Wednesday

Төрийн бус өмчийн хувьсах зардлын хэмжээ

Иргэд “Улсын зарим сургуулиуд гурван ээлжээр хичээллэж, нэг ангид 40-50 сурагч суралцаж байхад эцэг эхээс нь төлбөр гэж их хэмжээний мөнгө авч буйд улсаас яагаад нэмж санхүүжилт олгох ёстой юм. Ард түмний татварын мөнгийг хувьсах зардал гэх нэрийдлээр хувийн хэт өндөр төлбөртэй сургуульд өгч байна” хэмээн шүүмжилж, жилийн жилд БШУЯ-нд гомдол гаргадаг.
Хүүхэд ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-д бүрэн, дунд боловсрол эзэмших явцын хувьсах зардлыг төрөөс санхүүжүүлнэ гэсэн хуулийн заалт бий. Тэр дагуу хувийн, улсын бүх ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа хүүхдүүд, нийслэл, аймаг, сум, багийн төв дээр буй сургуулиас шалтгаалаад нэг хүүхдэд олгож байгаа хувьсах зардлыг ялгаатай тогтоодог. /дэлгэрэнгүй мэдээллийн инфографикаас харна уу/
Энэ жилээс эхлэн хэт өндөр төлбөртэй хувийн сургуулиудын хувьсах зардлыг сургалтын төлбөрийн хэмжээнээс нь хамааран хувьчлан олгохоор болсон. Энэ жилийн хувьд улсын хэмжээнд ерөнхий боловсролын 756 сургууль үйл ажиллагаа явуулж байгаагийн 128 нь хувийн хэвшлийн сургууль. Эдгээрээс найм нь төлбөргүй, үлдсэн 120 нь жилд нэг сурагчаас сая 500 мянгаас 18 мянган ам.доллар хүртэлх төлбөр авдаг.
Хэт өндөр төлбөртэй сургуулиудын хувьсах зардлыг дараах байдлаар хувьчлан бодож олгох юм. Тодруулбал, нэг сурагчаас таван сая төгрөг хүртэлх төлбөр авдаг хувийн сургуулийн хувьсах зардлыг 100 хувь, 5-10 сая төгрөгийн төлбөртэй бол 60 хувь, 10 сая төгрөгөөс дээш төлбөртэй сургуулиудад 30 хувийн хувьсах зардал олгоно. Ингэснээр таван сумын ЕБС-ийн хувьсах зардал буюу 1.5 тэрбум төгрөгийг хэмнэж буй гэсэн үг. 
Манай улсад 10 сая төгрөгөөс дээш төлбөртэй гурван сургууль бий. Үүний нэг нь “British School of Ulaanbaatar” сургууль. Тус сургуулийн 1-6 дугаар ангийн сурагчдын жилийн төлбөр 14.970 ам.доллар буюу 29 сая төгрөг /өнөөдрийн ханшаар/. Зургаагаас дээш ангийн сурагчдын төлбөр 16.680 ам.доллар буюу 32 сая төгрөг.
Хэт өндөр төлбөртэй “British School of Ulaanbaatar”, “American school”, “Орчлон” гэх мэт сургуулиуд жилдээ зөвхөн сургалтын төлбөрөөсөө хамгийн багадаа 20 гаруй тэрбум төгрөгийн ашиг олдог. Гэтэл хувьсах зардал нэрийдлээр Засгийн газар дээрх гурван сургуульд 500 гаруй сая төгрөгийн татаас өгөх шаардлага байна уу. Томоохон хөрөнгө оруулалттай сургуулиуд ийм хэмжээний мөнгө хасахад эдийн засгийн хүндрэлд орохгүй нь ойлгомжтой. Тиймээс эндээс хэмнэсэн мөнгөөрөө гэр хорооллын алслагдсан сургуулиудад хүүхдийн автобус авч өгсөн бол бага насны олон хүүхэд өглөөд дааралгүй хичээлдээ ирж, орой гэртээ аюулгүй харих байсан болов уу.

эх сурвалж: www.medee.mn

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...