Wednesday

Хаосын онол

Хаосын онол (Chaos Theory) гэдэг нь товчхондоо
– Юмс хэтэрхий нарийн төвөгтэй болчихвол, түүний ирээдүйг таамаглах боломжгүй болдог
гэсэн онол юм.

Наад захын жишээ гэвэл, "Маргаашийн цаг агаар" ч юмуу "унаж байгаа өдний хөдөлгөөн" гэх мэт нь Хаосын онолоор бол
– Хэтэрхий нарийн төвөгтэй учраас, урьдчилж хэлэх ямар ч боломжгүй юм.

Хальт сонсоод
– Үгүй байлгүй дээ
гэж бодмоор.


– Ямар ч байгалийн үзэгдэл бай, эцсийн эцэст бүгд физикийн хуулинд захирагдсан энгийн нэг багаж шиг л хөдөлгөөн хийж байгаа биз дээ? Тийм юмнууд хичнээн ээдрээтэй нарийн болдог ч бай, чадлаараа хичээгээд хөвчрөөд дайрвал, ирээдүйг нь А, Я гүй тодорхойлж болмоор л юм.
гэж бодох хүн ч гарч мэднэ.

Харин Хаосын онолоор бол
– Яаж ч хичээгээд нэмэргүй ээ
гэнэ.

Тэгэхээр юуны өмнө нарийн төвөгтэй систем гэж юу болохыг тодруулая.
Энгийн үйлдэлтэй олон багажнуудыг хооронд угсарч холбосоор улам нарийн төвөгтэй болгоод байвал сүүлдээ юу болох вэ?

Тэр систем нь
– Анхны өгөгдөлийг үл ялиг өөрчилөх төдийд, тэс өөр үр дүнд хүрдэг, тийм шинжтэй болж ирнэ (анхны өгөгдөлд хэт мэдрэмтгий).

Жишээ нь, тэгж угсарч босгосоор "цаг агаарыг төгс тооцоолдог систем" бүтээжээ гэж бодъё. Гэвч хичнээн төгс, найдвартай ажилдаг байлаа гээд, зарчимын хувьд түүнд гарцаагүй анхны өгөгдөл оруулж өгөхгүй бол болохгүй. Жишээ нь
– Өнөөдрийн 12:00 цагт Улаанбаатарт 20° байна
гэх мэт. Тийм мэдээлэл байхгүй бол угаасаа юу ч тооцоолох билээ.

Тэгтэл нөгөө систем чинь төгс юм болохоороо, гялалзтал тооцоолоод
– 7 хоногийн дараа Улаанбаатар цэлмэг байна
гэсэн хариу гаргаж гэнэ.

Тэгэхээр нь
– Өнөөдрийн 12:00 цагт Улаанбаатарт 20.0000001° байна
гэсэн, үл ялиг өөр анхны өгөгдөл оруулж үзтэл, нөгөөх чинь хэнэг ч гүй
– 7 хоногийн дараа Улаанбаатарт бороо орно
гэж хэлэх юм.

Ийм өчүүхэн зөрөөтэй өгөгдөл оруулаад байхад л шаал өөр үр дүнгүүд гарч орхино. Иймэрхүү жишээ яриа байдаг
– Рио Де Жанерод эрвээхэй далавчаа дэвэхэд, хэдэн 7 хоногийн дараа Техаст хар салхи дэгддэг.

– За тэгвэл, анхны өгөгдөлийг л точный зөв өгчих юм бол, зөв үр дүн гаргаж өгч чадна биз дээ?
гэвэл, яриа байхгүй тийм боловч,
– Хүний хэмжилт гэдэг ямар ч алдаагүй яг таг байж хэзээ ч чаддаггүй
гэдэг нэг асуудал бий.

Үнэхээр ч хүн хэзээ ч яг таг хэмжилт хийж чаддаггүй. Тэр ч бүү хэл нүднийхээ өмнөх саваа модны уртыг ч зөв хэлж чадахгүй. Бодоод үз л дээ, тэр савааг нь томруулдаг шилээр томсгоод байх тусам урт нь 2.030405828304810105948482814...м гэсээр төгсгөлгүй үргэлжлэх болж, ер яаж ч нарийвчлан хэмжээд
– ОК, болчлоо. Бүх юм жин тан
болохгүй.

Нэгэнт төгс хэмжилт хийж чадахгүй учир, хоёрын хооронд зөрөөн дээр Улаанбаатар нэг бол үүлшиж, нэг бол цэлмэж, нөгөө системийнх нь үр дүн нь баруун зүүнгүй савласан юм болно.

Тийм болохоор
– Ямар ч төгс "цаг агаарыг урьдчилан тооцоолох систем" байгаад ч, бас л бид цаг агаарыг урьдчилан хэлэх боломжгүй хэвээрээ л байх юм

– Хүн бид ертөнцийн мөн чанарыг яаж ч гүн таньж мэдсэн бай, физик хаа хүртэл хөгжсөн ч бай, ирээдүйн тухай мэдэхгүй хэвээрээ л байх болно.

Эх сурвалж: http://tomyo-bodyo.blogspot.com

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...