МОНГОЛ УЛСЫН
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ
САЙДЫН ТУШААЛ
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ
САЙДЫН ТУШААЛ
2013 оны 08 сарын 13 өдөр Дугаар А/293 Улаанбаатар хот
Журам батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.22 дугаар заалт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2007 оны 307/91/237 дугаар хамтарсан тушаалаар баталсан "Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох, багш, зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журам"-ын 1 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журам"-ыг нэгдүгээр,"Цэцэрлэгийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журам"-ыг хоёрдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2. Журмыг 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэж ажиллахыг сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт даалгасугай.
3. Журмыг хэрэгжүүлэх ажлыг бодлогоор хангаж ажиллахыг Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар (Б.Насанбаяр)-т, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Д.Эрдэнэчимэг), хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийж, үр дүнг танилцуулахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (Л.Лувсанжамц)-т нарт тус тус даалгасугай.
4. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын "Багшийн ажлыг төлөвлөх, үнэлэх, дүгнэхэд баримтлах чиглэл батлах тухай" 2009 оны 561 дүгээр тушаалыг хүчингүй болгосугай.
Л.ГАНТӨМӨР
Боловсрол, шинжлэх ухааны
сайдын 2013 оны 08 сарын 13 өдрийн
А/293 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШИЙН АЖЛЫГ ҮНЭЛЭХ, ДҮГНЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг зүйл
1.1. Ерөнхий боловсролын сургууль, албан бус/насан туршийн боловсролын багшийн(цаашид багш гэх) ажлыг үнэлж, дүгнэхэд энэхүү журмыг баримтлана.
1.2. Энэхүү журмын зорилго нь багшийн хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, төлөвшүүлэх, авьяас чадварыг нээн хөгжүүлэх, сургалтын чанарыг сайжруулах, хүүхдэд ээлтэй орчин нөхцөл бүрдүүлэх, бүтээлч үйл ажиллагаагаар хүрсэн үр дүнг үнэлэхэд оршино.
1.3. Үнэлгээ нь багшийн ажлын байрны тодорхойлолтод заасан хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан ажлыг үнэлэх болон улирлын ажлын үр дүнгийн урамшил, ур чадварын нэмэгдлийг тооцон олгох үндэслэл болно.
1.4. Багшийн ажлын явц, гүйцэтгэлийн үр дүнг хичээлийн жилийн улирал бүрээр үнэлэх бөгөөд эдгээрийн дунджаар хагас жилийн болон жилийн ажлын үнэлгээг тооцно.
1.5. Багш нь хичээлийн жилийн улирал тус бүрээр үйл ажиллагааны төлөвлөгөөтэй ажиллана.
1.6. Үйл ажиллагааны төлөвлөгөөг энэхүү журмын хавсралтаар баталсан үлгэрчилсэн чиглэлийн дагуу боловсруулна.
1.7. Багшийн ажлын үр дүн, гүйцэтгэлийг томилсон этгээдтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, багшийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтээр зохицуулна.
Хоёр. Багшийн ажлыг үнэлэхэд баримтлах зарчим
2.1. Шударга, бодитой, сонирхлын зөрчил, субъектив нөлөөллөөс ангид байх;
2.2. Ажлын үнэлгээ нь дэвшүүлсэн зорилго, зорилт, суралцагчийн ахиц, амжилттай холбоотой байх;
2.3. Хувь хүний болон мэргэжлийн нэр хүнд, бүрэн эрхийг хүндэтгэсэн байх;
2.4. Үнэлгээний шалгуур, үнэлэх үйл ажиллагаа нь ил тод байх;
2.5. Багшийг дэмжих, урамшуулах, хөгжүүлэхэд чиглэсэн байх;
2.6. Багшийн өөрийн болон магадлан баталгаажуулалтад чиглэсэн хөндлөнгийн (эцэг, эх, асран хамгаалагчид болон сурагч, сургуулийн удирдлага) үнэлгээний арга хэлбэрийг хослуулсан байх;
Гурав: Үнэлгээний зохион байгуулалт
3.1. Өмнөх хичээлийн жилийн эцсийн үнэлгээ болон хичээлийн жилийн эхэнд хийсэн багшийн өөрийн үнэлгээний дунджийг тухайн хичээлийн жилийн гарааны үнэлгээ гэж үзнэ.
