Thursday

Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого

Монгол Улсын Их Хурлын 1995 оны
36 дугаар тогтоолын хавсралт

ТӨРӨӨС БОЛОВСРОЛЫН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО

I. НИЙТЛЭГ ЗҮЙЛ
II. БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР
III. ИРГЭДИЙН БОЛОВСРОЛ ЭЗЭМШИХ ЭРХИЙГ БАТАЛГААЖУУЛАХ ТАЛААР
Y. БАГШ СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧИЙН ТАЛААР
YI. БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА, ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛААР
YII.БОЛОВСРОЛЫН ГАДААД ХАРИЛЦААГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР

Монгол улсын оршин тогтнох, хөгжин дэвших эх сурвалж бол хүний тасралтгүй хөгжиж байх, оюун ухааны чадавхи, боловсрол мөн. Монгол улс хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийн шинэ харилцаанд шилжин орж байгаа энэ үед иргэдийн боловсролын хэрэгцээ, боловсролын олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг тодорхойлж байна.





1. НИЙТЛЭГ ЗҮЙЛ

    Боловсрол нь Монгол Улсын иргэн бүрийг бүх талаар хөгжүүлэх, шинжлэх ухаан, технологийн дэвшил, эдийн засаг, нийгмийн хөгжлийг хурдасгах, материаллаг болон оюуны баялагийг бүтээх чухал эх сурвалж, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа мөн. Үүнийг үндэслэн боловсролыг төрөөс нийгмийн ТЭРГҮҮЛЭХ САЛБАР болгон хөгжүүлнэ.

    Хүн ам цөөн, ажиллах хүч дутмаг манай орны нөхцөлд үндэсний эдийн засгийн өсөлтийг хангах, ард түмний амьдралын төвшинг дээшлүүлэх нэг гол үндэс нь хүн амын боловсролын төвшин, хувь хүний мэргэжлийн ур чадварыг хэлбэрэлтгүй дээшлүүлэх замаар шинжлэх ухаан, технологийн ололт амжилтад тулгуурласан оюуны багтаамж ихтэй үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх явдал гэж үзнэ.

    Боловсролын үндсэн зорилго нь хүн бүрийг шинжлэх ухааны мэдлэгийг зохих төвшинд эзэмшсэн, шударга ёс хуулийг дээдлэн сахидаг, эх оронч, соёлч, хамтач, эрүүл чийрэг, байгаль орчноо хайрлан хамгаалдаг, бие даан суралцах, ажиллах амьдрах чадвартай болгон төлөвшүүлэхэд оршино.

    Төрөөс боловсрол, хүний хүчин зүйлийг харилцан шүтэлцээтэй хөгжүүлнэ.

II. БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР

   1.
      Төрөөс боловсролыг хөгжүүлэх талаар баримтлах бодлогыг дор дурдсанаар тодорхойлж байна:

      1/ боловсролыг төрийн ивээл, дэмжлэг, зохицуулалт, төр, олон нийтийн хяналтад байлгах,
      2/ иргэдийг сурч боловсроход үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахгүй байх,
      3/ төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг иргэдэд төлбөргүй олгох,
      4/ иргэдэд суурь боловсролыг заавал эзэмшүүлэх,
      5/ хүүхдэд зохих шатны боловсрол эзэмшүүлж, тэднийг ажил, амьдралд бэлтгэх нь эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг гэж үзэх,
      6/ боловсролын үйл ажиллагааг хэвийн жигд явуулах нөхцөл, орчин бүрдүүлэх, багш мэргэжлийн нэр хүндийг дээшлүүлж, багшийн хөдөлмөрийг бодитой үнэлэх,
      7/ боловсролын тогтолцоог иж бүрэн, түүний үйл ажиллагаа, агуулгыг тогтвортой бөгөөд тасралтгүй, залгамж холбоотой байлгаж, боловсрол эзэмших арга, хэлбэрийг олон хувилбартай, чөлөөтэй, нээлттэй болгох,
      8/ өмчийн хэлбэрийг харгалзахгүйгээр боловсролын байгууллагад адил шаардлага тавьж, зохих дэмжлэг үзүүлэх,
      9/ иргэдийн эрх ашиг, эрүүл мэнд, ёс суртахууны хүмүүжил, нийгмийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй сургалт, хүмүүжлийн ажлыг зохион байгуулахыг хориглох.
      10/ боловсролыг хөгжүүлэх үйл хэрэгт төр, олон нийтийн болон мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хүлээх үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, тэдний хувь нэмрийг хөхүүлэн дэмжих,
   2.
      Боловсролын талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэхдээ дараахь хүчин зүйлүүдийг харгалзан үзнэ:

