Tuesday

Монгол Улсын 2010 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2010 оны гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн нийт орлогын бүрдүүлэлт 115.8 хувийн биелэлттэй, нийт зарлага 97.2 хувийн биелэлттэй гарч улмаар төсвийн тэнцэл 40.7 тэрбум төгрөгийн ашигтай тайлагнагдаж байна.
Өнгөрөгч 2010 он Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай байгуулсан “Стэнд Бай” хөтөлбөрт заасан төсөв болон санхүүгийн шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажилласан, дээрх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр эдийн засгийн хямралаас ангижрах алхамыг бүрдүүлсэн, нийгмийн баялгийг иргэдэд тэгшээр хуваарилах ажлыг эхлүүлсэн, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангахыг төсвөөс дэмжиж ажилласан, төсвийн тэнцэл ашигтай гарсан зэргийг онцлох төсөв, санхүүгийн жил боллоо. Мөн эдийн засгийн гол үзүүлэлт болох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2010 оны урьдчилсан байдлаар оны үнээр 8255.1 /үйлдвэрлэлийн аргаар тооцоолсон/ тэрбум төгрөг, 2005 оны зэрэгцүүлэх үнээр 4154.0 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оныхоос оны үнээр 25.3 хувь, зэрэгцүүлэх үнээр 6.1 хувиар өссөн байна.

А. Нэгдсэн төсвийн орлогын бүрдүүлэлт:
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2010 оны нийт орлого 3,122.5 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөөнөөс 426.4 тэрбум төгрөгөөр буюу 15.8 хувиар давж биелэн, 2009 оныхоос 1,128.5 тэрбум төгрөг буюу 56.6 хувиар өссөн байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 37.8 хувь болж, өмнөх оноос 4.9 пунктээр өссөн байна.
 Төсвийн орлого, түүний ДНБ-д эзлэх  хувь
             Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэлийг нэр төрлөөр нь авч үзвэл татварын орлого 86.1 хувь, татварын бус орлого 12.5 хувь, тусламжийн орлого 1.2 хувь, хөрөнгийн орлого үлдэх 0.2 хувийг тус тус эзэлж байна.
 Улсын төсвийн орлого 2,488.5 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөснөөс 348.0 тэрбум төгрөг буюу 16.3 хувиар давж биелэхэд дараах хүчин зүйлс нөлөөлжээ.Үүнд:
  1. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 8,255.1 тэрбум төгрөгт хүрч өмнөх оноос 25.3 хувиар өссөн. Тухайлбал авто тээврийн салбарын засвар үйлчилгээ 23.4 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 11.3 хувь, уул уурхай, олборлох салбарын үйлдвэрлэл 6.3 хувь тус тус өссөн нь татварын орлого төлөвлөснөөс давж биелэхэд нөлөөлжээ.
  2. Өнгөрсөн 2010 онд дэлхийн зах зээл дээрх  зэсийн үнэ харьцангуй тогтвортой өсөлттэй байсан нь төсвийн орлого давж биелэхэд нөлөөлжээ. /2010 оны төлөвлөгөөнд зэсийн үнийг 5800 ам доллараар тооцож тусгасан боловч гүйцэтгэлээр 7535 ам.доллар байсан байна/
  3. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 6177.1 сая ам.долларт хүрч, өмнөх оноос 2154.0 сая ам.доллар буюу 53.5 хувиар нэмэгдсэн. Үүний дотор экспортын хэмжээ 1013.8 сая ам.доллар буюу 53.8 хувь, импортын хэмжээ 1140.2 сая ам.доллар буюу 53.3 хувиар тус тус өссөн нь гаалийн  орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс давж биелэхэд  нөлөөлсөн байна.
  4. Татварын өрийг барагдуулахад анхаарч ажилласны дүнд 2010 оны эцэст татварын авлагын үлдэгдэл 86.3 тэрбум төгрөгт хүрч буурлаа. Татварын авлагын 77.5 хувь буюу 66.9 тэрбум төгрөг нь Алтандорнод Монгол, Эм Жи Эйч буюу Олон Овоот Гоулд, Жамп компануудаас авах алтны үнийн өсөлтийн албан татварын авлага байна. Тайлант онд өнгөрсөн онуудын болон шинээр ногдуулсан татварын авлагын 93.0 хувийг барагдуулж ажилласан байна.
            Орон нутгийн төсвийн орлого 360.9 тэрбум төгрөгт хүрч 3.3 хувиар буюу 11.6 тэрбум төгрөгөөр төлөвлөгөөнөөс илүү төвлөрсөн байна. Орлогын албан татварын орлого 7.1 хувиар буюу 10.6 тэрбум, татварын бус орлого 21.3 хувиар буюу 5.9 тэрбум, хөрөнгийн орлого 49.2 хувиар буюу 1.9 тэрбум төгрөгөөр тус тус давж, харин бусад татварын орлого 7.1 хувиар буюу 9.0 тэрбум төгрөгөөр тасарсан байна. Тухайлбал, Орхон аймгийн хувь хүний орлогын албан татварын орлого 2.0 тэрбум, бусад татварын орлого 0.6 тэрбум төгрөгөөр төлөвлөгөөнөөс давж, улмаар аймгийн дүнгээр 3.3 тэрбум, Нийслэлийн хувь хүний орлогын албан татварын орлого 3.6 тэрбум, өмчийн татварын орлого 1.2 тэрбум, татварын бус орлого 3.0 тэрбум, хөрөнгийн орлого 1.6 тэрбум төгрөгөөр давж, улмаар нийт дүнгээр 9.6 тэрбум төгрөгөөр тус тус төлөвлөгөөнөөс илүү төвлөрсөн байна.  Харин Өмнөговь аймгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого 9.0 тэрбум төгрөгөөр тасарсан нь тус аймгийн орлого төлөвлөгөөнөөс 6.0 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрөхөд нөлөөлсөн байна.
            Нийгмийн даатгалын сангийн орлого 575.0 тэрбум төгрөгт хүрч, 9.4 хувиар буюу 49.4 тэрбум төгрөгөөр орлогын төлөвлөгөөнөөс илүү төвлөрсөн байна. Нийгмийн даатгалын санд улсын төсвөөс олгохоор төлөвлөсөн 170.7 тэрбум төгрөгийн татаасыг бүрэн санхүүжүүлсэн байна.
 Гол орлого төвлөрүүлэгч байгууллагын орлогын гүйцэтгэлийн талаар:
Нэг. Гаалийн ерөнхий газар: Гаалийн байгууллага 2010 онд Улсын төсөвт 697.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 875.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, төлөвлөгөөг 125.5 хувиар биелүүлсэн байна. Үүнээс татварын орлогын төлөвлөгөө 630.3 тэрбум төгрөг, гүйцэтгэлээр 798.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, төлөвлөгөөг 26.6 хувиар давуулсан байна.  2009 оны гүйцэтгэлтэй харьцуулбал нийт орлого 71.3 хувиар буюу 364.5 тэрбум төгрөгөөр өссөн байна.