3.2. Хичээлийн жилийн 1,3 дугаар улирлын ажлыг багш өөрөө үнэлж, тавьсан зорилгоо хэрхэн биелүүлснээ энэхүү журмын 4.1-д заасан шалгуур үзүүлэлтийн биелэлт, үр дүнг заах аргын нэгдэлдээ тайлагнана.
3.3. Хичээлийн жилийн 2,4 дүгээр улиралд багшийн өөрийн үнэлгээг сургуулийн захирлын шийдвэрээр байгуулагдсан багш, ажилтан, эцэг эх, заах аргын нэгдлийн ахлагч, сургалтын менежерээс бүрдсэн баг магадлан баталгаажуулна.
3.4. Багшийн өөрийн үнэлгээ, магадлан баталгаажуулах үнэлгээний зөрүү 10 онооноос дээш байх тохиолдолд багшид тухайн улиралд мөнгөн урамшил олгохгүй.
3.5. Магадлан баталгаажуулсан үнэлгээг бодитой биш гэж багш үзвэл сургуулийн захирлын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг ярилцлага, хэлэлцүүлэг хийж дахин магадалж болно.
3.6. Багшийн өөрийн үнэлгээ болон сургуулийн захирлын шийдвэрээр байгуулагдсан багийн үнэлгээг захирал тушаалаар баталгаажуулна.
Дөрөв. Багшийн ажлыг үнэлэх шалгуур үзүүлэлт
4.1. Багшийн ажлыг дараах нийтлэг үзүүлэлтээрүнэлнэ.
№ |
Шалгуур үзүүлэлт |
Ойлголт |
Гүйцэтгэлийн үзүүлэлт |
1. |
Төлөвшил /20 оноо/ |
1. Оролцоо 2. Дадал хэвшил 3. Зан чанар |
1. Хүүхэд нэг бүрийг[1] суралцах үйл болон сайн дурын, олон нийтийн үйл ажиллагаанд оролцох хүсэл эрмэлзэл, боломжийг бүрдүүлсэн байдал 2. Хүүхэд нэг бүрийн сургуулийн болон нийгмийн орчны хэм хэмжээг дагаж мөрдөж байгаа байдал, эрмэлзэл 3. Хүүхэд нэг бүрийн нийгмийн орчинд өөрийгөө зөв авч явах, илэрхийлэх, бусадтай зөв харилцах /ажилсаг, эвсэг, тусархаг/ зан чанар төлөвшүүлсэн байдал |
2 |
Хүүхэд нэг бүрийн эзэмшсэн мэдлэг, чадварын ахиц, амжилт /20 оноо/ |
1. Ахиц 2. Амжилт |
1. Хүүхэд нэг бүрийн эзэмшсэн мэдлэг, чадварын ахицын түвшин 2. Хүүхэд нэг бүрийн эзэмшсэн мэдлэг, чадварын улирлын амжилтын үнэлгээ |
3 |
Авьяасыг нээн хөгжүүлсэн байдал /20 оноо/ |
Хүүхэд нэг бүрт заяагдсан төрөлхийн олон талт боломж, чадавхийг нээн хөгжүүлэх |
- Авьяасыг судалсан, нээсэн байдал, - Авьяасыг хөгжүүлсэн байдал /сурсан, чаддаг болсон зүйлийн тоо, чанар/ |
4 |
Боловсролын үйлчилгээний сэтгэл ханамж /20 оноо/ |
- Сурагчийн - Эцэг эх, асран хамгаалагч - Бусад оролцогчдын |
Санал асуулгын үр дүн: 1. Багшийн хүүхэд нэг бүрийн хөгжилд үзүүлсэн дэмжлэг 2. Багшийн мэргэжлийн ёс зүй |
5 |
Эрүүл мэндийн байдал /20 оноо/ |
1. Эрүүл чийрэг байдал 2. Эрүүл харилцаа 3. Эрүүл аюулгүй орчин |
1. Хүүхдийн эрүүл мэндийг сайжруулсан байдал 2. Эрүүл харилцааг бүрдүүлэхэд оруулсан хувь нэмэр 3. Эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхэд оруулсан хувь нэмэр |
4.2. Багшийн ажлын үр дүнг нийт 100 оноо байхаар тооцож, шалгуур үзүүлэлт тус бүрийг 20 оноогоор үнэлнэ.
