Saturday

БСШУ, ЭМ, НХХ-ийн сайдын 2005 оны 116/83/45 дугаар хамтарсан тушаал

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН,
ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН
САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2005 оны 4 сарын 13 өдөр
Дугаар 116/83/45
Улаанбаатар хот
Бодлого батлах тухай
“Хүүхдийн Эрхийг хамгаалах тухай” Монгол Улсын хууль, Засгийн газрын 2002 оны 245 дугаар тогтоолоор баталсан “Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:
  1. “Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлого” -ыг нэгдүгээр хавсралтаар, бодлогын хэрэгжилтийг зохицуулах үндэсний зөвлөлдөх хорооны бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Бодлогын хэрэгжилтийг үндэсний хэмжээнд зохион байгуулах, хэрэгжилтийн тайланг жил бүр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, Эрүүл мэнд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын зөвлөлийн хамтарсан хуралдаанаар хэлэлцүүлж байхыг Үндэсний зөвлөлдөх хороо (С.Төмөр-Очир)-нд даалгасугай.
 
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД П.ЦАГААН
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Т.ГАНДИ
НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙД Ц.БАЯРСАЙХАН
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, Эрүүл мэнд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 4 сарын 13-ны өдрийн 116/83/45 тушаалын нэгдүгээр хавсралт
БАГА НАСНЫ ХYYХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЦОГЦ БОДЛОГО
Нэг. Нийтлэг vндэслэл
Улс орны хөгжлийн түвшинг зөвхөн эдийн засгийн өсөлтөөр хэмждэг хандлагаас хүний хүчин зүйлсийн нөлөөллийг чухалчилдаг үзэл баримтлал нийтлэг болсон өнөө үед хүний хөгжилд онцгой анхаарал хандуулж байна. Хүний хөгжил нь хүүхэд эхийн хэвлийд олдсон цагаас эхлэн тасралтгүй явагдах бөгөөд эрүүл төрж, өсөж бойжих, хөгжих таатай нөхцлөөр бага наснаасаа хангагдах нь хүний болон улс орны хөгжилд чухал нөлөөтэй байдаг.
Ялангуяа, хүний хөгжлийн онцгой үе болох бага насны хүүхдийн хөгжил нь эхийн хэвлийд бий болсон үеэс эхлээд 7 нас хүртэл хүүхдийн эрүүл, эсэн мэнд бойжих, хөгжих, боловсрох, хамгаалагдах асуудлыг хамрах бөгөөд энэ нь гэр бүл, эцэг эхийн төдийгүй Засгийн газраас иргэдийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагын салшгүй хэсэг болж байна.|
Бага насны хүүхдийн эсэн мэнд бойжих, хөгжих талаар ололт амжилт гарсаар байгаа хэдий ч нийгмийн хөгжлийн өөрчлөлтийн чиг хандлага, нийгмийн сэтгэл зүйд төлөвшиж буй иргэдийн итгэл, үнэмшилд гарч буй өөрчлөлттэй уялдуулан бага насны хүүхдийн талаарх өнөөгийн бодит нөхцөл байдал, энэ талаар үүсэн буй хэрэгцээ шаардлагад бодитоор хариу өгөх чадамж бүхий бодлого, эрх зүйн өөрчлөлт, үйлчилгээний орчинг бий болгох шаардлага, шийдвэрлэвэл зохих бэрхшээлүүд хуримтлагдсаар байна.
  • Олон зуун эцэг, эх хүүхдээ харах, ажлаа хийх хоёрыг хослуулах гэж бүхий л боломжит арга хэлбэрийг хайсаар байна. Ялангуяа, 0-3 насны хүүхдийн эрүүл, эсэн мэнд бойжих, өсөх, хөгжих асуудал дан ганц гэр бүлд тохогдсон өнөөгийн хэт либерал бодлого нь нэг талаас эмэгтэйчүүдийн ажил хөдөлмөр эрхлэх хэрэгцээ, нөгөө талаас хүүхдээ найдвартай, эсэн мэнд, эрүүл өсгөх, хөгжүүлэх хэрэгцээг зохицуулж чадахгүй байна.
Энэхүү зөрчил нь эмэгтэйчүүдийн зарим хэсгийнх нь хувьд өрхийн орлого, амьжиргаагаа дээшлүүлэхийн тулд бага насны хүүхэдтэй ч ажил хийх, харин өөр зарим хэсгийнх нь хувьд өөрсдийн гэр бүл, нийгэмд эзлэх байр сууриа бэхжүүлэх, тасралтгүй боловсорч хөгжихийн тулд өөрийн бизнес, ажил хөдөлмөрөө тасалдуулахгүйгээр бага насны хүүхдээ өсгөн бойжуулах, хөгжүүлэх сонирхолд нь хязгаарлалт болж байна.
Нөгөө талаас, эцэг эхчүүд бага насны хүүхдийн асаргааны талаар таатай, найдвартай, олон хувилбарт нийгмийн үйлчилгээ байхгүйн улмаас ажил хөдөлмөр, өөрсдийн бизнесээ тасралтгүй эрхлэхийн тулд найдваргүй, шаардлага үл хангах арга замуудыг сонгохоос өөр аргагүй болж байгаа нь хүүхдийн эсэн мэнд, эрүүл өсөж, торних, хөгжихөд нь эрсдэл дагуулсаар байна.
  • Бага насны 2-6 настай бүх хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулж байх нийгмийн болон эцэг эхчүүдийн сонирхол хэрэгцээ улам бүр нэмэгдсээр байгаа ч энэхүү эрэлтийг боловсролын системийн үйлчилгээний нийлүүлэлт нь дангаараа хангаж чадах бодит хүчин чадал байхгүй байна.