Төлөвлөгөөний биелэлтийг орлогын төрлөөр нь авч үзвэл өнгөрсөн оны гүйцэтгэлээс импортын архи тамхины онцгой албан татвар 3.0 тэрбум төгрөгөөр, экспортын гаалийн татвар 4.6 тэрбум төгрөгөөр тус тус буурч, импортын гаалийн татвар 81.9 тэрбум төгрөгөөр, автобензин дизелийн түлшний онцгой албан татвар 59.1 тэрбум төгрөгөөр, суудлын автомашины онцгой албан татвар 27.8 тэрбум төгрөгөөр, нэмэгдсэн өртгийн албан татвар 173.3 тэрбум төгрөгөөр, автобензин дизелийн түлшний албан татвар 0.4 тэрбум төгрөгөөр, импортын шар айрагны онцгой албан татвар 1.6 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.
Нийт импорт, татвартай экспорт Нийт импорт үнийн дүнгээр 2010 онд 4,431.5 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 49.0 хувиар буюу 1,457.6 тэрбум төгрөгөөр, үүнээс татвартай импорт 69.9 хувиар буюу 1,612.4 тэрбум төгрөгөөр тус тус өсч, татвараас чөлөөлөгдсөн импорт 18.8 хувиар буюу 119.2 тэрбум төгрөгөөр буурсан байна. Татвартай экспорт өнгөрсөн оны мөн үеэс 35.5 тэрбум төгрөгөөр буурсан байна.
 Татварын чөлөөлөлт 2010 онд нийт импортын 11.6 хувь буюу 513.6 тэрбум төгрөгийн бараанд 75.9 тэрбум төгрөгийн татварын чөлөөлөлт үзүүлсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал чөлөөлөгдсөн импорт үнийн дүнгээрээ 18.8 хувиар буюу 119.2 тэрбум төгрөгөөр буурсан байна. Нийт импортын дүнд чөлөөлөгдсөн импортын эзлэх хувь хэмжээ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 9.9 пунктээр буурсан байна.
  • Засгийн газрын шугамаар болон Засгийн газрын бус шугамаар түүнчлэн олон улсын байгууллагын буцалтгүй, хүмүүнлэгийн тусламжаар ирүүлсэн нийт 126.8 сая ам.долларын /169.3 тэрбум төгрөгийн/ бараанд 25.7 тэрбум төгрөгийн;
  • Засгийн газар хоорондын хэлэлцээрээр татвараас чөлөөлөгдөхөөр тохиролцсон гадаад орнууд болон олон улсын байгууллагуудаас олгож буй зээлийн санхүүжилтээр ирүүлсэн 15.3 сая ам.долларын /20.9 тэрбум төгрөгийн/ импортын бараанд 3.2 тэрбум төгрөгийн;
  • Газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах талаар Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу газрын тос хайх, олборлох, ашиглах үйл ажиллагааны зориулалтаар болон Засгийн газраас хөрөнгө оруулагчтай байгуулсан тогтвортой байдлын гэрээний дагуу гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн импортоор оруулсан 48.9 сая ам.долларын /64.9 тэрбум төгрөгийн/ бараанд 8.9 тэрбум төгрөгийн;
  • Монголросцветмет, Улаанбаатар төмөр замын хэрэг эрхлэх газрын импортлон оруулсан 90.0 сая ам.долларын /121.1 тэрбум төгрөгийн/ бараанд 17.9 тэрбум төгрөгийн;
  • Монгол Улсын хуулийн татвараас чөлөөлөх бусад заалтын дагуу 100.9 сая ам.долларын /137.4 тэрбум төгрөгийн/ бараанд 20.2 тэрбум төгрөгийн татварын чөлөөлөлт тус тус үзүүлсэн байна. 
Онцгой албан татвартай бараа. Онцгой албан татвартай барааны импортын тоо хэмжээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал:
-Согтууруулах ундаа 69.3 хувиар буюу 8,501.6 мянган литрээр өссөн байна. Үүний дотор  шар айраг 71.9 хувиар буюу 7,859.6 мянган литрээр, дарс 49.2 хувиар буюу 609.7 мянган литрээр архи виски 34.8 хувиар буюу 32.1 мянган литрээр тус тус өссөн,
-Янжуур тамхи 23.0 хувиар буюу 342,513.0 мянган ширхэгээр буурсан, дүнсэн болон задгай тамхи 0.8 хувиар буюу 10.9 тонноор өссөн байна.
-Нефть бүтээгдэхүүн тоо хэмжээгээрээ өнгөрсөн оны мөн үеээс 18.4 хувиар буюу 119,146.5 тонноор өссөн байна. Үүнээс  90-ээс дээш октантай автобензин 789.0 тонноор буурч, 90 хүртэл октантай автобензин 3,796.7 тонноор, дизелийн түлш 116,138.9 тонноор тус тус өссөн байна.
- Суудлын автомашины импорт 115.0 хувиар буюу 13,174 ширхэгээр өнгөрсөн оны мөн үеэс өссөн байна.
 Нефть бүтээгдэхүүний тонн тутмын хилийн дундаж үнэ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 10.8 хувиар өссөн байна. Үүнээс 90 хүртэл октантай автобензин 4.6 хувиар буюу тонн тутамд 45.9 мянган төгрөгөөр, 90-ээс дээш октантай автобензин 12.3 хувиар буюу тонн тутамд 123.4 мянган төгрөгөөр, дизелийн түлш 12.4 хувиар буюу тонн тутамд 118.0 мянган төгрөгөөр тус тус өссөн байна.
Хоёр: Татварын ерөнхий газар: Татварын ерөнхий газраас Улсын төсөв болон Хүний хөгжлийн санд 2010 онд 1,109.5 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэхээс 1,235.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, төлөвлөснөөс 125.9 тэрбум төгрөгөөр буюу 11.3 хувиар давуулан биелүүлсэн.
Татварын ерөнхий газраас улсын төсөв болон хүний хөгжил санд төвлөрүүлсэн орлого нь өмнөх онтой харьцуулахад 530.2 тэрбум төгрөгөөр буюу 75.2 хувиар өссөн байна.
Хувь хүний орлогын албан татварын орлого: Төсвийн байгууллагын ажиллагсдын цалин 2010 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 30 хувиар нэмэгдсэнтэй холбоотойгоор хувь хүний орлогын албан татварын орлого төлөвлөснөөс 10.6 тэрбум төгрөгөөр давж биелсэн байна.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлого: Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар улсын төсөвт 309.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүлэхээс 390.6 тэрбум төгрөг төвлөрүүлж төлөвлөгөө 81.3 тэрбум төгрөгөөр буюу 126.3 хувиар биелүүлжээ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогын гүйцэтгэлийг өмнөх оны төсвийн гүйцэтгэлтэй харьцуулахад 185.2 тэрбум төгрөгөөр буюу 90.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа.
