Tuesday

Монгол Улсын 2012 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2013-2014 оны төсвийн төсөөллийг УИХ-д өргөн барьлаа

МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛ,
2013- 2014 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨӨЛЛИЙН ТАНИЛЦУУЛГА
НЭГ.   Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд баримтласан төсвийн бодлого, зорилт
Энэхүү дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл нь макро эдийн засгийн болон төсвийн дунд хугацааны үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөлд суурилсан төсвийн бодлогын баримт бичиг юм.
Дунд хугацаанд төсвийн тогтвортой байдлыг хангахын тулд төсөв зохиох, хэрэгжүүлэх ажлыг шинэ шатанд гаргах, төсвийн төлөвлөлт, удирдлагыг боловсронгуй болгох,  төсвийн сахилга батыг сайжруулах, улсын төсвийн тогтвортой байдлыг хангах тухай хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, батлагдсан төсвийг тоон хязгаарт барьж ажиллах зорилтыг хангахад энэхүү дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн зорилго оршино.
Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн баримт бичгийг Монгол Улсын “Мянган Хөгжлийн Зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”, “Эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2010-2015 оны тэргүүлэх чиглэлүүд”, “Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-т тусгагдсан бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг Монгол Улсын төсөв, санхүүгийн нөөц боломжтой уялдуулах байдлаар холбогдох хуульд заасан төсвийн удирдлагын зарчмыг баримтлан боловсрууллаа.


Д/д   Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилтууд
  Тухайн зорилтыг хэрхэн хангаж байгаа тутай
  1 2.1.4 Дотоодын нийт бүтээгдэхүүнд нэгдсэн төсвийн зарлагын эзлэх хэмжээг жил бүр  бууруулах бодлого хэрэгжүүлнэ. Дотоодын нийт бүтээгдэхүүнд нэгдсэн төсвийн зарлагын эзлэх хэмжээг үе шаттайгаар бууруулах арга хэмжээг авч ажиллаж байна. 2011 онд 52.1 хувь байсан бол 2012 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 36.5 хувь, 2013 онд 29.4 хувь, 2014 онд 26.0 хувьтай байхаар төсвийн хүрээний мэдэгдэлийг боловсруулаад байна.
 

2
2.1.5. Төсвийн хүрээний мэдэгдэл, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөв, төсвийн тодотголыг боловсруулах, батлахад улсын төсвийн нийт зарлагыг дотоодын нийт бүтээгдэхүүний 33 хувиас хэтрүүлэхгүй байх, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын шинжтэй зарлагаас бусад зайлшгүй шаардлагатай бус урсгал зардлыг нэмэгдүүлэхгүй байх, гадаад өрийн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангах бодлогыг баримтална. Монгол Улсын эдийн засгийн хурдацтай өсөлтийн суурийг бий болгох, дэмжих, бэхжүүлэх, эдийн засгийн гүн хямралаас ангижрах чиг баримжаатай “тэлсэн” сангийн бодлогыг Засгийн газар баримтлан ажилласан. Энэхүү бодлогын хүрээнд эдийн засгийн бодит сэргэлт ажиглагдаж байгаа тул цаашид төсвөөр дамжуулан эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулах бодлогыг хэрэгжүүлэх болно. Иймд 2012 оны төсвийн нийт зарлагын хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 36.5 хувь, 2013 онд 29.4 хувь, 2014 онд 26.0 хувьтай байхаар дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулаад байна.
  3 2.1.7.Төсвийн зарлагыг зохистой түвшинд хязгаарлан хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлж, төсвийг алдагдалгүй байлгах бодлого баримтална. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэгдсэн төсвийн алдагдлын хэмжээг 2013 оноос эхлэн дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувиас ихгүй бөгөөд алдагдалгүй байхаар заасны дагуу төсвийн дунд хугацааны мэдэгдлийг боловсруулж, 2013-2014 онуудад төсвийн алдагдлийг дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувиас хэтрэхгүй байхаар тооцлоо.  Цаашид эдийн засгийн огцом тэлэлтийн үр дүнд тэлж буй татварын баазын үр нөлөөгөөр нэгдсэн төсөв алдагдалгүй гарах дүр зураг ажиглагдаж байна.
Сангийн яамнаас Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороотой хамтран 2012-2014 оны Монгол Улсын макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөллийг боловсруулсан. /Хавсралт №1/ Эдгээр үзүүлэлтүүд нь 2012-2014 оны төсвийн суурь тооцоог боловсруулах үндсэн үзүүлэлт болон ашиглагдсан болно.
Төсвийн хүрээний мэдэгдлийн суурь тооцоо хүснэгтийг мөн хавсаргав. /Хавсралт №2/
ХОЁР. Монгол Улсын 2011 оны макро эдийн засгийн байдал

