Wednesday

Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоол “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-

ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөрДугаар 269
ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 21.1.8-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийг хавсралт ёсоор  шинэчлэн баталсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Дүрэм батлах тухай” Засгийн газрын 2009 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 14 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд                                          Ч.САЙХАНБИЛЭГ
Хөдөлмөрийн сайд                                                          С.ЧИНЗОРИГ  


Засгийн газрын 2015 оны 269 дүгээр
тогтоолын хавсралт

   ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, ХУРЦ ХОРДЛОГЫГ
    СУДЛАН БҮРТГЭХ ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага (цаашид "ажил олгогч" гэх)-д гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгаан, хүчин зүйлийг судалж бүртгэх, тайлагнах, мэдээлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү дүрмийн зорилго оршино.
1.2. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх үйл ажиллагаанд Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү дүрмийг мөрдөнө.
1.3. Энэ дүрмийг Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ажил олгогч, иргэд, хуульд өөрөөр заагаагүй бол гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын болон гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд нэгэн адил мөрдөнө.
1.4. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комиссын ажиллах аргачилсан зааврыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж мөрдүүлнэ.
1.5. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн ажилтан, иргэн        (цаашид "осолдогч" гэх)-д анхан шатны тусламж үзүүлэх, эмнэлэгт хүргэх, эрүүл мэндийн яаралтай шинжилгээ хийлгэх болон осол, хордлогын улмаас бий болсон аюултай нөхцөл байдлыг шуурхай арилган, судлан бүртгэхэд шаардагдах зардлыг ажил олгогч бүрэн хариуцна.
1.6. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29.2-т заасны дагуу ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгааныг судлан бүртгэсэн акт, дүгнэлт гаргах эрх, үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна.
1.7. Иргэн, хуулийн этгээд нь гэрээгээр ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх, машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх буюу бусад хэлбэрээр ашиглах үед гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг хэрхэн судлан бүртгэх талаар холбогдох гэрээнд тодорхой тусгасан байна. Энэ талаар гэрээнд тусгаагүй бол ажил гүйцэтгүүлэгч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан тохиолдолд түүнийг судлан бүртгэнэ.
1.8. Батлан хамгаалах, цагдаа, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон тахарын албанд гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг энэхүү дүрмийн дагуу судлан бүртгэнэ.
1.9. Осолдогч ажил, үүргээ гүйцэтгэж байх үедээ зам тээврийн осолд орсон тохиолдолд ослыг замын цагдаагийн байгууллагын дүгнэлтийн дагуу хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч судалж баталгаажуулна.
1.10. Гадаадад ажиллах хүч, мэргэжилтэн гаргах эрх бүхий байгууллага, аж ахуйн нэгжээр зуучлуулан гадаадад ажиллаж байгаа иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол тухайн улсын хууль тогтоомжийн дагуу үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэнэ.

Хоёр. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг
      судлан бүртгэх
2.1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно:
2.1.1. ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед;
2.1.2. ажил олгогч болон эрх бүхий бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу албан томилолтоор буюу дайчилгаагаар ажил, үүргээ гүйцэтгэж байх үед;
2.1.3. ажлын байр, нэгж, хэсэг, салбарын хооронд байнга явж ажил, үүрэг гүйцэтгэдэг ажилтан ажлын цагаар бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед;
2.1.4. ажилтан ажил эхлэхийн өмнө болон дууссаны дараа ажлын байрандаа амрах, багаж хэрэгслээ эмхэлж цэгцлэх, хувцсаа солих, усанд орох, ажил хүлээлцэх үед; 
2.1.5. ажилтан ажилдаа ирэх, буцах зам (ажлын байр болон ажилтай холбоотой сургалтад оролцож байгаа, түр болон байнга оршин суудаг газар, голлон хооллодог, цалингаа авдаг газрын хооронд)-даа бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед;
Тайлбар: Энэ ослыг судлан бүртгэхдээ энэхүү дүрмийн 2.1.5-д дурдсан нөхцөл байдлын  чиглэл, маршрут, цаг хугацаа зэргийг үндэс болгоно.
2.1.6. ажил, үүргээ гүйцэтгэх үед байгаль, цаг уур, гал, усны гэнэтийн аюул, цацраг идэвхит болон химийн бодисын нөлөөлөл, биологийн гаралтай гоц халдварт өвчин үүсгэгч, хөнөөх хэрэгсэл, сүйрэл, дэлбэрэлт зэрэг гамшгийн үед.
2.2. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөн болон согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэсний улмаас осолд өртсөн, гэмт хэрэг үйлдэх үед өөрийн биед гэмтэл учруулсан нь нотлогдсон тохиолдолд орон тооны бус байнгын комисс нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актад энэ тухай тусгайлан тэмдэглэнэ.