Сургуулийн өмнөх боловсролын эрэлт, нийлүүлэлтийн хоорондох энэхүү зөрчил нь бүх хүүхэд адил тэгш боломжтойгоор сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг хүртэх боломжийг хязгаарлаж байгаа нь бүх нийтийн суурь боловсролын үйлчилгээний хүртээмж, чанар, үр ашгийг бууруулж хүүхэд бүрийн сурч, боловсрох эрхийг хангахад сөргөөр нөлөөлж байна.
  • Өрхийн амьжиргааны байдал нь бага насны хүүхдийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй гэр бүлүүд байсаар байгаа нь ийм гэр бүлд амьдарч байгаа хүүхдүүдийн эсэн мэнд, эрүүл өсөж хөгжих, боловсрох үндсэн эрхийн хангалт нь алдагдаж байна.
  • Эцэг эхчүүд бага насны хүүхдээ эрүүл, эсэн мэнд өсгөж, хөгжүүлэх талаар зохих мэдлэг, чадварыг уламжлалт арга замаар өвлөн авч байгаа хэдий ч энэ талаарх хүртээмжтэй, чанартай, үр дүнтэй нийгмийн үйлчилгээг зохимжтой хэлбэрээр авч чадахгүй байгаагаас эх, хүүхэд эндэх, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний гадна орхигдох, хохирох үзэгдэл байсаар байна.
Бага насны хүүхдийн талаар бий болоод байгаа хэрэгцээ, эрэлт түүний хангалт, нийлүүлэлт хоёрын хооронд гараад байгаа бэрхшээл, зөрчлүүдийг Эрүүл мэнд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Боловсрол, соёл шинжлэх ухааны яам өөр өөрийн үндсэн чиг үүргийн хүрээнд эрүүл мэнд, нийгмийн халамж, боловсролын системээр дамжуулан саланги тусдаа үйл ажиллагаагаар шийдвэрлэх боломжгүй байна. Үндэсний түвшинд эдгээр яамдын бодлогын нэгдмэл зохицуулалт, үйл ажиллагааны уялдаа холбоо хангагдаж чадахгүй байгаа нь бага насны хүүхдийн хөгжлийн асуудлыг цогцоор шийдвэрлэх, илүү үр дүнтэй нийгмийн үйлчилгээний орчин, үйл ажиллагааг бий болгох боломжийг алдагдуулж байна.
Иймд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам хамтран “Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлого”-ийг батлан гаргаж байна.
“Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлого” нь зөвхөн хүүхдийн эрхийг дэмжих, тэднийг сургуульд бэлтгэх тухай асуудал биш бөгөөд бага насны хүүхдийн нийгмийн үйлчилгээг эх, хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, асаргаа, нийгмийн халамж, хамгаалал, боловсрол гэсэн харилцан уялдаа бүхий цогц асуудлын хүрээнд хэрэгцээ, эрэлт түүний хангалт, нийлүүлэлтийг холбогдох яамдын хамтын үүрэг хариуцлага, оролцоотойгоор оновчтойгоор хангах нөхцлийг бүрдүүлэх замаар хүний болон нийгэм, эдийн засгийн хөгжлийн ирээдүйн өсөлтийг дэмжихэд чиглэгдсэн бүх талын хөрөнгө оруулалтыг үр дүнтэйгээр нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах болно.
Бага насны хүүхдийн хөгжлийн хэрэгцээг хангах нийгмийн үйлчилгээ нь ядуурал, ажилгүйдлийг бууруулах, өрхийн орлого, амьжиргааг дээшлүүлэх, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих, шинэ нийгмийн үнэт зүйлс, итгэл, үнэмшилтэй холбоотойгоор гэр бүл, нийгэм, эдийн засагт оролцох эмэгтэйчүүдийн үүрэг, оролцооны нааштай өөрчлөлт, хандлагыг дэмжих, хэрэгцээнд тулгуурласан, хүртээмжтэй, чанартай, үр ашигтай үйлчилгээний үндсэн дээр хүүхдийн хөгжлийг хангах, тэднийг сургуульд бэлтгэх, ерөнхий боловсролын үйлчилгээний тэгш бус байдлыг бий болгож буй хувь хүний хөгжлийн тэгш бус байдлыг бууруулах зэрэг нийгэм, эдийн засаг, гэр бүл, хувь хүний хөгжлийн олон талт, хоорондоо салшгүй асуудлуудын хүрээнд бага насны хүүхдийн эсэн мэнд амьдрах, оролцох, хамгаалагдах, хөгжих үндсэн эрхийг хангахад чиглэгдэнэ.
Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлогын хэрэгжилт нь жил бүр амаржиж буй 50 мянга гаруй эхийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, шинээр төрж буй хүүхдийн эрүүл, эсэн мэнд төрөх, өсөж бойжих, тэдний гэр бүлийн асран хамгаалахуйн чадавхийг сайжруулах, нийт хүн амын 14,6 хувийг эзэлж буй бага насны 336000 гаруй хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийн эрэлт хэрэгцээг хангахад чиглэгдсэн таатай, найдвартай, олон хувилбартай нийгмийн цогц үйлчилгээг бий болгоход дэмжлэг үзүүлэх болно.
Хоёр. Ерөнхий зүйл
Бага насны хүүхдийн хөгжил нь эх, хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, асаргаа, нийгмийн халамж, хамгаалал, боловсрол гэсэн хоорондоо нягт уялдаа бүхий агуулгын хүрээнд 0-7 насны хүүхдийн эрүүл, эсэн мэнд бойжих, боловсрох, хөгжих, хамгаалагдах эрх, хэрэгцээг эцэг эх, гэр бүл, төр хамтран хангах үйлчилгээний эрэлт, нийлүүлэлтийн харилцан шүтэлцээгээр тодорхойлогдоно.
Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлого нь эх, хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, асаргаа, нийгмийн халамж, хамгаалал, боловсрол гэсэн саланги тусдаа хүчин чармайлт, үйл ажиллагааны давуу тал дээр тулгуурлан бага насны хүүхдийн хөгжлийн хэрэгцээ, эрэлтийг хангах нийгмийн үйлчилгээний нийлүүлэлтийн таатай орчин, үйл ажиллагааг Засгийн газрын бодлогыг тодорхойлогч бүх талуудын оролцоотойгоор бий болгох системлэг үйл явц юм.
Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлого нь нэг талаас эх, хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, асаргаа, нийгмийн халамж, хамгаалал, боловсролын үйлчилгээг нэгдмэл байдлаар авч үзэх, нөгөө талаас эх, хүүхдийн үйлчилгээг хариуцсан төрийн захиргааны төв байгууллагуудын түвшинд бага насны хүүхдийн хөгжлийн талаар үүсэн бий болоод байгаа хэрэгцээ, эрэлтийг хангахын төлөө нэгдмэл зохицуулалтыг хийх үндсэн дээр бүх талын нэгдмэл хүчин чармайлтыг бий болгох удирдлага, менежмент, үйл ажиллагааны шинэ хандлага, арга зүй юм.
Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлого нь дор дурьдсан агуулгын хүрээгээр тодорхойлогдоно. Үүнд:
  • бага насны хүүхдийн хөгжлийн асуудлыг түүнд нөлөөлж буй нийгэм, эдийн засаг, орон нутаг, гэр бүл, нийгмийн үнэт зүйлс, итгэл үнэмшлийн хүчин зүйлсийн харилцан хамаарал
  • бага насны хүүхдийн хөгжлийн асуудлыг Засгийн газрын зүгээс хариуцагч төрийн захиргааны төв байгууллагуудын үүрэг, хариуцлагын хуваарилалт болон тэдгээрийн нэгдмэл хамтын үйл ажиллагааны харилцаа
  • бага насны хүүхдийн төлөө төр, гэр бүлийн хамтын үүрэг хариуцлагын хуваарилалт, харилцаа
  • эх, хүүхдийн эрсдэлгүй, найдвартай, хүртээмжтэй, чанартай нийгмийн үйлчилгээний баталгааны хангалт
  • эх, хүүхдийн хөгжил төвтэй нийгмийн үйлчилгээг хувийн хэвшил, бусад сонирхлын бүлгүүдийн зүгээс эрхлэх сонирхол, тэдний бодит оролцоог бий болгоход нь дэмжлэг үзүүлэх, бизнесийн таатай орчин бий болгох бодлого, эрх зүйн зохицуулалт
Гурав. Бодлогын зорилго
Эх, хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, асаргаа, нийгмийн халамж, хамгаалал, боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагуудын хамтарсан нэгдмэл зохицуулалт бүхий бодлогыг хэрэгжүүлэх үндсэн дээр бага насны хүүхдийн хөгжлийн хэрэгцээ, эрэлтийг хангах нь энэхүү бодлогын зорилго болно.
Дөрөв. Бодлогыг хэрэгжүүлэх стратеги
Бодлогыг хэрэгжүүлэх стратегиуд:
  • Бага насны хүүхдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээг төр хариуцан гүйцэтгэхдээ эх, хүүхдийн хоол тэжээл, эрүүл мэнд, асаргаа хамгаалал, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон мэргэжлийн байгууллагуудын хамтарч хэрэгжүүлэх, дангаараа хэрэгжүүлэх үндсэн чиг үүргүүдийг шинэ хэрэгцээ, шаардлагатай уялдуулан тодорхой болгох үндсэн дээр үүрэг, хариуцлагын хуваарилалт, нэгдмэл зохицуулалт бүхий хүчин чармайлт, менежментийг бий болгох
  • Бага насны хүүхдийн хөгжлийн нийгмийн үйлчилгээнд иргэний нийгэм, төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, хувийн хэвшлийнхний сонирхол, оролцоог нэмэгдүүлэх, тэдний үйл ажиллагааг дэмжих, бүх талын хамтын оролцоо, түншлэлд тулгуурласан нэгдмэл зохицуулалт бүхий бодлогыг хэрэгжүүлэх замаар эх, хүүхдийн төлөө үйлчилгээнд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үр ашгийг сайжруулах, Засгийн газрын ачааллыг тэнцүүлэх
  • Бага насны хүүхдэд үзүүлэх эрсдэлгүй, баталгаатай нийгмийн үйлчилгээний хүртээмж, чанар, үр ашгийг нэмэгдүүлэх
  • Бүс нутгийн онцлог, өрх гэрийн амьжиргааны нөхцөл байдал, хөгжлийн бэрхшээлтэйн улмаас үйлчилгээнд тэгш хамрагдах боломж нь хязгаарлагдаж буй нийгмийн эмзэг бүлэг, хүнд нөхцөлд амьдарч байгаа өрхийн эх, хүүхдүүдийн талаар ялгаатай, тэнцүүлэх бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, үйлчилгээний тэгш байдлыг хангах
  • Бодлогыг хүүхдийн эрх, бага насны хүүхдийн хөгжлийн талаарх олон улс, дэлхий нийтийн бодлоготой нягт уялдуулах
Тав. Бодлогын зорилтууд
Бодлого нь дараах зорилтуудыг дэвшүүлж байна. Үүнд:
5.1. Бага насны хүүхдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээний цогц менежментийг бий болгох, хөгжүүлэх
5.2 .Эх, хүүхдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээг олон хувилбартай, оновчтой болгох, үйлчилгээний тэгш байдал, хүртээмж, чанарыг сайжруулах