Төсвийн төлөвлөгөөнд дэлхийн зах зээл дээрх 1 тн зэсийн үнийг 5800 ам.доллараар тооцож тусгасан боловч гүйцэтгэлээр 7535 ам.долларт хүрсэн нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлого давж биелэхэд гол нөлөөлсөн. Мөн түүнчлэн дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгийн хямрал дуусч эдийн засаг сэргэх хандлагатай болж ирсэн нь гол нөлөөлсөн байна. Тухайлбал, өнгөрсөн 2010 онд татвар төлөгч аж ахуйн нэгжийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 5567 нэгжээр, тайлан хүлээн авалтын ирц 0.5 функтээр нэмэгдэж, алдагдалтай тайлангийн тоо 277 татвар төлөгчөөр буурч, татвар ногдуулах орлого 498.4 тэрбум төгрөгөөр, татварын авлага буюу ногдуулалт 101.0 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн нь орлогын төлөвлөгөө давж биелэхэд нөлөөлсөн байна.
Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын орлого: Дэлхийн зах зээл дээрх зэсийн үнийн өсөлт нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого давж биелэхэд гол нөлөөлсөн. Эрдэнэт үйлдвэрээс зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын орлогоор төлөвлөснөөс 99.3 тэрбум төгрөгийн орлого илүү төвлөрүүлсэн байна.
2010 онд олборлон, сорьц тогтоолгосон нийт алтны хэмжээ цэвэр жингээр 5.9 тн байна. Үүнээс “Бороогоулд” ХХК нь 3.6 тн алтанд сорьц тогтоолгосон бөгөөд бусад аж ахуйн нэгжүүд 2.3 тн алтанд сорьц тогтоолгосон байна.
Харин Монгол Улсын эрдэнэсийн санд худалдаж авсан алтны мэдээнээс харахад нийт цэвэр жингээр 1.9 тн алт худалдан борлуулсан мэдээтэй байна. Үүнээс “Бороогоулд” ХХК нь 0.08 тн буюу 76.5 кг алт Монгол Улсын эрдэнэсийн санд тушаасан байна.
Дотоодын барааны НӨАТ-ын орлого: 2010 онд нийт 13975 иргэд, аж ахуйн нэгж нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдсэн байсан бөгөөд  96.2 хувиас нь тайлан авч 207.7 тэрбум төгрөгийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлсэн нь төлөвлөснөөс 25.5 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрсөн байна.
Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дотоодын барааны нэмэгдсэн өртгийн албан татварын орлогоор улсын төсөвт 216.6 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэхээр тусгасан боловч  хэлэлцүүлгийн явцад 233.3 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэхээр баталсантай холбоотой юм.
Дотоодын архи, тамхи, пивоны онцгой албан татварын орлого: Онцгой албан татварын орлогоор 2010 онд улсын төсөвт 107.4 тэрбум төгрөг төвлөрөхөөс 91.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрч төлөвлөснөөс 15.8 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрсөн байна. Улсын хэмжээнд 2010 оны байдлаар архи, дарс, пиво, шимийн архи, тамхи үйлдвэрлэгч 136 аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаа боловч 66.2 хувь буюу 90 үйлдвэр тогтмол, 15.4 хувь буюу 21 үйлдвэр тогтмол бус, 18.4 хувь буюу 25 үйлдвэр огт үйл ажиллагаа явуулаагүй, үйлдвэрлэл нь бүрэн зогссон байна. Үйл ажиллагаа явуулаагүй үйлдвэрүүдийн архины 19, дарс, пивоны нэг, нэг, спиртын 4 үйлдвэр байна.
Дотоодын архины онцгой албан татварын орлого төлөвлөснөөс 16.8 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрөхөд дараах хүчин зүйлс нөлөөлжээ. Үүнд:
1.Үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл бүхий үйлдвэрлэгчдийн 18,4 хувь нь үйл ажиллагаа явуулаагүй, 15.4 хувь нь тогтмол бус үйл ажиллагаа явуулсан.
2.Архины борлуулалт төлөвлөгөөнд өгөгдсөн хэмжээнээс 10.0 сая литрээр дутуу борлогдсон байна.
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого: Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр 174.7 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 168.9 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн нь төлөвлөснөөс 5.8 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрсөн байна.  Энэ нь алтны олборлолтын хэмжээ төлөвөлснөөс буурсантай холбоотой юм.
 Б. Нэгдсэн төсвийн зарлага, санхүүжилт:
             Монгол Улсын нэгдсэн төсвийн 2010 оны нийт зарлага 3,175.7 тэрбум төгрөгөөр батлагдсанаас 3,080.7 тэрбум төгрөгийн буюу төлөвлөгдсөн нийт зардлын 97.0 хувь, улсын төсвийн нийт зарлага 2,423.1 тэрбум төгрөгөөр батлагдсанаас 2,367.2 тэрбум төгрөгийн буюу нийт төлөвлөгдсөн зардлын 94.2 хувийн гүйцэтгэлтэй гарлаа.
 Халамжийн сангаас халамжийн тэтгэвэрт 27.6 тэрбум, ахмад дайчид, ахмадуудад үзүүлэх тэтгэмжинд 14.1 тэрбум, жирэмсэн нярай эхчүүдэд олгох санхүүжилтэд 16.1 тэрбум, алдарт эхийн одонт эхчүүдэд олгох тусламжид 15.7 тэрбум, бусад тэтгэмж, дэмжлэгт 23.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус тус олгосон байна. Улсын төсвөөс нийгмийн даатгалын сангийн татаасд 170.7 тэрбум, эрчим хүчний алдагдлын татааст 36.5 тэрбум, УИХ-д суудалтай намуудын дэмжлэгт 740.0 сая төгрөгийг олгосон байна.
            Орон нутгийн төсвийн зарлага 358.1 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөгдсөн нийт зардал 96.2 хувийн гүйцэтгэлтэй байна. Хүний хөгжлийн сангаас иргэдэд олгох бэлэн мөнгөнд зориулж 305.1 тэрбум, төр хариуцах иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 10.9 тэрбум төгрөгийг тус тус олгосон байна. Нийгмийн даатгалын сангийн төлөвлөгдсөн зардал 96.6 хувийн буюу 500.6 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байна.
 Засгийн газрын зүгээс санхүү, эдийн засгийн хямралын эсрэг эдийн засгийг тогтворжуулах, тэлэх чиглэлээр Монголбанктай хамтран төсөв, мөнгөний бодлогыг уялдуулан хэрэгжүүлж байна. Үүний дүнд хөдөлмөр, ажил, эрхлэлт, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 31.0 тэрбум төгрөгийн санхүүжилт, улаан буудайн тариалан эрхлэгчдэд 12.6 тэрбум төгрөгийн үнийн зөрүүний татаасыг улсын төсвөөс санхүүжүүлсэн. Мөн төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах хөтөлбөрийн хүрээнд 80.0 тэрбум төгрөгийн зээлийг Засгийн газрын бондын эх үүсвэрээс, тариалан эрхлэгчдийг дэмжих зорилгоор 10.2 тэрбум төгрөгийн зээлийг Тариаланг дэмжих сангаас, хөдөлмөр, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрийг дэмжихэд 12.5 тэрбум төгрөгийн татаас, 7.1 тэрбум төгрөгийн зээлийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлсэн байна.
            Улсын төсвийн нийт зарлагын 22.4 хувийг буюу 529.2 тэрбум төгрөгийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, 15.2 хувийг буюу 360.4 тэрбум төгрөгийг Сангийн сайд, 14.2 хувийг буюу 334.9 тэрбум төгрөгийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, 10.6 хувийг буюу 250.3 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн сайдын багцын байгууллагуудын зарлага эзэлж байна.
            Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын гүйцэтгэл 204.6 тэрбум төгрөгт хүрч 44.6 тэрбум, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын гүйцэтгэл 17.6 тэрбум, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын гүйцэтгэл 17.2 тэрбум төгрөгөөр тус тус төлөвлөснөөс дутуу гүйцэтгэлтэй гарсан бол Сангийн сайдын гүйцэтгэл 8.0 тэрбум, Хууль зүй, дотоод хэргийн сайдын гүйцэтгэл 34.2 тэрбум төгрөгөөр төлөвлөгөөнөөс илүү гүйцэтгэлтэй тайлагнагдаж байна.
            Гадаадын зээл болон төсвийн хөрөнгөөр санхүүжих авто замын хөрөнгө оруулалт нийтдээ 35.6 тэрбум, Халамжийн сангийн зарлага 14.0 тэрбум, сургалтын төрийн сангийн зарлага 6.8 тэрбум, боловсролын төвлөрсөн арга хэмжээний зарцуулалт 2.3 тэрбум, боловсролын хөрөнгө оруулалт 2.2 тэрбум төгрөгөөр тус тус төлөвлөснөөс дутуу гүйцэтгэлтэй байгаа нь дээрх сайдуудын багцын төсвийн гүйцэтгэлд нөлөөлсөн байна.
Харин Сангийн сайд болон ХЗДХСайдын нийт зарлагын гүйцэтгэл нь төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийг боловсруулахад одоогийн баримталж байгаа Олон Улсын Валютын сангаас 1986 онд гаргасан Засгийн газрын санхүүгийн статистикийн аргачлалын дагуу зээл олголт, түүний эргэн төлөлтийн зөрүүгээр нийт зарлагад тусгадаг тооцооны аргачлалтай холбоотой байна. Өөрөөр хэлбэл тус сайдуудын 2010 оны нийт зардлын төлөвлөгөөнд тусгасан эргэж төлөгдөх зээлийн барагдуулалтаас орох орлого төлөвлөсөн дүнд хүрээгүйтэй холбоотой юм.
 2010 төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн талаар
Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуулийн 1 дүгээр хавсралтаар 370.9 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг төсвийн ерөнхийлөн захирагчдын багцад хэрэгжүүлэх асуудлын чиглэлээр, 2 дугаар хавсралтаар 76.8 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг бүс, орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр, нийт 447.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тус тус төлөвлөсөн.
            Төсвийн орлогын эх үүсвэрийн байдалтай уялдуулан Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулан төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тодотгол хийж, нийт 530.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг улсын төсвөөс санхүүжүүлэн хэрэгжүүлэхээр хуульчлан баталсан юм.
Өнгөрсөн 2010 онд улсын төсвийн хөрөнгөөр нийт 473.2 тэрбум төгрөгийн барилга байгууламж, төсөл, арга хэмжээг санхүүжүүлсэн гүйцэтгэл гарч байгаа бөгөөд үүнийг 2009 оны гүйцэтгэлтэй харьцуулахад 98.6 тэрбум төгрөг буюу 26.3 хувиар өсч байгаа боловч 2010 оны батлагдсан төлөвлөгөөтэй харьцуулахад 89.1 хувийн гүйцэтгэлтэй байна.
 Тайлант 2010 онд барилга байгууламж барихад 406.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь нийт хөрөнгө оруулалтын 85.9 хувийг эзэлж байгаа бөгөөд төсөвт байгууллагуудын байрны их засварын зардалд 28.2 тэрбум, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл худалдан авахад 38.7 тэрбум төгрөг зарцуулсан нь төслийн нийт хөрөнгө оруулалтын 14.1 хувийг тус тус эзэлж байгаа юм.
 Улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ 2009 оныг эс тооцвол тогтмол өсөн нэмэгдэж байгаа боловч төсвийн нийт зардал ба цэвэр зээлийн дүнд эзлэх хувь хэмжээ 2007 оноос хойш байнга буурсан үзүүлэлттэй байна.
 Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний гүйцэтгэл өнгөрсөн оны 88.9 хувийн гүйцэтгэлтэй харьцуулахад 0.5 пунктээр өссөн боловч Монгол Улсын Ерөнхий сайд, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын багц дахь хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний  гүйцэтгэл улсын дундажаас доогуур үзүүлэлттэй гарсан байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын багцын хөрөнгө оруулалтын төлөвлөгөө 66.7 хувийн гүйцэтгэлтэй байгаа нь Мэдээлэл, шуудан, харилцаа, холбоо, технологийн газрын захиалгатай, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх “Мэдээлэл, холбооны үндсэн сүлжээний өргөтгөл, шинэчлэл” төсөл хэрэгжих боломжгүй болж, уг төслийн дотоод эх үүсвэрт төсөвлөгдсөн 2.0 тэрбум төгрөг ашиглагдаагүй үлдсэнтэй голлон холбоотой байна.
Түүнчлэн, Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны захиалгаар хэрэгжүүлэх “Өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх” төслийн гүйцэтгэгч шалгарч чадаагүйгээс шалтгаалан уг төсөлд төсөвлөсөн 1.0 тэрбум төгрөг ашиглагдахгүй үлдсэн нь төлөвлөгөөний биелэлтэд сөргөөр нөлөөлжээ.
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын багцын хөрөнгө оруулалтын төлөвлөгөө 81.6 хувийн гүйцэтгэлтэй гарч, нийтдээ 34.2 тэрбум төгрөгийг ашиглаж чадаагүй нь төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний биелэлтэд голлох сөрөг нөлөөг үзүүлсэн байна.
Авто зам, гүүрийн байгууламжид хэрэглэгдэж байгаа үндсэн түүхий эд болох битум, арматур, цементийн үнэ гэрээ хийгдэх үеийнхээс 1-2 дахин нэмэгдсэнээс шалтгаалан 7 төсөл, арга хэмжээ батлагдсан хөрөнгөө ашиглаж чадаагүй байна.
Авто замын салбарт ажиллаж буй гадаадын хөрөнгө оруулалттай зарим компаниуд Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсноос шалтгаалан хэрэгцээтэй үед хилээр шаардлагатай замын машин механизм, техник, тоног төхөөрөмж, ажиллах хүчээ оруулж ирж чадаагүй байдал нөлөөлжээ.
Өнгөрсөн 2010 онд хийгдсэн улсын төсвийн нийт хөрөнгө оруулалтын 33.3 хувь буюу 157.5 тэрбум төгрөгийг авто зам, тээвэр, барилга хот байгуулалтын салбарт, 9.9 хувь буюу 46.7 тэрбум төгрөгийг эрдэс баялаг эрчим хүчний салбарт, нийт 43.1 хувь буюу 204.2 тэрбум төгрөгийг дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхэд зарцуулсан байна.
Авто замын салбарт 105.1 тэрбум, авто болон иргэний нисэхийн тээврийн салбарт 20.5 тэрбум, барилга, хот байгуулалтын салбарт 31.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт ьус тус хийж, төлөвлөгөөний биелэлт 81.6 хувьтай гарсан байна.
