Tuesday

“100 ЦЭЦЭРЛЭГ” ХӨТӨЛБӨР ДЭВШҮҮЛЬЕ

/нэгэн нийтлэл Эх сурвалж: www.mongolnews.mn /
Бодоод бодоод олсонгүй

Түүнийг ааваас асуувал

Үүлнээс асуу гэх юм...хэмээн 124 дүгээр цэцэрлэгийн жаалууд шүлэг цээжилж байлаа. Багачуудын дуу нийлүүлэн багшийгаа даган шүлэг хэлэх нь цэцэрлэгийн хашаанд тоглож байсан Нандиа охинд цонхны онгорхой салхивчаар тод сонсогдов. Нандиа тоглоомоо орхиод хүүхдүүдийг дуурайн

Дэлгүүрээс авсан

Ээжийн хөвөн шиг үүлийг

Нар халааж хайлуулаад

Нааш нь бороо оруулдаг байна гэж цээжиллээ.

Охины гэр Чингэлтэй дүүргийн VIII хороонд оршдог. Тус дүүргийн VII, VIII, XI, XII хороо цэцэрлэггүй учраас X хорооны 124, IX хорооны 131 дүгээр цэцэрлэгт ойр хавийн хүүхдүүд шаваастай. Даанч нэг ангид дунджаар 25 хүүхэд л авах хүчин чадалтай учраас аав, ээжүүд нь яаж ч хөөцөлдөөд хүүхдээ цэцэрлэгт оруулж чадалгүй гэртээ цоожлоход хүрдэг. Цоожтой хаалганы цаана өдөржин ганцаар хоцорч буй 80 гаруй мянган хүүхдийн нэг нь Нандиа. Таван настай энэ охин хоёр настай дүүтэйгээ гэртээ үлдээд өдөржин гадаа тоглон, хоолтой хоолгүй өнждөг. Хашааных нь айлын эмээ тэр хоёрыг харж үлддэг нэртэй ч хүүхдүүд нүдийг нь хариулж байгаад гарч явахаа сайн мэднэ. Нандиа дүүгээ дагуулан энэ цэцэрлэгийн гадна ирж, гулсуур, дүүжин даажин дээр нь шавайгаа ханатал тоглоно. Хоолны цаг болоход таваг зөөн гүйлдэх багачуудыг шохоорхон харж, дуу дуулах, шүлэг унших, олуул хөгжилдөн тоглох шуугиан, багшийн ярих үлгэрийг цонхны цаанаас сонсоод бяцхан зүрхэндээ “Би яагаад...” гэсэн гомдол тээж, тэрүүхэндээ атаархана.
ХОЁР, ТАВАН НАСТНУУД ГЭРТЭЭ ҮЛДЭЖ БАЙНА

2011-2012 оны хичээлийн жилд улсын хэмжээнд цэцэрлэгт 170 орчим мянган хүүхэд хүмүүжиж байгаа. Гэхдээ Нандиа болон түүний дүүгийн үеийнхэн 3-4 настнуудаас олон бай гаагаас голдуу хоёртой, тавтай нь гэртээ үлдэж буйг нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн учирлав. Өнгөрсөн жил нийслэлийн 275 цэцэрлэгт 56211 хүүхэд хамрагджээ. Үүнийг өмнөх онтой харьцуулбал цэцэрлэг 19-өөр нэмэгдэж, албанд явах хүүхдийн тоо 7414-өөр өссөн байна. Гэсэн ч энэ тоо дэндүү чамлалттай. Аав, ээжүүд бүгд л амин хайртай үрээ цэцэрлэгт явуулж, сургуулийн өмнөх боловсрол олгохыг хичээдэг. Харамсалтай нь цэцэрлэг цөөн тул олон эцэг эх алаг үрсээ айлд үлдээх, хамаатан садныхаа оюутан сурагчаар харуулах, эмээ өвөөд нь хариуцуулах зэргээр аргацааж орхиод ажилдаа явж байна.

