Сангийн
сайдын 2007 оны 3 дугаар
сарын 30 -ний өдрийн 81 дүгээр
тушаалын нэгдүгээр хавсралт
МОНГОЛ УЛСЫН САНГИЙН ЯАМ
ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ,
ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ
ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ БОДЛОГО,
ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР
Улаанбаатар
2007
он
ҮНЭЛГЭЭНИЙ
ХОРООНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ,
ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ
1.
Ерөнхий зүйл
1.1. Үнэлгээний хороо нь аливаа
худалдан авах үйл ажиллагааг тухайн захиалагчийн өмнө хариуцан “Төрийн болон
орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хууль
/ цаашид хууль гэх/ тогтоомж, энэхүү
журам болон үнэлгээний зааварт
нийцүүлэн хэрэгжүүлнэ.
1.2. Үнэлгээний хороо нь хуулийн
47.2 дахь хэсэгт заасны дагуу худалдан авах ажиллагааны журмыг сонгох,
тендерийн баримт бичиг боловсруулах, тендерийн урилга зарлах, тендер хүлээж
авах, нээх, тендерийн үнэлгээ хийх, үнэлгээ хийхэд зайлшгүй шаардлагатай
мэдээллийг олж авах, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох тухай
зөвлөмж захиалагчид өгөх, тухайн тендер шалгаруулалтын хавтаст хэрэг бүрдүүлэх,
гэрээ байгуулахад арга зүйн туслалцаа үзүүлэх
үүрэгтэй.
1.3. Захиалагч үнэлгээний хороог
энэ журмын 2 дугаар зүйлд нийцүүлэн байгуулж түүнийг ажиллах нөхцөл
бололцоогоор хангаж үйл ажиллагаанд нь хяналт тавина.
2.
Үнэлгээний хорооны бүтэц, бүрэлдэхүүн
2.1. Үнэлгээний хороо нь гурав ба түүнээс дээш сондгой
тооны гишүүдтэй байх бөгөөд захиалагч тэдгээрийн дундаас үнэлгээний хорооны
дарга, нарийн бичгийн даргыг сонгож томилно. Үнэлгээний хорооны нарийн бичгийн
дарга нь тухайн байгууллагын худалдан авалт хариуцсан мэргэжилтэн байвал
зохино.
2.2. Үнэлгээний хорооны гишүүд хуулийн 47.3, 47.5-д
заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ шаардлагыг хангаж буй тухайгаа
захиалагчид энэ журмын хавсралт дахь маягтын дагуу бичгээр мэдэгдэх үүрэгтэй.
Үнэлгээний хорооны гишүүн бүр дараах үйл ажиллагааг тус бүрдээ хариуцна:
2.2.1. Үнэлгээний хорооны
гишүүнээр ажиллахад харшлах зүйлгүй болохыг захиалагчид бичгээр мэдэгдэх,
2.2.2. Үнэлгээ хийхэд
шаардлагатай хууль, дүрэм, заавар, журмыг бүрэн ойлгосон байх,
2.2.3. Тендерийн баримт бичиг
боловсруулахдаа захиалагчийн шаардлагыг бүрэн хангахуйц, өрсөлдөөнийг дэмжсэн,
хууль тогтоомжид нийцсэн байх шаардлагыг баримтлах,
2.2.3. Тендерийн баримт бичигт
урьдчилан тусгасан үнэлгээний шалгуур үзүүлэлт, аргачлалын дагуу бүх тендерийг
үнэлэх,
2.2.4. Үнэлгээний хорооны
хуралдаанд оролцох, шийдвэр гаргахад өөрийн саналыг хараат бусаар өгч оролцох,
2.2.5. Үнэлгээний хорооны хурлын
тэмдэглэл, үнэлгээний дүгнэлтэд гарын үсэг зурах.
