэн эрүүл хүнсээр хангах асуудлыг стандартчилж, хангамж, хамрах хүрээг нэмэгдүүлнэ. Ерөнхий боловсролын сургуулиудын дэргэдэх хоолны газрыг өргөтгөж, хүчин чадлыг нэмэгдүүлж, баталгаатай хоол хүнсээр үйлчлэх бүх нөхцлийг бүрдүүлэхийн зэрэгцээ, хоол зүйч багш нарыг тусгайлан бэлтгэнэ. Сургуулийн бие засах газар, гар угаалтуурын нөхцлийг сайжруулж, сумдын сургуулийг орчин үеийн нийтийн халуун усны газартай, дотуур байрыг утасгүй интернэтээр хангаж, хичээл давтах тусгай техник хэрэгсэлтэй танхим, номын сантай болгоно” гэж суралцах орчин нөхцлийг сайжруулахаар төлөвлөж.

Боловсролын тогтолцоонд орхигдчих гээд байдаг нэг тал нь багш, сургуулийн ажилтан. Үүнийг Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт мартсангүй. Тухайлбал, Боловсролын байгууллагын менежментийн мэдээллийн системийг байгуулж,  түүн дээр тулгуурлан багшлах боловсон хүчин мэргэжлээрээ нэгдэж, харилцан мэдээлэл туршлага солилцдог, өөрсдийгөө хөгжүүлдэг мэдээллийн цахим сүлжээг байгуулна. Ур чадвар, бүтээмж, гүйцэтгэл дээр суурилсан цалин, урамшууллын тогтолцоог нэвтрүүлэх замаар багшийн ажлыг шударгаар үнэлж, мэргэжлийн нэр хүнд, үнэлэмжийг өсгөж, цалингаараа хангалуун амьдрах, орон сууц худалдан авах боломжийг бүрдүүлсэн “Багш” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Алслагдсан аймаг сумдад багшилж байгаа багш нарын цалин урамшуулал, орон сууцны нөхцлийг сайжруулахад чиглэсэн тусгай бодлого хэрэгжүүлнэ” гэж.

Мөн шаардлагатай мэргэжлээр суралцагсад болоод сайн суралцаж буй залуусыг онцгойлон дэмжих бодлоготой нь мөрийн хөтөлбөрөөс нь харагдана. Үүнд: Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын үйл ажиллагааг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялдуулж, элсэгчдийг ажил олгогчийн гэрээ, захиалга дээр тулгуурлан элсүүлж, төгсөгчдийг ажлын байраар хангах нөхцлийг бүрдүүлнэ. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцаж байгаа сурагчдын сургалтын тэтгэлгийг бууруулалгүйгээр суралцах сонирхлыг дэмжиж ажиллана. Чанаргүй их, дээд сургуулиудыг цөөлж сургалт, судалгаа, үйлдвэрлэл хосолсон, зах зээлд эрэлт хэрэгцээтэй боловсон хүчин бэлтгэдэг сургалтын системд шилжүүлж,  дэргэдээ эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, туршилтын инкубатор байгуулж, түүндээ өндөр технологийн компанийг бойжуулж, зах зээлд нэвтрүүлэхийг төрөөс дэмжинэ.  Инженер, технологийн чиглэлийн дэлхийн шилдэг 50 их сургуулийн нэгээс доошгүй салбарыг байгуулахыг дэмжинэ. Их сургуулиудын хотхон байгуулах ажлыг түргэвчлэх, хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын асуудлуудыг шийдвэрлэнэ. Багш, эмч, инженер бэлтгэх асуудал дээр онцгой анхаарал хандуулж, амжилттай суралцаж байгаа оюутныг дэмжинэ. Шинжлэх ухааны бүтээлийг дэмжих, чанарыг сайжруулах, зах зээлд нэвтрүүлэхийн тулд шинжлэх ухаан, технологийн сангаас жил бүр хуваарилдаг төсвийг их дээд сургууль, шинжлэх ухааны байгууллагуудын дунд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах замаар хуваарилдаг болно.

Үндэсний соёл, урлагийг дэлхий нийтэд сурталчлан таниулах, монгол соёлын нөлөөллийг дээшлүүлэх, давтагдашгүй чанарыг баталгаажуулах замаар Монгол үндэсний соёлыг дэлхийн соёлын ололттой нийцүүлэн хөгжүүлнэ.

Соёл, Заншил ч боловсролын нэг бүрэлдэхүүн байхыг тэд мөрийн хөтөлбөртөө дараах байдлаар оруулсан нь “Соёлын үнэт зүйлсийг бүтээн туурвигч, соёлын үнэт биет бус өвийг өвлөн уламжлагчийг төрийн анхаарал халамжид байлгана. Соёлын байгууллагын барилга байгууламжийн стандартыг бий болгож шаардлагатай музей, театрын барилгыг шинэчлэнэ. Түүх, палентологи, архелогийн олдворыг нэгдсэн бүртгэлд оруулж, хадгалж хамгаалах хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоно. “Монгол хүн” бэлтгэдэг бага ангийн тогтолцоог бүрдүүлж хүүхдийг эх хэл, бичиг үсэг, түүхээ бүрэн төгс эзэмших, үндэсний соёлын мэдрэмж, мэдлэг, хүмүүжилтэй болгох ажлыг хийнэ. Дэлхийн Монгол соёл судлалын төвийг байгуулж, үйл ажиллагааг нь төрөөс тусгайлан дэмжинэ” гэж.

Бусад намуудын мөрийн хөтөлбөрөөс хавтгай халамж, дэмжлэг биш шаардлагатай хэсэгт дэмжлэг үзүүлэхээр зааснаараа онцлогтой бөгөөд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг соёлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах, тэдний авъяас, хөдөлмөр бүтээлийг дэмжих” зэрэг анхаарлын гадна байдаг нэлээд асуудлын шийдлийг багтааснаараа давуу талтай болж байгаа юм.


