Thursday

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА 


Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2012-2013 оны хичээлийн жилд Оросын Холбооны Улсын Засгийн газрын тэтгэлгээр тус улсын их, дээд сургуульд 230 бакалавр болон магистр оюутан, 50 аспирант болон докторант, 20 мэргэжил дээшлүүлэгч суралцуулна. Мэргэжлийн чиглэлээр хуваарилбал:


-          байгалийн ухааны чиглэлээр 30 бакалавр, 5 магистр, 10 аспирант, докторант,

-          инженер технологийн чиглэлээр 85 бакалавр, 5 магистр, 10 аспирант, докторант,

-          хөдөө аж ахуйн чиглэлээр 20 бакалавр, 5 магистр, 5 аспирант, докторант,

-          анагаах ухааны чиглэлээр 10 бакалавр оюутан, 5 аспирант, докторант,

-          эдийн засаг менежментийн чиглэлээр 10 бакалавр, 3 магистр, 5 докторант,

-          боловсролын чиглэлээр 10 бакалавр, 3 магистр, 3 аспирант, докторант,

-          биеийн тамирын чиглэлээр 5 бакалавр,

-          нийгмийн ухааны бусад чиглэлээр 23 бакалавр, 10 магистрант, 15 докторант байна.

Соёл урлагийн чиглэлээр 15 хүн суралцах бөгөөд сонгон шалгаруулалтыг хоёр улсын холбогдох байгууллагын төлөөлөл орсон мэргэжлийн комисс жич зохион байгуулна.

Тэтгэлгийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яамны вэб хуудасны www.russia.edu.ru/enter/2012 гэсэн хэсгээс авах боломжтой.

Нэг. Тэтгэлэгт хамрагдагчдад тавигдах шаардлага

1/ Бакалавр оюутан нь:

-       Монголын Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3,0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа, ЕБС-ийг суралцахыг хүсэж байгаа мэргэжлийн суурь хичээлүүдэд "А", "В" үнэлгээтэй төгссөн, 

-       ОХУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангид суралцагч болон төгсөгч, ЕБС-ийг суралцахыг хүсэж байгаа мэргэжлийн суурь хичээлүүдэд "А", "В" үнэлгээтэй төгссөн, 

-       Монгол Улсын орос хэлний гүнзгийрүүлсэн сургалтай болон ОХУ-тай хамтарсан ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж байгаа,

-       ОХУ-ын их, дээд сургуулийн салбар сургуулийн орос хэлний бэлтгэл ангид суралцаж байгаа болон ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны харъяа 14-р сургуулийн төгсөх ангид суралцагч зэрэг 25 хүртэлх насны;

2/ Магистр, аспирант нь:

-       Магистрант нь бакалаврын зэрэгтэй, бакалаврын дипломын голч дүн нь 3,0-аас доошгүй, мэргэжлийн үндсэн хичээлүүдэд 80-аас дээш хувийн үнэлгээтэй, 35 хүртэлх насны,

-       Аспирант нь магистрын зэрэгтэй, магистрын дипломын голч дүн нь 3,0-аас доошгүй, мэргэжлийн үндсэн хичээлүүдэд 80-аас дээш хувийн үнэлгээтэй, 45 хүртэлх насны;

3/ Докторант, мэргэжил дээшлүүлэгч нь:

-       Докторант нь доктор / Ph.D/-ын зэрэгтэй,

-       Мэргэжил дээшлүүлэгч нь бакалавр/магистрын зэрэгтэй Монгол Улсын иргэн байна.



Өмнө нь ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан бол дахин тэтгэлэг олгохгүй болно.

Хоёр. Бүртгэл

Монголын Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн суралцагч нь өөрийн суралцаж буй чиглэлийн дагуу мэргэжлээ сонгон сургуульдаа бүртгүүлнэ. МУИС, ШУТИС тус бүр 60 хүртэл, ХААИС, ЭМШУИС, СУИС, МУБИС, ХУИС тус бүр 30 хүртэл, бусад магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллеж нь тус бүр 10 хүртэл оюутныг урьдчилан шалгаруулж, шалгалтын хураамжийн хамт сургуулийн захирлын албан бичгээр 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор БСШУЯ-ны Мэргэжлийн боловсролын газарт ирүүлнэ үү.

 ОХУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэлд суралцагчид болон төгсөгчид, дээр дурдсан ангиллын ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид, мөн магистрантурын сургалтад хамрагдахыг хүсэгчид 2012 оны 3 дугаар сарын 17, 18-ны өдрийн 10.00-18.00 цагийн хооронд, аспирантур, докторантур, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдахыг хүсэгчид 2012 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 10.00-18.00 цагийн хооронд МУИС-ийн 2 дугаар байрны 179 дугаар өрөөнд ирж бүртгүүлнэ үү.

Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай. Үүнд:

1. ОХУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэл ангид суралцагчид:

-       Сонгон шалгаруулалтанд орохыг зөвшөөрсөн суралцаж байгаа сургуулийн албан бичиг,

-       Бэлтгэл ангийн дүнгийн тодорхойлолт,

-       Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар,

-       Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

-       Шалгалтын хураамж 5000 төгрөг.

2. ОХУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэл анги төгссөн хүмүүс:

-       Хэлний бэлтгэл анги төгссөн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хувь,

-       Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар,

-       Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

-       Одоо хаана, юу хийж байгаа тухай албан ёсны тодорхойлолт/тайлбар бичиг,

-       Шалгалтын хураамж 5000 төгрөг.

3. Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид суралцагч:

-       Сонгон шалгаруулалтад орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичиг,

-       Сүүлийн хагас жилийн дүнгийн тодорхойлолт,

-       Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

-       Шалгалтын хураамж 5000 төгрөг.

4. Магистрантурт суралцахыг хүсэгч:

-       Сонгон шалгаруулалтанд орохыг зөвшөөрсөн ажлын газрын албан бичиг,

-       Ажил байдлын тодорхойлолт,         

-       Бакалаврын диплом, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар,

-       Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

-       Шалгалтын хураамж 10000 төгрөг.

5. Аспирантур, докторантурт суралцахыг хүсэгч:

-       Сонгон шалгаруулалтанд орохыг зөвшөөрсөн ажлын газрын албан бичиг,

-       Ажил байдлын тодорхойлолт,          

-       Магистрын диплом, дүнгийн хавсралтын буюу доктор /Ph.D/-ын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар,

-       Өөрийн судалгааны ажлын чиглэлээр бичсэн товч реферат (1000-аас цөөнгүй үгтэй),

-       Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт,

-       Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

-       Шалгалтын хураамж 10000 төгрөг.

6. Мэргэжил дээшлүүлэгч:

-       Сонгон шалгаруулалтанд орохыг зөвшөөрсөн ажлын газрын албан бичиг,

-       Ажил байдлын тодорхойлолт,      

-       Дээд боловсролын зэргийн диплом, тэдгээрийн дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар,

-       Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

-       Шалгалтын хураамж 10000 төгрөг.

Гурав. Сонгон шалгаруулалт

Бакалавр болон магистрын сонгон шалгаруулалт нь мэргэжлийн шалгалт ба орос хэлний шалгалт гэсэн хоёр үе шаттай байна. Суралцах мэргэжлийн чиглэлээс хамаарч мэргэжлийн шалгалтыг "математик", "хими", "нийгмийн тухай мэдлэг" гэсэн хичээлүүдийн аль нэгээр өгнө.

Шалгалтыг МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхарын уншлагын танхимуудад зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Иргэний үнэмлэхгүй хүнийг шалгалтад оруулахгүй.

Математикийн шалгалтыг 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 15.00 цагт авч, дүнг дараа өдрийн 18.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт байрлуулна. Хими, нийгмийн тухай мэдлэгийн шалгалтыг 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 15.00 цагт авч, дүнг дараа өдрийн 18.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт байрлуулна. Мэргэжлийн шалгалтад 60 ба түүнээс дээш оноо авсан хүмүүс орос хэлний шалгалт өгнө. Орос хэлний шалгалтыг 2012 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн 10.00 цагт авч, дүнг дараа өдрийн 18.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт байрлуулна.

Бакалавр оюутан болон магистрантыг хоёр шалгалтын нийлбэр дүнгээр онооны дарааллаар жагсааж, тухайн мэргэжлийн чиглэлээр зарлагдсан квотод багтаан шалгаруулна.

Сонгон шалгаруулалтанд тэнцсэн хүмүүсийн нэрс болон бэлтгэл ангид суралцах эсэхийг шийдвэрлэх ярилцлагын цагийн хуваарийг 2012 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 18.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт зарлана. Ярилцлагыг ОХУ-ын ЭСЯ болон Монгол Улсын БСШУЯ хамтран зохион байгуулна.

Аспирантур, докторантур, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдахаар бүртгүүлсэн хүмүүсийн баримт бичигт үнэлэлт дүгнэлт өгөх хэлбэрээр сонгон шалгаруулна. Сонгон шалгаруулалтын дүнг 2012 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 15.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт байрлуулна.

БСШУЯ сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг ОХУ-ын их, дээд сургуульд суралцуулахаар нэр дэвшүүлэх бөгөөд сургах тухай эцсийн шийдвэрийг ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яам гаргаж, тэтгэлэгт хамрагдагчдыг мэргэжлийн дагуу ОХУ-ын их, дээд сургуульд хуваарилна. Суралцах урилга хүлээн авах хүртэл оюутан нь сургуульдаа үргэлжлүүлэн суралцах ёстой.

ОХУ-ын Засгийн газраас тэтгэлэгт хамрагдагчдын сургалтын төлбөрийг хариуцах ба суралцагчдад амьжиргааны тэтгэлэг олгоно. Суралцагч нь замын зардал, эрүүл мэндийн даатгал, дотуур байрны төлбөрийг өөрөө хариуцна.


МОНГОЛ УЛСЫН
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...