Wednesday

Эрүүл мэндийн тухай хууль

                                                 

 2011 оны 05 сарын 05 өдөр                                                                   Төрийн ордон, Улаанбаатар хот

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт 

1.1.Энэ хуулийн зорилт нь эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, үндсэн зарчмыг тодорхойлж, иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хангахад аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэний гүйцэтгэх үүрэг, эрүүл мэндийн байгууллага, ажилтны үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

            2 дугаар зүйл.Эрүүл мэндийн тухай хууль тогтоомж

            2.1.Эрүүл мэндийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

            2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

З дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

            3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

                        3.1.1."эрүүл мэнд" гэж хүн өвчин, эмгэггүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхыг;

3.1.2."эрүүл мэндийг хамгаалах" гэж хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг зохион байгуулах замаар хүн амын эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн анагаах ухаан, нийгэм, эдийн засгийн цогц арга хэмжээг;

3.1.3.“эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ” гэж нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг;

                        3.1.4."эрүүл мэндийн байгууллага" гэж хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилго, үндсэн чиг үүрэг бүхий хуулийн этгээдийг;  

                        3.1.5."эмнэлгийн мэргэжилтэн" гэж хүний их, бага эмч, нүүр-амны их эмч, сувилагч, эм зүйч, эх баригч, эм найруулагч, нийгмийн эрүүл мэндийн болон  анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллеж төгссөн эмнэлгийн бусад ажилтныг;

                        3.1.6.“эрүүл мэндийн ажилтан" гэж эмнэлгийн мэргэжилтэн болон эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа бусад ажилтныг;

                        3.1.7.“олон улсын хөл хориот өвчин” гэж Олон улсын эрүүл мэндийн дүрэмд заасан өвчнийг;

                        3.1.8."идэвхжсэн голомтыг цомхотгох" гэж мал, амьтнаас хүнд халдварлах байгалийн голомтот халдварт өвчний байгалийн голомт идэвхжих буюу өвчин гарсан үед голомтыг эрүүлжүүлэх арга хэмжээ авахыг;

                        3.1.9."эмчлэх" гэж өвчнийг оношлох, эдгэрүүлэх, өвчтөнийг сэргээн засах, өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн эмчийн мэргэжлийн цогц үйл ажиллагааг;
                                               
3.1.10.“сувилах” гэж өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг эдгэрүүлэх, өвчтөнийг сэргээн засахад чиглэсэн сувилагчийн мэргэжлийн цогц үйл ажиллагааг;

3.1.11.“эх барих” гэж жирэмсний, төрөх, төрсний дараах үед эх, ураг, нярайг оношлох, хянах, төрөлтийг удирдах, эмчлэх, өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн мэргэжлийн цогц үйл ажиллагааг;

3.1.12.”эм барих” гэж эм зүйн шинжлэх ухааны дагуу эмийг найруулах, савлан бэлтгэх, шалгаж олгох үйл ажиллагааг;

                        3.1.13.“эмнэлгийн тоног төхөөрөмж” гэж хүний бие махбодийн бүтэц, үйл ажиллагаа, өвчин, эмгэг, согогийг оношлох, эмчлэх, сэргээн засах, хянах зориулалтаар бүтээгдсэн бие даасан ажиллагаа бүхий зүйлийг;

                        3.1.14.“эмнэлгийн багаж” гэж хүний бие махбодийн бүтэц, үйл ажиллагаа, эмгэг, согогийг оношлох, эмчлэх, сувилах, сэргээн засах, хянах зориулалтаар бүтээгдсэн болон гараар хийх үйлдэлд хэрэглэх зүйлийг;

                        3.1.15.“эмнэлгийн тоног төхөөрөмжийн дагалдах хэрэгсэл” гэж эмнэлгийн тоног төхөөрөмжийг хэвийн ажиллуулахад зайлшгүй шаардагдах туслах хэрэгслийг;

3.1.16.“протез” гэж хүний эд, эрхтнийг орлуулах болон эмгэг, согогийг засах зориулалтаар бүтээгдсэн зүйлийг;

                        3.1.17.“эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэл” гэж эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, эмнэлгийн тусламж, үйлчилгээний технологи, чанарт хөндлөнгийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргахыг;

3.1.18.“донор” гэж Донорын тухай хуулийн[2] 3.1.2-3.1.4-т заасныг;
                       
3.1.19.“эрүүл мэндийг дэмжих” гэж хүн амын эрүүл мэндийг хянах, бэхжүүлэх, хүн амд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл аж төрөх орчныг бүрдүүлэхэд чиглэсэн цогц үйл ажиллагааг.

4 дүгээр зүйл.Эрүүл мэндийн талаар төрөөс
             баримтлах бодлого, үндсэн зарчим

            4.1.Төрөөс хүн амын эрүүл мэндийн талаар дараах бодлогыг хэрэгжүүлнэ:

                        4.1.1.хүн амын эрүүл мэндийг төрийн онцгой анхаарал, ивээлд авах;
                        4.1.2.хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ялгаварлан гадуурхахгүйгээр тэгш, хүртээмжтэй үзүүлэх;

                        4.1.3.өмчийн хэлбэр харгалзахгүйгээр эрүүл мэндийн байгууллагад адил тэгш хандах;

                        4.1.4.Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн зарим төрлийн тусламж, үйлчилгээний төлбөрийг төр хариуцах.

            4.2.Энэ хуулийн 4.1-д заасан бодлогыг хэрэгжүүлэхэд дараах үндсэн зарчим баримтална:

                        4.2.1.хүмүүнлэг, энэрэнгүй ёс, шинжлэх ухааны мэдлэг, ололт, нотолгоо, орчин үеийн болон уламжлалт анагаах ухааны дэвшилтэт аргад тулгуурлан хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх;

                        4.2.2.нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэргүүлэх чиглэл болгож, улмаар эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд эрүүл мэндийн байгууллагын бие даасан, нээлттэй, өмчийн олон хэлбэрт тулгуурласан байдлыг хангах;

                        4.2.3.эрүүл мэндийн бодлого, арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, хамт олон, гэр бүл, иргэний нэгдмэл үйл ажиллагаагаар хэрэгжүүлэх.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЭРҮҮЛ МЭНДИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
           
5 дугаар зүйл.Эрүүл мэндийн удирдлагын тогтолцоо

            5.1.Эрүүл мэндийн удирдлагын тогтолцоо нь Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага, эрүүл мэндийн байгууллагын удирдлагаас бүрдэнэ.
           
6 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын бүрэн эрх

            6.1.Монгол Улсын Их Хурал эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

                        6.1.1.төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг тодорхойлох;
                       
6.1.2.эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар Засгийн газраас зохион байгуулж байгаа ажилд хяналт тавих;

6.1.3.онц байдлын үед хүн амын эрүүл мэнд, амь насыг хамгаалах асуудлаар эрүүл мэндийн байгууллага, иргэн, бусад байгууллагын үүргийг тодорхойлох;

                        6.1.4.эрүүл мэндийн асуудлаар олон улсын гэрээнд Монгол Улс нэгдэн орох, цуцлах асуудлыг шийдвэрлэх;

                        6.1.5.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
           
7 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрх

            7.1.Монгол Улсын Засгийн газар /цаашид “Засгийн газар” гэх/ эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
                       
                        7.1.1.төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
                       
7.1.2.эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;

                        7.1.3.эрүүл мэндийн талаар үндэсний хөтөлбөр баталж, санхүүжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих;

                        7.1.4.эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны асуудлаар өөрийн бүрэн эрхийн хүрээнд бусад улсын Засгийн газар, олон улсын байгууллагатай гэрээ, хэлэлцээр хийх;

                        7.1.5.зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журмыг батлах;
           
7.1.6.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

            7.2.Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг улсын хэмжээнд зохицуулах үүрэг бүхий орон тооны бус Үндэсний зөвлөл байгуулан ажиллуулж болно.

7.3.Энэ хуулийн 7.2-т заасан Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Монгол Улсын Ерөнхий сайд батална.  