5.3 .Бага насны хүүхдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээний найдвартай байдлыг хангах
Зургаа. Зорилтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн хүрээ, чиглэл
6.1. Бага насны хүүхдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээний цогц менежментийг бий болгох, хөгжүүлэх зорилтын талаар
6.1.1. Бага насны хүүхдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээний талаар эрүүл мэнд, хоол тэжээл, боловсрол, нийгмийн халамж, хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд нь энэхүү бодлогын хэрэгжилтийг зохицуулах үндэсний зөвлөлдөх хороог Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны манлайлал дор Эрүүл мэнд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Хүүхдийн төлөө үндэсний газар болон бусад судалгаа, шинжилгээний байгууллага, төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор байгуулах
6.1.2. Үндэсний зөвлөлдөх хороо нь бодлогын хэрэгжилтийг үндэсний түвшинд хэрэгжүүлэх нэгдсэн, байнгын үйл ажиллагааг салбарын яамдын дотоод бүтэц, салбар дундын уялдаа холбоонд тулгуурлан бий болгох
6.1.3. Үндэсний зөвлөлдөх хороо нь дор дурьдсан үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
  • Бодлогыг хэрэгжүүлэх үндэсний үйл ажиллагааны дунд хугацааны болон жил бүрийн төлөвлөгөөг холбогдох үндэсний болон олон улсын байгууллага, сонирхогч талуудын оролцоо, нийтийн хэлэлцүүлгийн үндсэн дээр боловсруулах ажлыг удирдлагаар хангах, салбарын сайд нараар баталгаажуулан хэрэгжүүлэх, салбар дундын хамтарсан дэмжлэг үзүүлэх ажлыг зохицуулах
  • Бодлогод дэвшүүлсэн үйл ажиллагааны үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд эх, хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, асаргаа, нийгмийн халамж, хамгаалал, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагуудын хамтарсан болон дангаараа гүйцэтгэх ажил, үүргийн хуваарилалтыг тодорхойлох
  • Бодлогын хэрэгжилтийг эх, хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, нийгмийн халамж, хамгаалал, боловсролын системээр дамжуулан орон нутгийн түвшинд уялдаа холбоотойгоор, цогцоор хэрэгжүүлэх удирдлага, мэргэжлийн арга зүйгээр хангахад нь дэмжлэг, зохицуулалт үзүүлэх
6.1.4. Эх, хүүхдийн (бага насны) эрүүл мэнд, хоол тэжээл, асаргаа, нийгмийн халамж, хамгаалал, боловсролын үйлчилгээний талаарх мэдээлэл, хяналт-шинжилгээний үндэсний удирдлага, мэдээллийн нэгдмэл системийг салбарын яамдын удирдлага, мэдээллийн системд тулгуурлан байгуулах замаар мэдээлэлд тулгуурласан цогц менежментийг бий болгоно. Энэ хүрээнд дорх асуудлуудыг шийдвэрлэнэ. Үүнд:
  • Бага насны хүүхдийн хөгжлийн нэгдсэн удирдлага, мэдээллийн систем, мэдээллийн баазыг байгуулах, үүнийг байгуулахад холбогдох салбарын яамдын үүрэг, оролцоог тодорхой болгох, нэгдсэн мэдээллийн системийн үйл ажиллагааг хариуцах байгууллага, түүний байршлын асуудлыг хэлэлцэн шийдвэрлүүлэх
  • Орон нутаг, үндэсний түвшин дэх өнөөгийн удирдлага, мэдээллийн системийг хянан үзэх үндсэн дээр бага насны хүүхдийн нийгмийн үйлчилгээний үр дүнг цогцоор үнэлэх, нөхцөл байдлыг илрүүлэх, бодлого, төлөвлөлтийг боловсруулахад шаардагдах мэдээллийн төрөл, хэлбэрийг өргөжүүлэх, мэдээллийн нэгдсэн сан байгуулах
  • Бага насны хүүхдийн хөгжлийн хэрэгцээг хангах талаар оруулж буй Засгийн газрын санхүүжилт, хөрөнгө оруулалт, түүний ашиглалтын үр дүнг тооцох, бага насны хүүхдийн нийгмийн үйлчилгээний талаарх үндэсний бодит нөөц боломжийг үнэлэх, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хомсдлыг тооцох, бодит хэрэгцээг тодорхойлох мэдээллийн үзүүлэлтүүдийг аргачлалын хамт боловсруулах
  • Мэдээлэлд нэгдсэн дүн шинжилгээ хийх бодлогын хэрэгжилтийн үнэлгээг байнгын, тогтвортой үйл ажиллагаанд оруулах
6.1.5. Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлогыг хэрэгжүүлэхэд үндэсний болон орон нутаг, байгууллагуудын түвшинд гүйцэтгэх үүрэг, хариуцлага, чиг үүргийг тодорхойлох, менежментийн чадавхийг бэхжүүлэх, бодлогыг хэрэгжүүлэх бүх түвшний бэлэн байдлыг хангах, хэрэгжүүлэх
6.2. Эх, хүүхдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээг олон хувилбартай, оновчтой болгох, үйлчилгээний тэгш байдал, хүртээмж, чанарыг сайжруулах зорилтын талаар