Тав. Багшийн ажлыг дүгнэх
5.1. Багшийн ажлыг үнэлэх гүйцэтгэлийн дундаж оноог харгалзан дараах байдлаар үнэлнэ.
90-100 оноо авсан бол "Маш сайн"
80-89 оноо авсан бол "Хангалттай сайн"
70-79 оноо авсан бол "Сайн"
60-69 оноо авсан бол "Дундаж"
31-59 оноо авсан бол "Дунджаас доогуур"
0-30 оноо авсан бол "Хангалтгүй"
5.2. Энэхүү журмаар багшийн ажлыг үнэлсэн нь тухайн багштай байгуулсан хөдөлмөрийн гэрээний биелэлтийг тооцох нэг үндсэн үзүүлэлт болно.
5.3. Ажлын үнэлгээгээр 70-аас дээш оноо буюу "Сайн" үнэлгээ авах нь багш улирлын мөнгөн урамшил авах үндэслэл болно.
5.4. Улирлын мөнгөн урамшлын хэмжээг тухайн жилийн төсөвт урамшилд зориулан тусгасан хөрөнгийн дүнд багтаан үндсэн цалингаас Засгийн газраас тогтоосон хэмжээгээр сар бүр тооцож, улирал тутам олгоно.
5.5. Ажлын үнэлгээгээр 80-аас дээш оноо буюу "Хангалттай сайн" үнэлгээ авах нь багш ур чадварын нэмэгдэл авах үндэслэл болно.
5.6. Ур чадварын нэмэгдлийг байгууллагын тухайн жилийн цалингийн санд багтаан Засгийн газраас тогтоосон хувь хэмжээгээр үндсэн цалингаас тооцож олгоно.
5.7. Багшид ур чадварын нэмэгдэл, улирлын мөнгөн урамшлыг олгох шийдвэрийг сургуулийн захирал гаргана.
5.8. "Дунджаас доогуур" үнэлгээ авсан багшид захиргааны хариуцлага буюу сануулах, цалин хасах арга хэмжээ авах үндэслэл болно.
5.9. "Хангалтгүй" үнэлгээ авсан багшид захиргааны хариуцлага тооцон, 3 сарын турш зөвлөн туслах арга хэмжээ авч байдал сайжраагүй тохиолдолд багшлах эрхийг хасах буюу хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болно.
5.10. Ажлын үнэлгээгээр 2-3 удаа 69-аас доош оноотой үнэлэгдсэн тохиолдолд багшид тусгайлан мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх үүргийг холбогдох албан тушаалтан хүлээнэ.
------оОо-------
Боловсрол, шинжлэх ухааны
сайдын 2013 оны ....сарын...өдрийн
...дугаар тушаалын 2 дугаар хавсралт
сайдын 2013 оны ....сарын...өдрийн
...дугаар тушаалын 2 дугаар хавсралт
ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШИЙН АЖЛЫГ ҮНЭЛЭХ, ДҮГНЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг зүйл
1.1. Цэцэрлэгийн багш (цаашид багш гэх)-ны ажлыг үнэлэхэд энэхүү журмыг баримтлана.
1.2. Энэхүү журмын зорилго нь багшийн хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, төлөвшүүлэх, авьяас чадварыг нээн хөгжүүлэх, хүүхдэд ээлтэй орчин нөхцөл бүрдүүлэх үйл ажиллагаагаар хүрсэн үр дүнг үнэлэхэд оршино.
1.3. Үнэлгээ нь багшийн ажлын байрны тодорхойлолтод заасан, багшийн хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан ажлыг үнэлэх болон улирлын ажлын үр дүнгийн урамшил, ур чадварын нэмэгдлийг тооцон олгох үндэслэл болно.