8 дугаар зүйл.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн
              захиргааны төв  байгууллагын бүрэн эрх

            8.1.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.1.1.эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах;

8.1.2.хүн амын эрүүл мэндийн байдлыг судлах, хянах, үнэлэх, эрэлт хэрэгцээг үндэслэн эрүүл мэндийн салбарын бодлого, хөгжлийн чиг хандлагыг  тодорхойлох;

8.1.3.бүсийн оношлогоо, эмчилгээний төв, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, уламжлалт анагаах ухааны төв корпорацийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

8.1.4.хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг салбарын хэмжээнд төлөвлөх, зохион байгуулах, эрүүл мэндийн байгууллагын байршил, бүтэц, зохион байгуулалт, тусламж, үйлчилгээний төрөл, шатлал, эмнэлгийн болон  сувиллын орны дээд хязгаарыг тогтоох;

8.1.5.хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар иргэд, төрийн болон төрийн бус байгууллагад мэргэжил, арга зүйн  туслалцаа үзүүлэх;

8.1.6.хүн амын эрүүл мэндийг хамгаалах, бэхжүүлэх үндэсний хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж,  үр дүнг тооцох;

8.1.7.эрүүл мэндийн тулгамдсан асуудлаар эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг захиалан гүйцэтгүүлэх;

8.1.8.эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжлийн бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэх;
                       
8.1.9.эмнэлгийн мэргэжилтнийг мэргэшүүлэх, давтан сургах бодлогыг тодорхойлж, хэрэгжилтийг хангуулах, эрүүл мэндийн мэргэжлийн чиглэл, индекс, анагаах ухааны боловсролын сургалтын байгууллагын элсэлтийн хяналтын тоо, сургалтын түшиц эмнэлгээр хангах асуудлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран шийдвэрлэх;

8.1.10.эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг хангах асуудлыг холбогдох байгууллагатай хамтран шийдвэрлэх;

8.1.11.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийн бодлогыг тодорхойлох, төсвийг төлөвлөх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

8.1.12.эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн бодлогыг холбогдох байгууллагатай хамтран тодорхойлох;

8.1.13.аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, хянах;  

8.1.14.эрүүл мэндийн удирдлага, мэдээллийн тогтолцооны бодлогыг тодорхойлох, мэдээллээр хангах;

 8.1.15.эрүүл мэндийн асуудлаар төрийн бус байгууллага болон гадаад улс, олон улсын байгууллагатай хамтран ажиллах;

8.1.16.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

8.2.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эрүүл мэндийн салбарын бодлого, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулахад нь зөвлөх чиг үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөл байгуулан ажиллуулж болно.

8.3.Энэ хуулийн 8.2-т заасан мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.


9 дүгээр зүйл.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн
               захиргааны байгууллагын бүрэн эрх

            9.1.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

                        9.1.1.эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх;

                        9.1.2.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эрүүл мэндийн байгууллага, үйлдвэрлэлийн стандартыг боловсруулах;
                       
9.1.3.эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулах;

                        9.1.4.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын бодлогыг хэрэгжүүлж, эрүүл мэндийн байгууллагад магадлан итгэмжлэл олгох үйл ажиллагааг зохион байгуулах;

                        9.1.5.эрүүл мэндийн статистик мэдээллийг нэгтгэн гаргах, мэдээлэх;
                        9.1.6.эрүүл мэндийн салбарын хөгжил, эрүүл мэндийн ажилтны хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангах, судалгаа хийх;

                        9.1.7.иргэний эрүүл мэндээ хамгаалах, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх, эрүүл мэндийг дэмжих арга хэмжээг зохион байгуулах;

                        9.1.8.эмийг бүртгэх, баталгаажуулах үйл ажиллагааг зохион байгуулж, эмийн чанар, аюулгүй байдлын талаар нийтэд мэдээлэх;

9.1.9.эрүүл мэндийн ажилтныг төгсөлтийн дараах сургалтад хамруулах, мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохион байгуулах;

9.1.10.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

10 дугаар зүйл.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн
      Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх

            10.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.1.1.эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах;

 10.1.2.харьяалах нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндийн асуудлаар Засаг даргын тайлан, мэдээллийг хэлэлцэн дүгнэлт өгөх;

                        10.1.3.харьяалах нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар хөтөлбөр, шийдвэр гаргаж, хэрэгжилтэд хяналт тавих;

                        10.1.4.харьяалах нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллага, иргэний хамтын оролцоог хангаж, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах;

                        10.1.5.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

            11 дүгээр зүйл.Бүх шатны Засаг даргын бүрэн эрх

            11.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

                        11.1.1.эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газар, нутгийн өөрөө удирдах байгууллагаас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах;

                        11.1.2.харьяалах нутаг дэвсгэртээ хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, ойрын ба хэтийн төлөвийг тодорхойлсон хөтөлбөр, төсөл боловсруулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулж, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах;

                        11.1.3.эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн харьяалах нутаг дэвсгэрийнхээ эрүүл мэндийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, оновчтой байршуулах, материаллаг бааз, хүний болон санхүүгийн нөөцийг зохистой хуваарилах;

                        11.1.4.байгалийн онц аюултай үзэгдэл болон олон улсын хөл хориот өвчин гарсан тохиолдолд шаардлагатай арга хэмжээг шуурхай авах;

                        11.1.5.эрүүл мэндийг хамгаалах, дэмжих чиглэлээр идэвх, санаачилгатай ажиллаж байгаа хамт олон, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах, сурталчлах ажлыг зохион байгуулах;

                        11.1.6.аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын даргыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн Төрийн албаны тухай хуулийн дагуу томилох, чөлөөлөх;

                        11.1.7.харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтний нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;

11.1.8.харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагад нэмэлт санхүүжилт олгох;

11.1.9.тухайн шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагыг томилох, чөлөөлөх асуудлаар эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөх;

11.1.10.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
           
11.2.Сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

                        11.2.1.эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газар, нутгийн өөрөө удирдах байгууллага, дээд шатны Засаг даргаас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах;

                        11.2.2.харьяалах нутаг дэвсгэрийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тэгш, хүртээмжтэй байдлыг хангах;

                        11.2.3.эрүүл мэндийг хамгаалах, дэмжих чиглэлээр нийтийг хамарсан арга хэмжээнд аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг татан оролцуулах ажлыг зохион байгуулах;

                        11.2.4.харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагыг шаардлагатай боловсон хүчин, материаллаг бааз, санхүүгийн хувьд бэхжүүлэх;
                       
11.2.5.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
           
11.3.Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн даргыг тухайн шатны Засаг дарга, аймгийн эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөж томилж, чөлөөлнө.

12 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын бүрэн эрх

12.1.Aймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

12.1.1.эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газар, нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргаас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах;

12.1.2.улсын хэмжээний үйлчилгээтэй болон гадаадын хөрөнгө оруулалттайгаас бусад эрүүл мэндийн байгууллага байгуулах, түүнд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаар санал, дүгнэлт гаргаж, тухайн шатны Засаг даргад танилцуулах;

12.1.3.эмнэлгийн орыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон хязгаарт багтаан зохицуулах;

12.1.4.харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавих;

12.1.5.харьяалах нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндийн статистик мэдээлэл, эрүүл мэндийн байгууллагын тайлан, мэдээ, мэдээллийг нэгтгэн холбогдох байгууллагад өгөх.

            12.2.Аймаг, нийслэлийн  эрүүл мэндийн газрын дарга нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж, харьяа эрүүл мэндийн байгууллагын даргыг хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлнө.
                       
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ

13 дугаар зүйл.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төрөл

13.1.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ дараах төрөлтэй байна:

13.1.1.нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ;         
13.1.2.эмнэлгийн тусламж, үйлчилгээ.

13.2.Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хүн амын эрүүл мэндийн байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тандах, судлах, хянах, эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагаа хамаарна.

13.3.Эрүүл мэндийн байгууллага  нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг дангаараа болон бусад аж ахуйн нэгж, байгууллага, олон нийт, иргэдтэй хамтран явуулна.