2.1  Эдийн засгийн өсөлт

Монгол улсын 2010 оны ДНБ-ий 6.1 хувийн бодит өсөлт нь шилжилтийн эдийн засагтай орнуудтай харьцуулбал харьцангуй дээгүүр байсан бөгөөд нэрлэсэн хэмжээгээрээ 25.3 хувиар өссөн байна. Уул уурхайн салбарт оруулсан гадаадын хөрөнгө оруулалт, экспортын огцом өсөлт үүнд голлон нөлөөлжээ.
Аж үйлдвэрийн салбар хурдацтай өссөн, тухайлбал нүүрсний олборлолт 25 сая тонн хүрч өмнөх оноос хоёр дахин нэмэгдсэн, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл 24 хувиар, үндсэн металлын үйлдвэрлэл 30 хувиар тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.
Монгол Улсын эдийн засаг 2011 онд 11.8 хувиар өсөхөөр, үүнээс уул уурхайн салбар 10.6 хувиар, бусад салбар 12 хувиар тус тус өсөхөөр хүлээгдэж байна. 2009-2010 оны өвөл болсон зудын улмаас малын тоо 11.3 саяар, бойжсон төлийн тоо 6.4 саяар буурч, малын зүй бус хорогдол 8.6 саяар нэмэгдсэн. Энэ онд мал аж ахуйн салбар өсөлттэй байхаар таамаглаж байна. Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар дамжин эдийн засгийн бусад салбаруудын өсөлт нэмэгдэнэ.
2.2 Инфляци
2010 онд эдийн засаг, бизнесийн үйл ажиллагаа сэргэж, мөнгөний нийлүүлэлт 62 хувиар өссөн, өрхийн хэрэглээ нэмэгдсэн нь инфляцийн түвшинг 13 хувьд хүрэхэд нөлөөлжээ. Энэ онд инфляцийн түвшин 9.7 хувь байхаар төсөөлж байна.
2.3 Валютын ханш
Валютын дотогшилох урсгал 2010 онд ихээхэн нэмэгдэж улмаар төгрөгийн ам.доллартай харьцах ханш 12.9 хувиар чангарсан. Монголбанкнаас төгрөгийн ханшны огцом сулралтын эсрэг арга хэмжээг үе шаттайгар авсны дүнд 2010 оны эцсийн байдлаар 2.1 тэрбум ам.долларын нөөцтэй болжээ. Манай улсын экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ өсч байгаа, гадаадын хөрөнгө оруулагчдаас Монголд хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэхийн хэрээр хөрөнгийн дотогшилох урсгал хүчтэй нэмэгдэж, төгрөгийн ханш чангарч байна. Энэ нь Австрали, Канад болон Шинэ Зеландын зэрэг уул уурхайд түшиглэсэн улс орнуудад болж буй валютын ханшийн чангаралттай адилтгахуйц үйл явц юм. Энэ онд төгрөгийн ам.доллартай харьцах дундаж ханш 1222.1 байхаар төсөөлөв.
2.4Гадаад худалдаа
Гадаад худалдааны эргэлт 2011 онд 39 орчим хувиар өсөхөөр байгаа бөгөөд, үүнээс 20.3 хувь нь импортын, 18.7 хувь нь экспортын өсөлт байна.
2.5 Экспорт
Өнгөрсөн онтой харьцуулахад 2011 онд 1 тэрбум орчим ам.доллараар буюу 36 хувиар өсөхөөр байна. Энэ өсөлтөд нүүрсний экспортын өсөлт голлон нөлөөлжээ. Манай улсын экспортын бүтцэд эрдэс бүтээгдэхүүний эзлэх хувь тасралтгүй өсч 2010 онд 81 хувьд хүрсэн бөгөөд цаашид энэ байдал улам нэмэгдэх хандлагатай байна.
2.6 Импорт
2011 онд импорт өмнөх оноос 1.3 тэрбум ам.доллараар буюу 39 хувиар өсөхөөр байна. Уул уурхайн салбарын машин механизм, дэд бүтцийн бүтээн байгуулалттай  холбоотой тоног төхөөрөмжүүдийн импортын өсөлт голлон нөлөөлнө.
ГУРАВ. Монгол Улсын макро эдийн засгийн байдал: 2012-2014 онуудад
3.1 Эдийн засгийн өсөлт: 2012-2014 онуудад
Эдийн засгийн өсөлт 2012-2014 онуудад дунджаар 18-20 хувьтай байхаар байна. Энэ өсөлтөд уул уурхайн салбарт орж буй хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хүчин чадлын хэмжээний өсөлт, экспортын бараа, бүтээгдэхүүний үнийн өөдрөг төсөөлөл нөлөөллөө. ДНБ-ий бодит хэмжээ 2005 оны зэрэгцүүлэх үнээр 5,606.1 тэрбум төгрөг, 2013-2014 онуудад 6,246 ба 7,381 тэрбум төгрөг болохоор байна.
Монгол улсын зээлжих зэрэглэл 2010 оноос эхлэн сайжирч байна. Зээлжих зэрэглэл тогтоодог Фитч, Мүүдийз, Стандарт энд Пүүрс компаниуд Монгол улсын эдийн засгийг тогтвортой гэж үнэлсэн нь Монгол улсад орох гадны хөрөнгө оруулалтыг татах чухал үзүүлэлт болжээ.