6.2.1. Эх, хүүхдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээний хэрэгцээ, эрэлт түүний хангалт, нийлүүлэлтийн харилцаанд үүсэж буй бэрхшээлүүдийн учир шалтгааныг тодруулах, хэрэглэгчдийн бодит хэрэгцээнд нийцсэн оновчтой үйлчилгээ, нийлүүлэлтийг Засгийн газар, салбарын яамд, аймаг, нийслэлийн түвшинд зохицуулах шаардлагатай бодлого, эрх зүйн дэмжлэгийг тодорхойлох зорилгоор суурь судалгааг холбогдох яамдууд мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийх
6.2.2. Хувийн хэвшил бусад сонирхлын бүлгүүдээс дор дурьдсан чиглэлийн бага насны хүүхдийн нийгмийн үйлчилгээг зах зээлийн зарчмаар эрхлэхийг бодлогоор дэмжин урамшуулна. Үүнд:
  • Хүүхдэд тэжээллэг, чанартай, аюулгүй, эрүүл хоол хүнс хэрэглэх боломжийг өргөжүүлэхийн тулд хүүхдийн нэмэгдэл хоол тэжээлийн үйлдвэрлэл, үйлчилгээ, хүүхдийн сувилал, зөвлөгөө өгөх төв гэх мэтийг байгуулах
  • Бага насны хүүхдийн эрүүл мэнд, чийрэгжүүлэлтийн үйлчилгээ хүртэх боломжийг өргөжүүлэхийн тулд хүүхдийг эрүүлжүүлж, чийрэгжүүлэх клиник сувилал, улирлын сувилал гэх мэтийг байгуулах
  • Хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийн хэрэгцээг хангах үйлчилгээг өргөжүүлэхийн тулд цэцэрлэг, тоглоомын төв, хөгжүүлэх сургалтын төв байгуулах, тоглоом наадгайн үйлдвэрлэл эрхлэх гэх мэт хүүхэд хөгжүүлэх үйлчилгээг эрхлэх
  • Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн хүүхдээ эрүүл, эсэн мэнд, эрсдэлгүй өсгөх, хөгжүүлэх, эцэг эхчүүд тэдний гэр бүлийн гишүүдийн ажил бизнесээ эрхлэх, өрхийн орлогоо нэмэгдүүлэх, мэргэжил, боловсролоо тасралтгүй дээшлүүлэх хэрэгцээ, эрэлтийг зохистойгоор хослуулан хангах боломжийг өргөжүүлэхийн тулд гэрээр хүүхэд асрах, өдрөөр асрах төв гэх мэт хүүхэд асрах үйлчилгээний олон хэлбэрийн үйлчилгээг эрхлэх
  • Гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүй, хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, асаргаа сувилал, эх хүүхдийн эрхийг хангах, хамгаалах асуудлуудаар мэргэжлийн болон хууль, эрх зүйн зөвлөгөө авах хэрэгцээг хангах нөхцлийг бүрдүүлэхийн тулд дор дурьдсан зөвлөгөө өгөх үйлчилгээг эрхлэх. Үүнд:
    • хүүхдийн эмч, сэтгэл зүйчид эцэг, эхчүүдэд гэрээр үйлчлэх
    • албан бус боловсролын гэгээрлийн төвөөр үйлчлэх
    • телефон утас, интернет сүлжээ ашигласан итгэлтэй үйлчилгээ явуулах
    • радио, телевиз, FM-ээр сургалтын нэвтрүүлэг хийх
    • сонин, сэтгүүл гаргах гэх мэ
6.2.3. Хувийн хэвшил бусад сонирхлын бүлгүүдээс бага насны хүүхдийн хөгжлийн хэрэгцээг хангах чиглэлд үйлдвэрлэл, үйлчилгээг эрхлэх сонирхлыг дэмжих бизнесийн таатай орчин бий болгох бодлого, эрх зүй, үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэх талаар дор дурьдсан чиглэлүүдийг судалж зохих түвшинд шийдвэрлэх
  • йлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх бүртгэл, зөвшөөрлийг иргэд, бизнес эрхлэгчдэд чирэгдэлгүй хялбар болгох, төвлөрсөн бус нэг цэгийн үйлчилгээг орон нутагт нь гүйцэтгэдэг болох
  • Хүний нөөцийн чадавхийг нь бэхжүүлэх, мэдээлэл арга зүйн дэмжлэг үзүүлэх
  • Бага насны хүүхдийн нийгмийн үйлчилгээн дэх асуудлыг шийдвэрлэж буй байдал, төрийн ачааг хуваалцаж буй хувь нэмэр, үйлдвэрлэл, үйлчилгээний шинж, төрлөөс нь хамааруулж татварын хөнгөлөлт, таатай нөхцөл бүрдүүлэх, зарим төрлийн эрүүл мэнд, эмнэлгийн үйлчилгээг нь эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэх боломжийг өргөжүүлэх
  • Хувийн хэвшил, сонирхлын бүлгүүдээс бага насны хүүхдийн нийгмийн үйлчилгээний чиглэлээр төрөөс тодорхой нөхцөлтэйгээр татварын хөнгөлөлт эдлэх, эрүүл мэндийн даатгалын шугамаар санхүүжилтийн дэмжлэг авах шаардлага, нөхцлийг боловсруулах, эрүүл мэндийн даатгалын санхүүжилт, татварын хөнгөлөлтийн зориулалтыг хянах хяналтын системийг бий болгох асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран судалж зохих түвшинд шийдвэрлүүлэх
  • Хүн амын суурьшлын нягтрал, орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн төлөв байдал, засаг захиргааны нэгжийн өөрчлөлт, сургуулийн байршлын төлөвлөгөөтэй уялдуулан хот, суурин газарт шинээр өрхийн эмнэлэг, цэцэрлэг байгуулах улсын хэмжээний нэгдсэн төлөвлөлтийг холбогдох яамдууд аймаг, орон нутгийн засаг захиргааны байгууллагатай хамтран хийх
  • Засгийн газар, орон нутгийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу иргэдийн амьдралын түвшин боломжтой дүүрэг, хороололд хувийн хэвшил, бизнесийн байгууллагуудаас өрхийн эмнэлэг, цэцэрлэг байгуулан нийгмийн үйлчилгээг гэрээгээр эрхлэх сонирхлыг дэмжих зохицуулалтыг судлах, хэрэгжүүлэх
