Sunday

Хүүхдэд заавал байх ёстой тоглоомууд


Хүүхдэд заавал байх ёстой тоглоомууд 
Эх сурвалж: www.news.gogo.mn
 
Хүүхдэд хамгийн чухал хэрэгцээтэй тоглоомуудыг мэргэжилтнүүд тодруулжээ. Мэргэжилтнүүдийн дүгнэлтээр, орчин үеийн хүүхдийн тоглоомны 80 гаруй хувь нь хэрэгцээнд нийцэхгүй, харин 10 хувь нь хүүхдийн сэтгэхүйд аюултайгаар нөлөөлөх, тодруулж хэлбэл хүүхдийг ууртай, түрэмгий болгон сэтгэхүйд нь "юм хийхээр" тоглоомууд байгаа аж.

"Зөв" тоглоомуудыг одооны энэ үй олон тоглоом дотроос олж сонгох тийм ч амаргүй. Эцэг эхчүүдэд зөв сонголт хийхэд нь туслах зорилгоор "Оны тоглоом" шалгаруулж байхаар болсон байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гаргасан шалгаруулалтын дүнгээс танилцуулъя.

Цаашид шалгарсан тоглоомуудад "Хүүхдийн сэтгэл зүйчид зөвлөж байна" гэсэн нэгэн маягийн чанарын тэмдэг зүүх гэнэ. Москва хотын тоглоом сэтгэл зүй, хүмүүжилд нөлөөлөх нөлөөллийг шинжлэн судлах төвийн тэргүүн, сэтгэл зүйн ухааны доктор, профессор Елена Смирнова:

-Хүмүүс бодохдоо, унших бичих гэх мэтэд сургадаг тоглоомуудыг хамгийн сайн нь гэж боддог. Энэ нь буруу юм, яагаад гэвэл, хүүхэд бэлэн мэдлэгийг хүлээж авах болон сурсан юмаа сайжруулан дадлагажих явцдаа хөгждөг юм биш, харин аливаа асуудалтай тулгарч түүнийгээ өөрөө шийдэх явцдаа хамгийн ихээр хөгждөг юм. Тиймээс, хамгийн сайн тоглоомууд бол хүүхдийн сэтгэн бодох идэвхийг болон бусадтай харьцах, хайрлан догдлох сэтгэлийг өдөөх чиглэлийн тоглоомууд байдаг. Мэдээж, тоглоом хүүхдийн насанд тохирсон байх нь чухал.

НЯЛХАСЫН ТОГЛООМ

-Тоглоом хэдий тодорхой бус байна, төдий чинээ түүгээр тоглох хувилбаруудыг хүүхэд сэтгэн олдог сайн талтай. Ийм универсал тоглоом хүүхдийн идэвхи болон сониуч занд маш их түлхэц өгдөг. 0-12 сартай хүүхдэд заавал байх ёстой тоглоомууд гэж бий.

*Шажигнуур тоглоом. Хөдөлгөөний эвсэл, анхаарал төвлөрүүлэлт, юмыг хараагаараа болон сонсголоороо хүлээн авах чадварыг нь хөгжүүлдэг.

* Хүүхдийн ор болон тэргэнд, дээрээс нь унжин эргэлддэг тоглоом. Ийм тоглоом харааг нь идэвхжүүлж өгч тод юман дээр хараагаа тогтооход сургадаг. Тойргоор эргэдэг тоглоом нь хараанаасаа алдалгүй дагуулан харах дасгал болдог.

* Унтдаггүй хүүхэлдэй. Бүлтийсэн том нүд бүхий хөгжилтэй царайтай энэ хүүхэлдэй үе үеийн хүүхдийг "өсгөсөн", одоо ч унэ цэнээ алдах болоогүй. Яаж ч хөдөлгөсөн дон дон хэмээн дуугарч босч ирэх нь хүүхдийг маш их баясган хөөрүүлдэг бөгөөд нэг хэсэгтээ хүний "орлогч" болдог.

Сэтгэл зүйчид зөвлөж байна: "Дуугардаг өнхрүүшнүүд" бол хамгийн жижиг ч гэлтгүй нэлээд том хүүхдүүдийн ч дуртай тоглоом болдог. Өнхрүүшүүдийг өнхрүүлж болно, хооронд нь мөргөлдүүлж болно, сэгсэрч дуугаргаж болно. Энэ бүхнийг хүүхдүүд судлан нээж, идэвхтэй ашиглан тоглодог. Заавал өнхрүүш биш, янз бүрийн хэлбэртэй байж болно. Тоглоомнуудаа өөр өөрөөр дуугарч байгааг нь анзаарч жиших, ижил дуугарч байгааг нь хослуулан ялгах, хамгийн чанга дуугарч байгаагаас нь эхлээд дарааллуулж тавих гэх зэргээр олон зүйл сэдэх боломжтой бөгөөд энэ бүхэн нь хүүхдийн сэтгэхүйг их сайн хөгжүүлдэг.

