Thursday

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 15 дугаар тогтоол

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 1 дүгээр сарын  20-ны өдөр                                    Дугаар 15                                                  Улаанбаатар хот
            


Төрийн өмчийн дээд боловсролын
сургалтын зарим байгууллагыг 
 өөрчлөн байгуулах тухай


Иргэний хуулийн 31.1, 31.3, Дээд боловсролын тухай хуулийн 5.3, 5.5, 6.3 дахь хэсэг, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 14.1-ийг үндэслэн “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төрийн өмчийн дараахь их, дээд сургууль, коллежийн үйл ажиллагааг 2010 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зогсоож, дор дурдсанаар өөрчлөн зохион байгуулсугай:

   а) Улаанбаатарын их сургууль, Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль, Гааль, эдийн засгийн дээд сургуулийг Монгол Улсын их сургуульд нэгтгэх;

   б) Соёлын дээд сургууль, Дүрслэх урлагийн дээд сургууль, Кино урлагийн дээд сургууль, Радио телевизийн дээд сургуулийг Соёл, урлагийн их сургуульд нэгтгэх;

   в) Барилгын коллеж, Дархан-Уул аймаг дахь Техникийн коллежийг Шинжлэх ухаан, технологийн их сургуульд нэгтгэх.

2. Дор дурдсан их сургуулийн харьяа сургуулийг салбар сургууль болгон өөрчилсүгэй:

   а) Монгол Улсын их сургуулийн харьяа Завхан аймаг дахь Эдийн засгийн сургууль, Орхон аймаг дахь сургуулийг Монгол Улсын  их сургуулийн салбар;

   б) Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа Орхон, Сүхбаатар, Өвөрхангай аймаг дахь Технологийн сургуулийг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн салбар;

   в) Боловсролын их сургуулийн харьяа Архангай аймаг дахь Багшийн коллежийг Боловсролын их сургуулийн салбар;

   г) Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн харьяа Говь-Алтай, Дорноговь, Дархан-Уул аймаг дахь Анагаах ухааны коллежийг Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн салбар;

   д) Соёл, урлагийн их сургуулийн харьяа Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийг Соёл, урлагийн их сургуулийн салбар;


   е) Боловсролын их сургуулийн харьяа Баян-Өлгий аймаг дахь Багшийн коллежийг Ховд аймаг дахь Ховд их сургуулийн салбар.

3. Хөдөө аж ахуйн их сургуулийн Орхон аймаг дахь салбар сургуулийн үйл ажиллагааг 2010 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зогсоож, Монгол Улсын их сургуулийн Орхон аймаг дахь салбар сургуульд нэгтгэсүгэй.

4. Хөдөө аж ахуйн их сургуулийн Ховд аймаг дахь Алтайн бүсийн салбар сургуулийн үйл ажиллагааг 2010 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зогсоож, Ховд аймаг дахь “Хөгжил” Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд нэгтгэсүгэй.

5. Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийн Баянхонгор аймаг дахь салбар сургуулийг 2010 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс татан буулгасугай.

6. Үйлдвэрлэл, урлалын сургууль, Монгол-Солонгосын техникийн коллеж, “Улаангом” коллежийг 2010 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болгон өөрчлөн зохион байгуулсугай.

7. Монгол-Солонгосын техникийн коллежийн харьяа Төв аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагааг 2010 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зогсоож       Монгол-Солонгосын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн салбар сургууль болгон өөрчилсүгэй.

8. Улаанбаатарын их сургууль, Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль, Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийн Баянхонгор аймаг дахь салбар сургууль, Гааль, эдийн засгийн дээд сургуулийн байр, эд хөрөнгийг Монгол Улсын их сургуулийн; Соёлын дээд сургууль, Дүрслэх урлагийн дээд сургууль, Кино урлагийн дээд сургууль, Радио телевизийн дээд сургуулийн байр, эд хөрөнгийг Соёл, урлагийн их сургуулийн; Барилгын коллеж, Дархан-Уул аймаг дахь Техникийн коллежийн байр, эд хөрөнгийг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн балансад 2010 оны     7 дугаар сарын 1-ний өдрөөс тус тус шилжүүлэх арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Төрийн өмчийн хороо (Д.Сугар)-нд даалгасугай.

9. Дээд боловсролын сургалтын байгууллагуудыг өөрчлөн зохион байгуулсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт даалгасугай:

   а)  дипломын болон бакалаврын боловсрол эзэмшихээр суралцаж байгаа оюутнуудыг мэргэжлийнх нь дагуу тэдний эрх ашигт нийцүүлэн холбогдох сургуульд  шилжүүлэн суралцуулах ажлыг зохион байгуулалттай, үр дүнтэй хийх;

   б) өөрчлөн зохион байгуулагдсан сургуулийн багш, албан хаагчдыг холбогдох сургуульд шилжүүлэн ажлын байраар хангах, багш нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах;

   в) бүтцийн өөрчлөлтөд хамрагдсан сургуулиудын байр, эд хөрөнгийг шилжүүлэх ажлыг зохих журмын дагуу зохион байгуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үүрэг бүхий ажлын хэсгүүд томилж ажиллуулах;

   г) өөрчлөн зохион байгуулагдсан дээд боловсролын сургалтын байгууллагыг үүсгэн байгуулсан шийдвэрийг хүчингүй болсонд тооцох арга хэмжээ авах.

10. Зохион байгуулалтын өөрчлөлтөд хамрагдсан сургуулиудын сургалтын орчинг сайжруулах, лаборатори, техник хэрэгслээр хангах, багш нарын мэргэжлийг дээшлүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх, олон улсын байгууллагын зээл, тусламж болон санхүүгийн бусад эх үүсвэрээс санхүүжүүлэхийг Сангийн сайд С.Баярцогт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нарт үүрэг болгосугай.

11. Цагдаагийн академи, Батлан хамгаалахын их сургууль, Хилийн цэргийн дээд сургууль, Үндэсний тагнуулын академийн хэв шинжийг хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөн зохион байгуулах асуудлыг судлан Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Батлан хамгаалахын сайд Л.Болд, Тагнуулын ерөнхий газрын дарга Р.Болд нарт даалгасугай.


                               Монгол Улсын Ерөнхий сайд                                      С.БАТБОЛД

                              Боловсрол, соёл, шинжлэх
                               ухааны сайд                                                                     Ё.ОТГОНБАЯР



Хянасан:
Монгол Улсын сайд, Засгийн газрын
   Хэрэг эрхлэх газрын дарга


        Ч.ХҮРЭЛБААТАР

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...