Өнгөрсөн 2010 онд 401.6 км хатуу хучилттай авто зам, 1379.8 метр урт төмөр бетон гүүр ашиглалтад оруулахаар төлөвлөгдсөн боловч 219.2 км хатуу хучилттай авто зам, 602.3 метр урт төмөр бетон гүүр тус тус барьж дуусгажээ.
Увс аймгийн Улаангом-Тээлийн гүүр чиглэлийн 15 км, Архангайн Хануйн гүүр орчмын 5.2 км, Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн 50 км, Хөшөөцайдам-Өгийнуур чиглэлийн 10 км, Хархорин-Цэцэрлэг чиглэлд 57.5 км, Мандалговь-УБ чиглэлд 16 км хатуу хучилттай авто замын ажлыг барьж ашиглалтад орууллаа.
Аймгийн төвийн авто зам нь орон нутгийн авто замын сүлжээнд хамаарагддаг боловч орон нутгийн авто замын сангийн хөрөнгийн эх үүсвэр дутагдалтай байдлыг харгалзан улсын төсвөөс цөөнгүй аймгийн төвийн авто замын засвар, шинэчлэлийн ажлыг хийсэн байна. Тухайлбал, Хөвсгөл аймгийн төвд 1.9 км, Орхон аймгийн Наран-Шанд багийн хооронд 3.2 км, мөн аймгийн Дэнж, Эрдэнэ баг, Баянцагаан, Эрээнд нийт 5.75 км, Улаангом хотын гэр хорооллын дотор 1.65 км, Алтай хотын төвд 6.7 км, Булган аймгийн төвийн 1-р багийн нутагт 0,292 км, Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын дотор 4, 8-р багийн нутагт 0.525 км, Хархорин суманд 0.6 км, Баянхонгор аймгийн төвд 0.64 км, Ховд аймгийн төвд 2 км авто замын засвар, шинэчлэлийн ажлыг дуусгажээ.
Арабын эдийн засгийн хөгжлийн “Кувейтийн сан” болон төсвийн дотоод эх үүсвэрээр Бугна-Уньт чиглэлд 60 км хатуу хучилттай замыг улсын комисст хүлээлгэн өглөө.
Төсвийн хөрөнгө оруулалтаар Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Ховд голд 181.8 урт метр, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Эгийн голд 162.5 урт метр, УБ хотын Их тэнгэрийн амны Туул голд 258 урт метр төмөр бетон гүүрийг тус тус барьж ашиглалтад орууллаа.
БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх “Орон сууцны хороолол төсөл”, Дорноговь аймгийн “Замын-Үдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”, АХБ-ны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Хот байгуулалтын салбар” төсөл, “Гэр хорооллыг олон нийтийн оролцоотой хөгжүүлэх” төслүүдийн Монголын талын оролцооны 4.4 тэрбум төгрөгийг санхүүжүүлж, Улаанбаатар хотод Барилгын хийц бүтээц, сорил шинжилгээний лабораторийн барилгын ажлыг эхлүүллээ.
Улаанбаатар хотод улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3.7 тэрбум төгрөг санхүүжүүлэн шинээр баригдах 14-р хорооллын дулаан, цэвэр, бохир усны шугам, өргөлтийн насосны станц байгуулах, 22-р коллекторын өргөтгөл,  Дулааны 12 Б магистраль шугамын өргөтгөл,  3,4-р хорооллын 31-н III  коллекторын бохирын усны шугамын өргөтгөл, Багануур дүүргийн Цэвэрлэх байгууламжийн засвар шинэчлэлт зэрэг ажил гүйцэтгэн 15000 айлын орон сууц шинээр барих нөхцөл бүрдүүлж, Бохир усны Туул-1 коллекторын 34.9 км шугам, нийтийн зориулалттай орон сууцны барилгын цахилгаан шатны шинэчлэл, дээврийн засвар, хөрсний усны түвшин доошлуулах барилга, гэр хорооллын халуун усны барилга, гудамжны гэрэлтүүлэг, дүүргийн хөгжлийн хөтөлбөр зэрэг 27 төсөл, арга хэмжээг Нийслэлийн засаг даргад эрх шилжүүлэн гүйцэтгүүлж, 13.0 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэнээр иргэдийн дулаан, цэвэр усаар хангагдах, амьдрах орчин сайжрах боллоо.
Өвөрхангай аймгийн Хархорин, Ховд аймгийн Алтай сумын инженерийн шугам сүлжээ шинээр байгуулах, Говьсүмбэр аймгийн Хонхор-Сүмбэр хотхоныг холбосон  цэвэр усны шугам, Дундговь аймгийн Олгойн говийн цэвэр усны шугамын шинэчлэлт, Дархан хотын үерийн хамгаалалтын далан зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажилд болон орон нутагт эрх шилжүүлэн гүйцэтгэсэн 31 төсөл, арга хэмжээнийн санхүүжилтэд 8,8 тэрбум төгрөг зарцууллаа. Ингэснээр 5000-20000 хүн амтай аймаг, сумын төвүүдийн орон сууцны болон гэр хорооллын усан хангамж сайжирч, аймгийн төвүүдэд орон сууц барих техникийн нөхцөл бүрдэж байна.
Эрдэс баялаг, эрчим хүчний салбарт улсын төсвөөс 46.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж, төлөвлөгөөний биелэлт 89.4 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна.
Дулааны цахилгаан станц, дулааны шугам сүлжээний ажилд 7.4 тэрбум, цахилгаан дамжуулах шугам, дэд станцын ажилд 12.3 тэрбум, сэргээгдэх эрчим хүчний ажилд 0.6 тэрбум, түлшний салбарт 8.2 тэрбум, ашигт малтмалын тоног төхөөрөмжид 0.5 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан байна.
Салбарын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан 5.5 тэрбум төгрөгийг ашиглаж чадаагүй нь Хөвсгөл аймгийн Мөрөн-Могойн голын 110 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станц, Сүхбаатар аймгийн дулааны станц, дулааны шугам сүлжээний шинэчлэл, ХБНГУ-ын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Дарханы дулааны цахилгаан станцын техникийн шинэчлэлийн ажлууд огт эхлээгүйтэй холбоотой байна.
Түүнчлэн, Завхан аймагт суурилуулах 500 кВт чадал бүхий дизель станц, Багуудын цахилгаан хангамжийн 1 фазын шугамын ажил, тоног төхөөрөмж, Архангай аймгийн Эрдэнэбулган, Их тамир, Эрдэнэмандал, Батцэнгэл, Булган, Чулуут, Төвшрүүлэх сумдад тавигдах 0.4 кВт-ын эрчим хүчний шугамын ажлууд гэрээт хугацаандаа ашиглалтад ороогүй нь сөргөөр нөлөөлсөн байна.
УБ хотын 5Б, 6 Б, 6В магистраль шугамын өргөтгөл, шинэчлэл, дархан хотын дулааны салбар шугамын шинэчлэлийн ажил 2010 онд бүрэн дуусчээ.