2.3. Үнэлгээний хорооны дарга, нарийн бичгийн дарга нь
энэ журмын 2.2-т заасны дагуу бусад гишүүдийн адил эрх, үүрэгтэй оролцох бөгөөд
дараах нэмэлт чиг үүргийг тус тусдаа хариуцна:
2.3.1 Үнэлгээний хорооны дарга нь
хуралдааныг товлох, үнэлгээний хорооны үйл ажиллагааг удирдан зохион байгуулах,
үнэлгээний хорооны үйл ажиллагаанд хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах;
2.3.2 Үнэлгээний хорооны нарийн
бичгийн дарга нь хуралдааныг зарлан мэдээлэх, зохион байгуулах, худалдан авах
ажиллагаанд баримтлах хууль, тогтоомжийн талаарх мэдээллээр гишүүдийг хангах,
тухайн худалдан авах ажиллагаатай холбоотой бүх баримт, материалыг бүрдүүлж,
хавтаст хэрэг хөтлөх, баримтжуулж, хадгалах;
2.4. Тендер шалгаруулалтыг зохион байгуулахад зайлшгүй
шаардлагатай тодорхой үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой нарийн мэргэжлийн
ажилтан/мэргэжилтэн/ захиалагчийн боловсон хүчний дотоод нөөцөд байхгүй буюу
тусгайлсан мэдлэг шаардлагатай бол захиалагч байгууллагын дарга өөрийн
санаачлагаар, эсхүл үнэлгээний хорооны хүсэлтээр мэргэжлийн шинжээч, зөвлөхийг
томилон ажиллуулж болно. Мэргэжлийн шинжээч буюу зөвлөхийг сонгоход Төрийн
албаны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн түүний
харьяалагдах байгууллагын удирдлагатай нь зөвшилцөнө.
2.5. Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд тухайн салбарын буюу
мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөлөгчийг оруулах бол түүнд үнэлгээний
хорооны ахлагч болон нарийн бичгийн даргын үүргийг хариуцуулахгүй.
2.6. Үнэлгээний хорооны гишүүд илүү цагаар ажилласны
хөлс, урамшуулал болон мэргэжлийн шинжээч, зөвлөхийг урьж ажиллуулсан
тохиолдолд тэдэнд цалин, урамшуулал олгох нь зүйтэй гэж захиалагч үзвэл
Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжын дагуу
шийдвэрлэнэ.
3.
Үнэлгээний хорооны хуралдаан
3.1. Үнэлгээний хорооны үйл ажиллагаа нь хуралдааны
хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд хуралдаанаас хамтын шийдвэр гаргана.
3.2. Үнэлгээний хорооны хуралдаан гишүүдийн олонхийн
ирцтэйгээр хүчин төгөлдөрт тооцогдоно.
3.3. Хуралдаанаас шийдвэр гаргахдаа илээр санал хураах
бөгөөд үнэлгээний хороонд томилогдсон нийт гишүүдийн олонхийн санал авснаар уг
шийдвэр хүчин төгөлдөр болно. Үнэлгээний хорооны бүх гишүүд саналын тэгш эрхтэй
байна.
3.4. Үнэлгээний хорооны шийдвэрийг хуулийн 47.6 дахь
хэсэгт заасны дагуу үнэлгээний хорооны хуралдааны тэмдэглэлд тусгаж, уг
хуралдаанд оролцсон бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.
3.5. Үнэлгээний тэмдэглэл хөтлөх, шийдвэрийг
баталгаажуулах ажлыг үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга хариуцна.
3.6. Үнэлгээний хорооноос гаргасан эцсийн шийдвэр буюу
хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой гэрээ байгуулах эрх олгох
тухай зөвлөмж, эсвэр бүх тендерээс татгалзах тухай шийдвэрийн төслийг
үнэлгээний дүгнэлт хэлбэрээр бэлтгэж, захиалагчид хүргүүлнэ.
4.
Үнэлгээний хорооны үйл ажиллагаанд
баримтлах журам, заавар
4.1. Үнэлгээний хорооны үйл ажиллагаа нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр
бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хууль, холбогдох бусад хууль
тогтоомжид нийцсэн байна.
4.2. Үнэлгээний хороо хуулийн 47.2 дахь хэсэгт заасан чиг
үүргийг хэрэгжүүлэхдээ дараах журам, зааврыг мөрдөж ажиллана:
4.2.1. Тендерийн баримт бичиг
боловсруулахдаа Сангийн сайдын 2006 оны 418 дугаар тушаал, Санхүү, эдийн
засгийн сайдын 2002 оны 74, 309 дүгээр тушаалаар тус тус батлагдсан тендерийн
жишиг баримт бичгийн аль тохирохыг ашиглах,
4.2.2. Тендер шалгаруулалтыг
зарлан мэдээлэхдээ “Босго үнэ батлах тухай” Засгийн газрын 2006 оны 22 дугаар
тогтоол, Сангийн сайдын 2006 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Цахим
сүлжээнд, тендерийн урилга, үр дүнг зарлан мэдээлэх журам”-ыг баримтлан нийт
төсөвт өртөг нь хуулийн 8.1.5 дахь заалтад заасан босго үнээс давсан худалдан
авах ажиллагааг цахим хуудас / www.e-procurement.mn
/-нд зарлан мэдээлэх,
4.2.3. Тендерийг үнэлэхэд Сангийн
сайдын тушаалаар батлагдсан “Бараа, ажлын тендерийн үнэлгээний заавар”,
“Дотоодын давуу эрх тооцох аргачлал, заавар” болон үнэлгээний хорооноос
боловсруулсан тухайн тендерийн баримт бичгийг баримтлах,
4.2.4. Холбогдох бусад хууль,
тогтоомж, журам зааврууд
5.