Гурав. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх
орон тооны бус байнгын комисс, түүний ажиллах журам
3.1. Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс (цаашид комисс гэх)-ыг ажил олгогчийн болон ажилтны төлөөлөл бүхий 3-аас доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулна.  Комиссын даргыг ажил олгогч томилно.
3.2. Хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээгээр ажил, үүрэг гүйцэтгэгч,  жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч болон хувиараа хөдөлмөр эрхлэгч, хоршоо, нөхөрлөлийн гишүүн хөдөлмөр эрхлэх явцад үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн тохиолдолд тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулсан (Засаг даргын Тамгын газраас нэг, ажил олгогч болон ажилтны төлөөллөөс тус бүр хоёр хүний бүрэлдэхүүнтэй) комисс тухайн гарсан осол, хордлогыг судлан бүртгэж, акт тогтооно.
3.3. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын онцлог, бий болсон нөхцөлөөс хамааран энэхүү дүрмийн 3.1, 3.2-т заасан комиссын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж болно.
3.4. Томилолтоор буюу гэрээгээр, эсхүл дайчилгаагаар ажил, үүрэг гүйцэтгэж байгаа иргэн (ажилтан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон цагдаагийн байгууллагын ажилтан, цэргийн жинхэнэ алба хаагч, цэргийн сургуулийн сонсогч, хоригдол), дадлага хийж байгаа суралцагч үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн тохиолдолд осол гарсан байгууллагын ажил олгогч үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх бөгөөд энэхүү дүрмийн 3.1-д заасан комиссын бүрэлдэхүүнд харьяалах байгууллагын төлөөллийг оролцуулна.
3.5. Ажил олгогч Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого судлан бүртгэх орон тооны бус байнгын комиссын гишүүдэд урамшуулал олгоно.
3.6. Энэ дүрмийн 3.1, 3.2-т заасан комисс нь осолдогчийг нийгмийн даатгалд хамрагдсан эсэхийг үл харгалзан мөн дүрмийн 1 дүгээр хавсралтаар баталсан "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт" (цаашид "акт" гэх)-ын дагуу судлан бүртгэнэ.
3.7. Комисс нь шаардлагатай тохиолдолд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгаан, хүчин зүйлийн талаар тухайн чиглэлээр төрөлжсөн мэргэжлийн хяналтын байцаагч болон ажил олгогчоос хараат бус мэргэжилтэн, шинжээч, мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулж болно.
3.8. Комисс нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарснаас хойш 48 цагийн дотор судлан бүртгэх бөгөөд акт үйлдэн комиссын дарга, гишүүд гарын үсэг зурж, байгууллагын тамга, тэмдэг дарсан байна.
3.9. Ажил олгогч үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан  бүртгэж дууссанаас хойш ажлын 3 өдөрт багтаан холбогдох актыг хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид хүргүүлнэ.
3.10. Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэсэн актыг хөдөлмөрийн хяналтын, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч ажлын 5 хоногт багтаан тус тус хянан баталгаажуулна.
3.11. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас хүний амь нас хохирсон тохиолдолд хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тусгайлан дүгнэлт гаргана.
3.12. Хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч ослыг судлан бүртгэхэд шаардагдах зардал (тээвэр, холбоо гэх мэт)-ыг ажил олгогч хариуцна.
3.13. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судалж бүртгэсэн акт, дүгнэлтийг 4 хувь үйлдэж, харьяа нийгмийн даатгалын хэлтэс, орон нутгийн хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид хүргүүлэх бөгөөд осолдогч буюу түүний гэр бүлд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судалж бүртгэсэн актыг өгнө.
3.14. Энэ дүрмийн 3.1, 3.2-т заасан комисс нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судалж бүртгэсэн акт, дүгнэлтийн хувийг архивын нэгж болгон хадгална.
3.15. Ноцтой хор аюул, хохирол ихтэй үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан тохиолдолд тухай бүр Засгийн газраас томилсон комисс судлан бүртгэнэ.
3.16. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас ажилтны эрүүл мэндэд хүнд гэмтэл, бэртэл учирсан, нас барсны улмаас мэргэжлийн байгууллагын шинжилгээ, магадлагаа шаардлагатай бол ажлын 21 хоногийн дотор судлан бүртгэнэ.