Төв аймгийн Зуунмод хотын 4-р сургууль, Халдвартын эмнэлэг, Ирээдүй цэцэрлэгийг газрын гүний дулаанаар хангах ажлын тоног төхөөрөмж бүрэн нийлүүлэгдэж, Ирээдүй цэцэрлэгийн дулааны ажил бүрэн дууссан байна. Харин 4-р сургууль, Халдвартын эмнэлгийн газрын гүний дулааны ажил гэрээт хугацаандаа дуусч чадаагүй байна.
Улаанбаатар хотын захын гэр хорооллын өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангах, хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг сайжруулах, “Дорнод-2”, “Амгалан” дэд станцын хүчин чадлыг өргөтгөн нэмэгдүүлэх, Хөвсгөл, Баянхонгор аймгуудын 110/35/6 кВ-ын  дэд станцад 6.3 мВА трансформатор нэмж тавих, Улаанбаатар хотын цахилгаан хангамжийн кабель шугамын шинэчлэл, 15 аймгийн 42 сумын төвийн 0.4 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын иж бүрэн шинэчлэлийн ажлуудыг 2010 эхлүүлэн гүйцэтгэсэн.
 Сүхбаатар аймгийн Баруун-Урт-Халзан сумын 35 кВ-ын 64 км ЦДАШ-ын агаарын хөнгөн цагаан утсыг сольж хөндлөн огтлолыг нэмэгдүүлэх, Ховд аймгийн Дарви-Говь-Алтай аймгийн Дарви сумын 35 кВ-ын ЦДАШ, дэд станц, Шивээ-овоо-Халзан-Уул улсын рашаан сувилал хүртэл 30 км 6 кВ-ын ЦДАШ, Баян-Өлгий аймгийн баг сууринд ЦДАШ, дэд станц, нарны үүсгүүр барих, Орхон аймгийн гэр хорооллын эрчим хүчний хангамжийг сайжруулах зэрэг барилга угсралтын ажлуудыг шинээр хийж гүйцэтгэлээ
Өмнөговь аймгийн Нарийнсухайт-Ноён-Сэврэй сумын 15,35 кВ-ын ЦДАШ, дэд станц, Улаанбаатар хотын 6-10 кВ-ын кабель шугамын шинэчлэлийн барилга угсралтын ажлыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хийж дуусгажээ.
Баян-Өлгий аймгийн Булган сумаас Говь-Алтай аймгийн Бугат суманд 80 кВт-ын нарны цахилгаан станц шилжүүлэх, Үенч сумын  цахилгаан станцын далангийн засвар шинэчлэлийн ажил бүрэн хийгдэж дууслаа.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт 2010 онд нийт 72.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж төлөвлөгөө 96.5 хувиар биелсэн байна.
Салбарын хэмжээнд нийт 15.3 тэрбум төгрөгийн 68 барилга угсралтын ажил, ажил үйлчилгээ, 9.2 тэрбум төгрөгийн 172 их засварын ажил, 2.6 тэрбум төгрөгийн 37 тоног төхөөрөмж худалдан авах ажиллагааг хуулийн дагуу аймаг, нийслэлийн Засаг даргад эрхийг нь шилжүүлж хэрэгжүүлсэн байна.
Мөн барилга угсралтын ажлын гүйцэтгэл 95.0 хувьтай, их засварын ажлын гүйцэтгэлийн хувь 100.0 хувьтай хэрэгжсэн байна.
Улсын төсвийн хөрөнгөөр 2010 онд ерөнхий боловсролын 13 сургуулийн хичээлийн байрыг шинээр ашиглалтанд оруулж, суудлын тоог 4668-аар, 9 дотуур байрыг ашиглалтанд оруулж, орны тоог 1045–р, 29 цэцэрлэгийн барилгыг ашиглалтанд оруулж, орны тоог 2640-р, 13 соёлын төвийн барилгыг ашиглалтанд оруулж, суудлын тоог 2890-ээр, 7 спорт заалыг ашиглалтанд оруулж, талбайн хэмжээг 2016 м2-аар тус тус нэмэгдүүлээд байна.
Мөн улсын төсвийн хөрөнгөөр нийт 201 сургууль, цэцэрлэг, соёлын төв, дотуур байр, спорт заалны барилга байгууламжийг шинэчлэн засварлаж, сургалтын болон үйлчилгээний орчинг сайжруулах ажил хийгдлээ. Мөн Азийн хөгжлийн банкны “Боловсролын хөгжлийн хөтөлбөр-3” төслийн санхүүжилтээр 1,323.5 сая төгрөгөөр ерөнхий боловсролын сургуулийн 8 хичээлийн байрыг бүрэн засварласан байна.
Энэ бүхний дүнд цэцэрлэгийн хамран сургалт 3.4 хувиар, бага боловсролын хамран сургалт 0.2 хувиар, суурь боловсролын хамран сургалт 0.1 хувиар тус тус өссөн нь хөрөнгө оруулалтын ажлын нэг гол үр дүн болж байна.
Эрүүл мэндийн салбарт улсын төсвөөс 41.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж төлөвлөгөөний биелэлт 94.9 хувьтай гарсан байна. Салбарын хэмжээнд 24.3 тэрбум төгрөгийг барилга байгууламж барихад, 7.6 тэрбум төгрөгийг их засварын ажилд, 9.2 тэрбум төгрөгийг эмнэлгийн байгууллагуудад тоног төхөөрөмж худалдан авахад тус тус зарцуулсан байна.
Нийт 325 ор бүхий 18 эмнэлгийн барилгыг барьж ашиглалтад оруулсан байна. Тухайлбал, Хөвсгөлийн Төмөрбулаг, Чандмань-Өндөр, Баян-Өлгийн Баяннуур суманд тус бүр 15 ортой, Завханы Идэр, Дорноговийн Замын-Үүд, Увсын Түргэн, Сэлэнгийн Сант, Төв аймгийн Бүрэн, Дундговийн Сайхан-Овоо, Хэнтийн Өмнөдэлгэр суманд тус 10 ортой, Булганы Хишиг-Өндөр, Баян-Өлгийн Ногооннуур, Говь-Алтайн Бигэр, Увсын Өндөрхангай, Баян-Өлгийн Алтай, Бугат сумдад тус бүр 20 ортой, Баянхонгор аймагт 50 ортой хүн эмнэлгийн барилга барьж ашиглалтад орууллаа.
Баян-Өлгий, Төв, Өвөрхангай аймагт 1800 суудал бүхий спорт цогцолборын барилга ашиглалтад орж, хот хөдөөгийн олон эмнэлгийн барилгын ажлыг 2010 онд шинээр эхлүүллээ.
