Monday

News.mn ийн нийтлэл

“Бид цалингаа нэмтэл хичээл заахгүй. Эцэг, эхчүүд та нар үр хүүхдээ асран хамгаалах ажлаа сайн хийгээрэй” гэсэн лүндэн буулгачихаад багш нар өөрсдийн төлөөх тэмцэлдээ мордов. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг багш нар мөнөөх татварыг нь бүрдүүлэгч эцэг, эхчүүдэд “Хүүхдээ хараад гэртээ суувал суу” гэсэн лут даалгавар өгөхдөө төрд нэмэрлэдэг татвар буурч, хүсээд байгаа цалинг нь нэмэхэд нэрмээс болно гэдгийг бодоогүй юм болов уу. Багш нарын ярьж, хэлж байгаагаар тэд Монголын үгээгүй ядуу пролетариуд болж гүйцжээ. Цалингүй шахам байж хүний хүүхдэд юм сургаж, асарч хүмүүжүүлэх гэсээр байгаад туйлдаж яваа гэх. Улсад өчнөөн жил зүтгээд 200-гаадхан мянган төгрөг авч байна гэж баахан багш нар телевизээр гомдол мэдүүлэв. Тэгээд Засгийн газраас нэмэх цалингаа дөрөвдүгээр сараас биш, нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүл гэсэн шаардлага тавин  өнөөдрөөс хугацаагүй ажил хаялт эхлүүлээд байгаа юм. Энэ явдал мэдээж хэрэг хоёр талтай. Гэхдээ энэ тэмцлийн салаа, мөчир бүр ямар үр дагавартай вэ гэдгийг боловсролын салбарын сэхээтэн багш нар олон талаас нь бодолцох хэрэгтэй биз ээ.

Эх сурвалж: www.news.mn

“Яамд мини банзалтай охидоор дүүрч, тэд бидний хөдөлмөрийн үнэ цэнийг мэдэхгүй, багш нар боломжийн цалинтай гээд байна. Халбал таарна” хэмээн нэгэн багш зурагтаар загнаж байна. “Ардчилсан Ерөнхийлөгчтэй Монгол Улсын багш нар байна даа. Ерөнхийлөгчид хэлж байгаад Засгийн газраас мөнгө гаргуулъя” гэж бас нэг нь сүржигнэхэд“Ё.Отгонбаяр сайд бидэнтэй ирж уулзсангүй. Засгийн газрыг огцруулъя” гэж нөгөө нь омогдлоо. Үүнийг сонссон багачуудад “Манай багш нарт цалин өгдөггүй Засгийн газар гэж мангас байдаг юм байна” гэсэн бодол төрнө. Ээж, аавынх нь татварын мөнгөөр багш нар цалинжаад, эргээд хүүхдэд нь ном зааж байгаа гэдгээ багш нар мэддэг л баймаар юм, уг нь.

“Төсвийн байгууллагын цалинг нэмнэ” гэж Засгийн газар хэлээд байхад “наашлуул” гээд байдаг энэ багш нар төр, засагт үнэхээр буруу эрхэлжээ. Цалин, тэтгэврийг хэзээ нэмбэл инфляцид бага өртөх вэ гэж тооцож байгаад хугацаа заахад заавал наана нь нэм гээд байгаа багш нарыг яалтай. Үүний цаана өчнөөн мянган хүүхдийн эрх ашиг хохирч байна. Уг нь эрхэм багш нарын гарт Монгол Улс ирээдүйгээ даатгачихаад байгаа юм шүү дээ. Хамгийн хариуцлагатай үүрэг хүлээсэн тэд Засгийн газраас цалин нэмэх сургаар мөнөөх эх орны ирээдүй үеийг гудамжинд тавьж туучихаад “мөнгө, мөнгө” гээд харайж явах. Тэгээд бүр татвар төлөхгүй, цалингаа бүтнээр нь авмаар байна гэцгээв. “Төрөх, татвар төлөх, үхэх” гэсэн гуравхан үнэнтэй зах зээлийн нийгэмд багш нар татвар төлөхгүй, хөхөө шиг бусдын татвараар амьдраад явах юм байх.

Бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн энэ цагт зөвхөн багш нар ч цалингийн гачаалд орсон хэрэг биш. Цалин нэмээд өгөх төр, засагтай төсвийн байгууллагынхан хэдэн сар тэвчиж чадахгүй жагсаал цуглаандаа тулаад байгаагаас биш улсын төсвийн 80 хувийг бүрдүүлдэг хувийн хэвшлийнхэн багш нараас нэг их дээр цалингүйгээр ажлаа хийгээд л явж байна. Цалин нэмээд өг гэж  эрхэлж туних төр, засаггүй хувийн хэвшлийнхэн харин ч ямар нэг ял ул бололгүй төсөв бүрдүүлж, татвараа төлсөөр байгаа. Төсвийнхний цалинг жагссан тоолонгоор нь нэмээд байвал баахан хоосон цаасан мөнгөний “үер” бууж инфляци жолоогүй өсөхийн цондон болно. Хувийн хэвшлийнхэн төсвийнхөнд чирэгдэх учир арга буюу бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөнө. Бүх зүйлийн үнэ нэмэгдээд ирэхээр буруу эрхэлсэн багш нар дахиад жагсана. Мөнгө нэхнэ. Ийм гинжин хэлхээ Монголын эдийн засаг инфляцдаа идэгдэн сөхөрч унатал үргэлжилнэ.

Төр, засаг ч гэж төр, засаг. Багш нарыг жагссан тоолонд айлын буруу эрхэлсэн хүүхдийг уйлах болгонд аманд нь чихэр хийдэг шиг “Цалинг нь нэмээд өгье” гэсээр байгаад сургачихсан юм уу гэж харах хүмүүс байна. Дээсэн дөрөөн дээр байгаа хүний амийг аврахаар цаг мөчтэй өрсөн зүтгэдэг эмч, сувилагч, өтгөн шингэн, аль хэцүү бүхэнтэй зууралддаг асрагч нар, гал түймэр, ус үертэй тэмцэгч аврагчид, өвлийн хүйтэн, зуны халуунд эх орны торгон хилийг манах хилчид жагсч цуглаж, хэрүүл шуугиан дэгдээгээгүй байна. Тэдний авдаг цалин багш нарынхаас дээрдэнэ гэж байхгүй. Харин ч багш нар анги удирдсан, дэвтэр зассан, конспект бичсэн гээд хөдлөх болгоноо “мөнгөжүүлж” бодсоор байгаад сургуульд ирж очихоо ч үнэлүүлэх шахсан нөхөд.

“Нарт хорвоод байхгүй нандин сайхан мэргжил гагцхүү багш хүнд заяажээ” гэж анги болгонд шахам бичиж өлгөсөн сурган хүмүүжүүлэгчид нандин албаа зүхэж,  цалин нэмэх сургаар бүр наашлуулахаар жагсаал цуглаандаа гарсан нь сонгуулийн бэлтгэл ажил ч юм болов уу гэж санамаар. Сонгуулийн хэсэг, тойргийн хороод, нэр дэвшигчдийн сурталчилгааны багийнхан багш нараас голлож бүрддэг. Тэгээд сонгууль дөхөж байгаа болохоор өөрсдийнхөө “үнэ цэнэ”-ээр далайлган цалин нэхэж сүржигнэв. Цалингийн нэмэгдлийг гуравхан сар хүлээх тэнхэл багш нарт байхгүй гэвэл хилс хэрэг болно. Харин “Сонгуульд биднийг зүтгүүлдэгээ мартав аа. Цалин хөлс ахиухан өгч наана нь тордвол таарна шүү” гэсэн нэг маягийн дохио байж ч мэдэх юм шүү. Гэхдээ үүнийг өнөөдөр хүүхдээ сургуульд нь хүргэж чадаагүй эцэг, эхчүүд өөр өөрсдийнхөөрөө тунгаах биз ээ. Энэ тэмцэл хугацаагүй гэдэг нь хүүхдүүдэд хохиролтой байгаа юм.

Д.ОЮУНЦЭЦЭГ

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...