  Зээлжих зэрэглэл
тогтоогч байгууллага
  Монгол Улсын Зээлжих зэрэглэл
/төлөв байдал/
Фитч B+/Тогтвортой/
Стандарт энд Пүүрс BB-/Тогтвортой/
Мүүдийз B1/Тогтвортой/
Эх сурвалж: Сангийн яам

3.2 Инфляци: 2012-2014 онуудад
Эдийн засгийн тэлэлттэй уялдан инфляцийн түвшин нэмэгдэж байгаа бөгөөд дунд хугацаанд инфляцийг нэг оронтой тоонд барихыг зорьж ажиллаж байна. 2012-2014 онуудад инфляцийн түвшинг 8-9 хувьд байлгахаар төлөвлөж байна.
3.3 Валютын ханш: 2012-2014 онуудад
Дунд хугацаанд гадаадаас орох хөрөнгө оруулалт, валютын дотогшилох урсгалаас шалтгаалан төгрөгийн ам.доллартай харьцах ханш чангарах төлөвтэй байна.
Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2011 ХБГ 2012* 2013* 2014*
Жилийн эцэст 1187.3 1142.7 1099.7 1058.3
Жилийн дундаж 1222.1 1164.6 1120.8 1078.7
  *-төсөөлөл               ХБГ  -  хүлээгдэж буй гүйцэтгэл
3.4 Гадаад худалдаа: 2012-2014 онуудад
Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2012-2014 онуудад дундажаар 24 орчим хувиар өсөх хандлагатай байна. Гадаад худалдааны тэнцэл 2012 онд 0.4 тэрбум ам.доллар, 2013 онд 1.8 тэрбум ам.доллар, 2014 онд 2.2 тэрбум ам.долларын ашигтай байхаар байна.
3.5 Экспорт : 2012-2014 онуудад
Уул уурхайн томоохон төслүүдийн үйл ажиллагаа эхлэхтэй холбоотойгоор экспортын хэмжээ 2012 онд 49 хувиар, 2013 онд 32 хувиар, 2014 онд 18 орчим хувиар тус тус өсөхөөр тооцооллоо.
3.6 Импорт: 2012-2014 онуудад
Уул уурхайн томоохон тоног төхөөрөмжүүд, дэд бүтцийн төслүүдэд шаардлагатай техник хэрэгсэлүүдийн импорт 2011, 2012 онуудад дунджаар 30 орчим хувиар нэмэгдэхээр төсөөллөө. Харин 2013-2014 онуудаас тоног төхөөрөмжийн импортын өсөлт саарах бөгөөд шатахуун, түлшний импорт өсөх хандлагатай байна.