2010 онд 2.0 тэрбум төгрөгөөр Эрүл мэндийн яамны шууд харьяа 9 эмнэлгийн барилгад их засвар шинэчлэлийн ажил хийгдсэн ба нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа  11 байгууллагад 835.0 сая төгрөгийн, хөдөөгийн 17 эмнэлгийн барилгад 1.8 тэрбум төгрөгийн, спортын 7 байгууллагын барилгад 371.0 сая төгрөгийн засварын ажил тус тус хийгдсэн байна
АХБ-ны буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа “Эрүүл мэндийн салбарын хөгжил-3” хөтөлбөрийн санхүүжилт болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын дотоод эх үүсвэрээр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын эмнэлгийн шинэ барилга, Архангай, говь-Алтай, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн их засвар, Сүхбаатар аймгийн Мөнххаан, Дарьганга, Төв аймгийн Заамар, Баянцогт, Баян сумын эмнэлгийн барилгын засварын ажил, мөн Архангай, Дундговь, Сүхбаатар, Төв аймгуудын нийт 27 сумын эмнэлгийн цэвэр усны эх үүсвэр, гүний худгийн хайгуулын ажил хийгдсэн байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт улсын төсвөөс нийт 34.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, 95.3 хувиар биелсэн байна.
Хөдөөгийн хүн ам, мал аж ахуйн усан хангамжийг сайжруулах ажлын хүрээнд  2010 онд 21 аймаг, отрын бүс нутагт инженерийн хийцтэй 245 худгийг шинээр барьж ашиглалтад хүлээлгэн өгсөн бөгөөд энэ ажилд улсын төсвөөс 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулсан байна.
Баян-Өлгий, Булган, Дорноговь, Дорнод, Өвөрхангай, мнөговь, Хэнтий аймгийн 508 бэлчээрт 499.7 сая төгрөгийн хөрөнгөөр шинээр уст цэг тогтоох газрын доорх усны геофизикийн хайгуулын ажил явуулав. Энэ ажлын үр дүнд 7 аймгийн бэлчээрийн ус гарах магадлалтай нөөц цэгийн тоо 400 гаруйгаар нэмэгдэж байна.
 Төвийн бүсэд төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийг, баруун бүсэд малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор орон нутгийн өмчлөлийн 6 услалтын системийг шинээр барьж, сэргээн засварлахад улсын төсвөөс 2.9 тэрбум төгрөгийн хөрөнгийн дэмжлэг үзүүлэн сүүлийн 20-иод жил ашиглалтгүй байсан Говь-Алтай аймгийн “Биж”, Төв аймгийн “Борнуур”-ын услалтын системийн нийтдээ 4.4 сая шоо метр эзлэхүүнтэй усан сан бүхий 2 боомтын барилгыг усалгааны сүлжээний хамтаар иж бүрэн шинэчлэн зассан.
Аж ахуйн нэгжийн өмчлөлийн 23 услалтын системийг шинээр барихад улсын төсвөөс 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс дэмжлэг болгон олгож, 1565.7 га талбайг услах хүчин чадалтай 23 услалтын системийг 9 аймгийн 18 суманд, нийслэлийн 2 дүүрэгт шинээр байгуулав. Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймгийн 4 аж ахуйн нэгжийн өмчлөлийн, 730 га талбайг услах хүчин чадалтай 4 услалтын системийг сэргээн засварлахад улсын төсвөөс 380.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын дэмжлэгийг үзүүлэв. Улсын хэмжээнд 10 га хүртэл талбайтай иргэний өмчлөлийн жижиг услалтын системийг шинэчлэх, шинээр барих төсөлд Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Баянхонгор, Хэнтий, Дорноговь, Дундговь, Өвөрхангай зэрэг 8 аймаг, нийслэлээс шалгарсан 22 иргэнд улсын төсвөөс 458.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлсэнээр нийтдээ 152.8 га талбайг услах услалтын системийг ашиглалтад оруулсан байна.
Архангай, Өвөрхангай аймгийн нутаг болон Ховд, Баруунтуруун, Түргэн, Хархираа, Тэс, Хэрлэн, Өлзийт, Баян, Байдраг, Цагаан гол зэрэг 10 голын ус хуримтлуулах 247.8 мянган га талбайд усалгаатай тариалан эрхлэх боломжтой талбайн хайгуул судалгааны ажлыг 296.3 сая төгрөгийн хөрөнгөөр явуулж үүнээс 98.3 мянган га талбайг усалгаатай талбайн фондод бүртгэж авах ажлыг зохион байгуулав.
Улаанбаатар хотод 160.0 га, Хөвсгөлд 30.0 га, Сэлэнгэд 30.0 га, Өмнөговьд 120.0 га, Говьсүмбэрт 50.0 га, Говь-Алтайд 400.0 га, Завхан аймагт  30.0 га, нийтдээ 835.0 га талбайг услах хүчин чадалтай 11 услалтын системийн ажлын зураг төсөл, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Тогтоогийн талын 1650 га, Ховд аймгийн Ховд голын ус хуримтлуулах 1000 га талбайд хөрс-мелиарацийн судалгаа явуулж  ТЭЗҮ-ийг боловсруулаад байна. Тариалангийн усан хангамжийг сайжруулах зорилгоор Ховд аймгийн Буянт голын Бугат хошууны хөндлүүрт ус хуримтлуулах боомт барих ТЭЗҮ боловсруулж, инженер – геологийн  судалгааны ажлыг  хийлээ.
 Газар тариалангийн техник, технологийн шинэчлэлд зориулж, улсын төсвөөс 8.7 тэрбум төгрөг санхүүжүүлэн, 100.0 тонны багтаамжтай босоо төмөр агуулах 60, үр тарианы 29 комбайн, 24 сийрүүлүүр,  29 будаа цэвэрлэгч, 15 будаа ачигч төхөөрөмж,  үрийн буудай ариутгагч, 34 хор, гебицид цацагч төхөөрөмж үр тариа хадгалах агуулах худалдан авч, 284 төрлийн сэлбэг хэрэгсэл нөөцөлж, 15.0 мянган тоннын багтаамж бүхий төмс, хүнсний ногоо хадгалах механикжсан зоорины ТЭЗҮ боловсрууллаа.
Төсвийн зээлийн 2010 оны гүйцэтгэлийн талаар
 Тайлант хугацааны эхэнд өмнөх оноос шилжиж ирсэн зээлийн үлдэгдэл 40.5 тэрбум төгрөг байсан бол 15.2 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдэж нийт 11.5 тэрбум төгрөгийн зээл шинээр олгосноор тайлант оны жилийн эцсийн байдлаар улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр олгосон зээлийн үлдэгдэл 36.5 тэрбум төгрөг болсон байна.