Дөрөв. Комиссын эрх, үүрэг
4.1. Комисс нь дараах эрхтэй байна:
4.1.1. үйлдвэрлэл, үйлчилгээний талбай болон ажлын байранд нэвтрэн орж, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын нөхцөл байдалтай биечлэн танилцах;
4.1.2. мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө, тусламж авах зорилгоор шаардлагатай тохиолдолд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх ажиллагаанд мэргэжилтэн, шинжээч оролцуулах, ослын талаар техникийн тооцоо, лабораторийн шинжилгээ, туршилт хийлгүүлэх, осол гарсан ажлын байрны эрсдэлийн үнэлгээг дахин хийлгэж, дүгнэлт гаргуулах;
4.1.3. осолдогч болон осол, хурц хордлого гарах үед байсан гэрч, бусад этгээдээс тайлбар, мэдээлэл, ярилцлага авах, холбогдох бичиг баримттай танилцах;
4.1.4. үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх явцад шаардлагатай ажлын байр, техник хэрэгсэл, унаагаар хангуулах.
4.2. Комисс нь дараах үүргийг гүйцэтгэнэ:
4.2.1. нөхцөл байдалтай газар дээр нь танилцан, судалж бүртгэх үйл ажиллагааг эхлүүлэх;
4.2.2. үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарахад хүргэж болзошгүй бөгөөд бусдын амь нас, эрүүл мэндэд аюултай, ажлын байрны хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, орчны аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлийг арилгах арга хэмжээг шуурхай зохион байгуулах талаар ажил олгогчид шаардлага тавих, зөвлөмж өгөх;
4.2.3. үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх явцад гарсан иргэдийн гомдол, санал, хүсэлтийг хүлээн авч, ажлын 3 хоногийн дотор магадлан шалгаж шийдвэрлэх;
4.2.4. үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгаан, хүчин зүйлийг судлан бүртгэсэн акт, дүгнэлтийг үндэслэн нийт ажилтнуудад осол, хурц хордлого гарсан шалтгаан, нөхцөл болон цаашид үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгч, сэрэмжлүүлэх арга хэмжээг нэн даруй авах, ажил олгогчид шаардлага, зөвлөмж хүргүүлэх.

Тав. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан
бүртгэхэд бүрдүүлэх бичиг баримт
5.1. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэхэд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ:
5.1.1. осолдогч тус бүрээр гаргасан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын акт;
5.1.2. осолдогчоос авсан тайлбар, ярилцлагын тэмдэглэл, осолдогч нас барсан тохиолдолд гэрчийн тодорхойлолт, түүний ярилцлагын тэмдэглэл;
5.1.3. үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан ажлын байр, тоног төхөөрөмж, техник, багаж хэрэгслийн гэрэл зураг болон бүдүүвч зураг, схем, дүрс бичлэг;
5.1.4. үйлдвэрлэлийн осол, хурц хордлоготой холбоотой асуудлаар холбогдох хүмүүсээс авсан мэдээлэл, ярилцлагын тэмдэглэл;
5.1.5. осолдогчийн ажилд орсон тухай шийдвэр, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч байсан бүртгэл, сургалтад хамрагдсаныг гэрчлэх болон бусад шаардлагатай баримтын хуулбар;
5.1.6. осолдогчид олгосон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн баримтын хуулбар;
5.1.7. аюулгүй ажиллагааны дүрэм, журам, заавар, тушаал, хууль тогтоомжийн холбогдох хэсгийн  хуулбар;
5.1.8. тухайн ажлын байранд хийсэн эрсдэлийн үнэлгээний хуулбар;
5.1.9. үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар яаралтай мэдэгдэх хуудас.
5.2. Энэ дүрмийн 3.16-д заасан тохиолдлыг судлан бүртгэхэд дараах бичиг баримтыг актад хавсаргана:
5.2.1. үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас учирсан гэмтлийн зэрэг, эмнэлгийн болон мэргэжлийн байгууллагын шинжээчийн дүгнэлт, лабораторийн шинжилгээ, туршилтын дүн;
5.2.2. хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт (дүгнэлт гарсан тохиолдолд);
5.2.3. холбогдох хяналтын улсын байцаагч, мэргэжилтэн, шинжээч болон мэргэжлийн байгууллагын дүгнэлт (дүгнэлт гарсан тохиолдолд);
5.2.4. осолдогч нас барсан тохиолдолд цогцост задлан шинжилгээ хийсэн тухай шүүх эмнэлгийн дүгнэлт;
5.2.5. хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосон акт.