13.4. Эмнэлгийн тусламж, үйлчилгээнд дараах үйл ажиллагаа хамаарна:

                        13.4.1.үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдалд үнэлгээ өгөх, оношлогоо, эмчилгээний үйлдэл, ажилбар хийх, мэргэжлийн дүгнэлт гаргах, хянах, сэргээн засах, сэхээн амьдруулах тусламж үзүүлэх цогц үйл ажиллагаа;

            13.4.2.цочмог өвчин, эмгэг, осол, гэмтэл, хордлого, төрөх үед эмнэлгийн яаралтай анхны тусламжийг газар дээр нь болон тээвэрлэх явцад үзүүлэн, эмнэлэгт хүргэх түргэн тусламжийн үйлчилгээ;

13.4.3.гэнэтийн өвчин, осол, гэмтэл, хордлого болон төрөх үед хамгийн ойр байрлах эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ;

13.4.4.эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ шаардлагатай иргэнийг эрүүл мэндийн байгууллагад зориулалтын унаагаар тээвэрлэн хүргэх түргэн тусламжийн үйлчилгээ;

13.4.5.өвчин, эмгэг, гэмтэл бэртлийн улмаас үүссэн үр дагаврыг арилган хэвийн байдалд оруулахад чиглэсэн сэргээн засах тусламж, үйлчилгээ;

13.4.6.чанар, нөөц нь тогтоогдсон рашаан ус, шавар, байгалийн бусад хүчин зүйлийг ашиглаж сэргээн засах тусламж, үйлчилгээ;

13.4.7.хүн амыг олноор хамарсан халдварт өвчний дэгдэлт болон аюулт үзэгдлийн үед голомтыг хязгаарлах, цомхотгох, хохирлыг багасгахад чиглэсэн эрүүл мэндийн байгууллагын дангаар болон төр, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй хамтран үзүүлэх гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ.      

13.5.Сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлэх хүрээ, эмчилгээ, оношлогооны  журам, өвчний жагсаалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.      

13.6.Гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг Гамшгаас хамгаалах тухай хуулийн[3] 17.1.2-т заасан эрүүл мэндийн алба мөн хуулийн 18.1.1-д заасны   дагуу зохион байгуулна.   

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦОО

14 дүгээр зүйл.Эрүүл мэндийн байгууллагын тогтолцоо

 14.1.Эрүүл мэндийн байгууллагын тогтолцоо нь нийгмийн эрүүл мэндийн, эмнэлгийн тусламж, үйлчилгээний, эм хангамжийн, анагаах ухааны боловсрол, эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагаа хариуцсан төрийн, хувийн хэвшлийн, холимог өмчийн эрүүл мэндийн байгууллагаас бүрдэнэ.

15 дугаар зүйл.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ
                 үзүүлэх байгууллагын төрөл

15.1.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага дараах төрөлтэй байна:

15.1.1.өрхийн эрүүл мэндийн төв;
15.1.2.сум, тосгоны эрүүл мэндийн төв;
15.1.3.сум дундын эмнэлэг;
15.1.4.клиник;
15.1.5.амаржих газар;
15.1.6.нийгмийн эрүүл мэндийн төв;
15.1.7.нэгдсэн эмнэлэг;
15.1.8.сувилал;
15.1.9.түргэн тусламжийн төв;
15.1.10.бүсийн оношлогоо, эмчилгээний төв;
15.1.11.төв эмнэлэг;
15.1.12.тусгай мэргэжлийн төв.

15.2.Энэ хуулийн 15.1.10-15.1.12-т заасан байгууллага нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд ажиллана.

16 дугаар зүйл. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ
       үзүүлэх  байгууллагын чиг үүрэг

16.1.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг энэ хуулийн 15.1-д заасан байгууллага үзүүлнэ.

            16.2.Өрхийн эрүүл мэндийн төв нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий  сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага байна.

16.3.Өрхийн эрүүл мэндийн нэг төвд ногдох иргэний тоог Засгийн газар тогтооно.  

16.4.Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрмийг Засгийн газар батална.

16.5.Өрхийн эрүүл мэндийн төв эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэхэд төрийн болон орон нутгийн өмч, хөрөнгийг төлбөргүйгээр ашиглах журмыг  хуулиар тогтооно.

16.6.Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлага, зохион байгуулалтын асуудлыг  Иргэний хууль[4] болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.

16.7.Сум, тосгоны эрүүл мэндийн төв нь харьяа нутаг дэвсгэрийнхээ хүн амд  эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг орчин үеийн болон уламжлалт анагаах ухааны аргаар үзүүлэх бөгөөд  сумын эрүүл мэндийн төв нь тухайн сумын хүн амын тоо, байршлаас хамааран багийн эмчийн салбартай байж болно.

16.8.Сум дундын эмнэлэг нь хүн амын суурьшил, нягтралаас хамааран  харьяаллын болон зэргэлдээ сумын хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ.

16.9.Клиник нь хүн амд эмнэлгийн тусламж, үйлчилгээг төрөлжсөн хэлбэрээр үзүүлнэ.

16.10.Амаржих газар нь хот, суурин газрын хүн амд эх барих, эмэгтэйчүүд болон нярайн тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллага байна.

16.11.Нийгмийн эрүүл мэндийн төв нь нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх,  эрүүл мэндийг дэмжих орчин бүрдүүлэх үйл ажиллагааг аймаг, дүүргийн түвшинд зохион байгуулна.  

16.12.Нэгдсэн эмнэлэг нь хүн амд 7-гоос доошгүй чиглэл /дотор, хүүхэд, эх барих, эмэгтэйчүүд, ерөнхий мэс засал, шүд, мэдрэл, халдварт/-ээр эмнэлгийн тусламж, үйлчилгээг амбулатори болон хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үзүүлэх бөгөөд хүн амын байршил, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний эрэлт хэрэгцээг үндэслэн салбар амбулаторитой байж болно.

16.13.Сувилал нь хүн амд мэс заслын бус аргаар сэргээн засах, асаргаа сувилгаа хийх үндсэн чиг үүрэг бүхий эрүүл мэндийн байгууллага байна.

16.14.Түргэн тусламжийн төв нь цочмог өвчин, эмгэг, осол, гэмтэл, хордлого, жирэмслэлт, төрөх үед эмнэлгийн яаралтай анхны тусламжийг газар дээр нь болон тээвэрлэх явцад үзүүлэх эрүүл мэндийн байгууллага байх бөгөөд хот, суурин газрын хүн амын суурьшил, нягтралаас хамаарч салбартай байж болно.

16.15.Бүсийн оношлогоо, эмчилгээний төв нь бүс нутгийн хүн амд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн бусад байгууллагад мэргэжлийн аргачилсан зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах чиг үүрэг бүхий эрүүл мэндийн байгууллага байх бөгөөд бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн үлгэрчилсэн дүрмийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

16.16.Төв эмнэлэг нь улсын хэмжээнд төрөлжсөн мэргэжлээр эмнэлгийн тусламж, үйлчилгээг амбулатори болон хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үзүүлэх, сургалт, судалгааны ажил эрхлэх, эрүүл мэндийн бусад байгууллагыг лавлагаа, мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллана.

16.17.Тусгай мэргэжлийн төв нь улсын хэмжээнд тухайн мэргэжлээр  эмнэлгийн тусламж, үйлчилгээг амбулатори болон хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үзүүлэх, лавлагаа, сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэн эрүүл мэндийн  бусад байгууллагыг мэргэжил, арга зүйгээр  хангаж ажиллана.

17 дугаар зүйл. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний
   байгууллагын удирдлага

17.1.Бүсийн оношлогоо, эмчилгээний төв, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв нь орон тооны бус Удирдах зөвлөлтэй байж болно.
17.2.Энэ хуулийн 17.1-д заасан Удирдах зөвлөлийн гишүүнийг 3 жилийн хугацаагаар эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилох ба Удирдах зөвлөлийн даргыг  Удирдах зөвлөлийн гишүүд дотроосоо сонгоно.

17.3.Удирдах зөвлөлийн үйл ажиллагаагаа явуулах үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд  Удирдах зөвлөл бүрэн эрхийнхээ хугацаанд жилд 2-оос доошгүй удаа хуралдана.

17.4.Энэ хуулийн 17.1-д заасан эрүүл мэндийн байгууллагын  дарга, захирал тодорхой асуудлаар Удирдах зөвлөлийг хуралдуулах саналыг Удирдах зөвлөлийн даргад тавьж болно.

17.5.Удирдах зөвлөл олонхийн саналаар шийдвэр гаргана.

17.6.Удирдах зөвлөлийн даргыг үүргээ хангалтгүй биелүүлсэн, хууль тогтоомж зөрчсөн нь нотлогдсон, өөрөө чөлөөлөгдөхийг хүссэн үндэслэлээр хугацаанаас нь өмнө өөрчилж болно.

