Thursday

ТУРК, ВЬЕТНАМ, ЛАОС, КАЗАКСТАН УЛСАД ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА

ТУРК, ВЬЕТНАМ, ЛАОС, КАЗАКСТАН УЛСАД
ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА

Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу 2011-2012 оны хичээлийн жилд Бүгд Найрамдах Турк Улс /БНТУ/, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс /БНСВУ/, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс /БНАЛАУ/, Бүгд Найрамдах Казакстан Улс /БНКУ/-д тухайн улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулна. Үүнд:


·      БНТУ-д 20 бакалавр оюутныг уул уурхай (5), хөнгөн үйлдвэр (5), хүнс, хөдөө аж ахуй (5) болон байгалийн ухаан (5), мөн 10 магистрант, 10 докторантыг техникийн ухаан (4), байгалийн ухаан (3), нийгмийн ухаан (3),

·      БНСВУ-д 15 бакалавр оюутныг инженер технологи (6), хүнс, хөдөө аж ахуй (4) байгалийн ухаан (5),

·      БНАЛАУ-д 8 бакалавр оюутныг инженер технологи (4), хүнс, хөдөө аж ахуй (4),

·      БНКУ-д 4 бакалавр оюутныг инженер технологи (2), хөдөө аж ахуй (2)-н чиглэлээр тус тус шалгаруулж, Засгийн газрын тэтгэлэгт нэр дэвшүүлнэ.

Тавигдах шаардлага, бүртгэл

Бакалаврын сургалтад хамрагдахыг хүсэгчид нь Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид дээрх мэргэжлийн чиглэлээр 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэд байна. Бүртгэлийг их, дээд сургууль  хариуцан  хийнэ.  Их сургууль  нэг хуваарь  дээр 6 хүртэл,  дээд сургууль,  коллеж 3 хүртэл оюутныг урьдчилан шалгаруулж, шалгалтанд орох оюутны нэрсийг сургуулийн захирлын албан бичгээр оюутан тус бүрийн шалгалтын хураамж 5000 төгрөгийн хамт 2011 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газарт ирүүлнэ.

Магистрантурт суралцахыг хүсэгчид нь суралцах чиглэлээрээ 3,0-аас доошгүй голч дүнтэй бакалаврын зэрэгтэй, 35 хүртэлх насны, докторантурт суралцахыг хүсэгчид нь 3,0-аас доошгүй голч дүнтэй магистрийн зэрэгтэй, эрдэм шинжилгээний ажлын туршлагатай 40 хүртэлх насны Монгол Улсын иргэд байна. Магистрантур, докторантурын шалгалтад орох хүмүүс доор дурдсан баримт бичгийг бүрдүүлэн 2011 оны 4 дугаар сарын 18-ны өдөр 10.00-17.00 цагт Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийн 2 дугаар байрны 101 тоот өрөөнд бүртгүүлнэ. Үүнд: Иргэний үнэмлэх болон Бакалавр/Магистрын диплом, дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар; Ажил байдлын тодорхойлолт /эх хувь/; Шалгалтын хураамж 10000 төгрөг.

Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу гадаадын аль нэг оронд суралцуулах сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн орны Засгийн газарт материал нь хүргэгдсэн бол энэ шалгалтанд оруулахгүй болно.

Сонгон шалгаруулалт

Сонгон шалгаруулалт нь англи хэлний шалгалт, мэргэжлийн шалгалт гэсэн хоёр үе шаттай байна. Мэргэжлийн шалгалт нь математик, химийн шалгалт байх бөгөөд бүртгэлийн үед шалгуулагчийн суралцах мэргэжлийн чиглэлээс хамаарч сонгоно.

Шалгалтыг МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхарын уншлагын танхимд зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Шалгалтанд иргэний үнэмлэхгүй хүнийг оруулахгүй.

Англи хэлний шалгалтыг 2011 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 14.00 цагт тестээр авч, шалгалтын дүнг 4 дүгээр сарын 23-ны өдрийн 12.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт байрлуулна.

Мэргэжлийн шалгалтыг 2011 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн 10.00 цагт тестийн хэлбэрээр авна. Мэргэжлийн шалгалтын дүн болон сонгон шалгаруулалтын нэгдсэн дүнг 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 18.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт байрлуулна.

Шалгалт тус бүрд 60 хувиас дээш оноо авсан шалгуулагчийн 2 шалгалтын нийлбэр оноог мэргэжлийн чиглэл тус бүрээр жагсаан хамгийн өндөр оноо авсан хүмүүсээс хяналтын тоонд багтаан Засгийн газрын тэтгэлгээр суралцуулахаар сонгоно.

Тэтгэлэгт хамрагдахаар шалгарсан хүмүүсийг дээр дурдсан улсуудын их, дээд сургуульд суралцуулахаар нэр дэвшүүлнэ. Суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авах тал гаргана. Хүлээн авагч тал Засгийн газрын тэтгэлгээр суралцагчдын сургалтын төлбөрийг хариуцах ба амьжиргааны тэтгэлэг олгоно. Бусад зардал (замын зардал, эрүүл мэндийн даатгал гэх мэт)-ыг суралцагч өөрөө хариуцна. БНТУ-д суралцах оюутнуудыг хэлний бэлтгэлд хамрагдсаны дараа сурлагын амжилтаар нь жагсааж, цааш суралцах ангид нь хуваарилах тул мэргэжил солигдож болохыг анхаарна уу. 


МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ,
ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

Эх сурвалж: www.edu.gov.mn

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...