АНХНЫ АЛХМУУД-АНХНЫ ЧАДВАРУУД


Ирина Орлова, Тоглоомын Төвийн мэргэжилтэн, сэтгэл зүйч:
1-3 ойтой хүүхдийн хувьд тоглоом бол өөрийгөө болон эргэн тойрноо судлан нээж эхэлдэг үе юм. Урьдын танил юмтайгаа ч шинээр харьцаж болох шинэ аргуудыг нээнэ. Ингэснээр, өөртөө итгэлтэй болох, өөрийгөө бие даасан, юунаас ч хараат бус хүн гэдгээ мэдэрч эхэлдэг.

1-3 настай хүүхдийн үндсэн тоглоомууд:
*Пирамид-уламжлалт, сонгодог тоглоом. Хүүхдийн сэтгэхүйг ихээхэн хөгжүүлж өгөхөөс гадна хөдөлгөөний эвсэл, анхаарал төвлөрүүлэх, юмыг өнгө, хэлбэр дүрс болон хэмжээгээр нь ялгаж сургадаг. Дүрслэн бодох чадварыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Сэтгэл зүйчид зөвлөж байна: "Хөгжилтэй пирамид"  тоглоом нь хуучны зөвхөн цагирагнуудыг бодвол хавьгүй хэцүү тоглоом. Деталиуд нь өөр өөр хэлбэртэй болсноор тоглох боломж нэлээд нэмэгдсэн. Хүүхдийн хийх хөдөлгөөн ч маш олон янз болон нэмэгдэнэ гэсэн үг.

Шоонууд - Хүүхэд шоотой анх танилцахдаа түүнийг шидэх, өнхрүүлэх гэж үзэх, гартаа барьж эргүүлж тойруулан сайтар харах зэрэг "судалгаа шинжилгээний ажлаас" эхэлдэг. Дараа нь шоонуудыг дээр дээрээс нь тавьж өрж болохыг сэтгэнэ, цаашдаа барилга байшин барьж тоглох гол тоглоом нь болдог.

Машин /хөвгүүд/ - хүүхдийн хөдөлгөөний эвслийг хөгжүүлэхээс гадна дүрслэн бодох чадварыг нь өдөөн идэвхжүүлдэг. Цаашид ч зохиомжит тоглоомуудынх нь гол хэрэгсэл болдог. /тоглоомныхоо баатруудыг зөөх, өөрөө жолоочийн дүрд тоглох г.м./

Хүүхэлдэй /охидууд/ - хүнийг төлөөлдөг тоглоом учраас охидуудын зохиомжит тоглоомонд байнга оролцдог. Хүүхэлдэйгээ хайрлах, ярилцах гээд охидуудад тоглох хязгаар хүүхэлдэйны хувьд байхгүй гэж болно.

СУРГУУЛИЙН ӨМНӨХ НАС

Сургуулийн өмнөх буюу 4-7 нас гэдэг бол хүүхдийн цаашдын хөгжлийг тодорхойлдог чухал үе. Хүүхэд өөрийнхөө бие даах чадварыг аль хэдийн мэдэрсэн, үүнийгээ хэрэгжүүлэх гэж ихээхэн зүтгэдэг нас.

4-7 насанд голлох тоглоомууд:
Эвлүүлдэг тоглоом. Төрөл бүрийн байгууламж барих нь сургуулийн өмнөх насны хүүхдэд маш чухал үйл ажиллагаа байдаг. Ийм тоглоомны тусламжтайгаар хүүхдийн ургуулан бодох чадвар дээд зэргээр хөгжих боломжтойгоос гадна маш олон зүйлийг хүүхэд тань судлах, турших, ойлгож авах ач холбогдолтой.

* ОХУ-д үйлдвэрлэгдсэн, барилгын иж бүрдэл. Энэ, гарт нэн тааламжтай мэдрэмж өгөхүйц модон иж бүрдлээр бүхэл бүтэн үлгэрийн хот барих боломжтой. Бат бөх ханатай цайз, шилтгээ, тансаг хийцийн сүүдрэвч гээд маш олон эд ангитай. Үүгээр тоглоход хүүхдийн анхаарал болон логик сэтгэлгээ хөгжихөд их нэмэр болох нь дамжиггүй. Ганцаараа ч тоглож болно, хоёулаа ч тоглож болно. Тоглосныхоо дараа бүх иж бүрдлээ хайрцаганд нь буцааж хийх нь бас нэгэн, зөв хүмүүжлийн чухал момент болно.

*Хамтын тоглоомны иж бүрдэл нь хүүхдийг бусадтай харьцах харьцаанд сургах, шийдвэр гаргах, нэгэндээ бууж өгөх, хамтын үйлдэл хийх г.м. олон чухал зүйлд сургадаг ач холбогдолтой.