17.7.Удирдах зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

17.7.1.холбогдох хууль тогтоомжийн дагуу эрүүл мэндийн байгууллагыг хөгжүүлэх бодлого, төлөвлөгөө, дотоод журмыг батлах, өөрчлөх, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох;

17.7.2.байгууллагын төсвийн төлөвлөгөөг батлах, хөрөнгө оруулалт, төсвийн зарцуулалтад хяналт тавих;

17.7.3.байгууллагын хүний нөөцийн хөгжлийн төлөвлөгөөг батлах, хэрэгжилтийг хянах;

17.7.4.эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах, чанар, хүртээмжийн байдалд үнэлэлт өгөх;

17.7.5.байгууллагын болон дарга, захирлын үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, үнэлэлт дүгнэлт өгөх;

17.7.6.байгууллагын санхүүгийн болон аудитын тайланг хэлэлцэж, шийдвэр гаргах;

17.7.7.аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс хандив, тусламж авах, түүнийг зарцуулах журам тогтоох.

18 дугаар зүйл.Эрүүл мэндийн байгууллагыг
                    улсын бүртгэлд бүртгэх

18.1.Эрүүл мэндийн байгууллагыг улсын бүртгэлд бүртгэх үйл ажиллагааг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна.

18.2.Эрүүл мэндийн байгууллагыг улсын бүртгэлд бүртгүүлж, хуулийн этгээдийн гэрчилгээ авснаар байгуулагдсанд тооцно.

18.3.Эрүүл мэндийн байгууллагад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосны дараа улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээдийн гэрчилгээнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон түүнээс эрх олгосон байгууллага хариуцан гүйцэтгэнэ.

18.4.Тусгай зөвшөөрөл авсан эрүүл мэндийн байгууллага нь хуулийн этгээдийн гэрчилгээнд нэмэлт, өөрчлөлт оруулахад шаардагдах материалаа 30 хоногийн дотор энэ хуулийн 18.3-т заасан байгууллагад ирүүлнэ.

19 дүгээр зүйл.Эрүүл мэндийн байгууллагад мэргэжлийн
               үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл
                            олгох, сунгах, хүчингүй болгох 

            19.1.Зориулалтын барилга байгууламж, техник хэрэгсэл, мэргэжлийн боловсон хүчин бүхий, өмчийн аль ч хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагад  эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож болно.

            19.2.Улсын хэмжээний үйлчилгээтэй болон гадаадын хөрөнгө оруулалттай эрүүл мэндийн байгууллагад эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эрүүл мэндийн бусад байгууллагад аймаг, нийслэлийн Засаг дарга тус тус мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл /цаашид “тусгай зөвшөөрөл” гэх/ олгоно.

            19.3.Тусгай зөвшөөрөл авахад Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн[5] 11.1-д зааснаас гадна дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

                        19.3.1.үүсгэн байгуулагчийн шийдвэр;
                        19.3.2.эрүүл мэндийн байгууллагын дүрэм, үзүүлэх тусламж, үйлчилгээний төрөл, хүчин чадал, тооцоо;

                        19.3.3.эмнэлгийн мэргэжилтний бүрэлдэхүүн, энэ хуулийн 25 дугаар зүйлд заасан  мэргэжлийн үйл ажиллагаа  эрхлэх зөвшөөрөл;

                        19.3.4.эмнэлгийн барилга байгууламж нь үзүүлэх тусламж, үйлчилгээний төрөл, хүчин чадалд тохирсон болон эрүүл ахуйн шаардлага хангасан тухай  холбогдох байгууллагын дүгнэлт;

                        19.3.5.эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан тухай холбогдох байгууллагын дүгнэлт;

                        19.3.6.эрүүл мэндийн байгууллага байгуулах үндэслэл, санхүүгийн тооцоо.

19.4.Энэ хуулийн 19.3.2-19.3.6-д заасан баримт бичигт тавих шаардлага, шалгуур үзүүлэлт, энэ хуулийн 19.5.2-т заасан үйл ажиллагаатай холбоотой төлбөрийн хэмжээ, холбогдох зардлын жишгийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

           

19.5.Эрүүл мэндийн байгууллагад тусгай зөвшөөрөл олгох асуудлыг дараах
журмаар шийдвэрлэнэ:

19.5.1.үүсгэн байгуулагч нь энэ хуулийн 19.3-т заасан баримт бичгийг өргөдлийн хамт энэ хуулийн 19.2-т заасан байгууллагад ирүүлэх;

19.5.2.энэ хуулийн 19.2-т заасан байгууллагаас томилогдсон ажлын комисс үүсгэн байгуулагчийн өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ.

19.6.Энэ хуулийн 19.5.2-т заасан ажлын комиссын үйл ажиллагаатай холбогдсон тогтмол зардлыг үүсгэн байгуулагч хариуцна.

19.7.Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 19.3.1-19.3.6-д заасан баримт бичигт орсон өөрчлөлт бүрийг тусгай зөвшөөрөл олгосон байгууллагад 7 хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ.

            19.8.Тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ тусгай зөвшөөрөл олгосон байгууллагад хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө тавьж шийдвэрлүүлнэ.

*      19.9.Тусгай зөвшөөрлийн хугацааг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6.3-т зааснаас гадна дор дурдсан нөхцөлийг хангасан тохиолдолд сунгана:
*       
19.9.1.харьяа орон нутгийн татварын байгууллагаас тодорхойлолт гаргуулсан;

19.9.2.нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай харьяа орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт авсан.

19.10.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаас гадна энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд  тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлнэ.

19.11.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаас гадна дор дурдсан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно:

19.11.1.тусгай зөвшөөрлийг хуулийн хүчинтэй хугацаанд сунгуулаагүй;
19.11.2.тусгай зөвшөөрөл авснаас хойш зургаан сарын дотор үйл ажиллагаагаа явуулж эхлээгүй.
                                   
20 дугаар зүйл.Эрүүл мэндийн байгууллагын эрх, үүрэг

            20.1.Эрүүл мэндийн байгууллага дараах эрх эдэлнэ:

                        20.1.1.хүн амын эрүүл мэндтэй холбогдсон асуудлыг мэргэжлийн дээд шатны байгууллага буюу нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
           
                        20.1.2.аж ахуйн нэгж, байгууллага, гэр бүл, хувь хүнд мэргэжлийн зөвлөгөө, зааварчилга өгөх;

                        20.1.3.мэргэжлийн онцлог асуудлаар төрийн болон төрийн бус байгууллага, иргэнд шаардлага тавих;

                        20.1.4.байгууллагын зорилго, эрх, үүрэгт харш үйлдэл хийлгэхээр шаардсан тохиолдолд тухайн тусламж, үйлчилгээг үзүүлэхээс татгалзах;

20.1.5.иргэн болон байгууллагын буруутай үйлдлээс болсон осол                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       гэмтэл, хордлого зэргээс үүдэн эрүүл мэндийн байгууллагаас гарсан гэнэтийн зардлыг Иргэний хуульд  нийцүүлэн буруутай этгээдээр нөхөн төлүүлэх;

                        20.1.6ууль тогтоомжид заасан бусад эрх.

            20.2.Эрүүл мэндийн байгууллага дараах үүрэг хүлээнэ:

                        20.2.1.эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, мэргэжлийн дээд шатны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, улсын байцаагчийн шаардлагыг биелүүлэх;

                        20.2.2.барилга байгууламж, оношлогоо, эмчилгээний багаж, тоног төхөөрөмж болон холбогдох бусад техник хэрэгсэл нь эрүүл ахуйн болон стандартын шаардлага хангасан, эмнэлгийн ажилтны хөдөлмөрийн онцлогт тохирсон, аюулгүй ажиллагааны нөхцөлийг бүрдүүлсэн байх;

                        20.2.3.үйл ажиллагаандаа чанарын стандартын шаардлагыг хангах;
                        20.2.4.эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийг нийтэд сурталчлах;
                        20.2.5.хувь хүн, гэр бүл, хамт олонд эрүүл мэндийн боловсрол олгох, хүн амын дунд эрүүл мэндийг дэмжих орчныг бүрдүүлэх талаар бусад байгууллагатай хамтран ажиллах;

                        20.2.6.үйл ажиллагааныхаа тайлан, мэдээг хугацаанд нь гаргаж өгөх, бусад байгууллага, иргэнийг эрүүл мэндийн асуудлаар өөрийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллээр хангах;

                        20.2.7.эмнэлгийн мэргэжилтэнд мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, ажилтны нийгмийн баталгааг хангах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

                        20.2.8.хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

21 дүгээр зүйл.Эрүүл мэндийн байгууллагын дүрэм
           
21.1.Эрүүл мэндийн байгууллага дүрэмтэй байна.

