БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР БАКАЛАВР БОЛОН МАГИСТР ОЮУТАН СУРАЛЦУУЛНА
Монгол Улс, Бүгд
Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хооронд байгуулсан боловсролын
салбарт хамтран ажиллах хөтөлбөрийн дагуу Энэтхэгийн Засгийн газраас
Монгол Улсын иргэдэд олгох тэтгэлгийн тоо 2012-2013 оны хичээлийн жилд
нэмэгдэн 50 хүртэл оюутныг Энэтхэгийн их, дээд сургуульд тэтгэлэгтэй
суралцуулах боломжтой боллоо. Энэтхэгийн их, дээд сургуулиуд
суралцагчдад англи хэл дээр суралцах чадвартай байх шаардлагыг тавьдаг
болно.
Энэтхэгийн их, дээд сургуулийн бакалавр болон магистрын сургалтад тэтгэлэгтэй суралцуулах шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэд бакалаврын сургалтад хамрагдах шалгаруулалтад оролцох эрхтэй бөгөөд 2012 оны 1 дүгээр сарын 26-ны дотор өөрийн суралцаж буй сургуулийн уг асуудлыг хариуцсан ажилтанд бүртгүүлнэ. Сургуулиуд 2012 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 17.00 цагаас өмнө албан ёсоор баталгаажуулсан бүртгэлийн хуудсыг оюутан тус бүрийн шалгалтын хураамж 5000 төгрөгийн хамт БСШУЯ-нд ирүүлнэ.
Бакалавраас доошгүй зэрэгтэй (голч дүн нь 3.0-аас доошгүй) 35 хүртэлх насны Монгол Улсын иргэд магистрын сургалтад хамрагдах эрхтэй бөгөөд 2012 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 10.00-18.00 цагт МУИС-ийн Төв байрны 202 дугаар өрөөнд бүртгэнэ. Иргэний үнэмлэх, бакалаврын диплом, дүнгийн жагсаалт, ажил байдлын тодорхойлолт авч ирэх ба шалгалтын хураамж 10000 төгрөг болно.
Тэтгэлэгт хамрагдахыг хүсэгчдээс англи хэл, мэргэжлийн шалгалт авах бөгөөд шалгалтыг МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхарын уншлагын танхимд зохион байгуулна. Шалгалтанд орохдоо иргэний үнэмлэхээ авч ирэх шаардлагатай.
Англи хэлний шалгалтыг 2012 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 15.00 цагт мэргэжлийн шалгалтыг 2012 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 15.00 цагт тестийн хэлбэрээр авна. Мэргэжлийн шалгалтыг "математик" эсвэл "хими"-ийн аль нэгээр өгөх ба шалгуулагч бүртгэлийн үед өөрөө сонгосон байна. Хоёр шалгалтын нийлбэр онооны дарааллаар жагсаан хамгийн өндөр оноо авсан хүмүүсээс хяналтын тоонд багтаан ярилцлагад оруулна. Тестийн шалгалтын дүнг 2012 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 15.00 цагт МУИС-ийн 2 дугаар байрны зарлалын самбарт гаргана. Ярилцлагыг Элчин сайдын яамнаас 2012 оны 2 дугаар сарын 2 ба 3 дахь долоо хоногт өөрийн байранд зохион байгуулах ба ярилцлага англи хэл дээр явагдана.
Элчин сайдын яам ярилцлагад тэнцсэн 50 хүртэл хүнийг Энэтхэгийн их, дээд сургуульд суралцуулахаар нэр дэвшүүлнэ. Нэр дэвшигчид Элчин сайдын яаманд хандан Энэтхэгийн их, дээд сургуулиудад элсэх гарын авлагатай танилцаж, зөвлөгөө авах боломжтой. Суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авах сургууль гаргах ба шийдвэр хүлээн авсан хүмүүст БНЭУ-ын Засгийн газраас сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын тэтгэлэг олгоно. Замын зардал болон бусад зардлаа суралцагч өөрөө хариуцна.
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
ЭНЭТХЭГ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
No comments:
Post a Comment