Зарим нь бүр аймшиггүйгээр гэртээ цоожилж байгаа гээч. Малчид малаа өдөржин нүд салгалгүй хариулдаг байхад алаг үрсээ бид цэцэрлэг бариад өгчихгүй, арай хатуу хандаж байна. Монголчууд бүгдээрээ амьдралын боломж сайтай биш. Хэчнээн хүсэвч төлбөртэй цэцэрлэгт хүүхдээ явуулах чадалтай айл хэд билээ. Өнгөрсөн жил төрийн өмчит 174 цэцэрлэгт 48417, хувийн өмчит 101 цэцэрлэгт 7794 хүүхэд хүмүүжсэн гэсэн тоог харьцуулаад хараарай. Улсын нэг цэцэрлэгт 278 хүүхэд явсан байхад хувийнхад 77 жаал ногдож байна. Төрийн нэг цэцэрлэгт хувийнхаас дөрөв дахин олон хүүхэд явж байгаа биз. Хүүхдийн цэцэрлэгийн тоо, хүчин чадал хүрэлцээгүйгээс сургуулийн өмнөх боловсролд хамрагдвал зохих хүүхдийн 34.2 хувь нь эрхээ эдэлж чадахгүй байгаа юм.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зөвхөн Улаанбаатар хотод наад зах нь улсын 31 цэцэрлэг шинээр нэмж барих шаардлагатай гэсэн судалгаа гаргажээ. Нийслэл рүү чиглэсэн их нүүдлийг сааруулж чадахгүй бол нэмж барих цэцэрлэгийн тоогоо улам л өсгөх хэрэгтэй болно. Үүнээс гадна мэргэжлийн байгууллагууд 1970-аад онд ашиглалтад орсон 51 цэцэрлэгийн барилга наад захын газар хөдлөлтийг тэсвэрлэх чадваргүй гэсэн таагүй дүгнэлт гаргасан. Хүүхдүүдээ тийм барилгад өдөржин байлгачихаад “Газар хөдлөхгүй байх” гэж найдаж суух биш. Бэхэлгээ хийж, болохгүйг нь яаралтай нураан, шинэчлэх ёстой гэдэгт аав, ээжүүд ч санал нийлэх биз ээ.

ХҮҮХДИЙН ТОО ИХ БАЙГААГААС ӨВЧИН ГАРДАГ

Монгол Улсын хүн амын тал шахам хувь нь Улаанбаатарт амьдарч, тэр хэрээр олон хүүхэд энд байгаа атал улсын нийт цэцэрлэгийн 30, цэцэрлэгийн үндсэн багш нарын 42, нийт ажилтны 41 хувь нь нийслэлд байна. Баянгол дүүргийн XII хороонд гэхэд цэцэрлэгийн насны 536 хүүхэд бий ч 150 нь л хамрагддаг. Чингэлтэйн тавдугаар цэцэрлэг 180 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ч жил бүр 240 хүүхэд хүмүүжүүлсээр ирлээ. 39 дүгээр цэцэрлэг 100 хүүхдийн хүчин чадалтай ч жилийн жилд 40 орчим хүүхдээр тоогоо хэтрүүлэхээс аргагүйд хүрдэг. Ийм нөхцөлд цэцэрлэг үүдийн 80 хувь нь хорооныхоо хүүхдүүдийн тавны нэгийг авчихсан хэрнээ хүчин чадлаасаа 1.5-2 дахин их ачаалалтай ажиллахаас яах билээ. Хэрээс хэтийдсэн энэ их ачааллын сүүдэр эргээд хүүхдүүдэд муугаар тусаж, ханиад, гэдэсний халдварт өвчин гарахад хүргэж буйг дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдлийн хүүхдийн эмч нар анхааруулж байна. Үүнийг цэцэрлэгүүдийн багш, эрхлэгч нар ч хүлээн зөвшөөрч сууна. Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид гурван жилийн өмнө “Боловсрол” хөтөлбөр баталж байхдаа энэ байдлыг хүлээн зөвшөөрч байв. “Цэцэрлэгүүдийн тоо цөөн, хүчин чадал бага байгаагаас шалтгаалж нэг бүлэгт байгаа хүүхдийн тоо хэтэрч өвчлөл нэмэгдэж сургалтын үйл ажиллагааг хүндрүүлж байна” хэмээн дүгнэжээ. Гар угаах тосгуур, ариун цэврийн өрөөний суултуурыг нормоос давсан олон хүүхэд ашиглаж байгаа нь халдварт өвчин гарахад нөлөөлж байгаа аж. Нэг хүүхэд байх ёстой талбайг хоёр хүүхэд хуваахаар өрөөний агаар, ариун цэвэр муудна. Цэцэрлэгийн хүүхдээс ханиад салдаггүй, байнга “хоёр могой уралдуулж”, мэнгэртэй хөгшин мэт бөгшүүлж явсаар хэдэн жилийн дараа уушги нь ямар болохыг хэлэхэд хэцүү. Ядахад Улаанбаатарын утаа, тоосыг яана.