21.2.Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дүрмийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

            21.3.Эрүүл мэндийн байгууллагын дүрэмд дараах зүйлийг тусгана:      

                        21.3.1.байгууллагын үндсэн зорилго, чиг үүрэг;
21.3.2.удирдах бүрэлдэхүүн, түүний эрх хэмжээ;
21.3.3.санхүүжилтийн эх үүсвэр;
21.3.4.хөрөнгийн зарцуулалт.

22 дугаар зүйл.Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг
                              магадлан итгэмжлэх            

            22.1.Эрүүл мэндийн байгууллага сайн дурын үндсэн дээр өөрийн байгууллагын үйл ажиллагааг болон хүн амд үзүүлж байгаа тусламж, үйлчилгээний технологи, чанарыг үнэлүүлж, магадлан итгэмжлэл авна. 

            22.2.Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага олгоно.

            22.3.Энэ хуулийн 22.2-т заасан магадлан итгэмжлэх байгууллага нь эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, эмнэлгийн тусламж, үйлчилгээний технологи, чанарыг орон тооны бус шинжээчдээр үнэлүүлж, дүгнэлт гаргана.

            22.4.Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх, шинжээч сонгон шалгаруулах, ажиллуулах журам, магадлан шинжлэх шалгуур, үйлчилгээний төлбөрийн хэмжээ, холбогдох зардлын жишгийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

ТАВДУГААР БҮЛЭГ
ЭРҮҮЛ МЭНДИЙН САНХҮҮЖИЛТИЙН ТОГТОЛЦОО

23 дугаар зүйл.Эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоо

23.1.Эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоо нь хүн амын эрүүл мэндийг сайжруулах, хүн амд тэгш, хүртээмжтэй, чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ.

24 дүгээр зүйл.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилт

24.1.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилт нь улсын төсөв, иргэний эрүүл мэндийн даатгал, Засгийн газрын тусгай сан болон аж ахуйн нэгж, байгууллага, хамт олон, иргэний хандив, эрүүл мэндийн байгууллагын төлбөртэй тусламж, үйлчилгээ, бусад үйл ажиллагааны орлого, хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс бүрдэнэ.

24.2.Улсын төсвөөс санхүүжих тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар, өвчин, эмгэгийн жагсаалт, санхүүжүүлэх арга, төлбөрийн хэмжээг тогтоох журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн эрүүл мэндийн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

24.3.Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний журам, жагсаалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, төлбөрийн жишиг хэмжээг санхүүгийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

24.4.Эрүүл мэндийн байгууллага эрүүл мэндийн даатгалгүй иргэнд үзүүлсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг тухайн иргэнээс авна.

24.5.Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага хууль тогтоомжид нийцүүлэн нэмэлт болон төлбөртэй тусламж, үйлчилгээ үзүүлж, олсон орлогыг эрүүл мэндийн ажилтны хөдөлмөрлөх нөхцөлийг сайжруулах, нийгмийн баталгааг хангах, тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн  хэрэгсэл худалдан авах, засвар, үйлчилгээ хийхэд зарцуулах бөгөөд уг орлогыг зарцуулах үлгэрчилсэн журмыг санхүүгийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

            24.6.Монгол Улсын иргэний эмнэлгийн тусламж, үйлчилгээний дараах төлбөрийг төр хариуцна:

                        24.6.1.жирэмсний, төрөх, төрсний дараах 45 хоногт эмнэлгийн заалтаар хийлгэсэн үзлэг, шинжилгээ, эмчилгээ /зөвхөн жирэмслэлт, төрөлттэй холбоотой шалтгаанаар/;

24.6.2.төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээ;

                        24.6.3.халдвар судлалын үйлчилгээ, заавал хийх болон тархвар судлалын заалтаар хийх дархлаажуулалт, халдварт өвчний голомтын ариутгал, халдваргүйтгэл; 
           
24.6.4.нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эмнэлгийн яаралтай болон түргэн тусламж, өрх, сум, тосгоны хэмжээнд үзүүлэх болон гамшиг, нийтийг  хамарсан халдварт өвчний дэгдэлтийн үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ;

                        24.6.5.аргагүй хамгаалалт, гарцаагүй байдалд хүний амь нас аврахаар яваад гэмтсэн, өвчилсөн хүний эмчилгээ;
                       
24.6.6.сүрьеэ, хорт хавдар, сэтгэцийн эмгэгийн /оношийн бүлгээр/ эмчилгээ;

                        24.6.7.удаан хугацааны нөхөх эмчилгээ шаардах эмгэгийн болон хөнгөвчлөх эмчилгээний   зарим эмийн зардал.
                       
            24.7.Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний жагсаалт, санхүүжүүлэх арга, төлбөрийн хэмжээ болон эрүүл мэндийн байгууллагыг сонгох журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд[6] заасан эрүүл мэндийн даатгалын удирдах дээд байгууллагын дарга, эрүүл мэндийн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.     

ЗУРГАДУГААР БҮЛЭГ
 ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ЭРХ, ҮҮРЭГ, НИЙГМИЙН БАТАЛГАА

25 дугаар зүйл.Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн
                 үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох   
             
25.1.Эмнэлгийн тусламж, үйлчилгээг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий эмнэлгийн мэргэжилтэн үзүүлнэ.

25.2.Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нь эмчлэх, эм барих, сувилах, эх барих гэсэн төрөлтэй байна.

25.3.Анагаах ухааны боловсрол олгох зөвшөөрөл бүхий их, дээд сургууль, коллеж төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтад тэнцсэн эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг дор дурдсан хугацаагаар эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно:  

25.3.1.хүний их эмчид эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг  2 жилийн хугацаагаар;

25.3.2. нүүр амны их эмч, уламжлалт анагаахын их эмч, хүний бага эмч, энэ хуулийн 25.3.1-д заасан хугацаанд ажилласан хүний их эмчид эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар;

25.3.3.эм зүйч, эм найруулагчид эм барих үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар;

25.3.4.сувилагчид сувилах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар;

25.3.5.эх баригчид эх барих үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар.

25.4.Анагаах ухааны боловсрол эзэмшсэн гадаадын иргэнд Монгол Улсын нутаг дэвсгэрт эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн 1 хүртэл жилийн хугацаагаар эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгож болно.

25.5.Зургаан сараас дээш хугацаагаар эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн энэ хуулийн 25.4-т заасан гадаадын иргэн нь мэргэжлийн шалгалтад тэнцсэн байх ба мэргэжлийн үйл ажиллагааг монгол хэл дээр явуулна.

25.6.Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, уг зөвшөөрлийг нөхөн олгох, хүчингүй болгох журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дангаар, холбогдох зардлын жишгийг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран тогтоож мөрдүүлнэ.

26 дугаар зүйл.Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг тогтоох,
                  мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг
                                          хүчингүй болгох, дахин олгох
           
26.1.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эмнэлгийн мэргэжилтний болон анагаах ухааны Ёс зүйн хяналтын хороо, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн дэргэд ёс зүйн салбар хороо, эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургууль, тусгай мэргэжлийн төвийн дэргэд Анагаах ухааны ёс зүйн хяналтын салбар хороо тус тус ажиллана. Ёс зүйн хяналтын хороо, салбар хорооны үлгэрчилсэн дүрэм, анагаах ухааны болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

            26.2.Энэ хуульд заасан эрүүл мэндийн талаар эдлэх иргэний эрх, үүргээс гадна эмнэлгийн мэргэжилтний болон анагаах ухааны ёс зүйн хэм хэмжээтэй холбогдсон эрх, үүргийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоож болно.
           
26.3.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 26.1-д заасан Ёс зүйн хяналтын хорооны шийдвэрийг үндэслэн эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар, мэргэжлийн алдаа гаргаж, хүний амь нас, эрүүл мэндийг хохироосон нь зохих байгууллагаар тогтоогдсон бөгөөд  эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 1-3 жил хүртэлх хугацаагаар тус тус хүчингүй болгоно.