1.4. Багшийн ажлын явц, үр дүн, гүйцэтгэлийг хичээлийн жилийн улирал бүрээр үнэлэх бөгөөд эдгээрийн дунджаар хагас жилийн болон жилийн ажлын үнэлгээг тооцно.
Хоёр. Багшийн ажлыг үнэлэхэд баримтлах зарчим
2.1. Шударга, бодитой, сонирхлын зөрчил, субъектив нөлөөллөөс ангид байх;
2.2. Ажлын үнэлгээ нь суралцагчийн ахиц, амжилттай холбоотой байх;
2.3. Хувь хүний болон мэргэжлийн нэр хүнд, бүрэн эрхийг хүндэтгэсэн байх;
2.4. Үнэлгээний шалгуур, үнэлэх үйл ажиллагаа нь ил тод байх;
2.5. Багшийг дэмжих, урамшуулах, хөгжүүлэхэд чиглэсэн байх;
2.6. Багшийг үнэлэхдээ өөрийн болон хөндлөнгийн (эцэг, эх, асран хамгаалагчид болон сурагч, цэцэрлэгийн удирдлага) үнэлгээний арга хэлбэрийг хослуулсан байх;
Гурав. Үнэлгээний зохион байгуулалт
3.1. Өмнөх хичээлийн жилийн эцсийн үнэлгээ болон хичээлийн жилийн эхэнд хийсэн багшийн өөрийн үнэлгээний дунджийг тухайн хичээлийн жилийн гарааны үнэлгээ гэж үзнэ.
3.2. Багшийн улирал бүрийн өөрийн үнэлгээг тухайн байгууллагын нийт хамт олон болон эцэг эхийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг магадлан баталгаажуулна. Ажлын хэсэгт ажиллах эцэг эхийн төлөөллийн тоо тухайн байгууллагын багш, ажилтны тооноос цөөнгүй байна.
3.3. Багшийн ажлын үр дүнг нийт 100 оноо байхаар тус бүр 20 хүртэл оноогоор үнэлж, дундаж оноогоор гүйцэтгэлийг үнэлнэ.
3.4. Багшийн өөрийн үнэлгээ, хөндлөнгийн үнэлгээний нийт зөрүү 10 онооноос доош байх нь багш урамшил авах үндэслэл болно.
3.5. Цэцэрлэгийн түвшний хөндлөнгийн үнэлгээ болон тухайн багшийн өөрийн үнэлгээний нийт дүнгийн зөрүү 10 онооноос дээш байх тохиолдолд багш хүсэлт гаргавал цэцэрлэгийн эрхлэгчийн шийдвэрээр байгуулагдсан ажлын хэсэг ярилцлага, хэлэлцүүлэг хийж дахин магадалж болно.
3.6. Улирал бүр тухайн байгууллагын нийт хамт олон болон эцэг эхийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг магадлан баталгаажуулсан өөрийн үнэлгээг цэцэрлэгийн эрхлэгч тушаалаар батална.
Дөрөв. Багшийн ажлын үнэлэх шалгуур
4.3. Багшийн ажлыг дараах нийтлэгшалгуур үзүүлэлтээр үнэлнэ.