Үнэлгээний хорооны дүгнэлт, түүнээс татгалзах, дахин үнэлгээ хийх
5.1. Үнэлгээний дүгнэлтэд үнэлгээний хорооны хуралдааны
шийдвэрүүд/хуралдааны тэмдэглэлүүд/, гэрээ байгуулах эрх олгох тухай, эсхүл тендер шалгаруулалтыг хүчингүй болгох тухай
зөвлөмж, Сангийн сайдын 2007 оны ... сарын .. өдрийн .. тушаалын хоёрдугаар
хавсралтанд тусгагдсан үнэлгээний зааврын дагуу бэлтгэсэн холбогдох маягт,
тооцоо, бусад үндэслэлүүдийг тусгасан үнэлгээний тайланг хавсаргана.
5.2. Үнэлгээний дүгнэлт нь хууль, тогтоомж болон
тендерийн баримт бичигтэй нийцээгүй, тэдгээрийг илт зөрчсөн бол захиалагч
байгууллагын дарга үнэлгээний дүгнэлт хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн
дотор энэхүү зөрчлийг арилгах тухай шаардлагыг үнэлгээний хороонд бичгээр
мэдэгдэнэ. Энэхүү мэдэгдэлд зөрчлийн үндэслэл, тайлбарыг заавал дурдсан байна.
5.3. Үнэлгээний хороо нь захиалагч байгууллагын даргын
мэдэгдлийг хүлээн авсан даруй буюу ажлын 3 хоногт багтаан хуралдаж дараах
шийдвэрийн аль нэгийг гаргаж, захиалагчид хүргүүлнэ. Үүнд:
5.3.1. Захиалагчийн бичгээр
ирүүлсэн шаардлагад дурдсан алдаа, зөрчил нь үндэслэлтэй бол түүнийг хууль
тогтоомжид нийцүүлэн залруулах тухай шийдвэр гаргаж, уг шийдвэрийг үндэслэн
дахин дүгнэлт гаргах;
5.3.2. Урьд гаргасан шийдвэр,
дүгнэлтээ үндэслэлтэй болохыг нотолж, хэвээр үлдээх шийдвэр гаргах.
6.
Үнэлгээний хорооны үйл ажиллагаанд хяналт тавих, гэрээ байгуулах эрх олгох
6.1. Захиалагч үнэлгээний хорооны үйл ажиллагааг дараахь
байдлаар хянаж баталгаажуулна. Үүнд:
6.1.1. Үнэлгээний хорооноос
боловсруулсан тендерийн баримт бичиг, үнэлгээний дүгнэлтийг хянаж, баталгаажуулах,
6.1.2. Тендерт оролцогчоос
хуулийн 54.1 дэх хэсгийг үндэслэн тухайн тендер шалгаруулалттай холбоотой
гарсан гомдлыг хянан, шийдвэрлэх,
6.1.3. Захиалагч шаардлагатай гэж
үзсэн тохиолдолд үнэлгээний аль ч шатанд үнэлгээний хорооны үйл ажиллагаанд
хяналт тавьж болно.
6.2. Хуулийн 53.1 дэх хэсэгт заасан нөхцөл үүссэн бол
захиалагч 6.1.1-т заасан хяналт тавьсны үндсэн дээр эцсийн шийдвэр гарах(тендерийн
урилгыг зарлан мэдээлэх, мөн гэрээ байгуулах эрх олгох, тендер шалгаруулалтыг
бүхэлд нь хүчингүй болгох)-аас өмнө Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны
байгууллагад бичгээр хүсэлт гаргаж түүнд үнэлгээний дүгнэлтйг хавсаргана.
6.3. Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллагатай харилцахдаа зөвхөн захиалагч байгууллагын даргаар дамжина.
6.4. Захиалагч үнэлгээний дүгнэлтийг хүлээн авснаас хойш,
шаардлагатай бол хуулийн 53 дугаар зүйлийн дагуу Сангийн яамаас холбогдох
зөвшөөрөл авснаас хойш ажлын 3 хоногийн дотор зөвхөн үнэлгээний дүгнэлт буюу
холбогдох зөвшөөрөлд үндэслэн гэрээ байгуулах эрхийг хамгийн сайн үнэлэгдсэн
тендер ирүүлсэн этгээдэд олгоно.