6.2.4. Бага насны хүүхдийн хөгжлийн хэрэгцээг хангах нийгмийн үйлчилгээний хүртээмж, чанар, тэгш боломжийг сайжруулах, сургуулийн өмнөх насны хүүхдийг сургуульд бэлтгэх, ерөнхий боловсролын үйлчилгээний тэгш бус байдлыг бий болгож буй хувь хүний хөгжлийн тэгш бус байдлыг бууруулах, ерөнхий боловсролын сургуулийн санхүүжилтийн үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд дор дурьдсан чиглэлийн арга хэмжээнүүдийг холбогдох яамдуудтай хамтран хэрэгжүүлэх. Үүнд:
  • Засгийн газар, орон нутгийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу хүн амын амьжиргааны түвшин, гэр бүлийн нөхцөл дорой бүс нутаг, дүүрэг, хороолол дахь эх, хүүхдийн нийгмийн үйлчилгээний хүчин чадлыг нэмэгдүүлэх, ялангуяа хэрэгцээ шаардлага өндөр байгаа газар цэцэрлэг, өрхийн эмнэлгүүдийг Засгийн газар, орон нутгийн хөрөнгө оруулалтаар үе шаттайгаар байгуулах
  • Бага насны хүүхдийн үйлчилгээний хүртээмж хангалтгүй газар цэцэрлэгийн бүтэц зохион байгуулалт, менежментийг боловсронгуй болгох үндсэн дээр орон нутгийн онцлог, эрэлт хэрэгцээнд тулгуурлан дор дурьдсан үйлчилгээний олон хэлбэрийг байнгын тогтвортойгоор институтчлэн хэрэгжүүлэх (санхүүжилт, сургалтын хөтөлбөр, агуулга, сургалтын хэрэглэгдэхүүн, хүний нөөц, байгууллагын үйл ажиллагааны зохицуулалт) боломжийг бий болгох
    • хөдөө орон нутагт малчдын хүүхдийн хөгжлийг хангах гэр бүл, эцэг эх төвтэй явуулын, эцэг эхийн зайны сургалтын үйлчилгээ гэх мэт
    • хотын захын хороолол, хөдөө орон нутгийн суурин газруудын хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг төвтэй бага оврын болон гэр-ясли, гэр-цэцэрлэгийн үйлчилгээ гэх мэт
    • цэцэрлэг дээрх хоёр хүртэлх насны хүүхдийн ердийн бүлэг, нийгмийн эмзэг бүлгийн хүүхдийн халамжийн үйлчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан интеграцчлан сургах таатай орчин бий болгох, үйлчилгээг өргөжүүлэх
    • хөдөө орон нутаг, хотын захын хорооллын сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийг сургуульд бэлтгэх ээлжийн, улирлын, цагийн сургалтын гэх оновчтой, тохиромжтой үйлчилгээний хэлбэрүүдийг орон нутгийн засаг захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулах
    • Хөдөөгийн багийн бага оврын сургуулийн үйл ажиллагааг сургуулийн өмнөх боловсролын чиг үүргээр өргөжүүлэх, бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор байдлаар ажиллуулах
6.2.5. Орон нутаг, ялангуяа, хөдөөгийн суурин газар, баг, хотын захын хорооллын түвшинд эх, хүүхдийн (бага насны) эрүүл мэнд, хоол тэжээл, асаргаа, нийгмийн халамж, хамгаалал, боловсролын үйлчилгээний уялдаа холбоог нь хангах талаар орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын чиг үүрэг, ажлын агуулгыг тодорхой болгох, хэрэгжилтийг зохион байгуулах тэдний мэргэжлийн удирдлагын чадавхийг бэхжүүлэх
6.2.6. Бага насны хүүхдийн нийгмийн үйлчилгээг эрхлэх талаар хувийн хэвшил, төрийн үйлчилгээний салбарт ажиллагсдын хүний нөөцийн мэргэжлийн чадавхийг бэхжүүлэх орчин бий болгох талаар холбогдох яамдууд дорх чиглэлүүдээр хамтран ажиллах. Үүнд:
  • Монгол Улсын Эрүүл Мэндийн Их Сургуулийн Анагаах ухааны коллежид хүүхэд асрах, сувилахуйн ухааны үйлчилгээний мэргэжлийн сургалтын агуулга, хөтөлбөрийг бий болгох, дипломын дээд боловсролын болон мэргэжил дээшлүүлэх байнгын сургалтыг зохион байгуулах бодлогын зохицуулалтыг хийх
  • Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн сургалтын агуулгыг хүүхдийн эрүүл, эсэн мэнд хөгжих, өсөх бойжих, хоол тэжээл, асаргаа сувилал, эх хүүхдийн эрхийг хангах, хамгаалах асуудлаар эцэг эхчүүдэд мэргэжлийн зөвлөгөө өгөх, эмзэг бүлгийн болон, хүнд нөхцөлд амьдарч буй хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй хамтран ажиллах нийгэм сэтгэл зүйн харилцааны чадвар эзэмших чиглэлээр өргөжүүлэн шинэчлэх, мэргэжлийн үндсэн болон мэргэжил дээшлүүлэх байнгын сургалтыг зохион байгуулах бодлогын зохицуулалтыг хийх
  • Бага насны хүүхдийн нийгмийн үйлчилгээний хүний нөөцийн мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөр, агуулгыг холбогдох мэргэжлийн хүрээлэн, сургалтын байгууллагуудтай хамтран боловсруулж, мэргэжил дээшлүүлэх уян хатан, сонгох боломжтой, олон хувилбартай байнгын үйл ажиллагаагаа бүхий институтчилсан тогтолцоог бий болгох