* Германд үйлдвэрлэсэн "Доктор Зараа" тоглоом. Бусад, хүүхдүүдийг хооронд нь өрсөлдүүлдэг тоглоомоос тэс өөр. Тоглож байгаа хүүхдүүдийн зорилго нь нэг. Зараа эмч бусдад эм тариа аваачиж өгөх гэж яваа, хүүхдүүд хамтын хүчээр түүнд тусалснаар бүгд зорилгодоо хүрэх учиртай. Энэ тоглоомоор тоглосноор хүүхдүүд хоорондоо тохиролцох, нэг нэгийнхээ үгийг сонсох зэрэг харьцаанд суралцах юм.

*Дүрт тоглоомууд. Үүнд хүн ба амьтны дүртэй бүхий л тоглоом орно. Хүүхэд ийм тоглоомтойгоо, яг л амьд амьтантай харьцаж байгаа мэт ярьдаг. Өөрийнхөө амьдралд олж авсан туршлага болон харсан мэдсэн зүйлээ тоглоомон дээрээ хэрэгжүүлэн бэхжүүлдэг,

*ОХУ-д үйлдвэрлэгдсэн "Өмбүү" тоглоом. Өхөөрдөм жаахан, харваас халамж шаардсан энэ амьтан хүүхдийн энэрэн хайрлах сэтгэлийг төрүүлэх нь дамжиггүй.

Эвлүүлдэг тоглоом /пазл/. Орон зайн сэтгэхүйг хөгжүүлнэ. Өмнөө тавигдсан зорилгыг үечлэн хувааж хэрэгжүүлэх сургалт болохоос гадна, анхаарал төвлөрөлт, нэг юмыг удаан хугацаагаар нухан, тогтон суух зэрэгт сургана.

*ОХУ-д үйлдвэрлэгдсэн "Манжин" - эвлүүлдэг тоглоом. Энэ тоглоом нь эвлүүлдэг пазлаас гадна зохиомжит тоглоом юм. Хүүхэд зүгээр нэг хоорондоо тохирох хэсгүүдийг сонгох бус, дуртай үлгэрээ бүхлээр нь амилуулах давуу талтай. Энэ үлгэрийн баатрууд бусад зохиомжуудад ч хэрэглэгдэх боломжтой.

ХҮҮХЭД БА ӨСВӨР НАС

Тоглоомын төвийн мэргэжилтэн, сэтгэл зүйч Мария Соколова: Сургуулийн бага нас, өөрөөр хэлбэл 7-10 нас хүүхдүүд бусдаас ичиж зоволгүйгээр өөрийнхөөрөө сэтгэн тоглодог эцсийн хугацаа. Энэ насныхны гол тоглоом нь хүүхдийн ургуулан бодох сэтгэлгээг хөгжүүлэхэд туслахуйц тоглоомууд байх ёстой.

*Эвлүүлдэг. Маш олон архитектурын болон ландшафтны элементтэй, хүн амьтантай, амьдралд байдаг олон явдлыг үзүүлэх бололцоотой том том иж бүрдлүүд.

*ОХУ - д үйлдвэрлэгдсэн "Хивсэн дээрх хот" гэсэн нэртэй модон конструктор нь 65 детальтай бөгөөд, хүүхэд өөрийнхөө фантазийг өөртөө байгаа боломжтойгоо жишин зохицуулж сурахад маш тохиромжтой тоглоом.

*Зохиомжит тоглоомны иж бүрдэл. /Бага насны хүүхдүүдийнхээс өөр/: бага насныхаан тоглоомны дүрүүдэд өөрийгөө оруулдаг байсан бол энэ насны зохиомжит тоглоом нь хүүхэд найруулагчийн байрнаас процессыг удирдах юм. Ингэснээр, бие даах, өөртөө хариуцлага үүрэх зэрэг харьцаанд суралцана.

Сэтгэл зүйчид зөвлөж байна: Германд үйлдвэрлэсэн "Гэр бүлийн далбаат онгоц" тоглоом. Тоглоомны хамгийн шилдэг чанар болох - сэтгэн бүтээх, ургуулан бодох чадварыг хөгжүүлэх хязгааргүй боломжийг агуулсан шилдэг тоглоом.

*Хамтын тоглоом. Шатар, даам, далайн тулаан гэх мэтийн хамтаар тоглодог тоглоомнууд нь үйл явдлыг таамаглах, өөрийн үйлдлийг хамтран тоглогчийн үйлдлээс хамааруулан төлөвлөх, өөрчлөх, дүгнэх, хожих стратеги боловсруулах гээд маш их зүйлд сургадаг.

АиФ-аас орчуулав. Ё.Одончимэг

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...