      1/ Монгол орны эдийн засаг, нийгэм, шинжлэх ухаан, технологийн хөгжил, хүн ам зүй, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн баталгаа, нутаг дэвсгэрийн бодлого,
      2/ судалгаа, шинжилгээний ажлын үр дүн, олон нийтийн санал хүсэлт,
      3/ боловсролын хөгжлийн өнгөрсөн, одоо, ирэээдүйн байдал,
      4/ боловсролын удирдлага, багшлах боловсон хүчин, санхүүгийн чадавхи, материаллаг нөөц,
      5/ боловсролын эрх зүйн харилцааны зохицуулалт,
      6/ өөрийн орны онцлог, олон улсын боловсролын хөгжлийн чиг хандлага, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх нөхцөл, боломж, уйгаржин монгол бичгийг суурь боловсролын агуулгад багтаах

III. ИРГЭДИЙН БОЛОВСРОЛ ЭЗЭМШИХ ЭРХИЙГ БАТАЛГААЖУУЛАХ ТАЛААР

   1.
      Үндсэн хуульд заасны дагуу иргэдийн боловсрол эзэмших эрхийг баталгаажуулахад дараах чиглэл баримтлана.

      1/ иргэдийн сурч боловсрох эрх зүйн харилцаа, боловсролын тогтолцоо, төвшин, шатлал, суралцах хугацааг хуулиар тогтоох.
      2/ бүх шатны боловсролын агуулгыг иргэдийн нас, хүйс, сэтгэхүйн онцлог, авъяас сонирхол, хувь хүний хэрэгцээ, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн шаардлага, чиг хандлага, үндэсний онцлог, олон улсын боловсролын нийтлэг жишигт нийцүүлэх,
      3/ сургуулийн өмнөх боловсролын агуулгыг хүний хөгжил, төлөвшлийн идэвхтэй хөгжлийн үе болох бага, балчир насанд нь төсөөлөл олгох, өөртөө хүмүүжлийн зөв хэвшил, орчны амьдрал, үзэгдэл юмсын тухай анхдагч төсөөлөл олгох, өөртөө үйлчлэх дадалд сургах, сургуульд суралцах бэлтгэлийг хангахад чиглүүлэх,
      4/ өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэгийг ердийн, асрамжийн, сувиллын хэв шинжтэй хөгжүүлэх,
      5/ бага боловсролын агуулгыг суралцагчдад эх хэлээрээ унших, бичих, тоо бодох анхны мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэх, хүмүүнлэгийн ёс заншил, соёлын уламжлал, байгалийн үзэгдэл, юмсын талаар анхдагч ойлголт төлөвшүүлэхэд чиглүүлэх,
      6/ суурь боловсролын агуулгыг суралцагчдад мэдлэг, авъяас чадвараа цаашид хөгжүүлэх, бие даан амьдрах, хөдөлмөрлөхөд шаардагдах байгаль, нийгэм-хүмүүнлэгийн шинжлэх ухааны суурь мэдлэг эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, эх оронч, хамтач хүмүүжил төлөвшүүлэхэд чиглүүлэх,
      7/ бүрэн дунд ерөнхий боловсролын агуулгыг суралцагчдад суурь боловсролын агуулгатай залгамж холбоотойгоор суралцагчдын авъяас сонирхлын дагуу шинжлэх ухааны ерөнхий мэдлэг эзэмшүүлж, мэргэжлийн чиг баримжаа олгох, амьдрал, хөдөлмөр болон дараагийн шатны сургуульд элсэн суралцахад бэлтгэхэд чиглүүлэх,
      8/ ерөнхий боловсролын сургуулийг төрөлжүүлж, гүнзгийрүүлсэн хэв шижтэйгээр хөгжүүлэхийг дэмжих,
