Thursday

Сангийн сайдын 2007 оны 11 дугаар тушаал


МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2007 оны 1 дугаар сарын 10-ны өдөр    Дугаар 11                             Улаанбаатар хот

Журам батлах тухай

Монгол Улсын Нэгдсэн төсвийн тухай хуулийн 6.1.3, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 8.1.4 дэх заалтыг үндэслэн, мөн хуулийн 13.3, 13.7 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. “Төсвийн байгууллагын үйл ажиллагааны нэмэлт орлого болон зардлын хэмнэлтийг тооцох, зарцуулах, тайлагнах  журам”-ыг нэгдүгээр хавсралтаар, “Төсвийн байгууллагын үйл ажиллагааны нэмэлт орлого, зардлын хэмнэлтийг тооцох хүснэгт”-ийг хоёрдугаар хавсралтаар тус тус  баталсугай.

2.  Нэгдсэн төсвийн урьдчилсан гүйцэтгэлд үндэслэн үйл ажиллагааны нэмэлт орлого болон зардлын хэмнэлтээс улсын болон орон нутгийн төсвийн байгууллагад зарцуулах эрх олгох хөрөнгийн хувь хэмжээг тогтоох саналыг боловсруулж дараа оны 3 дугаар сарын 1- ний дотор батлуулж байхыг Төсвийн бодлого, зохицуулалтын газар /Б.Батжаргал/, Төрийн сангийн газар /Х.Пүрэвсүрэн/-т даалгасугай. 

3. Энэ журам батлагдсантай холбогдуулан Сангийн сайдын 2006 оны 201 тоот тушаалын 1 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

4. Тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төсвийн бодлого, зохицуулалтын газар (Б.Батжаргал), Төрийн сангийн газар (Х.Пүрэвсүрэн), Аймаг, нийслэлийн Санхүү эдийн засаг, төрийн сангийн хэлтсүүдэд тус тус даалгасугай.



САЙД                                          Н.БАЯРТСАЙХАН








Сангийн сайдын 2007 оны 1 дүгээр сарын 10- ны
өдрийн 11 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
НЭМЭЛТ ОРЛОГО БОЛОН ЗАРДЛЫН ХЭМНЭЛТИЙГ
ТООЦОХ, ЗАРЦУУЛАХ, ТАЙЛАГНАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл

1. ”Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 7 дахь заалтыг хэрэгжүүлэх, төсвийн байгууллагуудын төсвийн зарлагыг хэмнэх, нэмэлт орлого олох боломжийг бүрэн ашиглах сонирхлыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн эцсийн үр дүнтэй төсвийн санхүүжилтийг уялдуулахад энэ журмын зорилго оршино.
2. Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэлтийн гэрээний биелэлт, санхүүгийн үзүүлэлтүүдийн гүйцэтгэлийг үндэслэн дараагийн төсвийн жилд нэг удаа тооцож, шаардлага хангасан төсвийн байгууллагад нэмэлт орлого, зардлын хэмнэлтийн зохих хувийг зарцуулах эрх олгох, түүнийг захиран зарцуулах, тайлагнахад энэхүү журмыг мөрдөнө.
3. Энэ журам нь улсын болон орон нутгийн төсөвтэй харьцдаг бүх төсөвт байгууллагад хамаарна.
4. Төрийн сангийн газар төсөвт байгууллагын улирал тутмын санхүүжилтийн эрхийг нээхдээ сарын мэдээ, өр, авлага болон бараа материалын дансны үлдэгдлийг харгалзан үзсэний үндсэн дээр улирал тутмын төсвөөс олгох санхүүжилтийн хэмжээг тооцож олгоно.
Хоёр. Үйл ажиллагааны нэмэлт орлого,
зардлын бодит хэмнэлтийн тухай
А.Нэмэлт орлого
5. Төсвийн байгууллагын нэмэлт орлого гэж төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан нэмэлт гэрээг биелүүлэх явцад үүссэн төсвийн байгууллагын төлөвлөгөөнөөс давсан өөрийн үйл ажиллагааны орлогыг хэлнэ.
6. Төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийн байгууллага гэрээний дагуу бүтээгдэхүүн нийлүүлэх явцад хуулийн хүрээнд төлбөртэй ажил, үйлчилгээ гүйцэтгэж олсон орлогыг төсвийн байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлого гэнэ.
7. Дараах шаардлагыг хангасан тохиолдолд төсвийн байгууллага нэмэлт орлого
олж болно:
а/ Төсвийн ерөнхийлөн захирагч урьдчилан бичгээр зөвшөөрсөн;
б/ Санхүүгийн болон бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайланд зохих ёсоор тусгасан байх;
в/ Байгууллагын хөрөнгийг зориулалт бусаар ашиглаагүй, ажилтныг үүрэгт ажлаас нь хөндийрүүлээгүй байх.
8. Төсвийн тухай хууль болон Татварын ерөнхий хуульд заасны дагуу бүх шатны төсөвт зохих хууль тогтоомжийн дагуу бүрдүүлэн хуримтлуулж байгаа татвар, төлбөр, хураамж, хүү, торгууль болон гадаад, дотоод бусад эх үүсвэрээс бүрдэх орлогын төлөвлөгөөнөөс давсан орлогыг нэмэлт орлогод тооцохгүй.
9. Тухайн байгууллагаас үзүүлж байгаа ажил, үйлчилгээний үнэ, тариф, хураамжийн хэмжээ, валютын ханш өссөнтэй холбоотойгоор үүссэн нэмэлт орлого, орлогыг үндэслэлгүй дутуу төлөвлөснөөс давсан нэмэлт орлого болон он дамжиж дансанд орсон авлагын дүнг энэ журмын 5 дахь заалтад заасан нэмэлт орлогод хамааруулж тооцохгүй.
10. Төсвийн байгууллагын ерөнхий менежер нь гэрээнээс гадуур нийлүүлэх нэмэлт бүтээгдэхүүний гэрээг тухай бүр төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулж, зөвшилцөх бөгөөд энэ нь тухайн байгууллагын нэмэлт орлого олсон үндэслэл болно.
Б. Зардлын хэмнэлт
11. Төсвийн байгууллага төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний дагуу бүтээгдэхүүн нийлүүлэх явцад өөрийн үйл ажиллагаатай шууд хамааралтайгаар зардлыг хэмнэж бүтээгдэхүүний өртгийг хямдруулснаас гарсан хэмнэлтийг тухайн байгууллагын зардлын хэмнэлт гэж үзнэ.
12. Зардлын хэмнэлтэд дараах үндэслэлээр гарсан хэмнэлтийг оруулахгүй. Үүнд:
а/ Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээгээр нийлүүлэх бүтээгдэхүүнийг бүрэн нийлүүлээгүй, нийлүүлсэн боловч тоо, чанарын үзүүлэлтийг
хангаагүйгээс гарсан зардлын хэмнэлт;
б/ Хувьсах зардлын нормативаар тооцогдсон үйл ажиллагааны үндсэн үзүүлэлт буурсантай холбогдон гарсан зардлын хэмнэлт /ерөнхий боловсролын сургуулийн сурагч, оюутны тоо, гэх мэт/;
в/ Олон улсын байгууллагын гишүүний татвар, хандив
г/ Цалин, НДШ-ийн зардлын хэмнэлт;
д/ Төвлөрсөн арга хэмжээний зардлын зарцуулагдаагүй үлдэгдэл.