№ |
Шалгуур үзүүлэлт |
Ойлголт |
Гүйцэтгэлийн үзүүлэлт |
1 |
Төлөвшил /20 оноо/ |
1. Зан чанар 2. Дадал хэвшил 3. Оролцоо |
1. Гэртээ болон ангид өөрийгөө бие даан авч явж, гэр бүл, цэцэрлэг, ангийнхаа дэг журмыг ойлгож, дагаж буй байдал 2. Бусад хүүхэдтэй хамтран тоглож, санаа бодлоо хуваалцаж, хүсэл сонирхлоо илэрхийлж буй байдал 3. Ангид өөрийн сонголтоор үйл ажиллагаануудад бие даан мөн бусадтай хамтран идэвхтэй оролцож, бүтээлчээр ажиллаж буй байдал |
2 |
Хүүхэд бүрийн онцлогийн илрүүлэлт /20 оноо/ |
Зан чанар, сул давуу тал, хүсэл сонирхол, суралцах хурд гэх мэт |
1. Хүүхэд бүрийн онцлог, давуу талыг судалсан мэдээлэл, хийсэн ажиглалт |
3 |
Хүүхэд бүрийн хөгжлийн ахиц /20 оноо/ |
Хүүхдийн орчноо таньж мэдэх, өөрийгөө хариуцах чадвар |
1. Хүүхэд бүрийн хөгжлийг дэмжсэн орчны бүрдүүлэлт 2. Онцлогт нь тулгуурлан хүүхэд бүрийг хөгжүүлсэн байдал (сурсан, чаддаг болсон зүйлийн тоо, чанар) 3. Хүүхдийн хөгжлийн ахицын баримтжуулалт |
4 |
Боловсролын үйлчилгээний сэтгэл ханамж /20 оноо/ |
1. Эцэг эх, асран хамгаалагчийн 2. Хамт олны |
Санал асуулгын үр дүн: 1. Багшийн хүүхэд нэг бүрийн хөгжилд үзүүлсэн дэмжлэг 2. Багшийн мэргэжлийн ёс зүй |
5 |
Эрүүл мэндийн байдал /20 оноо/ |
1. Хүүхдийн эрүүл мэнд 2. Эрүүл харилцаа 3. Аюулгүй, эрүүл орчин |
1. Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалж, сайжруулсан байдал 2. Эрүүл харилцааг бүрдүүлэхэд оруулсан хувь нэмэр 3. Эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхэд оруулсан хувь нэмэр |
Тав. Багш, ажилтны ажлын дүгнэх
5.1. Багшийн ажлыг үнэлэх гүйцэтгэлийн дундаж оноог харгалзан дараах байдлаар үнэлнэ.
90-100 оноо авсан бол "Маш сайн"
80-89 оноо авсан бол "Хангалттай сайн"
70-79 оноо авсан бол "Сайн"
60-69 оноо авсан бол "Дундаж"
31-59 оноо авсан бол "Дунджаас доогуур"
0-30ноо авсан бол "Хангалтгүй"
5.2. Энэхүү журмаар багшийн ажлыг үнэлсэн нь тухайн багштай байгуулсан хөдөлмөрийн гэрээний биелэлтийг тооцох нэг үндсэн үзүүлэлт болно.
5.3. Ажлын үнэлгээгээр 80-аас дээш оноо буюу "Хангалттай сайн" үнэлгээ авах нь багш ур чадварын нэмэгдэл авах үндэслэл болно.
5.4. Ур чадварын нэмэгдлийг байгууллагын тухайн жилийн цалингийн санд багтаан Засгийн газраас тогтоосон хувь хэмжээгээр үндсэн цалингаас тооцож олгоно.
5.5. Ажлын үнэлгээгээр 70-аас дээш оноо буюу "Сайн" үнэлгээ авах нь багш улирлын мөнгөн урамшил авах үндэслэл болно.
5.6. Улирлын мөнгөн урамшлын хэмжээг тухайн жилийн төсөвт урамшилд зориулан тусгасан хөрөнгийн дүнд багтаан үндсэн цалингаас Засгийн газраас тогтоосон хэмжээгээр сар бүр тооцож, улирал тутам олгоно.
5.7. Багшид олгох ур чадварын нэмэгдэл, улирлын мөнгөн урамшлыг олгох шийдвэрийг цэцэрлэгийн эрхлэгч гаргана.
5.8. "Дунджаас доогуур" үнэлгээ авсан багшид захиргааны хариуцлага буюу сануулах, цалин хасах арга хэмжээ авах үндэслэл болно.
5.9. "Хангалтгүй" үнэлгээ авсан багшид захиргааны хариуцлага тооцон, 3 сарын турш зөвлөн туслах арга хэмжээ авч байдал сайжраагүй тохиолдолд багшлах эрхийг хасах буюу хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болно.
5.10. Ажлын үнэлгээгээр 2-3 удаа 69-аас доош оноотой үнэлэгдсэн тохиолдолд багшид тусгайлан мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх үүргийг холбогдох албан тушаалтан хүлээнэ.
------оОо-------
No comments:
Post a Comment