      9/ хүүхэд сургууль завсардахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахын зэрэгцээ зохих насандаа суурь боловсрол эзэмшээгүй хүүхэд, залуучуудад суурь боловсрол нөхөн олгох сургалтын тогтолцоо бий болгох, хүндэтгэх шалтгаангүйгээр хүүхдээ сургуулиас завсардуулсан эцэг, эх, асран хамгаалагчид хариуцлага хүлээлгэж байх,
      10/ бүх шатны сургалтыг кирилл монгол бичгээр явуулж, уйгаржин монгол бичгийг суурь боловсролын агуулгад багтаан бүх нийтэд эзэмшүүлэх,
      11/ суурь боловсрол эзэмшсэн суралцагчдыг тэдний авъяас, сонирхлыг харгалзан дараах шатны ерөнхий боловсролын буюу техникийн болон мэргэжлийн анхан, дунд шатны сургуульд сургах, мэргэжил олгох түр сургалтад хамруулан ажил ажил эрхлүүлэх зэргээр тэднийг ажил, сургуультай байлгах,
      12/ техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын агуулгыг суралцагчдад техник, технологи, мэргэжлийн суурь боловсрол олгохын зэрэгцээ тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх мэргэжил эзэмшүүлэхэд чиглүүлэх,
      13/ хүүхэд, залуучуудын онцгой авъяас чадварыг багаас нь илрүүлж, тодорхой чиг зорилготой сургаж мэргэшүүлэх замаар үндэсний урлаг, спорт, соёлын авъяастан, зохион бүтээгч, инженер, судлаач, сэтгэгчдийг төрүүлэх үйл ажиллагааг дэмжих,
      14/ хүүхдийн авъяас чадварыг багаас нь илрүүлэн хөгжүүлэх зорилгоор суурь боловсролын хүрээнд зарим хичээлийг гэрийн буюу шавь сургалтаар төлбөртэй эзэмшүүлэх боломжийг дэмжих,
      15/ дээд боловсролын агуулгыг суралцагчдад шинжлэх ухаан, техник, технологи, нийгэм-хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл үйлчилгээний хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлж, иргэний өндөр ухамсар, хүмүүжил төлөвшүүлэхэд чиглүүлэх,
      16/ бүх шатны сургуулийн үйл ажиллагааг дангаар ноёрхох, ялгаварлан гадуурхах, ашгийн хойноос хөөцөлдөх, аль нэг нам, эвслийг дэмжих, харгис онолыг сурталчлан дэлгэрүүлэх хэрэглүүр болохыг хориглох,
      17/ хараагүй, дүлий, оюун ухааны хомсдолтой, бие эрхтний согогтой хүүхэд залуучуудад зохих төвшний боловсрол, мэргэжил эзэмшүүлэх,
      18/ сургуулиар эзэмшүүлэх боловсролоос гадна иргэдэд амьдарч хөдөлмөрлөхөд зайлшгүй шаардлагатай нийгэм, эдийн засаг эрхзүй, байгаль орчин, соёл, гоо зүй, эрүүл мэнд, бие бялдар, гэр бүлийн болон охид эмэгтэйчүүдийн боловсрол эзэмшүүлэх,
      19/ бүх нийтийн боловсрол, мэргэжлийн тасралтгүй чанарыг хангахын тулд албан бус сургалтын тогтолцоог бүрдүүлж, санхүү, материалын туслалцаа үзүүлэх, энэ ажилд нийгмийн нөөц бололцоог өргөн ашиглах,
      20/ бага, дунд, дээд боловсролын стандартыг төрөөс тогтоож, түүнийг өмчийн бүх хэлбэрийн сургалтын байгууллагад нэгэн адил мөрдүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавих, үнэлэх механизмыг бий болгох,
      21/ зохих төвшний боловсрол эзэмшсэн, эрдмийн болон мэргэжлийн зэрэг, цол хүртсэн, мэргэжил дээшлүүлсэн иргэдэд түүнийг нь батамжилсан баримт бичиг олгох,
   2.
      Боловсрол эзэмших эдийн засгийн баталгааг дараах байдлаар хангана.