Гурав. Нэмэлт орлого, зардлын хэмнэлтийг
тооцох, зарцуулах зориулалт

13. Төсвийн байгууллагын ерөнхий менежер нь төсвийн ерөнхийлөн захирагчтай
байгуулсан гэрээний дагуу бүтээгдэхүүн нийлүүлэх явцад олсон нэмэлт орлого, зардлын хэмнэлтийг энэ журмын дагуу тооцож, жилийн эцсийн санхүүгийн болон бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайлангийн хамт төсвийн ерөнхийлөн захирагчид дараа оны 2 сарын 1-ний дотор хүргүүлнэ.
14. Төсвийн байгууллагын ерөнхий менежер нь нэмэлт орлого олсон болон зардлыг хэмнэсэн тухай үндэслэл, шалтгааныг тодруулахын тулд дараах материалыг бүрдүүлж, энэ журмын 13-д заасан материалд хавсаргасан байна. Үүнд:
а/ Төсвийн байгууллагын ерөнхий менежерээс бүтээгдэхүүн нийлүүлэх талаар
төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хуулбар;
б/ бүтээгдэхүүний өртгийг хямдруулах талаар зохион байгуулсан ажил, хүрсэн
үр дүнгийн тухай тайлбар, танилцуулга, тооцоо;
в/ хувьсах зардлын нормативаар тооцогдсон үйл ажиллагааны үндсэн
үзүүлэлтийн төлөвлөгдсөн болон гүйцэтгэлийн зэрэгцүүлэлт;
г/ өр, авлагын жагсаалтыг зардлын зүйлээр гаргаж, тооцоо нийлсэн акт
д/ нэмэлт орлого болон зардлын хэмнэлтийг зарцуулах зориулалтаар нь заасан хүснэгт.
15. Төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамрагдаж бүтээгдэхүүн нийлүүлэлтийн гэрээ байгуулсан бүх төсвийн байгууллагын нэмэлт орлого болон зардлын хэмнэлтийг аудитаар баталгаажуулсан үр дүнгийн тайланд үндэслэн хянаж, тухайн байгууллагын ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээг дүгнэж, нэмэлт орлого, зардлын хэмнэлтийн тооцоо, зарцуулах хүсэлтийг байгууллага бүрээр хавсралт маягтаар гаргаж Сангийн яамны Төрийн сангийн газар болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засаг, төрийн сангийн хэлтэст 3 сарын 1-ний дотор хүргүүлнэ.
16. Төрийн сангийн газар нь төсвийн ерөнхийлөн захирагчдаас ирүүлсэн төсвийн байгууллагуудын нэмэлт орлого, зардлын хэмнэлтийг зарцуулах талаарх хүсэлтийг тухайн төсвийн байгууллагын жилийн эцсийн санхүүгийн тайлан, тэнцэл,
төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээ, өр, авлагын тайлантай уялдуулан хянаж, саналаа дээрх хүсэлтийн хамт Төсвийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлнэ.
17. Төсвийн ерөнхийлөн захирагчдаас ирүүлсэн нэмэлт орлого, зардлын хэмнэлтийг зарцуулах тухай хүсэлт, холбогдох материалыг журмын дагуу хянан үзсэний үндсэн дээр нэмэлт орлого, зардлын хэмнэлтийг зарцуулах эрхийг улсын төсөвтэй харьцдаг байгууллагын хувьд Сангийн сайдын тушаал, орон нутгийн төсөвтэй харьцдаг байгууллагуудын хувьд аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар олгоно.
18. Орон нутгийн төсөвтэй харьцдаг төсвийн байгууллагуудад олгосон нэмэлт орлого, зардлын хэмнэлтийг зарцуулах эрх олгосон тухай мэдээ, холбогдох материалыг Засаг даргын захирамж гарснаас хойш 14 хоногийн дотор Сангийн яамны Төсвийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлнэ.
19. Төсвийн байгууллага нь нэмэлт орлого болон зардлын хэмнэлтээс буцаан олгосон хөрөнгийг дараах зориулалтаар зарцуулах бодлогыг баримтлана. Үүнд:
I. өмнөх онуудаас хуримтлагдсан өр, төлбөрийг барагдуулах;
II. ажилтнаа сургах, давтан сургах;
III. ажлын үр дүнгээр ажилтнуудыг урамшуулах, тэдний нийгмийн асуудлыг
шийдэх;
IV. байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах бусад арга хэмжээ
20. Хөрөнгө оруулалт, их засварын зардлын хэмнэлтийн буцаан олголтыг зөвхөн
хөрөнгө оруулалтын арга хэмжээнд зарцуулна.
21. Дээрх бодлогын хүрээнд төсвийн байгууллага нь нэмэлт орлого, зардлын хэмнэлтийн хөрөнгийн зарцуулалтыг хамт олны өргөтгөсөн хурлаар хэлэлцэж, шийдвэрлэвэл зохино.