ДӨРӨВ. Монгол Улсын нэгдсэн төсвийн үзүүлэлтүүд: 2012-2014 онуудад

4.1 Төсвийн орлого
Дунд хугацаанд төсвийн орлогын төсөөллийг боловсруулахдаа төсвийн орлогын боломжит эх үүсвэрүүдийг дайчилж,  өнөөгийн мөрдөж буй хууль эрх зүйн орчин, УИХ, Засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэрүүдийн хүрээнд, эдийн засгийн өсөлт, гадаад, дотоод орчны нөлөөлөл зэргийг тооцож, Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогыг 2012 онд ДНБ-ний 29.8 хувь, 2013 онд 27.5 хувь, 2014 онд 24.0 хувь байхаар тооцлоо.
Эдийн өсөлттэй холбогдуулан экспортын хэмжээ 2012-2014 онуудад 31 хувь, 53 хувь, 22 хувиар тус тус нэмэгдэхээр байна. Үүний нөлөөгөөр орлогын албан татвар, дотоодын бараа, үйлчилгээний татварын орлого зэрэг зарим төрлийн татварын орлогод харьцангуй өндөр өсөлт гарахаар байна.
Монгол Улсын 2012 оны төсвийн төсөлд баримтлах, 2013-2014 оны төсвийн төсөөлөлд тусгах гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу Олон Улсын санхүүгийн байгууллагаас  гаргасан түүхий эдийн үнийн статистикт тусгасан сүүлийн 12 жилийн дундаж үнэ, дараагийн 3 жилийн үнийн төсөөллийн дунджийг харьцуулан гаргасан.
Тэнцвэржүүлсэн үнэ зэсийн хувьд 2012 онд 6443 ам.доллар, 2013 онд 6970.8 ам.доллар, 2014 онд 7005.2 ам.доллар, боловсруулсан нүүрсний хувьд 2012 онд 151.1 ам.доллар, 2013 онд 158.8 ам.доллар, 2014 онд 160 ам.доллар байхаар тооцооллоо.
Дэлхийн зах зээл дээр цэвэр зэсийн үнийн төсөөлөл 2012 онд 9837.5 ам.доллар, 2013 онд 9330.0 ам.доллар, 2014 онд 8330 ам.доллар, боловсруулсан нүүрсний үнийн төсөөлөл 2012 онд 201.6 ам.доллар, 2013 онд 183.5 ам.доллар, 2014 онд 175.5 ам.доллар байх хандлагатай байна.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу тухайн жилийн нэгдсэн төсвийн орлогын гурав ба түүнээс дээш хувийг бүрдүүлэх ашигт малтмалын бүтээгдэхүүнийг “гол нэр төрлийн эрдэс баялаг” гэж тодорхойлохоор заасан.  2012-2014 оны хувьд нэгдсэн төсвийн орлогын гурван хувьтай тэнцэх орлого нь дараах байдалтай байхаар байна.