      1/ боловсролын байгууллага нь өмчийн аль ч хэлбэрт үндэслэсэн байж болох бөгөөд тэдгээр нь ашгийн төлөө бус байгууллага байна. Төрийн өмчийн сургалтын байгууллагын эдийн засгийн баталгаа нь төрийн ивээл, дэмжлэгээр хангагдана. Өмчийн бусад хэлбэрийн сургалтын байгууллагад материаллаг баазыг бэхжүүлэх, багшлах боловсон хүчнээр хангахад төрөөс зохих дэмжлэг үзүүлэх,
      2/ боловсролын үйл ажиллагааг нормативаар санхүүжүүлэх зарчимд шилжүүлж, төрийн өмчийн сургуульд нормативт зардлыг төсвөөс санхүүжүүлэх хувь, хэмжээг мэргэжлийн чиглэл, онцлогийг харгалзан ялгавартай тогтоож мөрдүүлэх,
      3/ бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургуулийн нэг суралцагчид ногдох зардал, дээд боловсрол эзэмшүүлэх сургуулийн нэг суралцагчид ногдох сургалтын хөтөлбөрийн зардлын доод хэмжээг мэргэжил, сургалтын онцлогийг харгалзан Засгийн газраас тогтоож байх,
      4/ ясли, цэцэрлэгийн санхүүжилтийн эх үүсвэрийг орон нутгийн төсөв, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хөрөнгө, өөрийн үйл ажиллагааны орлого болон эцэг, эх, асран хамгаалагчийн төлбөрийн орлого зэргээс бүрдүүлэх,
      5/ ерөнхий боловсролын сургуулийн санхүүжилтийн эх үүсвэрийг орон нутгийн төсөв, өөрийн үйл ажиллагааны орлогоос, их дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн сургуулийн санхүүжилтийн эх үүсвэрийг улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөв, өөрийн үйл ажиллагааны орлого, суралцагчдын төлбөр зэргээс бүрдүүлэх,
      6/ бололцоотой техникийн болон мэргэжлийн сургууль, их, дээд сургууль, коллежийн зарим барилга байгууламж, техник тоног төхөөрөмжийг зориулалтаар нь түрээслүүлэх, хувьчлах, аж ахуйн нэгж,байгууллагатай хоршиж ажиллуулах чиглэлийг дэмжих,
      7/ боловсролын үйл ажиллагааг санхүүжүүлэх зардлыг улсын төсөвт тусгахдаа үнэ, мөнгөний ханшийн өөрчлалттэй уялдуулан сургалтын хөтөлбөрийн зардлыг өмнөх оныхоос нэмэгдүүлж байх зарчмыг баримтлах,
      8/ өмчийн олон хэлбэр харгалзахгүйгээр багш, суралцагчдад зохих журмын дагуу хөнгөлөлт үзүүлэх, нөхөх төлбөр, тэтгэлэг, тэтгэмж, шагнал урамшил олгох,
      9/ сургалтын төлбөрийн хэмжээг боловсролын төвшин, мэргэжлийн онцлогийг харгалзан ялгавартай тогтоох,
      10/ сургалт, хүмүүжлийн ажлын орчин үеийн агуулга, шаардлагад нийцсэн сурах бичиг, хичээлийн хэрэглэгдэхүүн, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр сургуулийг хангах, энэ чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад санхүү, зээл, татварын тааламжтай нөхцөл бүрдүүлэх замаар сургуулийг хөгжүүлэх,
      11/ боловсролын үйл ажиллагааны онцлогийг харгалзан санхүү, зээл, татварын уян хатан механизмыг бий болгож, сургууль боловсролын байгууллагыг хөгжүүлэх төвлөрсөн болон орон нутгийн сан байгуулж, түүнд хөрөнгө оруулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд татварын хөнгөлөлт үзүүлэх,
      12/ бүх шатны сургуульд суралцагчдын сурч боловсрох таатай орчин бүрдүүлэх, сурах бичиг хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийн хүрэлцээг сайжруулах, оюутан, суралцагчдын тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлэх, замын зардал, орон байрны хөнгөлөлт үзүүлэх, дотуур байраар хангах зэргээр тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд төрийн халамж анхаарлыг чиглүүлэх,
      13/ боловсролын удирдлагын шат дамжлагийг цөөлөх, нэг багшид ноогдох овутан, суралчагчдын тоог мэргэжлийн онцлогийг харгалзан ялгавартай тогтоох зэргээр төсвийн зардлыг хэмнэх, түүнийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах
      14/ сурагцагчдын сурлагын амжилт, авъяас чадварыг хөхүүлэн дэмжих, тахир дутуу, өнчин болон амьпралын төвшин доогуур оюутан сурагчдад төрөөс хөнгөлөлт, халамж үзүүлэх
      15/ хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг суралцагчдын алжаалыг тайлах, бие бялдрыг хөгжүүлж чийрэгжүүлэх, тэдэнд хамт олонч нөхөрсөг харьцааг төлөвшүүлэхэд чиглүүлэх, тэдгээрийг материаллаг баазаар бэхжүүлэх.