26.4.Ёс зүйн салбар хороо нь эмнэлгийн мэргэжилтний болон анагаах ухааны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эмнэлгийн мэргэжилтэнд хууль тогтоомжийн дагуу шийтгэл ногдуулах саналыг холбогдох эрх бүхий албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлнэ.

27  дугаар зүйл.Хүний их эмчийн тангараг

            27.1.Анагаах ухааны боловсрол олгох тусгай зөвшөөрөл бүхий их, дээд сургуулийг хүний их эмчийн мэргэжлээр төгссөн хүн бүр      "Эмч би, эмчийн ёс зүй, төрийн хуулийг чандлан сахиж, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаа тангараглая, тангараглая, тангараглая" гэсэн тангараг өргөнө.

            27.2.Энэ хуулийн 27.1-д заасан тангараг өргөх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

            27.3.Энэ хуулийн 27.1-д заасан тангараг өргөсөн хүний их эмч нэрийн тэмдэг хэрэглэнэ.

            28 дугаар зүйл.Эмнэлгийн мэргэжилтний эрх, үүрэг

28.1.Эмнэлгийн мэргэжилтэн дараах эрх эдэлнэ:

                        28.1.1.мэргэжлийн асуудлаар төрийн болон төрийн бус байгууллага, түүний удирдлага, иргэнд шаардлага тавих, зөвлөгөө өгөх;

                        28.1.2.гэнэтийн өвчин, осол гэмтлээс хүний амь насанд аюултай байдал бий болсон, төрөх зэрэг эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай тохиолдолд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн тээврийн хэрэгслийг дайчлан ашиглах;

                        28.1.3.эмнэлгийн мэргэжилтний эрх, үүрэг болон өвчтөний амь насанд харш үйлдэл хийлгэхээр шаардсан тохиолдолд эмчлэх, үйлчлэхээс татгалзах;

                        28.1.4.албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангуулах;

28.1.5.мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, 5 жил тутамд төгсөлтийн дараах сургалтад байгууллагын зардлаар хамрагдах;                      
                       
28.1.6.хууль тогтоомжид заасан бусад эрх.

            28.2.Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн онцлогтой холбогдсон тодорхой эрхийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоож болно.

            28.3.Энэ хуулийн 28.1.2-т заасан эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан зардлыг түргэн тусламжийн үйлчилгээний тарифаар холбогдох эмнэлгийн байгууллага нөхөн олгоно.

             28.4.Эмнэлгийн мэргэжилтэн дараах үүрэг хүлээнэ:

                        28.4.1.эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг биелүүлж, хүнлэг, энэрэнгүй үзлийг эрхэмлэн, мэргэжлээ хүний эрүүл мэндийн эсрэг ашиглахгүй байх;

                        28.4.2.гэнэтийн өвчин, осол, гэмтлээс амь насанд нь аюултай байдал бий болсон иргэн, төрөх гэж байгаа эхэд энэ хуулийн 28.1.З-т зааснаас бусад тохиолдолд эмнэлгийн тусламжийг ямар ч нөхцөлд үзүүлэх;

                        28.4.3.үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах

                        28.4.4.хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулах, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх; 

                        28.4.5.өвчтөний өвчин, эмгэг болон нас барагчийн талаархи хууль тогтоомжоор хориглосноос бусад мэдээллийг холбогдох байгууллага, иргэн, өвчтөний болон нас барагчийн ар гэрийнхэнд өгөх;

28.4.6.мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлэх;                      
28.4.7.хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

29 дүгээр зүйл.Эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгаа

29.1.Эрүүл мэндийн ажилтны цалингийн тусгай сүлжээний  доод жишгийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төрөл, онцлогийг харгалзан хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.

29.2.Төрийн өмчийн эрүүл мэндийн болон боловсролын байгууллагад 25 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн тэтгэвэрт гарахад 24 сарын, эрүүл мэндийн бусад ажилтан тэтгэвэрт гарахад 12 сарын, өрхийн эрүүл мэндийн төв, сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн тэтгэвэрт гарахад 36 сарын, эрүүл мэндийн бусад ажилтан тэтгэвэрт гарахад 18 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг тэтгэвэрт гарах үед авч байсан үндсэн цалингаас нь тооцон ажиллаж байгаа байгууллагаасаа авах эрхтэй.

29.3.Энэ хуулийн 29.2-т заасан нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгоход шаардагдах зардлыг тухайн байгууллагын төсөвт тусгаж байна.

            29.4.Нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага нь эмнэлгийн мэргэжилтэнд урамшуулал олгох, нийгмийн баталгааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

29.5.Өрхийн болон  сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэнд 3 жил тутамд нэг удаа 6 сарын, аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношлогоо, эмчилгээний төвд ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэнд 5 жил тутамд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгоно.

29.6.Эрүүл мэндийн ажилтныг жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд төлбөргүй хамруулна.

29.7.Эрүүл мэндийн ажилтанд ажилласан 5 жил тутамд нь Хөдөлмөрийн тухай хуулиар[7] тогтоосон ээлжийн амралтын үндсэн болон нэмэгдэл амралт дээр нь 1 өдрийн нэмэгдэл амралт олгоно.

29.8.Сум, тосгоны эрүүл мэндийн төв, багийн эмчийн салбарт 5 ба түүнээс дээш жил ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтнийг мэргэжил дээшлүүлэх сургалтад 5 жил тутамд улсын зардлаар хамруулна.

30 дугаар зүйл.Эрүүл мэндийн ажилтанд олгох
                 нэмэгдэл хөлс, нөхөн төлбөр

            30.1.Олон улсын хөл хориот халдварт өвчний голомтод болон гамшгийн үед дайчилгаагаар ажилласан эрүүл мэндийн ажилтанд тухайн дайчилгааг зохион байгуулсан газар 1 сарын дотор ажилласан хугацааны цалин хөлсийг нь З дахин нэмэгдүүлж олгоно.

            30.2.Эрүүл мэндийн ажилтан нь олон улсын хөл хориот халдварт өвчний голомтод ажиллаж халдвар авсны улмаас болон ажил үүргээ гүйцэтгэх үедээ амь насаа алдвал ар гэрт нь түүний 5 жилийн үндсэн цалинтай нь  тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж олгох бөгөөд ажил үүрэг гүйцэтгэхтэй нь холбогдуулан бие махбодид нь гэмтэл учруулсан буюу эрүүл мэндийг нь бусад хэлбэрээр хохироосноос хөдөлмөрийн чадвараа түр алдсан, тахир дутуу  болсон тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж, авч байсан цалингийн зөрүүг хөдөлмөрийн чадвар түр алдсан, тахир дутуугийн тэтгэмж авч байсан нийт хугацаанд олгоно.

30.3.Олон улсын хөл хориот халдварт өвчний голомтод дайчлагдан ажилласан иргэнд нөхөн төлбөр, цалин хөлсний зөрүүг эрүүл мэндийн ажилтны нэгэн адил олгоно.

30.4.Энэ хуулийн 30.3-т заасан иргэн тогтмол ажил эрхэлдэггүй бол цалин хөлсийг тухайн үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцно.

30.5.Эрүүл мэндийн ажилтанд хууль тогтоомжид заасны дагуу цалин хөлсний нэмэгдэл, мөнгөн урамшуулал олгох бөгөөд тэдгээрийн төрөл, хэмжээ, олгох журмыг Засгийн газар батална.

ДОЛДУГААР БҮЛЭГ
ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ, ХЯНАЛТ      

31 дүгээр зүйл.Эмнэлгийн мэргэжилтний мэргэшүүлэх
     болон давтан сургалт

31.1.Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалт явуулах, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, мэргэжлийн зэрэг олгох журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай, тэдгээртэй холбоотой үйлчилгээний төлбөрийн хэмжээ, зардлын жишгийг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай тус тус хамтран тогтоож мөрдүүлнэ.

31.2.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалт явуулах, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, мэргэжлийн зэрэг олгох асуудал хариуцсан орон тооны бус зөвлөл  ажиллуулж болох  бөгөөд Зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

32 дугаар зүйл.Эрүүл мэндийн байгууллагын тусгай эрх

32.1.Эхийн хэвлий дэх ураг удамшлын болон бие эрхтний гаж хөгжилтэй болох нь тогтоогдсон, эсхүл тухайн жирэмслэлт нь эх, ургийн  амь насанд ноцтой аюул учруулж болох онцгой нөхцөлд жирэмсэн эх, шаардлагатай гэж үзвэл түүний нөхөр буюу гэр бүлийн гишүүнээс бичгээр зөвшөөрөл авч, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалж болно.