  • Мэргэжлийн хүрээлэн, байгууллагуудаас эх, хүүхдийн (бага насны) эрүүл мэнд, хоол тэжээл, асаргаа, сувилал, нийгмийн халамж, хамгаалал, боловсролын үйлчилгээний эрэлт хэрэгцээг хангах асуудлыг хүүхэд, эмэгтэйчүүдийг эрхийг хангах, хүний хөгжлийн болон ажил эрхлэлт, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулан нийгэм эдийн засаг, гэр бүл, эх хүүхдийн талаарх үйлчилгээг хангагч байгууллагуудын хүчин зүйл, орчны хамааралтайгаар салбарын судалгаа хийх, бодлогын дүн шинжилгээ хийх үйл ажиллагааг дэмжин урамшуулах
6.3. Бага насны хүүхдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээний найдвартай, чанартай байдлыг хангах зорилтын талаар
6.3.1. Бага насны хүүхдийн нийгмийн үйлчилгээний эрсдэлгүй
байдлыг хангах, чанарын баталгааг сайжруулах зорилгоор бага насны хүүхдийн хөгжлийг хангах нийгмийн үйлчилгээ эрхлэхэд тавигдах байгууллагын, орчны, боловсон хүчний жишиг шаардлагуудыг, үзүүлэлтүүдийн хамт боловсруулж, зохих түвшинд баталгаажуулан мөрдөх
Дорх чиглэлээр нийгмийн үйлчилгээ эрхлэх жишиг шаардлагуудыг бий болгоно. Үүнд:
  • Хүүхдийг эрүүлжүүлж, чийрэгжүүлэх клиник сувилал, улирлын сувиллын үйлчилгээ эрхлэх
  • Хүүхэд асрах төв, ясли, цэцэрлэг, тоглоомын төв, хөгжүүлэх сургалтын үйлчилгээ эрхлэх
  • Гэрээр хүүхэд асрах, өдрөөр асрах төв гэх мэт хүүхэд асрах, сувилах үйлчилгээг эрхлэх
  • Гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүй, хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, асаргаа сувилал, эх хүүхдийн эрхийг хангах, хамгаалах асуудлуудаар мэргэжлийн болон хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг эрхлэх
6.3.2. Бага насны хүүхдийн хөгжлийн хэрэгцээг хангах нийгмийн
үйлчилгээний жишиг шаардлага, үзүүлэлтүүдийг олон нийт нээлттэйгээр ашиглах, нэвтрэх боложтой мэдээлэл, сурталчилгааг бий болгох.
Энэ хүрээнд доорх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
  • Холбогдох яамдын вэб хуудсанд байнга ашиглах байдлаар байрлуулах,
  • Мэргэжлийн сургалт, үйлчилгээний эрх олгох, хөндлөнгийн үнэлгээ өгөх байгууллагуудад үнэгүй зөвлөгөө өгөх үйлчилгээг явуулахад нь сургалтын материал, арга зүйн дэмжлэг үзүүлэх
  • Интернет, утсан холбоогоор мэдээлэл, лавлахын үйлчилгээ эрхэлж буй төвүүдэд шаардлагатай мэдээлэл, сургалтын материал, арга зүйн дэмжлэг үзүүлэх
6.3.3. Мэргэжлийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, хөндлөнгийн үнэлгээ, хяналт шалгалт хийх мэргэжлийн хяналтын байгууллагууд, сургалт, мэдээлэл эрхлэх мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөө өгөх, хэрэгжилтийг зохион байгуулах чадавхийг бэхжүүлэх
6.3.4. Эх, хүүхдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээний чанарын хяналтад төр, олон нийтийн оролцоог бодитой болгох. Энэ талаарх иргэдийн мэдлэг, чадварыг бэхжүүлэх мэдээлэл, сургалтыг олон нийтийн хүртээмжтэй мэдээллийн хэрэгслээр сурталчлах
6.3.5. Эрүүл мэнд, хоол тэжээл, сургуулийн өмнөх боловсролын стандартын хэрэгжилтийг үнэлэх замаар хүүхдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах механизмыг бий болгох
Долоо. Хүлээгдэж буй үр дүн
Хүүхдэд:
  • Эх, хүүхдийн эрүүл, аюулгүй, эрсдлээс хамгаалагдсан, чанартай нийгмийн үйлчилгээ авах боломж өргөжнө.
  • Эцэг эхчүүд өөрсдийн боломж, сонирхол, хэрэгцээндээ нийцсэн бага насны хүүхдийн хөгжлийн нийгмийн үйлчилгээнд хүүхдээ хамруулах боломж өргөжнө.
  • Хүүхэд эхээс төрмөгц хөхөөр амалж, хөхөөр хооллох, чанартай хоол тэжээлээр хангагдаж, эрүүл чийрэг өсөж, хөгжих нийгмийн үйлчилгээний нөхцөл сайжирна.
  • Бага насны хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийн ялгаатай, тэгш бус байдлыг бууруулах боломж бүрдсэнээр ерөнхий боловсролын үйлчилгээний тэгш бус байдлыг бий болгож буй хувь хүний хөгжлийн тэгш бус байдлыг бууруулж, хүүхдүүд ерөнхий боловсролын сургууль завсардах, улирах, амжилтгүй сурах сөрөг үр дагавруудыг бууруулна.
Гэр бүлд:
  • Эх, хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, асаргаа, нийгмийн халамж, хамгаалал, боловсролын адил тэгш, сонгох боломжтой үйлчилгээ гэр бүл, эцэг эхчүүдэд ойртуулснаар эх, хүүхэд эндэх, эрүүл мэнд, нийгмийн халамж, боловсролын үйлчилгээний гадна орхигдох, хохирох үзэгдэл үгүй болоход дэмжлэг үзүүлнэ.
  • Эцэг, эхчүүдийн эцэг эх байх чадвар дээшилснээр бага насны хүүхдүүд гэр бүлдээ аюулгүй, эрүүл, эсэн мэнд өсөж хөгжих боломж өргөжнө.