      3/бүх шатны сургуулийн үйл ажиллагаагаа явуулах эрхийг баталгаажуулах үүрэг бүхий олон нийтийн төлөөлөлтэй магадлан шинжлэх байгууллага бий болгох
      4/ бүх шатны боловсролын стандартын хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт тавих мэргэжлийн хяналтын эрх, үүрэг, хариуцлагыг өндөржүүлэх
      5/ боловсролын мэдээллийн дэд сүлжээг бий болгож хөгжүүлэх, боловсролын удирдах ажилтан, судлаачдыг бэлтгэх, мэргэжлийг нь дээшлүүлэх, мэргэшүүлэх
      6/ боловсролын байгууллагын бүтэц, байршил, харьяаллыг оновчтой тогтоох,
      7/ дээд боловсролыг шинжлэх ухаан, үйлдвэрлэлтэй интеграцчилах замаар бий болсон оюуны болон хөдөлмөр, санхүү, материалын чадавхыг үр өгөөжтэй ашиглахуйцаар зохион байгуулалтыг боловсронгуй болгох
      8/ дээд боловсрол эзэмшүүлэх байгууллагыг тэдгээрийн зорилго, онцлогтой уялдуулан сургалт-эрдэм шинжилгээний, сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн, эрдэм шинжилгээний хүрээлэн зэрэг хэлбэрээр хөгжүүлэх
      9/хичээл түүнээс гадуурхи сургалт хүмүүжлийн ажлыг нэгдсэн удирдлагаар хангах үүднээс боловсролын болон хүүхэд, залуучуудын соёл, хүмүүжлийн байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, боловсролын төрөтл бүрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагыг төв, орон нутагт өргөжүүлэх
      10/ хүүхэд залуучуудын үүсгэл санаачлагын байгууллагыг дэмжих, тэдэнд туслалцаа үзүүлэх, эрх ашгийг нь хамгаалахад төрөөс анхаарах
      11/ боловсролын онол, арга зүй, хөгжлийн асуудлаархи судалгаа шинжилгээний ажлыг өргөжүүлж, түүний шинжлэх ухааны үндэслэл, үр дүнг дээшлүүлэх, боловсрол судлаачдыг бэлтгэх

Y. БАГШ СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧИЙН ТАЛААР

Багш бол ард түмнийг соён гэгээрүүлэгч, хүүхэд залуучуудын оюун ухааныг хөгжүүлж, авьяас билгийг нээн илрүүлэгч, тэднийг амьдарч, хөдөлмөрлөх арга ухаанд сургаж, өөрийн биеэр үлгэрлэн хүмүүжүүлэгч гэж үзэж тэдний талаар дараах бодлогыг баримтлана:

    1/багшийн нийгэм, бие хүний хөгжилд оруулж буй хувь нэмэр, хөдөлмөрийг бодитой үнэлж, боловсрол нийгмийн тэргүүлэх салбар болохын хувьд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгчдийн цалингийн хэмжээг орон нутгийн төрийн захиргааны албан хаагчийн цалингийн дундаж төвшингөөс доошгүй байлгах
    2/ багш болох сонирхолтой хүүхэд, залуучуудыг сонгон шалгаруулж, багшийн мэргэжлээр сургах, багш мэргэжлийг өвлүүлэх, тэдэнд төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх
    3/ багш бэлтгэх сургуулийн бүтэц, зохион багуулалт, мэргэжлийн чиглэл, сургалтын агуулга, арга технологийг боловсронгуй болгох,
    4/ хөдөөгийн сургуулийг багшлах боловсон хүчнээр хангах, тэдний тогтвор суурьшлийг сайжруулахын тулд нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгжийн захиалга, гэрээгээр багш бэлтгэх, дунд сургуулийн багш нарт хос мэргэжил эзэмшүүлэх
    5/ багшийн сурган хүмүүжүүлэх ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн болон ёс зүйн шаардлага, хариуцлагыг өндөржүүлэх
    6/ багшийн мэдлэг, чадвар, ажлын үр дүнг харгалзан тэдэнд "багшийн мэргэжлийн зэрэг","ур чадварын нэмэгдэл" олгох,
    7/ хичээлээс гадуур зохиох сургалт хүмүүжлийн ажилд зарцуулсан хөдөлмөрийг үнэлгээтэй болгох,
    8/ ерөнхий боловсролын сургууль, техникийн болон мэргэжлийн дунд сургуульд зохих диплом буюу бакалаврын зэрэгтэй , их дээд сургууль, коллеж/ үндсэн мэргэжлийн хичээлийг/-д магистраас доошгүй зэрэгтэй багшийг ажиллуулах,
    9/ багшид нутгийн захиргааны байгууллага, иргэдээс нэмэгдэл/ нэрэмжит/ цалин олгох, орон байраар хангах, зээл тусламж олгох, бусад хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх ажлыг бүх талаар дэмжих,
    10/ багшийн амралт, сувилал, тэтгэвэр, тэтгэмжийг тэдний хөдөлмөрийн онцлог, ажилласан хугуацааг харгалзан шийдвэрлэж байх,

