Sunday

Монгол Улсын 2013 оны төсөв

Бүтэн жил хэрэг болох мэдээлэл тул орууллаа. Эх сурвалж: www.iltod.gov.mn
 

Монгол Улсын Их Хурлын 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсөв, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийг баталлаа. Монгол Улсын 2013 оны төсөв нь Төсвийн тухай  хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиудын удирдлага, зарчим, төв орон нутгийн төсвийн харилцааны шинэчлэлтийг бүрэн тусгаж, хуулиар тогтоосон тусгай шаардлагуудад нийцэж боловсруулагдсанаараа онцлогтой юм.
Монгол Улсын 2013 оны батлагдсан төсвөөр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 7,088.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 40.2 хувь, тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн нэгдсэн төсвийн нийт зарлага 7,444.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 42.2 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцэл 356.3 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 2.0 хувьтай байхаар тус тус  тооцогдсон. Үүнд: Улсын төсвийн 2013 оны нийт орлого 5,223.6 тэрбум төгрөгт хүрч, нийт зарлага 5,975.1 тэрбум төгрөгт төлөвлөгдөн улсын төсвийн нийт тэнцэл 751.5 тэрбум төгрөгийн алдагдалтай байна.

 Монгол Улсын 2013 оны төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор Засгийн газраас  812.5 тэрбум төгрөгийн үнэт цаас шинээр гаргаж, өмнөх жилүүдэд гаргасан Засгийн газрын үнэт цаасны үндсэн төлбөрт 421.8 тэрбум төгрөг төлөх бөгөөд  шинээр 497.7 тэрбум төгрөгийн гадаад зээлийг авч ашиглан, өмнөх жилүүдэд авсан гадаад зээлийн үндсэн төлбөрт 84.7 тэрбум төгрөгийг төлнө.
 Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын хувьд 2012 оны төсөвтэй харьцуулахад 1,558.0 тэрбум төгрөг буюу 28 хувиар, нийт зарлага 17 хувиар буюу 1,132.4 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн бол төсвийн алдагдал 2012 онд ДНБ-ний 4.8 хувьтай байсан бол 2013 онд ДНБ-ний 2 хувь болж буурч батлагдлаа. 2013 оны нийт зарлагын 33.3 хувь нь бараа, ажил, үйлчилгээнд, 33.4 хувь нь хөрөнгө оруулалт болон хөрөнгийн бусад зардалд, 6 хувь нь зээл, зээлийн үйлчилгээний төлбөрт зарцуулагдах бол 27.2 хувь нь өрх гэр, хувь хүнд чиглэсэн шилжүүлэгт зарцуулагдана.
             Монгол Улсын 2013 оны төсвийн онцлог
  • Төсвийн бодлого нь макро эдийн засгийг тогтворжуулах үндсэн нэг хэрэгсэл болохын хувьд  төсвийн тогтвортой  байдлыг хангах төдийгүй ,  санхүү, төсвийн харилцааны ил тод байдал, төрийн үйлчилгээний үр ашиг, оновчтой байдлыг хангахад чиглэгдэж, “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль”-д заасан нэгдсэн төсвийн орлого, зарлага, тэнцэл, улсын өрийн талаарх тусгай шаардлагуудыг 2013 оны батлагдсан төсвийн үзүүлэлтүүд бүрэн хангаж байна;
  • Монгол Улсын 2013 оны төсвийн орлогыг “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль”-ийн төсвийн тусгай шаардлагын дагуу тэнцвэржүүлсэн журмаар тооцож, мөн нэгдсэн төсвийн орлогын гурав ба түүнээс дээш хувийг бүрдүүлэх гол нэр төрлийн эрдэс баялгийн үнийг тэнцвэржүүлсэн үнээр тооцсоноор эрдэс баялгийн үнийн хэлбэлзэлийн улмаас төсөвт үзүүлж болзошгүй эрсдэлийг бууруулах юм. Улмаар гол эрдэс бүтээгдэхүүний зах зээлийн үнэ ба тэнцвэржүүлсэн үнийн зөрүүгээс орох 169.8 тэрбум төгрөгийн орлогыг Тогтворжуулалтын санд нэмж хуримтлуулна;