Дөрөв. Нэмэлт орлого, зардлын хэмнэлтийг
зарцуулах эрх олгох
22. Төсөвт байгууллагууд нэмэлт орлого болон зардлын хэмнэлтээс зарцуулах зөвшөөрлийг улсын төсвийн байгууллагуудын хувьд Сангийн сайдын тушаалаар, орон нутгийн төсвийн байгууллагуудын хувьд аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар жилд нэг удаа буюу дараа оны 6 сарын 1-ний дотор олгоно.
23. Төсвийн байгууллагад олгох нэмэлт орлого болон зардлын хэмнэлтээс олгох хөрөнгийн дүн нь тухайн байгууллагын жилийн эцсийн дансны үлдэгдлээс ихгүй байна.
24. Төсвийн байгууллагын олгох нэмэлт орлого болон зардлын хэмнэлтийн нийт тухайн байгууллагын жилийн эцсийн дансны үлдэгдлээс их байвал үүний учир, шалтгааныг тодруулсан тайлбар, баримтыг харъяа Төрийн сангаас гаргуулж, нэмэлт орлого, зардлын хэмнэлтийг авах хүсэлтэд хавсаргана.
25. Төсвийн байгууллага Төрийн сангаас гадуур банкинд данс нээсэн, кассаар хийгдэх ажил гүйлгээ, жижиг мөнгөн сангийн үлдэгдлийг байвал зохих хэмжээнээс хэтрүүлсэн нь баримтаар нотлогдвол тухайн төсвийн байгууллагад нэмэлт орлого, зардлын хэмнэлтийг олгохгүй.
26. Төсвийн байгууллагын оны эцсийн дансны үлдэгдлээс нэмэлт орлого, зардлын хэмнэлтийг буцаан олгосны дараа үлдсэн хөрөнгийг Төрийн сангийн газар нэмэлт орлого, зардлын хэмнэлтийг буцаан олгох тухай тушаал, шийдвэр гарснаас хойш 7 хоногийн дотор улсын төсөвт төвлөрүүлнэ.

Тав. Бусад зүйл

27. Төсвийн байгууллага нь үйл ажиллагааны орлого, зардлын гүйлгээг зөвхөн Төрийн санд байрших өөрийн харилцах дансаар хийнэ.
28. Төсвийн байгууллага нь Төрийн сангаас гадуур данс нээх, байгууллагын касст
тогтоосон хэмжээнээс илүү хэмжээний бэлэн мөнгөний үлдэгдэлтэй байхыг хориглоно.
29. Төсвийн байгууллагад олгосон өмнөх оны нэмэлт орлого, зардлын хэмнэлтийн зарцуулалтыг тухайн тайлант оны санхүүгийн болон үр дүнгийн тайланд тусгана. Мөн буцаан олгосон нэмэлт орлого, зардлын хэмнэлтийн зарцуулалтын талаар санхүүгийн тайлангийн тодруулгад тусгана.
30. Улсын болон орон нутгийн төсвийн байгууллагуудад өмнөх оны нэмэлт орлого, зардлын хэмнэлтийг буцаан олгосон ажлын үр дүнг Төсвийн бодлого, зохицуулалтын газар Сайдын зөвлөлийн хуралд 7 сарын 15-ний дотор
танилцуулна.
__










Сангийн сайдын 2006 оны 1 дугаар
сарын 10-ны өдрийн 11 дугаар
тушаалын хоёрдугаар хавсралт

Төсөвт
байгууллагын
нэр
Урсгал
зардлын
батлагдсан
төсөв
Урсгал
зардлын
гүйцэтгэл
Зөрүү
Урьд
оны
өрийг
бараг-
дуул-
сан дүн
Журмын
дагуу
хэмнэл-тэнд
тооцог-
дохгүй
зардлын
хэмнэлтүүд
Зардлын
хэмнэлт
нийт дүн
Төлөв-
лөгөө-
нөөс
давсан
нэмэлт
орлогын
дүн
Үнэ, тариф,
хураамжийн
хэмжээ
нэмэгдсэн-тэй
холбогдон
орсон орлого
Төлөв-
гөөнөөс
давсан
нэмэлт
орлогын
тохируул
-сан дүн
Нэмэлт
орлого,
зардлын
хэмнэлтий
н дүн
Оны
эцсийн
авлагын
дүн
Оны
эцсийн
өглөг-
ийн дүн
A
1
2
1-2=3
4
5
3+4-5=6
7
8
7-8=9
6+9=10




























Төсвийн байгууллагын үйл ажиллагааны нэмэлт орлого, зардлын хэмнэлтийг тооцох хүснэгт

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...