Тайлант хугацаанд улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр нийт 11.1 тэрбум төгрөгийн зээлийг шинээр олгосон байна:
1)     “Иргэнд хишиг, хувь хүртээхтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2010 оны 3 дугаар  тогтоолыг үндэслэн НХХЯаманд хүн бүрт олгох “Хүний хөгжил сан” дэвтэр болон маягт хэвлүүлэх зардалд зориулан 875.4 сая төгрөгийн зээл,
2)     “Төсвийн хөрөнгийг эргэж төлөгдөх нөхцөлтэйгээр ашиглуулах тухай” Засгийн газрын 2009 оны 373 дугаар тогтоолыг үндэслэн УБЕГазарт Монгол улсын үндэсний энгийн паспорт хэвлүүлсний зардал, гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар, гаалийн түр агуулахын хураамжийн зардлыг санхүүжүүлэх эх үүсвэрт зориулж 240.0 сая төгрөгийн зээлийг,
3)     “Улсын төсвөөс хөрөнгө олгох тухай” Засгийн газрын 2010 оны 71 дүгээр тогтоолыг үндэслэн Хөвсгөл аймгийн ЗДТГазарт орон нутгийн төсвийн зарлагын эх үүсвэрийн дутагдаж байгаа эх үүсвэрийг санхүүжүүлэхэд зориулан 1,481.9 сая төгрөгийн зээлийг,
4)     “Зээл олгох тухай” Засгийн газрын 2010 оны 143 дугаар тогтоолыг үндэслэн Завхан аймгийн Улиастай суманд барьж байгаа “Ахуйн үйлчилгээ, худалдааны төв”-ийн барилгыг барих хөрөнгийг эх үүсвэрт зориулж Завхан аймгийн ЗДТГ-т 500.0 сая төгрөгийн зээлийг,
5)     “Нүүрсний аюулгүйн нөөц бүрдүүлээх тухай” Засгийн газрын 2010 оны 107 дугаар тогтоолыг үндэслэн ТЭХҮ-дийн найдвартай ажиллагааг хангах, өр, авлагыг нэмэгдүүлэхгүй байх зорилгоор ЭБЭХЯ-нд “Нүүрсний аюулгүйн нөөц” бүрдүүлэхэд шаардагдах 4.9 тэрбум төгрөгийн зээлийг,
6)     “Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай” Монгол Улсын 2007 оны хуулийг үндэслэн хадгаламж зээлийн хоршоодын хадгаламж эзэмшигчдэд учирсан хохирлын 50 хувьтай тэнцэх хохирлыг барагдуулах зориулалтаар ХЗДХЯаманд 3,150.7 сая төгрөгийн зээлийг 2 удаагийн зээлийн гэрээгээр олгосон.
Тайлант хугацаанд дээрх шинээр олгосон зээлүүдээс нийт 7.5 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдсөн байна.
 ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН 2010 ОНЫ ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТУХАЙ
 Монгол Улсын Хүний хөгжил сангийн тухай хууль, Хүний хөгжил сангийн 2010 оны төсвийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын 2009 оны 99 дүгээр тогтоол,  Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 3 дугаар тогтоол, Сангийн сайдын  2010 оны 7 дугаар сарын 23-ний өдрийн 173 дугаар тушаалын 6 дугаар хавсралтын дагуу Хүний хөгжил санд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс 110.0 тэрбум төгрөгийн орлого төвлөрөхөөс 117.2 тэрбум  төгрөгийн орлого, хувьцааны ноогдол ашгаар (Эрдэнэт УҮГ) 41,0 тэрбум  төгрөг төвлөрч нийт орлогын гүйцэтгэл 158.1 тэрбум төгрөгөөр буюу 5 хувиар давж биелсэн байна.
Өнгөрөгч 2010 онд Оюутолгой төслөөс урьдчилгаа төлбөрөөр 50,0 сая ам.доллар буюу 68.4 тэрбум төгрөг Хүний хөгжил санд төвлөрсөн байна. УИХ-ын 2009 оны 22 дугаар тогтоол, Засгийн газрын 2009 оны 301 дугаар тогтоолыг үндэслэн  Сангийн сайдын 2009 оны 218 дугаар тушаалаар 115.0 сая долларын нэрлэсэн үнэтэй 100.0 сая долларын хямдруулсан бондын эх үүсвэр болох 141,2 тэрбум төгрөгийг Хүний хөгжил сангийн зарлагыг санхүүжүүлэхэд зарцуулсан.
Монгол Улсын Их Хурлын 2009 оны 99 дүгээр тогтоолоор хүн ам, өрхийн шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн, иргэний харьяаллын зөрчилгүй Монгол Улсын иргэнд 2010 онд Хүний хөгжил сангаас хүртээх хишиг, хувийн хэмжээг 120,0 мянган төгрөгөөр тогтоосоны дагуу 324.0 тэрбум төгрөгийг олгохоор төлөвлөснөөс ХХҮГ-ын ирүүлсэн тооцооны дагуу 305.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосныг аймаг, нийслэлийн халамж халамж үйлчилгээний хэлтсүүдээр дамжуулан Капитал банк, Хадгаламж банк, Хаан банкнуудаар 2.6 сая иргэнд 277.1 тэрбум төгрөгийн хишиг хувь хүртээсэн байна.
Өндөр насны тэтгэвэрт гарсан иргэн, 16 хүртэлх хүүхдийн төрөөс хариуцах эрүүл мэндийн даатгалын хураамжийн зардалд 10,906.1 сая төгрөгийг төлөвлөсний дагуу бүрэн санхүүжүүлсэн байна.
Монгол Улсын Их Хурлын 2009 оны 99 дүгээр тогтоолоор Монгол Улсын иргэнд хүртээх хишиг, хувийн эхний ээлжийн 70.0 мянган төгрөгийг 2010 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн олгож, үлдэх хөрөнгийг 2010 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сар бүр тэнцүү хуваан олгох, цаашид хишиг, хувийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэхээр шийдвэрлэсний дагуу 8-12 сард сар бүрд хуваан олгосон.
 Нийт тэнцэл, санхүүжүүлэх эх үүсвэр:
            Тайлант үед Монгол Улсын нэгдсэн төсвийн урсгал тэнцэл 822.9 тэрбум, нийт тэнцэл 41.8 тэрбум төгрөгийн ашигтай, улсын төсвийн урсгал тэнцэл 644.8 тэрбум, нийт тэнцэл 122.3 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна.
ОУВСангаас хэрэгжүүлж байгаа “Тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд төлбөрийн тэнцлийг сайжруулах зорилгоор 25.5 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлжих тусгай эрхийг ОУВСангаас Монголбанк дахь улсын төсвийн харилцах дансанд байршуулсны дагуу улсын төсвөөс Монголбанк дахь ОУВСангийн үнэт цаасны дансанд Монголбанкинд Засгийн газрын үнэт цаас арилжаалах замаар дээрхтэй тэнцэх хэмжээний төгрөгийг байршуулсан.
            Тайлант хугацаанд гадаад зээлийн үндсэн төлбөрт 60.2 тэрбум төгрөгийг төлж, гадаад бондын үндсэн төлбөрт 91.1 тэрбум, дотоод бондын үндсэн төлбөрт 170.0 тэрбум төгрөгийг тус тус төлж, 91.2 тэрбум төгрөгийн төслийн зээл, Оюу толгой төслийн 68.4 тэрбум төгрөгийн урьдчилгаа орлого, Засгийн газрын үнэт цаасны арилжаанаас 180.0 тэрбум төгрөгийг тус тус ашигласан гүйцэтгэлтэй байна.
            Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2009 оны мөнгөн хөрөнгийн үлдэгдэл болох 134.1 тэрбум, нөөцийн шатахууны үлдэгдлийг борлуулсны орлого 34.3 тэрбум төгрөгийг тус тус улсын төсвийн харилцах дансанд шилжүүлэн 2010 оны улсын төсвийн зарлагын эх үүсвэр болгосон.
Дэлгэрэнгүй танилцуулгыг доорх холбоосуудаас татан авна уу.

Эх сурвалж: www.iltod.gov.mn
 ——оОо——-

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...