Tuesday

Засгийн газрын 2014 оны 405 тогтоол Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам











МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 405
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Төрийн албаны тухай хуулийн 30.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох  журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Засгийн газрын 2009 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 164 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
3. Энэ тогтоолыг 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд                                       Ч.САЙХАНБИЛЭГ
Хөдөлмөрийн сайд                                                       С.ЧИНЗОРИГ

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИД НЭГ УДААГИЙН
БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОХ ЖУРАМ

1. Төрийн албаны тухай хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 30.2-т заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө.

2. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан төрийн тусгай албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгоход энэ журам үйлчлэхгүй.

3. Төрийн албаны тухай хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагчид хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалинг нь төрийн албанд ажилласан нийт жилийн тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.
Тайлбар: Төрийн жинхэнэ албан хаагчийн хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалингийн хэмжээг тухайн албан хаагчийн сүүлийн гурван жилийн нэг сарын үндсэн цалингийн дунджаар тооцож тогтооно.

4. Төрийн жинхэнэ албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь тухайн албан хаагчийн 36 сарын албан тушаалын үндсэн цалингаас ихгүй байна.

5. Төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн албанд ажилласан хугацаанд дараах хугацааг оруулж тооцно:
5.1. Төрийн албаны тухай хуулийн 6-9 дүгээр зүйлд заасан албан тушаалд ажилласан хугацаа;
5.2. Улсын Их Хурлаас 1995 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр баталсан Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн       5, 6 дугаар зүйлд заасан хугацаа;
5.3. улсын төсөвт үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал, захиргааны ажилтан, бусад ажилтан (хөлсөөр түр ажиллагч орохгүй)-аар 1996 оны 8 дугаар сарын 1-нээс 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүртэл ажилласан хугацаа;
5.4. төрийн албанд ажиллаж байхдаа гурван сар хүртэл хугацаагаар мэргэжил, мэргэшлээ дээшлүүлэх, дахин мэргэших, шинээр мэргэжил эзэмшихээр суралцсан хугацаа;
5.5. төрийн албанд ажиллах хугацаандаа жирэмсний болон амаржсаны амралттай, хууль тогтоомжийн дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байсан хугацаа;
5.6. төрийн байгууллагын дотоод журмын дагуу чөлөөтэй байсан хугацаа;
5.7. төрийн албанаас үндэслэлгүйгээр халагдсаныг шүүхээр эгүүлэн тогтоосон бол уг шалтгаанаар ажилгүй байсан хугацаа;
5.8. баривчлагдсан буюу цагдан хоригдсон этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс суллагдсан, шүүхээс цагаатгах тогтоол гарсан, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүйн улмаас эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн хууль бус тогтоолыг хүчингүй болгосон бол төрийн жинхэнэ албан хаагчийг ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан хугацаа.

6. Төрийн албанд ажилласан хугацааг тухайн байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж буюу албан тушаалтан тооцож тодорхойлно. Төрийн албанд ажилласан хугацааг хуанлийн бүтэн жилээр тооцно.

7. Төрийн албанд ажилласан хугацааг тооцох үндсэн бичиг баримт нь хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр байна. Үндсэн бичиг баримтаа үрэгдүүлсэн төрийн албан хаагч архивын лавлагаа авна. Архивын лавлагаа авах боломжгүй бол төрийн албанд ажилласан хугацааг шүүхээр тогтоолгоно.

8. Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход шаардагдах хөрөнгийг тухайн байгууллага жил бүр төсөвтөө тусгана.

9. Төрийн жинхэнэ албанд хууль тогтоомжийн дагуу томилогдсон эсэхийг нь хянаж үзсэний үндсэн дээр төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох асуудлыг шийдвэрлэнэ.

10. Өндөр насны тэтгэврээ албан ёсоор тогтоолгож, ажил олгогчид өргөдөл гаргасных нь дараа энэ журамд заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.

-----оОо-----

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...