МОНГОЛ АРДЫН НАМ: 


Боловсролын асуудлыг онцгойлон авч үзээгүй тул энэ чиглэлээр юу хийхээр болсныг хөтөлбөрийн дундаас шүүлт хийж цуглуулав. Төлөвлөгөө гэхээс илүүтэй тунхагийн чанартай нэлээд зүйл оруулжээ. Тухайлбал, Үр хүүхдээ эрүүл чийрэг, эрдэм боловсролтой эх оронч үзэл, хүнлэг зан төлөвшилтэй болгон өсгөн хөгжүүлэхэд гэр бүл, эцэг эхийн үүргийг  дээшлүүлнэ. Эх оронч, ирээдүйдээ итгэлтэй, боловсролтой, эрүүл чийрэг залуу үеийг төлөвшүүлж, улс орны хөгжилд оруулах хувь нэмрийг дээшлүүлнэ. Иргэний насан туршийн тасралтгүй боловсролыг дэмжинэ. Мэргэжлийн боловсрол, сургалтын өөрийн өртөгт суурилсан төсвийн шинэ загварыг нэвтрүүлж, төсвийн олон эх үүсвэр бүхий санхүүжилтийн орчинг бүрдүүлнэ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад мэргэжлээ өөрсдийн авьяас чадавхи, хүсэл сонирхолдоо нийцүүлэн сонгох чадвар, дадал олгох үйлчилгээг дэмжин хөгжүүлнэ гээд цааш үргэлжлүүлж.

Түүнчлэн хамтарсан засгийн газрын хөтөлбөрт буй, өмнө нь хэрэгжиж байсан хэд хэдэн заалтуудыг мөн л давтсан байгаа нь яахын аргагүй энэ чиглэлд “гал алдсан”-ыг нь харуулна. Үүнд: Боловсрол, соёл, шинжлэх ухааны хөгжлийн бодлого Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жишигт нийцүүлэн сургуулийн өмнөх боловсролын чанарыг сайжруулж, ерөнхий боловсролын сургалтад Кембрижийн стандартыг бүрэн нэвтрүүлнэ. 

Архи, тамхины хэрэглээ, хөдөлгөөний хомсдол ба эрүүл бус хүнсний хэрэглээг бууруулах, бүх нийтийн хөдөлгөөнийг өрнүүлж, эрүүл мэндийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлнэ. “Зөгийн үүр” хөтөлбөрийг өргөжүүлж, гадаадад ажиллаж, амьдарч байгаа боловсрол, мэргэжил эзэмшсэн залуучуудыг эх орондоо ажиллах сонирхлыг төрүүлэхүйц эрх зүй, эдийн засгийн таатай орчинг бүрдүүлнэ. Бүх сургуулийг интернэтэд холбож, “Цахим сургууль-Цахим сургалт” хөтөлбөрт нийт ерөнхий боловсролын сургуулийг хамруулна” гэж.

“Кембриджийн хөтөлбөр, Зөгийн үүр, цахим сургууль” энэ бүхэн бүгд хуучин. Дээрээс нь “Ерөнхий боловсролын бүх сургуулийн сурагчдыг сурах бичгээр бүрэн хангана” гэх зэрэг хэзээ өмнө хийх ёстой байсан, дутуу ажлаа мөрийн хөтөлбөртөө оруулжээ.

Мэдээж томоохон намын мөрийн хөтөлбөр тул шинэлэг төлөвлөгөө, амлалт бас бий. Өнчин, хагас өнчин хүүхдийг халамжлах, боловсрол мэргэжил олгох, ажлын байраар хангах хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хүүхэд залуучуудын техникийн сэтгэлгээ, зохион бүтээх авъяас чадварыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ. ”Техник технологийн боловсролын төв” байгуулахыг бодлогоор дэмжинэ.Гурван ээлжээр хичээллэж буй ерөнхий боловсролын сургуулиудыг эхний ээлжинд 2 ээлжтэй болгож, зарим боломж нөхцөл бүрдсэн газар нэг ээлжинд шилжүүлнэ гэх заалтууд оржээ. Мөн “Батлан хамгаалах арга хэмжээний төсвийг хөгжлийн төсөв болгон төсвийн өсөлтийг зэвсэглэл техникийн шинэчлэл, бие бүрэлдэхүүнийг мэргэшүүлэх, цэргийн шинжлэх ухаан технологи, боловсролыг хөгжүүлэхэд зориулна” хэмээх бусад намуудын амлаагүй заалт ч бий аж.


БУСАД НАМ


Бусад намуудын хувьд аль нэг салбарын асуудлыг “тэгж шийднэ” гэх шийдэл гаргасангүй. Уриа, тунхаг, лоозон. Төлөвлөгөө гэх зүйл, ишлээд оруулах заалт байсангүй. Улс төрийн бусад намуудаас ИЗНН энэ талаар анхаарахыг хичээн “Сайн боловсрол-сайхан амьдралын үндэс” гэх уриатайгаар боловсролыг дээдлэдэг төсөв санхүү, бүтэц зохион байгуулалтын тогтолцоонд шилжих эрх зүйн өөрчлөлтийг хийх зорилт тавьсныг эс тооцвол мөрийн хөтөлбөртөө тусгасан зүйл алга. Энэ нь улс төрийн бусад намууд засгийн эрх барих хэмжээнд УИХ-д суудал авна гэсэн итгэл байхгүйтэй нь холбоотой бөгөөд намын мөрийн хөтөлбөрөөс илүү хувь нэр дэвшигчид дээр анхаарлаа хандуулсан нь илт байв.

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...