ЦЭЦЭРЛЭГ БАРИХ ГАЗАР ОЛДОХГҮЙ БАЙНА ГЭНЭ ҮҮ

НИТХ-ын тэргүүлэгчид 2009 оны есдүгээр сарын 23- нд 116 дугаар тогтоолоороо баталсан “Боловсрол” хөтөлбөрт “Цэцэрлэггүй хороодод цэцэрлэг шинээр барих ажлыг үргэлжлүүлж, хүчин чадал багатай цэцэр лэгийг өргөтгөх, зас варлах ажлыг үе шаттай шийдвэрлэх, бие засах газар болон ариун цэврийн өрөөг нь стандартын шаардлагад нийцүүлэх, тоглоом наадгай, сургалтын хэрэглэгдэхүүний хангамжийг сайжруулах, хүүхэд чийрэгжүүлэх танхим, талбайг цэцэрлэг бүрт байгуулах” гэх мэт баярламаар заалтууд тусгасан ч хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа дараа жил дуусах гэж байхад цаасан дээрээс амилуулсан нь тун цөөн байна.

Нийслэлийн 2-5 насны хүүхдийн 70-аас доошгүй хувийг цэцэрлэгт хамруулсан байх, цэцэрлэгийн орны тоог 1600-гаас доошгүйгээр нэмсэн байх зэрэг үзүүлэлтээр уг хөтөлбөрөө дүгнэхээр заасан юм. Энэ намар гэхэд шинээр 20 цэцэрлэг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Тухайлбал, Баянзүрх дүүргийн XIII, XXII хороо, Хонхорт тус бүр 100 ортой, IX, XIX хороонд 75 болон 50 ортой, XII хороонд шинээр цэцэрлэг барина. Сүхбаатар дүүргийн XI хороонд 150, XVI-XVIII хороонд тус бүр 100 ортой цэцэрлэг, Сонгинохайрхан дүүргийн XI хороонд 50, XXIV, XXV хороонд тус бүр 100, XXXI хороонд 50, Чингэлтэй дүүргийн VII хороонд 100, XVII хороонд 50 ортой цэцэрлэг барьж, IX хорооны хуучирсан цэцэрлэгийг буулгаж 150 ортой шинэ цэцэрлэг барих бол Хан-Уул дүүргийн VI хороонд 100 ортой цэцэрлэг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

Эдгээрээс 50 ортой дөрвөн цэцэрлэгийг НҮБ-ын “Хабитат” төслийн хөрөнгөөр барьж байгаа аж. Дэлхийн банкны “Үр дүнд түргэн хүрэх санаачилгын түншлэл” хөтөлбөрийн хүрээнд ирэх жил 19 цэцэрлэг барих юм. Цэцэрлэгүүдийн 30 хувь нь 1970 оноос өмнө барьсан барилгад үйл ажиллагаа явуулдаг. Нийслэл 132 хороотой ч сургууль цэцэрлэггүй хороо 36 бий. Нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн Н.Баярмагнай “Нийслэлд шинээр цэцэрлэг барих газар байхгүй. Иймд шаардлагатай тоогоор нь барих боломжгүй байна” гэсэн бол МХЕГ-ын Барилга байгууламж, эрчим хүчний хяналтын хэлтсийн дарга Ц.Ганбат “Нийслэлийн хүн ам ихээхэн нэмэгдэж байгаа. Ийм үед эмнэлэг, сургууль, цэцэрлэг, соёл, спортын зориулалтын барилга байгууламж барих газар олдохгүй, олдсон нь иргэдийн өмч болсон байдаг” гэж ярьсан. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд ч ингэж ярихыг сонсов.

Тухайн газарт нь сургууль, цэцэрлэг барих гэтэл газрын эзэн гэх хүн гарч ирээд нөхөн төлбөр нэхдэгээс ажлаа хугацаандаа эхлэхгүй, дуусахгүй байх бэрхшээл тохиолдсоор. Энэ бүх асуудлыг шийдэх “100 цэцэрлэг” хөтөлбөр дэвшүүлэхийг уриалж байна. Аймгийн төвүүдэд 1-2, бусдыг нь нийслэлд баривал манай улс цэцэрлэгийн асуудлаа шийдэж чадна. “4000 орон сууц” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, одоо 100 мянга болгохоор хөтөлбөр батлуулан хэрэгжүүлж байгааг Монголын иргэд талархан дэмжиж байгаа. Түүн шигээ “100 цэцэрлэг” хөтөлбөр хэрэгжүүлбэл монгол хүн бүр алга ташин баярлана. Алаг үрс маань ч ход ход инээнэ дээ.
Х.Болормаа

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...