YI. БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА, ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛААР
Боловсролыг хөгжүүлэх үйл хэрэгт төр, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн оролыоог бүх талаар өргөжүүлж, үйл ахжиллагааг нь уялдуулан зохицуулж, урамшуулах, дэмжих талаар дараахь чиглэл баримтлана:

    1/ боловсролыг хөгжүүлэхэд рорлцогчдын үйл ажиллагааг өргөжүүлэх, зохицуулах, хөхүүлэн дэмжих эрх зүйн баталгаа бий болгох,
    2/ бүх шатны сургуулийн хичээлийн болон дотуур байр, сургалт-хүмүүжил эрдэм шинжилгээний зориулалттай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг шинэчлэх, өргөтгөх, багш, сурагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үүсгэл санаачлагыг чиглүүлж хөхүүлэн дэмжих,
    3/ бүх шатны боловсролын агуулгыг боловсронгуй болгоход аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн эрэлт, хэрэгцээ, санал бодлыг тусгаж байх,
    4/ хүүхдэд сургуулийн өмнөх болон суурь боловсрол эзэмшүүлэхэд нутгийн захиргааны байгууллага, эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг, хаиуцлагыг дээшлүүлэх,
    5/ аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс цэцэрлэг байгуулж ажилуулахыг дэмжих замаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хамрагдах хүүхдийн тоог нэмэгдүүлэх, тэдгээрийг мэргэжлийн багшаар хангаж, арга зүйн туслалцаа үзүүлэх,
    6/ аж ахуйн нэгж байгууллага нь өөрийн ажиллагчдын боловсрол, мэргэжлийн төвшинг байнга дээшлүүлэх үүрэг хүлээх,
    7/ эцэг, эх, асран хамгаалагч нь хүүхдийнхээ боловсрол эзэмших нөхцөл бололцоог бүрдүүлж, суурь боловсрол заавал эзэмшүүлэх, ажил мэргэжлээ зөв сонгоход нь туслах,
    8/ дотуур байранд амьдарч байгаа хүүхдийн сурч, хүмүүжих бололцоог сайжруулах, тэднийг хоол, хүнсээр хангахад нутгийн захиргааны болон эрүүл мэнд, соёлын байгууллага, аж ахуйн нэгж, эцэг, эх, иргэдийн туслалцааг нэмэгдүүлэх,
    9/ иргэдэд нийтийн боловсрол олгоход хэвлэл, мэдээлэл, мэргэжлийн болон соёл, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэх,

YII.БОЛОВСРОЛЫН ГАДААД ХАРИЛЦААГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР
Боловсролын гадаад харилцааг хөгжүүлэх талаар дор дурдсан чиглэл баримтлана.

    1/ боловсролыг хөгжүүлэх хоёр болон олон талын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх,
    2/ олон улсын болон бүс нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй рорлцох, хамтарсан хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх, харилцан мэдээлэл солилцох, боловсролын бодлогыг уялдуулан зохицуулах,
    3/ мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, сургалт, эрдэм шинжжилгээний материаллаг баазыг бэхжүүлэхэд олон улсын байгууллага, хандивлагч орны зээл, тусламжийн хөрөнгийг ашиглах, түүний үр өгөөжийг дээшлүүлэх,
    4/ боловсролын байгууллага хоорондын шууд хамтын ажиллагааг өргөжүүлж, тал бүрээр дэмжих,
    5/ олон улсын болон гадаад орны боловсролын байгууллагатай боловсролын төвшин, диплом, эрдмийн зэрэг, цолыг харилцан хүлээн зөвшөөрөлцөх
    6/ гадаад оронд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх арга хэмжээг урт богино хугацаагаар хэрэгжүүлэх,
    7/ дэлхийн болон олон улсын боловсролын төрөлжсөн байгууллагад гишүүнээр элсэх, конвенцид нэгдэн орох,
    8/ дэлхийн болон олон улс, бүс нутгийн боловсролын төв байгууллагуудын зарим салбар, нэгжийг өөрийн оронд нээж ажиллуулах,

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...