32.2.Үр хөндөх ажилбарыг эх барих, эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий магадлан итгэмжлэгдсэн эмнэлэгт тухайн мэргэжлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй их эмч гүйцэтгэнэ.

32.3.Үр хөндөх ажилбар гүйцэтгэх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

            32.4.Нийгэмд аюул учруулж болзошгүй зарим өвчтэй хүмүүсийг захиргааны журмаар албадан эмчлэх асуудлыг хуулиар зохицуулна.

33 дугаар зүйл.Эмгэг судлалын шинжилгээ хийх

            33.1.Нас барагчийн цогцост үхлийн шалтгаан болон өвчний онош зөв тогтоогдсон эсэхийг тодорхойлох зорилгоор эмгэг судлалын шинжилгээ хийнэ.

            33.2.Энэ хуулийн 33.1-д заасан эмгэг судлалын шинжилгээ хийх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

34 дүгээр зүйл.Донорын эд, эрхтэн авах, тэдгээрийг эмчилгээнд
       хэрэглэх, цус, цусан бүтээгдэхүүнийг бэлтгэх,
                        улсын хилээр нэвтрүүлэх

34.1.Донорын эд, эрхтэн авах, тэдгээрийг эмчилгээнд хэрэглэх, цус, цусан бүтээгдэхүүнийг бэлтгэх, импортлох, экспортлох асуудлыг хуулиар зохицуулна.

35 дугаар зүйл.Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх,
                         түүнтэй тэмцэх

35.1.Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчин гарсан тохиолдолд тараахгүй байх, таслан зогсоох, тусгаарлах, хөл хорио тогтоох журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

35.2.Олон улсын хөл хориот болон байгалийн голомтот халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, идэвхжсэн голомтыг цомхотгох арга хэмжээг нутгийн захиргааны байгууллага холбогдох байгууллагатай хамтран гүйцэтгэнэ.

35.3.Бусдын эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчтэй хүн, нян тээгчийг эмнэлэгт тусгаарлан эмчлэх, шаардлагатай үед тэдгээрийн хавьтлыг тусгаарлан хөл хорио тогтооно. 

35.4.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр өвчин үүсгэгч нян, түүний хорыг лабораторийн болон үйлдвэрлэлийн зориулалтаар өсгөвөрлөх, үржүүлэх, хадгалах, нөөцлөх, тээвэрлэх, худалдах, улсын хилээр гаргах, оруулахыг хориглоно.

35.5.Халдварт өвчинтэй тэмцэх нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг энэ хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоор зохицуулна.

35.6.Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын иргэн, тус улсад байнга буюу түр оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг дархлаажуулалтад хамруулна.

35.7.Дархлаажуулалтыг зохион байгуулах асуудлыг хуулиар зохицуулна.

36 дугаар зүйл. Оношлогоо, эмчилгээнд хэрэглэх арга

З6.1.Эрүүл мэндийн байгууллага нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрсөн аргаар оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулна.

36.2.Иргэнд нарийн төвөгтэй оношлогоо, мэс засал хийх,  түүнийг анагаах ухааны судалгаа, туршилтад оролцуулах бол тухайн иргэнээс, 18 насанд хүрээгүй  хүүхэд, сэтгэцийн өвчний улмаас эрх зүйн чадамжгүй болох нь тогтоогдсон өвчтөний тухайд хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч/-өөс нь бичгээр зөвшөөрөл авна.

            З6.З.Нарийн төвөгтэй оношлогооны арга хэрэглэх, мэс засал хийх хугацааг хойшлуулах нь өвчтөний амь насанд аюул учруулж болзошгүй тохиолдолд асуудлыг эмч, эмнэлгийн байгууллага шууд шийдвэрлэж болно.

37 дугаар зүйл.Оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх
                шинэ аргыг турших, бүртгэх, нэвтрүүлэх

            37.1.Анагаах ухааны салбарт оношлогоо, эмчилгээний шинэ арга турших, нэвтрүүлэх, бүртгэх, баталгаажуулах, мэдээлэх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

            37.2.Өвчнийг оношлох, эмчлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх шинэ арга, технологийг эмнэл зүйн туршилт явуулсны дараа эмнэлгийн практикт хэрэглэнэ.

            37.3.Эмнэл зүйн туршилт явуулах, судалгаа, шинжилгээний зорилгоор хүний цус, цусан бүтээгдэхүүн, биологийн шингэн, эд, эрхтэн авах, хэрэглэх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

37.4.Эмчилгээний зориулалтаар шинээр гарч байгаа болон нанотехнологийн бүтээгдэхүүний судалгаа явуулах, практикт нэвтрүүлэх үйл ажиллагааг зохицуулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн холбогдох Засгийн газрын гишүүнтэй  хамтран батална.

38 дугаар зүйл.Эмнэлгийн магадлагаа гаргах

            38.1.Эмч, эмнэлгийн байгууллага дор дурдсан асуудлаар магадлагаа гаргана:

                        38.1.1.Монгол Улсын иргэн, тус улсад байнга буюу түр оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн өвчлөх, осол, гэмтэлд өртөх, нас барах, төрөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилуулах, хөл хоригдох, өвчтөн асрах;

                        38.1.2.хөдөлмөрийн чадвараа хагас болон бүрэн алдах;
                        38.1.3.цогцост задлан шинжилгээ хийсэн тухай дүгнэлт гаргах;
                        38.1.4.эрүүл мэндийн холбогдолтой бусад асуудлаар

39 дүгээр зүйл.Сэтгэцийн өвчтэй хүнд үзүүлэх эрүүл
                      мэндийн тусламж, үйлчилгээ

39.1.Сэтгэцийн өвчтэй хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх асуудлыг хуулиар зохицуулна.

40 дүгээр зүйл.Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж,
                 дагалдах хэрэгсэл, протез үйлдвэрлэх,
                 худалдах, импортлох, ханган нийлүүлэх

            40.1.Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, протез үйлдвэрлэх, худалдах, импортлох, ханган нийлүүлэх үйл ажиллагааг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд эрхэлнэ.

            40.2.Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, протез үйлдвэрлэх, худалдах, импортлох, ханган нийлүүлэх, ашиглахад тухайн бүтээгдэхүүний техникийн болон чанарын баталгаажуулалтын баримт бичгийг хавсаргасан байна.

            40.3.Энэ хуулийн 40.2-т заасан баримт бичигт тухайн бүтээгдэхүүний материалын бүтэц, чанар, техникийн болон бусад үзүүлэлт, баталгаат хугацаа, засвар, үйлчилгээ хийх болон дагалдах хэрэгсэл, урвалж бодисоор хангах нөхцөлийг тусгасан байна.

41 дүгээр зүйл.Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах,
                 халдваргүйжүүлэх бодис импортлох,
                 үйлдвэрлэх, ханган нийлүүлэх, худалдах

41.1.Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодис импортлох, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх, худалдах үйл ажиллагааг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд эрхэлнэ.

41.2.Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодисыг  улсын бүртгэлд бүртгэх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

42 дугаар зүйл.Эрүүл мэндийн мэргэжлийн хяналт

42.1.Эрүүл мэндийн үйл ажиллагаанд мэргэжлийн хяналт, шинжилгээ хийх, шалгах, дүгнэх, эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар шалгалт хийх, шалгалтын дүнг мэдээлэх, илэрсэн зөрчил, дутагдлыг буруутай албан тушаалтнаар арилгуулах, хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд энэ хуулийн дагуу захиргааны хариуцлага хүлээлгэх чиг үүргийг эрүүл мэндийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон эрүүл мэндийн байгууллагын дотоод хяналт хариуцсан алба хэрэгжүүлнэ.

            42.2.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдалд дотоодын хяналт тавих үүрэг бүхий албаны дарга, ажилтанд мэргэжлийн хяналтын байцаагчийн эрх олгож болно.