Үзүүлэлт Хэмжих нэгж 2011 төл 2012 ТХМ 2013 ТХМ 2014 ТХМ
Нэгдсэн төсвийн орлогын дүн тэрбум төг. 3,304.6 4,176.1 4,601.1 4,823.5
Нэгдсэн төсвийн орлогын 3 хувь тэрбум төг. 99.1 125.3 138.0 144.7
Алт




Хэмжээ тн 10.1 12.0 12.5 13.0
Үнэ ам.доллар 1,350.0 1,446.3 1,478.0 1,530.0
Орлого тэрбум төг. 68.8 77.3 82.8 92.4
Нүүрс /түүхий нүүрс/




Хэмжээ сая.тн 20.0 30.0 35.0 40.0
Үнэ ам.доллар 65.0-98.9 85.0-199.9 75.0-188.02 65.0-178.0
Орлого тэрбум төг. 291.5 598.7 642.6 675.7
Зэс




Хэмжээ мян.тн 523.0 503.0 508.2 556.4
Үнэ ам.доллар 8,425.0 9,837.5 9,330.0 8,330.0
Орлого тэрбум төг. 436.0 381.5 334.4 283.9
Төмрийн хүдэр




Хэмжээ сая.тн 3.4 4.0 4.5 5.0
Үнэ ам.доллар 102.0 172.5 150.0 130.0
Орлого тэрбум төг. 43.2 86.0 84.1 81.0
Цайр




Хэмжээ мян.тн 124.5 130.0 143.0 214.5
Үнэ ам.доллар 2,200.0 2,555.0 2,350.0 2,150.0
Орлого тэрбум төг. 29.6 35.9 36.3 49.8
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу зах зээлийн үнийн өсөлтөөс орох орлогын Тогтворжуулалтын санд төвлөрүүлэх гол нэр төрлийн эрдэс баялгийн шаардлагыг хангахын тулд тухайн төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүнээс төсөвт төвлөрөх орлого 2012 оны хувьд доод тал нь 125.28 тэрбум төгрөг байх шаардлагатай байна.
Хуулийн шаардлагыг 2012-2014 оны хувьд зэс, нүүрс хангаж, харин урьдчилсан тооцооллоос харахад алт, төмрийн хүдэр, цайр гэх мэт эрдэс бүтээгдэхүүний хувьд хуулийн шалгуур үзүүлэлтийг хангахгүй байна.
Тогтвортой байдлын тухай хуулийн дагуу Тогтворжуулалтын санд 2012 онд нийт 202.4 тэрбум төгрөг, үүнээс зэсээс 181.1, нүүрснээс 21.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр, 2013 онд нийт 134.0 тэрбум төгрөг, үүнээс зэсээс 122.2,  нүүрснээс 11.7 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр, 2014 онд нийт 79.0 тэрбум төгрөг, үүнээс зэсээс 70.9, нүүрснээс 8.1 тэрбум төгрөг  төвлөрүүлэхээр тус тус тооцлоо.
Стратегийн ач холбогдол бүхий зарим ашигт малтмалын ордуудын бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаатай холбогдуулан тэдгээрээс төсөвт төвлөрүүлэх орлогыг тооцож тусгалаа. Тухайлбал,  2012 онд Оюу толгой төслөөс төсөвт 180.0 сая ам.доллар, харин 2013 оноос эхлэн тус төслийн үйл ажиллагаанаас 96.0 сая ам.доллар, 2014 онд 47.0 сая ам.долларын татварын орлогыг төсөвт төвлөрүүлэхээр тооцлоо. Харин Таван толгойн нүүрсний орд бүрэн хүчин чадлаар ажиллан жилд 15 сая тонн хүртэл нүүрс экспортлохоор ТЭЗҮ боловсруулан Эрдэс баялагын мэргэжлэлийн зөвлөлөөр батлуулсан бөгөөд 2012 онд 3 орчим сая тонн, 2013 онд 5 сая тонн, 2014 онд 7 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байгаагааг харгалзан Таван толгой ордоос 2012 онд 70.6 тэрбум төгрөг, 2013 онд 117.7 тэрбум төгрөг, 2014 онд 164.7 тэрбум төгрөгийг тус тус  төсөвт төвлөрүүлэхээр тооцсон болно.