  • Эцэг, эхчүүдийн бага насны хүүхдээ эрүүл, эсэн мэнд өсгөх, хөгжүүлэх, ажил, бизнесээ эрхлэх, мэргэжил боловсролоо байнга дээшлүүлэх, хөгжих олон хэрэгцээг зохистой хангах боломж бүрдсэнээр эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих болон гэр бүлийн аж байдлыг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ.
Нийгэмд:
  • Эх, хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, асаргаа, нийгмийн халамж, хамгаалал, боловсролын хэрэгцээ, эрэлтийг хангах нийгмийн үйлчилгээний нийлүүлэлтийн таатай орчин, үйл ажиллагааг Засгийн газрын бодлогыг тодорхойлогч бүх талуудын оролцоотойгоор бий болгох боломж бий болно.
  • Хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэх үеэс эхлэн эрүүл мэнд, эмнэлгийн хяналтад хамрагдах, эх, хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, асаргаа, нийгмийн халамж, хамгаалал, боловсролын тэгш боломжийг хангасан, сонгох боломжтой, эрсдэлгүй үйлчилгээнд хамрагдах боломжийг хангана.
  • Бага насны хүүхдийн хөгжлийн хэрэгцээг хангахад гэр бүл, орон нутгийн удирдлага, олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ.
  • Бага насны хүүхдийг асрах, сувилах, эрүүл, аюулгүй хоол, тэжээлээр хангах, нийгмийн үйлчилгээ хөгжих нөхцөл бүрдэнэ.
  • Эцэг эх, эмэгтэйчүүд ажил эрхлэх, өрхийн аж байдлаа сайжруулах, нийгмийн байр сууриа бэхжүүлэх, өөрийгөө хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлнэ.
  • Ерөнхий боловсролын сургуулийн санхүүжилтийн үр ашгийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
  • Хүүхдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээний салбарын ажлын байрыг нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ.
  • Хүний хөгжлийг хангах, хүний нөөцийн чадавхийг бий болгох суурь боломжийг бүрдүүлснээр ирээдүйн иргэний нийгмийн иргэнийг бэлтгэх нийгмийн зорилтуудыг хангахад эерэг нөлөө үзүүлнэ.
Найм. Бодлогын хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт
Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлогын хэрэгжилтийг дараах шалгууруудаар үнэлнэ:
Чанарын үнэлгээний үзүүлэлтүүд:
  • Бага насны хүүхдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээний нэгдмэл удирдлага менежмент, бодлого, эрх зүйн орчин, үйл ажиллагааны дэмжлэг бий болсон байдал
  • Бага орлоготой болон ядуу өрхийн хүүхдүүд нийгмийн үйлчилгээний төрөл хэлбэрүүдэд хамрагдахад үзүүлж буй дэмжлэг
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үзүүлж буй дэмжлэг
  • Малчдын хүүхдүүд нийгмийн үйлчилгээний төрөл хэлбэрүүдэд хамрагдаж буй байда
  • Бага насны хүүхдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээг эрсдэлгүй, найдвартайгаар хөгжүүлэх нөхцөл бүрдсэн байдал
  • Хэрэглэгчид бага насны хүүхдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээний төрөл, хэлбэрийг сонгох боломж, арга механизмын бүрдэл
  • Бага насны хүүхдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээний үйл явц, үр дүнгийн талаарх удирдлага, мэдээллийн нэгдсэн систем, мэдээллийн сан бүрдсэн байдал
  • Бодлогын хэрэгжилтийг шинжлэн дүгнэх, хөгжлийн дараагийн зорилтыг тодорхойлох хяналт, шинжилгээ, үнэлгээний тогтолцоо бий болсон байдал
  • Бага насны хүүхдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээнд мэдээллийн технологийн дэвшлийг ашиглаж буй байдал
  • Бага насны хүүхдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээн дэх төр, олон нийтийн оролцоо бий болсон байдал.
Тоон үнэлгээний үзүүлэлтүүд:
  • Бага насны хүүхдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээний төрөл, хэлбэр тус бүрд хамрагдаж буй хүүхдийн тоо
  • Бага насны хүүхдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээнд зарцуулагдаж буй хөрөнгийн хэмжээний өсөлт
  • Бага насны хүүхдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээнд зарцуулагдаж буй хөрөнгөөс нэг хүүхдэд ногдож буй хувь, хэмжээний өсөлт
  • Иргэд, олон нийт, аж ахуйн нэгж байгууллагын үүсгэл санаачилгаар бий болсон хүүхэд, гэр бүлд үйлчилгээ үзүүлэх нэгжийн тооны өсөлт
  • Бага насны хүүхдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээний төрөл, хэлбэр тус бүрээр хүний нөөцийн чадавхийн өсөлт
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, Эрүүл мэнд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 4 сарын 13-ны өдрийн 116/83/45 тушаалын хоёрдугаар хавсралт
БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЦОГЦ
БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ Ү
НДЭСНИЙ ЗӨВЛӨЛДӨХ ХОРОО
Дарга: Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд
Нарийн бичгийн дарга: Эрүүл мэндийн бодлого, зохицуулалтын газрын дарга /ЭМЯ/
Гишүүд:
Эрүүл мэндийн дэд сайд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд
Ерөнхий боловсролын хэлтсийн дарга /БСШУЯ/
Хүн амын хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга /НХХЯ/
Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга /НХХЯ/
Эмнэлгийн тусламжийн газрын дарга /ЭМЯ/
Улсын мэргэжлийн хяналтын газрын дарга
Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал
Боловсролын хүрээлэнгийн захирал
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн хоол судлалын төвийн захирал
Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн
Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн захирал
Монгол Улсын Эрүүл Мэндийн Их Сургуулийн
Анагаах ухааны коллежийн захирал

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...