Зургаа. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан
тухай мэдээлэх, тайлан гаргах
6.1. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан талаар осолдогч өөрөө, эсхүл осол, хордлогыг анх харсан этгээд ажил олгогчид нэн даруй мэдээлнэ.

6.2. Ажил олгогч (комисс) нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар дараах байгууллагад энэхүү дүрмийн 2 дугаар хавсралтаар баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тухай яаралтай мэдэгдэх хуудас”-ын дагуу бичгээр болон утсаар мэдэгдэнэ:
6.2.1. осолдогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын хэмжээнээс үл хамааран орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагад;
6.2.2. үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас хүний амь нас хохирсон тохиолдолд цагдаагийн байгууллагад.
6.3. Ажил олгогч (комисс) нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаарх мэдээллийг хүлээн авмагц осолдогчид анхан шатны тусламж үзүүлж, эмнэлэгт хүргүүлнэ.
6.4. Ажил олгогч нь цагдаа, хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын байцаагч, комисс судалгаа, шинжилгээ хийх хүртэлх хугацаанд үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан ажлын байрыг хамгаалалтад авна.
6.5. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан ажлын байрыг хамгаалалтад авах нь ажлын байрны хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, эсхүл бусад ажилтны эрүүл мэнд, орчны аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөр бол ажил олгогч нөхцөл байдлыг дүрс бичлэг, гэрэл зураг болон бүдүүвч зургаар баримтжуулсан байна.
6.6. Ажил олгогч, комисс нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаарх мэдээг Үндэсний статистикийн хорооноос баталсан маягтын дагуу тухайн орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагад ажлын 3 хоногийн дотор хүргүүлнэ.

6.7. Ажил олгогч (комисс)-оос ирүүлсэн мэдээг хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч батлагдсан маягтын дагуу сар бүр нэгтгэн гаргаж, дараа сарын 2-ны дотор Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт тус тус хүргүүлнэ.
6.8. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь энэхүү дүрмийн 6.7-д заасан мэдээг нэгтгэн тайлан бэлтгэж, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Үндэсний статистикийн хороонд дараа сарын 5-ны дотор хүргүүлнэ.
Долоо. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлоготой
холбогдсон маргааныг шийдвэрлэх
7.1. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаарх акт, дүгнэлтийг ажил олгогч болон осолдогч (осолдогч нас барсан тохиолдолд түүний гэр бүл) зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлоо Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт, эсхүл шүүхэд хандан гаргаж, холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлнэ.
7.2. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн тохиолдолд акт, дүгнэлт нөхөн гаргахгүй.
7.3. Хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч энэхүү дүрмийн 3.1, 3.2-т заасан комиссоос гаргасан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд дүгнэлтээ тусад нь гаргана. Энэ тохиолдолд комиссоос гаргасан акт, дүгнэлтийн баталгаажуулах хэсэгт “хүлээн зөвшөөрөөгүй” гэсэн тэмдэглэгээ хийж, ургийн овог, эцэг (эх)-ийн болон өөрийн нэрээ бичиж, гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарна.


--------оОо-------

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...