6.5. Хуулийн 53.4.2-т заасан үндэслэлээр Сангийн яамнаас
тендер зарлах, гэрээ байгуулах зөвшөөрөл олгоогүй тохиолдолд захиалагч уг
мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор зөрчлийг арилгуулсны
үндсэн дээр дахин зөвшөөрөл авах хүсэлтээ тавьж, шийдвэрлүүлнэ.
6.6. Захиалагч байгууллагын тухайн тендер шалгаруулалттай
холбоотой хуулийн 49.2.1- 49.2.9 –т заасан бүх баримт материалыг үнэлгээний
хорооны нарийн бичгийн дарга бүрдүүлж, архивт шилжүүлнэ. Харин хуулийн
49.2.10-т заасан гэрээг дүгнэж, бараа, ажил үйлчилгээг хүлээж авсан баримт,
материалыг тухайн гэрээний хэрэгжилтийг хариуцсан зохин албан тушаалтан
бүрдүүлж, архивлана.
7.
Хариуцлага
7.1 Үнэлгээний хорооны шийдвэр, дүгнэлт нь хуулийн 57
дугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн нь тогтоогдвол уг
шийдвэрийг дэмжсэн хорооны гишүүд адил хариуцлага хүлээнэ.
7.2 Үнэлгээний
хорооны шийдвэрээс эсрэг саналтай гишүүн хурлын тэмдэглэлд саналаа
тэмдэглүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болно.
7.3 Үнэлгээний хорооны гишүүн нь хууль зөрчсөн гэж
захиалагч үзсэн, мөн үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахад ашиг сонирхлын
зөрчил үүссэн учир өөрөө татгалзсан тохиолдолд захиалагч үнэлгээний хорооны
гишүүн, эсвэл зарим гишүүдийг, түүнчлэн бүх гишүүдийг өөрчилж, чөлөөлж, нөхөн
томилж болно.
---------------000-----------------
ХАВСРАЛТ
ҮНЭЛГЭЭНИЙ
ХОРООНЫ ГИШҮҮНЭЭР АЖИЛЛАХЫГ
ЗӨВШӨӨРСӨН
МЭДҮҮЛЭГ
(Үнэлгээний
хороонд томилогдсон гишүүдэд хамаарна)
……………………………………………………………………………..
............................ би
(ҮХ-ны
гишүүний нэр, албан тушаал)
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ
худалдан авах тухай хуулийн 46.1.1, 46.2, 47.1-т заасны дагуу захиалагч байгууллагын нэр, тухайн байгууллагын
төсвийн ерөнхий менежер (цаашид
захиалагч гэх)-ын
...................................... тоот тушаал/захирамж – аар
байгуулагдсан үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд гишүүнээр томилогдон ажиллахыг
зөвшөөрч, энэхүү мэдэгдлээр дараах баталгааг гаргаж байна:
Нэг.
1.1. Би
тухайн тендер шалгаруулалтад оролцогч талуудтай
сонирхлын зөрчилгүй, хэрэв сонирхлын зөрчил бий болох нөхцөл үүссэн тохиолдолд
шударгаар мэдэгдэж, үнэлгээний хорооны гишүүнээс татгалзана;
1.2. Үнэлгээний
хорооны дүгнэлт гаргах ажиллагаанд хувийн
сонирхолоор бус, хөндлөнгийн байр сууринаас хандана;
1.3. Миний
хараат бус, хөндлөнгийн байр сууринаас хандах байдалд нөлөө үзүүлэхүйц нөхцөл
байдал байхгүй;
1.4. Үнэлгээний
хорооны гишүүнээр томилогдсоноос хойш, үнэлгээ хийх явцад энэ мэдэгдлийн
1.1-1.3-т дурдсан нөхцөл байдал үүсвэл Захиалагчид нэн даруй мэдэгдэнэ.
Хоёр.
2.1. Тендерийн баримт бичиг боловсруулах, тендерийн
үнэлгээ хийх ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,
үйлчилгээ худалдан авах тухай хууль, тогтоомж болон Сангийн сайдын 2007 оны 81
дүгээр тушаалаар батлагдсан “Үнэлгээ хорооны зохион байгуулалт, үйл ажиллагааг
зохицуулах журам”, “Тендерийн үнэлгээний заавар”-т заагдсан эрх, үүргийн дагуу
шуурхай, шударга хийж гүйцэтгэнэ.
Гарын
үсэг: ______________________________________
Огноо: ______________________________________
Албан ажлын хэрэгцээнд:
|
Овог, нэр
|
Албан тушаал
|
Гарын үсэг
|
Огноо
|
Цаг, минут
|
Хүлээн авсан
|
|
|
|
|
|
Хүлээлгэн өгсөн
|
|
|
|
|
|
No comments:
Post a Comment