4.2 Төсвийн зарлага
Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага 2012 онд ДНБ-ний 36.5 хувь, 2013 онд 29.5 хувь, 2014 онд 26.0 хувьд хүрч өмнөх онуудтай харьцуулахад буурах дүр зураг гарч байгаа боловч бодит дүнгээрээ 2012 онд 4,613.4 тэрбум, 2013 онд 4,919.4 тэрбум, 2014 онд 5,211.5 тэрбум төгрөгт хүрч өсөлт гарахаар байна.
Монгол улсын нэгдсэн төсвийн 2012 оны урсгал зардлын суурь түвшинг тооцохдоо 2011 оны батлагдсан урсгал зардал дээр дараахь арга хэмжээний зардлуудыг нэмж тусгалаа.
/тэрбум төгрөг/
Арга хэмжээ
1 Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2011 оны 4 дүгээр сарын 12-ний өдрийн 11 дүгээр хуралдаанаар үнэ тарифыг шинэчлэн батласнаас нэмэгдэх зардал 15.6
2 Халамжийн хуулийн шинэчилсэн найруулгын дагуу нэмэгдэх зардал / 80.0
4 Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2011 оны 11 дүгээр тогтоолын дагуу гэр хорооллын газрыг чөлөөлөх, барилгажуулахад айл өрхөд нөхөн төлбөр олгох зардал 40.0
5 Монгол мал хөтөлбөрийн 2012 онд хэрэгжүүлж эхлэх зарим арга хэмжээнд зориулж нэмэгдүүлэх зардал 15.0
6 Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд Улсын төсвөөс олгох дүн  /Хүнс, ХАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр/ 45.0
7 2012 оноос шинээр хэрэгжиж эхлэх хөтөлбөр, арга хэмжээний санхүүжилт 184.1
Нийт дүн 379.7

Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоолоор “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн дагуу Засгийн газрын шийдвэр гарч шууд гэрээ байгуулан гүйцэтгэх авто замын ажлын жагсаалт батлагдсан. Энэхүү зорилтот хөтөлбөрүүд нь Хөгжлийн банкнаас санхүүжихээр төлөвлөгдсөн. Өөрөөр хэлбэл, Улсын төсвөөс санхүүжих томоохон төсөл хөтөлбөрүүдийг Хөгжлийн банкаар санхүүжүүлж,  Засгийн газраас тодорхой хөрөнгийг жил бүр төсөвт тусгаж явна. Мөн Хөгжлийн банкны тухай хуулийн 9.2-т заасны дагуу Засгийн газраас дэмжлэг үзүүлж ажиллах бөгөөд Нэгдүгээрт, орон сууцжуулах хөтөлбөр, Хоёрдугаарт, дэд бүтцийн, Гуравдугаарт, эрчим хүчний, Дөрөвдүгээрт, автозамын томоохон төслүүдийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхтэй холбогдон гарах зардал, Хөгжлийн банкны хүлээх алдагдлыг санхүүжүүлэхэд Засгийн газраас дэмжлэг үзүүлж ажиллана.
2011 оны хувьд Засгийн газраас Хөгжлийн банкны 800,0 тэрбум төгрөгийн бондод баталгаа гаргасан бөгөөд 2012 онд нэмж 500,0 тэрбум төгрөгийн баталгаа гаргахаар төлөвөлсөн. Бондын хүүгийн зардалд 2012 онд 48.0 тэрбум, 2013 онд 78 тэрбум, 2014 онд 78 тэрбум төгрөг байхаар дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тус тус тусгалаа.
4.3 Төсвийн хөрөнгийн зардал
Монгол Улсын 2012 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд нэгдсэн төсвийн нийт хөрөнгийн зардлыг 1,098.3 тэрбум төгрөгөөр тооцож байгаагаас төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний зардалд 937.2 тэрбум, гадаад зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний зардалд 144.0 тэрбум, улсын нөөц, геологийн судалгааны ажил, ойжуулалт зэрэг хөрөнгийн бусад зардалд 17.1 тэрбум төгрөгийг тус тус зарцуулахаар төлөвлөлөө.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 2012 оны төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулахдаа эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд дэвшүүлж буй томоохон зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглүүлж байна.
Авто зам, эрчим хүч, барилга хот байгуулалтын салбарын бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх боломжгүй байгааг харгалзан зарим барилга байгууламжийг Концессын тухай хуулийн дагуу төр, хувийн хэвшлийн түншлэлийн механизм болон Хөгжлийн банкны зээлийн хөрөнгийг ашиглан хэрэгжүүлнэ.
Ирэх 2012 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр эхлүүлэхээр тооцож байсан авто зам, эрчим хүч, орон сууцны томоохон барилга байгууламжийг Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх бөгөөд ингэснээр төсвийн ачаалал багасч, бусад салбарын хөгжлийн бодлого, баримт бичгүүдэд тусгагдсан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх боломж нэмэгдэх юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газраас дэвшүүлж буй нийгэм, эдийн засгийн томоохон зорилт, хөтөлбөр, тухайлбал, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, Атрын 3 дахь аян болон Монгол мал хөтөлбөрийг хэрэгжүүлэх, боловсрол, эрүүл мэндийн салбарт төрөөс үзүүлэх үйлчилгээ, чанар хүртээмжийг сайжруулахад 2012 оны хөрөнгө оруулалтын багагүй хэсэг чиглэгдэнэ.
Монгол Улсын Засгийн газраас “Хөгжлийн банкны тухай” хуульд заасны дагуу нийт 800.0 тэрбум төгрөгийн баталгааг гаргахаар төлөвлөж байна. Ирэх 2012 онд олон улсын болон улсын чанартай 9, Улаанбаатар хотын доторхи 19 авто замын барилга байгууламжийг шууд гэрээгээр гүйцэтгүүлэхээр Засгийн газраас шийдвэрлээд байгаа бөгөөд тэдгээрийг Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэх арга хэмжээ авна.
4.4 Хүний хөгжил сан
Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн орлого 405.8 тэрбум төгрөг, 2013-2014 онуудад 465.5-494.0 тэрбум төгрөг байхаар тооцлоо. Уг сангаас иргэдэд олгох хувь хишгийг 2012 онд үргэлжлүүлэн олгох, 2013 оноос эхлэн уг сангийн орлогыг хуримтлуулж, цаашид сангийн хөрөнгийг үр ашигтай байршуулах, хөрөнгө оруулалтын томоохон сан байгуулах боломж байна.
4.5 Төсвийн тэнцэл
Төсвийн орлогын боломжит эх үүсвэрийг дайчлан, зарлага, хөрөнгө оруулалтын шаардлагатай өөрчлөлтүүдийг тооцон тусгаснаар нэгдсэн төсвийн нийт алдагдал ДНБ-д эзлэх хувиар 2012 онд -6.7  хувь, 2013 онд -2.0 хувь, 2014 онд -2.0 хувь байхаар байна.
ТАВ. Монгол Улсын болзошгүй өр төлбөрийн талаар
Монгол Улсын Засгийн газар Хандивлагч орон, Олон улсын санхүүгийн байгууллагаас 2012 онд 150.0 тэрбум төгрөг, 2013 онд 180 тэрбум төгрөг, 2014 онд 200 тэрбум төгрөгийн гадаад зээлийг авч ашиглахаар төлөвлөж байна.
Засгийн газрын гадаад зээлийн эргэн төлөлтийг 2011 оны төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 2012 онд 2 дахин, 2013 онд 3 дахин өсөх хандлагатай байна.
Гадаад зээлийн эргэн төлөлтийн хэмжээ өсч буй гол шалтгаан нь ОУВС-ын Станд-бай хөтөлбөрийн хүрээнд авч ашигласан зээлийн 2012-2015 оны эргэн төлөлтийн төлөвлөгөөнөөс хамаарч байна.
УИХ-ийн 2011 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан Засгийн газрын баталгааны дээд хэмжээг 2011 оны төсвийн жилд ДНБ-ний 24.7 хувиас, 2012 оны төсвийн жилд ДНБ-ний 18.8 хувиас хэтрэхгүй байхаар тус тус заасан. 2011 онд Хөгжлийн банкинд 800 тэрбум төгрөгийн баталгаа гаргаснаас Засгийн газрын болзошгүй өр төлбөрийн хэмжээ нэмэгдэж байна.
Төрийн болон орон нутгийн өмчит болон тэдгээр өмч давамгайлсан хуулийн этгээдийн шинээр авах зээлийн хэмжээг тогтмолоор авч үзэн 2012-2014 оны улсын өрийн үлдэгдэлд тусгасан болно.
2012 онд улсын өрийн үлдэгдэл /оны үнээр/ 7.2 их наяд төгрөг, өнөөгийн үнэ цэнээр илэрхийлвэл 5,5 их наяд төгрөгт хүрэхээр байна.
Улсын нийт өрийн өнөөгийн үнээр илэрхийлсэн дүн ДНБ-д эзлэх хувь 2012 онд 51.9 хувь, 2013 онд 42.9 хувь, 2014 онд 35.0 хувь байгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.3 дахь заалтад Улсын нийт өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн дүн ДНБ-д эзлэх хувь хэмжээг 2011 оны төсвийн жилд 50%-иас, 2012 онд 60%-иас, 2013 онд 50%-иас, 2014 онд 40 %-иас хэтрэхгүй гэсэн үзүүлэлтийг бүрэн хангаж байна.

