Monday

Цэцэрлэгийн багш уртасгасан цагаар ажиллаж болох заалт бий

БСШУЯ-ны ЕБГ-ийн сургуулийн өмнөх боловсролын бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтний өгсөн мэдээллийг  сонирхуулья

 

Цэцэрлэгийн багш уртасгасан цагаар ажиллаж болох заалт бий

2011 оны 8-р сарын 26
Цэцэрлэгийн багш уртасгасан цагаар ажиллаж болох заалт бий
-Энэ жил улсын хэмжээнд 33 цэцэрлэг ашиглалтад орно-

Сүүлийн үед эцэг, эхчүүд хүүхдийнхээ боловсролд их анхаардаг болсон. Үүнийг дагаад сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж буй багачуудын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Манайд жил бүхэн шинээр цэцэрлэг, сургууль ашиглалтад ордог ч хүрэлцээ төдийлөн сайн биш. Энэ жил цэцэрлэгийн хүртээмж хэр байгаа, улсын цэцэрлэгүүд уртасгасан цагаар ажиллах боломжтой эсэх талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Ерөнхий боловсролын газрын ахлах мэргэжилтэн Ж.Мягмартай ярилцлаа.


-Шинэ хичээлийн жил эхлэхэд цөөн хоног үлдлээ. Бэлтгэл хэр хангагдаж байна. Шинээр хэдэн цэцэрлэг ашиглалтад орсон бэ?
-Улсын хэмжээнд өнгөрсөн жил 29 цэцэрлэгийг шинээр байгуулж 3000 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулсан. Энэ онд шинээр 33 цэцэрлэгийг ашиглалтад оруулна. Эдгээр цэцэрлэг ашиглалтад орсноор 3180 хүүхдийг хүлээж авах боломжтой болж байна.

-Одоогоор хэчнээн цэцэрлэг ажиллаж байна?

-Улсын хэмжээнд 852 цэцэрлэгт 140 гаруй мянган хүүхэд хүмүүжиж байгаа. Үүнээс 735 нь улсын цэцэрлэг. Харин хувийн 117 цэцэрлэгт 6292 хүүхэд хамрагдсан тоо бий. Хувийн арав гаруй цэцэрлэг нийслэлд ажиллах зөвшөөрөл авсан.

-Цэцэрлэг хангалтгүй байгаа тухай жил болгон яригддаг. Ер нь цэцэрлэгийн насны хүүхдийн хэдэн хувь нь цэцэрлэгт хамрагдаад байгаа вэ?
-Жил бүхэн шинээр цэцэрлэг байгуулж байгаа ч хангалтгүй байгаа нь үнэн. Энэ нь хүн амын төвлөрөл нийслэлд бий болж, төрөлт ихэссэнтэй холбоотой юм. Сургуулийн өмнөх насны хүүхдийн 77.2 хувийг сургуулийн өмнөх боловсролд хамруулж байгаа.

-Цэцэрлэгийн хүрэлцээнээс гадна улсын цэцэрлэгийн цагийн хуваарийг уртасгах хүсэлтэй эцэг, эхчүүд олон байдаг. Илүү цагаар ажиллах боломж байдаг уу?

-Хуульд илүү цагаар ажиллах заалт бий. Цэцэрлэгийн зөвлөлөөр хэлэлцэж, илүү цагийн мөнгө хэд байхыг тогтоож болно.

-Эцэг, эх тухайн цэцэрлэгтэй тохироод илүү цагийн цалин өгч, цагийг уртасгаж болно гэсэн үг үү?
-Энд нэг бэрхшээл бий. Манай цэцэрлэгийн багш нарт цайны цаг гэж байдаггүй. Өглөөний 08.00-18.00 цаг ажиллахад арван цаг болдог. Төрөөс илүү цагийн мөнгө гэж төлдөггүй байсан. Харин одооноос нэг цагийн мөнгө төлж байгаа. Бид үүнийг хоёр цаг болгохоор ярьж байна. Үүнээс илүү гарсан мөнгийг эцэх, эх төлөөд явж болно.

-Улсын цэцэрлэгүүдийн цагийн хуваарийг өөрчлөх талаар яамнаас ямар нэг ажил хийж байгаа юу?

-Энэ жилийн хувьд цэцэрлэгүүдийг наад тал нь 08.00-18.00 цаг хүртэл ажиллуулах бодлого барьж байгаа. Уртасгасан цагтай холбоотой гарсан илүү цагийн зардлыг төр хариуцана. Харин багш эцэг, эх хоорондоо хэлэлцэж чадвал 18.00 цагаас хойших зардлыг эцэг, эх хариуцна.

-Нэг ангид хэдэн хүүхэд байх стандарттай юм бэ?
-Цэцэрлэгийн бага ангид 20, дунд ангид 25 хүүхэд байх ёстой. Нэг ангид үндсэн болон туслах багштай байна гэж заасан байдаг.

-Бүртгэлийн хураамж болгож цэцэрлэгүүд хүүхэд бүртгэхдээ 10-50 мянган төгрөг авч байгаа гэж эцэг, эхчүүд багагүй гомдол гаргадаг?
-Асуудал бодит байдал дээр ямар байгааг шалгаж, хяналт тавих ажлыг Мэргэжлийн хяналтын газар хийдэг. Тэд хяналт, шалгалт хийсний үндсэн дээр тусгай дүгнэлт гаргадаг. Тэр дүгнэлтэд үндэслэн яам хот, хөдөөгийн боловсролын газрууд юу хийх ёстой вэ гэсэн бодлого боловсруулдаг юм.

-Энэ жил боловсролын яам сургалтын шинэ стандартыг гаргаж байгаа. Онцлог нь юу вэ?
-Бага насны хүүхдийн хөгжлийн стандартыг үндэсний стандарт хэмжил зүйн газраар боловсруулж, батлууллаа. Шинэчилсэн стандартын гол онцлог бол 2-5 насны хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжилд тухайн насандаа ямар байх ёстойг тодорхойлсон. Ингээд хүүхдийн тухайн хөгжилд тохируулаад эцэг, эх ямар туслалцаа багшид өгөх ёстойг нарийн заасан. Шинээр гаргасан стандартыг зөвхөн цэцэрлэгийн багш төдийгүй эцэг, эх хамтран хэрэгжүүлж байж үр дүнд хүрнэ. Ер нь хүүхдийг сурч, боловсроход багш, эцэг, эхийн харилцаа чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг тодотгосон.

Д.Гэрэлцэцэг
Эх сурвалж: www.news.gogo.mn

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...