42.3.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдалд дотоодын хяналт тавих албаны дүрмийг эрүүл мэндийн болон мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

42.4.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эрүүл мэндийн чанарын хяналтын орон тооны бус зөвлөл ажиллуулж болох бөгөөд зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүнийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

НАЙМДУГААР БҮЛЭГ
ИРГЭНИЙ ЭРХ, ҮҮРЭГ, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА,
ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО
           
43 дугаар зүйл.Иргэний эрх, үүрэг

            43.1.Иргэн эрүүл мэндээ хамгаалах талаар дараах эрх эдэлнэ:

                        43.1.1.эмч, эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авах;
                        43.1.2.өрхийн эмчээ сонгон бүртгүүлэх;
                        43.1.3.өөрийн эрүүл мэндийн тухай мэдээллийг эмч, эрүүл мэндийн байгууллагаас авах;
                       
43.1.4.халдварт өвчнөөс бусад тохиолдолд эмчилгээ, оношлогоо, шинжилгээ хийлгэхээс татгалзах;

                        43.1.5.хүний эрүүл мэндэд харш үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэний талаар холбогдох байгууллагад өргөдөл, гомдол гаргах;

                        43.1.6.эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх зорилгоор эрүүл мэндийн байгууллага, ажилтнаас мэдээлэл авах;

                        43.1.7.хуулийн хүрээнд өөрийн эрүүл мэндтэй холбоотой мэдээллийн нууцыг хадгалуулах.

            43.2.Иргэн эрүүл мэндээ хамгаалах талаар дараах үүрэг хүлээнэ:

                        43.2.1.эрүүл мэндийн боловсрол эзэмших, хэвшүүлэх, амьдрал ахуйн таатай нөхцөлийг бүрдүүлэх;

                        43.2.2.хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар зохиож байгаа ажилд оролцох;

                        43.2.3.халдварт өвчин тархахаас сэргийлж, хөл хорионы дэглэмийг сахиж мөрдөх;

                        43.2.4.хүний эрүүл мэнд болон нийгэмд аюул бүхий өвчин, хордлого, осол, гэмтэл, орчны сөрөг хүчин зүйлийн талаар эрүүл мэндийн байгууллагад цаг тухайд нь мэдээлэх;

                        43.2.5.хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлт зан үйлээс татгалзах, сэргийлэх, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх үйлдлийг таслан зогсоох талаарх эрүүл мэндийн байгууллагын шаардлагыг биелүүлэх;

                        43.2.6.халдварт өвчний үзлэг, шинжилгээнд өөрийн санаачилгаар болон эмч, эмнэлгийн байгууллагын шаардлагаар орох;
                       
43.2.7.эмнэлгийн яаралтай тусламжаас бусад эмнэлгийн тусламжийг өрх, сум, тосгон, сум дундын эрүүл мэндийн байгууллагын ерөнхий мэргэжлийн эмчийн илгээх бичгээр авах;

43.2.8.эрүүл мэндийн ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж байхад саад учруулахгүй, нэр хүнд, бие махбодид нь халдахгүй байх;

43.2.9.эрүүл мэндийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй, эрүүл мэндийн байгууллагын нэр хүндийг унагаах зорилго бүхий ташаа мэдээлэл өгөхгүй байх.

44 дүгээр зүйл.Эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаарх
                 аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг

            44.1.Эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага дараах үүрэг хүлээнэ:

                        44.1.1.эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, Засгийн газар, нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэр, эрүүл мэндийн байгууллага, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шаардлагыг биелүүлэх;

                        44.1.2.өөрийн байгууллагын ажилтны эрүүл мэндийг дэмжих, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох арга хэмжээг эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу зохион байгуулах;

                        44.1.3.хөдөлмөр, эрүүл ахуйн нөхцөлийг эрүүлжүүлэх, хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулах арга хэмжээ авч, аливаа өвчин, ялангуяа хордлого, халдвар, осол, гэмтэл, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрх бүхий байгууллагаас баталсан эрүүл ахуйн стандарт, хэм хэмжээ, журмыг чанд сахин биелүүлэх;

                        44.1.4.хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага уг нөлөөллөөс сэргийлэн хамгаалах арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг жил бүр төсөв, төлөвлөгөөндөө тусгаж, үйлдвэрлэл, үйлчилгээний эрүүл ахуй, технологийн нөхцөл, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаандаа зарцуулах;

44.1.5.хүний эрүүл мэнд болон нийгэмд аюул учруулах халдварт өвчин, хордлого, осол, гэмтэл гаргахгүй байх нөхцөл бүрдүүлж, аюулгүй байдлыг хангасан ажил, үйлчилгээ явуулах.

45 дугаар зүйл.Эрүүл мэндийг хамгаалах, дэмжихэд
                  төрийн бус байгууллагын оролцоо

            45.1.Эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар төрийн бус байгууллага дараах үйл ажиллагаа явуулж болно:

                        45.1.1.эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд олон нийтийн хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгахыг шаардах, уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

                        45.1.2.эрүүл мэндийг дэмжих, хамгаалах үйл ажиллагаанд хамт олон, иргэнийг оролцуулах, эрүүл зан үйл төлөвшүүлэхэд чиглэсэн сургалт, сурталчилгаа, эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг дангаар болон бусад байгууллагатай хамтран зохион байгуулах.

            45.2.Энэ хуулийн 9.1.3, 9.1.4, 9.1.8, 12.1.2, 19.1, 19,2, 19.10, 19.11, 31.1-д заасан үйл ажиллагаа явуулахдаа мэргэжлийн нийгэмлэг, холбооны саналыг харгалзан үзэж болно.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

46 дугаар зүйл.Эрүүл мэндийн тухай хууль тогтоомж
                 зөрчигчид хүлээлгэх хариуцлага

            46.1.Эрүүл мэндийн тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий улсын байцаагч, шүүгч зөрчлийн шинж байдлыг харгалзан дараахь захиргааны хариуцлага хүлээлгэнэ:

 46.1.1.зөвшөөрөлгүйгээр буюу зөвшөөрөлд заасныг зөрчиж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон орлогыг хурааж, зөрчил гаргасан этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

 46.1.2.энэ хуулийн 13.4.3, 13.4.4-г зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх  хэмжээний төгрөгөөр  торгох;

46.1.3.энэ хуулийн 20.2.1, 20.2.2, 36.1, 44.1.1, 44.1.3, 44.1.5-ыг зөрчсөн албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх  хэмжээний төгрөгөөр торгох;                  
46.1.4.энэ хуулийн 28.4.1-28.4.3, 32.2-г зөрчсөн бол зөрчил гаргасан этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх  хэмжээний төгрөгөөр торгох;

                        46.1.5.энэ хуулийн 35.3, 35.4-г зөрчсөн иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх  хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх  хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх  хэмжээний төгрөгөөр торгох;

                        46.1.6.энэ хуулийн 36.2, 37.2-г зөрчсөн бол иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх  хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх  хэмжээний төгрөгөөр торгох;

                        46.1.7.энэ хуулийн 40.1, 41.1-г зөрчсөн бол хууль бусаар олсон орлого, бусад эд зүйлийг хурааж, зөрчил гаргасан иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх  хэмжээний төгрөгөөр торгох;
           
                        46.1.8.энэ хуулийн 43.2.3, 43.2.4, 43.2.5, 43.2.8, 43.2.9-г зөрчсөн бол иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх  хэмжээний төгрөгөөр торгох.
                       
46.2.Эрүүл мэндийн тухай хууль тогтоомж зөрчсөн иргэн, хуулийн этгээдийн хууль бус үйлдлийг нуух, авлига авах, хуулиар хамгаалсан төрийн болон байгууллага, хувь хүний нууц задруулах зэргээр хуулиар хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн албан тушаалтан, улсын байцаагчид хууль тогтоомжид заасны дагуу сахилгын, захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.







            МОНГОЛ УЛСЫН
            ИХ ХУРЛЫН ДАРГА                                                          Д. ДЭМБЭРЭЛ


 

 

 

 





                                                                                   



















[1] Монгол Улсын Үндсэн хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн.
[2] Донорын тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2000 оны 6 дугаарт нийтлэгдсэн.
[3] Гамшгаас хамгаалах тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2003 оны 25 дугаарт нийтлэгдсэн.
[4] Иргэий хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 7 дугаарт нийтлэгдсэн.
[5] Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2001 оны 6 дугаарт нийтлэгдсэн.
[6] Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 18 дугаарт нийтлэгдсэн.
[7] Хөдөлмөрийн тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1999 оны 25 дугаарт нийтлэгдсэн.

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...