ЗУРГАА. Монгол Улсын 2012 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2013-2014 оны төсвийн төсөөлөл нь Төсвийн тусгай шаардлагыг хэрхэн хангаж байгаа тухай
Дунд хугацаанд төсвийн тогтвортой байдлыг хангахын тулд Монгол Улсын 2012 оны төсвийн хүрээ, 2013-2014 оны төсвийн төсөөллийн үзүүлэлтүүдийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагуудыг хангахаар дараах байдлаар тооцсон болно.
1. Нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцсон байдал
Нийт орлого 2012 2013 2014
  Нийт  орлого  (тэрбум төгрөг) 4,378.5 4,735.1 4,900.4
  Нийт  тэнцвэржүүлсэн орлого  (тэрбум төгрөг) 4,176.1 4,601.1 4,823.5
  Тогтворжилтийн сан (тэрбум төгрөг) 202.4 134.0 76.9
2. Нэгдсэн төсвийн алдагдлын хувьд
Нийт алдагдал 2012 2013 2014
Сэрэмжлэх түвшин - 2.0% 2.0%
  Нэгдсэн төсвийн алдагдал / ДНБ 6.7% 2.0% 2.0%

3. Нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хувьд
Нийт өсөлт 2012 2013 2014
Сэрэмжлэх түвшин (ДНБ) 9.4% 11.8% 11.7%
  Тухайн жилийн нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хувь нь тухайн жилийн эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хувь, тухайн жилийн өмнөх дараалсан 12 жилийн эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн дунджийн аль ихээс хэтрэхгүй байх; 7.3% -1.1% 1.4%

4. Улсын өрийн хувьд
  Улсын өрийн тогтвортой байдлын үзүүлэлтүүд 2012 2013 2014
Сэрэмжлэх түвшин 60.0% 50.0% 40.0%
Улсын өр / ДНБ 51.9% 42.9% 35.0%
Улсын (ӨҮЦ) / ДНБ 39.3% 32.5% 26.5%
  Засгийн газрын баталгааг хамааруулахгүйгээр тооцсон улсын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдэл нь 2014 оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй байх. - - 32.2%
Дээрх тооцооноос дүгнэхэд Монгол Улсын 2012 оны төсвийн хүрээ, 2013-2014 оны төсвийн төсөөллийн үзүүлэлтүүдийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагуудыг бүрэн хангасан байхаар тооцлоо.


No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...