  • Төсвийн орлогын бодлогод татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар татварын хувь, хэмжээг өөрчлөх, эдийн засаг дахь татварын ачааллыг нэмэгдүүлэхгүй байх зарчмыг  баримтална;
  • Бизнесийн орчныг сайжруулах үүднээс татвар, гаалийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор бизнес эрхлэгчдэд учирч байгаа зарим саад бэрхшээлийг арилган, татвар төлөх, тайлагнах үйл ажиллагааг хялбаршуулах замаар татвар төлөгчдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх, түүнчлэн татвар, гаалийн байгууллагын үйл ажиллагааг нийтэд ил тод, нээлттэй болгох арга хэмжээг авч хэрэгжүүлнэ;
  • Далд эдийн засгийг бууруулж, татварын орлогын бааз суурийг нэмэгдүүлэх зорилгоор татвар хураалт, хяналт шалгалтын чанарыг сайжруулж, татварын албаны мэдээллийн баазыг өргөжүүлж ажиллахаас гадна ард иргэдэд татвараа сайн дураараа төлөх, үүрэг хариуцлагаа ухамсарлан биелүүлэх нь сайн иргэн хүний шинж чанар гэж ойлгуулахад чиглэсэн үйл ажиллагааг улам эрчимжүүлэх болно;
  • УИХ-аас Засгийн газарт өгсөн чиглэлийн дагуу Оюу толгой ордын Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах хэлэлцээрийг хийснээр тус компаниас ирэх оноос эхлэн ашигт малтмалын нэмэлт нөөц ашигласны төлбөрийг авах, мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын зарим хөнгөлөлт, чөлөөлөлтийг бууруулах замаар төсвийн орлогыг 445.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр 2013 оны төсөвт тусгагдсан;
  • Улсын төсвийн 2013 оны урсгал зарлага нь төрийн үйлчилгээний хүртээмж, чанарыг бууруулахгүй байхаас гадна  урсгал зардлыг тэлэхгүй байх, 2012 оны төсөвт хийгдсэн огцом тэлэлтийг саармагжуулах, Засгийн газрын байгууллагуудын (гадаад харилцааны яамнаас бусад) гадаад томилолтын зардлыг нэмэгдүүлэхгүй байх, нэн шаардлагатай зардалд инфляцийн тохируулга хийх тухайлбал, зөвхөн боловсрол, эрүүл мэнд, хүчний байгууллагуудын эм, хоолны зардалд үнийн өсөлтийн тохируулга хийх зарчмыг баримтлан төлөвлөгдлөө;
  • 2012 онд цалин дунджаар 53 хувь, тэтгэврийн доод хэмжээ 71.2 хувь, халамжийн тэтгэвэр 1.9 дахин өссөн бөгөөд 2013 онд цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг тогтвортой байлгана;
  • Нийгмийн халамжийн сангаас ядуу өрхөд олгох тэтгэмжийг хоол тэжээлийн хөтөлбөрөөр орлуулж уг хөтөлбөрийн хамрах хүрээ, нэг иргэнд ногдох хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлсэн;
  • Боловсролын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу багш нарыг тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж, хөдөө орон нутгийн тэтгэмжийн зардалд шаардагдах 34.9 тэрбум төгрөг зарцуулагдана;
  • Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын үдийн цай, цэцэрлэгийн хүүхдийн хоол, дотуур байрны хүүхдийн хоолны зардлын нормативыг тус бүр 50 хувь нэмэгдүүлж, нийт 61.4 тэрбум төгрөгийг 2013 онд тус арга хэмжээнд зориулна;
  • Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, мөнгөн урамшил 2013 оны 1 дүгээр сарын 1-ээс эхлэн олгоход нийт 16.5 тэрбум төгрөгийг хуваарилсан ;
  • Шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн захиргааны тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиуд батлагдаж шүүхийн эрх зүйн орчин бүхэлдээ өөрчлөгдөж байгаа тул дээрх хуулиудын хэрэгжилтийг хангахад шаардагдах нийт 38.8 тэрбум төгрөг тус тус  төсөвт батлагдлаа.
  • Ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтын бодлогын онцлог нь Төсвийн шинэ хуулийг хэрэгжүүлж эхлэх, Шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төвлөрлийг сааруулж орон нутгийн бие даасан байдлыг дээшлүүлэх, ялангуяа нийслэл Улаанбаатар хотын дэд бүтэц, агаарын бохирдол, хот төлөвлөлт, иргэдийн нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд бодлогын томоохон арга хэмжээ авахад чиглэгдэж  байна;
  • Эдийн засгийн өсөлт, санхүүгийн өнөөгийн төлөв байдлыг харгалзан Монгол улсын хэмжээнд 2013 онд хэрэгжүүлэх төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг урьд оноос бууруулахгүй, тогтвортой байлгаж, улсын төсвөөс нийт 1,550.2  тэрбум төгрөг, гадаад төслийн зээлээр 369.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ;
Хүний хөгжил сангийн төсвийн талаар
  • Макро эдийн засаг, төсвийн тогтвортой байдлыг дэмжих, бэлэн мөнгөний нийлүүлэлтээс шалтгаалсан эдийн засгийн халалт үүсэхээс сэргийлэх зорилгоор ашигт малтмалын салбараас орох орлогыг хуримтлуулах, баялагийн сангийн хэлбэрээр ажиллуулах бодлогын хүрээнд Хүний хөгжил сангийн төсвийн нийт орлого 621.4 тэрбум төгрөг, нийт зарлага 284.2 тэрбум төгрөгөөр, тэнцэл 337.2 тэрбум төгрөгийн ашигтай байхаар батлагдсан бөгөөд 49.8 тэрбум төгрөгийг сандаа хуримтлуулна;
  • Хүний хөгжил сангийн 2013 оны төсвөөс төр хариуцах иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэлд нийт 12.2 тэрбум төгрөг төлөх бол иргэдэд бэлэн мөнгө хэлбэрээр олгох хишиг, хувийг нөхөж олгоход 32.0 тэрбум төгрөг,  0-18 хүртэлх насны хүүхэд бүрт сар тутам 20.0 мянган төгрөг олгох арга хэмжээнд нийт 1.0 сая орчим хүүхэд хамрагдаж, тус арга хэмжээнд бэлэн мөнгөөр 240.0 тэрбум төгрөг зарцуулна.
Орон нутгийн төсвийн талаар 
  • Төв болон орон нутгийн төсвийн харилцаанд санхүүгийн дэмжлэг, орлогын болон тусгай зориулалтын шилжүүлгийн шинэ механизмыг  2013 оны төсөвт нэвтрүүлснээр, орон нутгийн төсөв санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, төвлөрлийг сааруулах шинэчлэлтийг хэрэгжүүлнэ;
  • Төв орон нутгийн төсвийн шинэ харилцаанд шилжсэнээр 2013 оны орон нутгийн төсвийн нийт орлого 1,828.9 тэрбум төгрөг,  нийт зарлага 1,873.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 10.6 хувьд хүрсэн бол, энэ нь 2012 оны орон нутгийн төсвийн орлого, зарлага 4.7 хувь байсантай харьцуулахад орон нутгийн төсөв 2.5 дахин тэлсэн байна;
  • Улсын төсвөөс 17 аймгийн төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд 2013 онд 152.0 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгож, төсвийн тэнцэл нь ашигтай гарсан 4 аймаг, нийслэлийн суурь төсвийн ашгаас суурь зарлагатай тэнцэх дүнг буюу 209.5 тэрбум төгрөгийг тэдгээрт үлдээн, Өмнөговь, Улаанбаатар, Орхон аймгуудын суурь зарлагаас давсан ашиг нийт 29.9 тэрбум төгрөгийг Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлж, аймаг нийслэлд дахин хуваарилж байна;
  • Төсвийн тухай хуульд заасны дагуу сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, соёлын үйлчилгээ, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ, газрын харилцаа, кадастр, хүүхдийн хөгжил хамгааллын үйлчилгээ, нийтийн биеийн тамирын үйлчилгээг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэхэд зориулж нийт  792.7 тэрбум төгрөгийн санхүүгийн  эх үүсвэрийгт орон нутагт  шилжүүллээ;
  • 2013 оноос орон нутгийн хөгжлийг дэмжих “Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан”-тай болох төдийгүй аймаг, нийслэл, сум, дүүрэг тус бүр өөрийн “орон нутгийн хөгжлийн сан”-тай болж байна.  Уг сангаас нийтдээ 247.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, хөтөлбөр төсөл арга хэмжээг 2013 онд  орон нутагт хэрэгжүүлнэ;
  • Орон нутгийн хөгжлийн нэгдсэн  сан нь дотоодын Нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын 25 хувь, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын 5 хувь болон хуульд заасан бусад эх үүсвэрээс бүрдэх бөгөөд орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас орон нутгийн хөгжлийн санд орлогын шилжүүлэг тооцож олгохдоо төсвийн хуульд заасан  орон нутгийн хөгжлийг харуулах макро эдийн засгийн үзүүлэлтүүдэд үндэслэн тусгай аргчлалын дагуу хуваарилна;
  • Орон нутгийн төсвийн бие даасан байдлыг хангах зорилтын хүрээнд 2013 оноос орон нутгийн төсвийн орлогыг “суурь орлого”-оор буюу Улсын Их Хурлаас баталсан татварын хувь, хэмжээний доод хязгаараар тооцож эхэлсэн. Тухайн орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал орон нутгийнхаа онцлог байдалтай уялдуулан хуулиар эрх олгогдсон зарим татварын хувь хэмжээг өөрөө тогтоох бөгөөд татварын хувийг өсгөснөөс нэмж төвлөрөх нийт 33.1 тэрбум  төгрөгийн орлогыг орон нутаг хөгжлийн санд төвлөрүүлж, зарцуулах боломжтой болж байна. 
Хууль эрх зүйн орчны шинэчлэлтийн талаар
–        Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль (хадгаламжийн хүүд татварт ногдуулах тухай): Хуулийн дагуу 1 банкинд 1 хадгаламж эзэмшигчийн 100.0 сая төгрөгөөс дээшхи хэмжээний 1 жилээс бага хугацаатай буюу богино хугацаатай болон хугацаагүй хадгаламжийн хүүгийн орлогод албан татвар ногдуулах, бусад аливаа тохиолдолд хадгаламжийн хүүгийн орлогод ногдох албан татвар чөлөөлөгдөнө. Өөрөөр хэлбэл, урт хугацаагаар ихээхэн хэмжээний хадгаламж байршуулж хүү олох, өөр өөр банкуудад хуваан байршуулах, 100 сая төгрөгөөс бага хэмжээгээр мөнгөн хөрөнгөө хадгалуулах зэрэгт 2016 он буюу 3 жилийн хугацаанд албан татвар ногдуулахгүй юм.
–        Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль: Газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах талаар Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу газрын тостой холбоотой үйл ажиллагаанд зориулан импортолсон техник, тоног төхөөрөмж, материал, түүхий эд, сэлбэг хэрэгсэл, автобензин, дизелийн түлшийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж байсныг газрын тосны салбарт оруулж буй хөрөнгө оруулалтыг богино хугацаанд үр ашигтай хийлгэх, Засгийн газарт ногдох үр ашгийн хугацааг наашлуулах зорилгоор энэхүү чөлөөлөлтийн заалтыг хүчингүй болголоо. 
–        Зарим давхар татварын гэрээ, хэлэлцээрийг хүчингүй болгосон хуулийн талаар: Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, томоохон төсөл арга хэмжээ хэрэгжиж, үндэстэн дамнасан компаниуд Монгол Улсад үйл ажиллагаа эрхлэх нь хурдацтай нэмэгдэж буй өнөө үед давхар татварын гэрээний зарим заалтуудын улмаас Монгол Улс олон тэрбум төгрөгөөр илэрхийлэгдэх татварын орлогоо алдаж буй байдалд дүгнэлт хийж, яаралтай арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлага тулгарсан. Иймд Засгийн газраас Монгол Улсын хувьд хамгийн эрсдэлтэй давхар татварын гэрээнүүд болох Кувейт, Люксембургийн Вант Улс, Нидерландын Вант Улс болон Арабын Нэгдсэн Эмират улсуудтай байгуулсан давхар татварын гэрээнүүдийг дангаар цуцлах тухай хууль батлагдлаа.
Монгол Улсын 2013 оны төсвийн дэлгэрэнгүй тооцоо, хавсралтуудыг доорх холбоосуудаас татаж авна уу.

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...