Tuesday

Төсвийн бодлогогүй зарлага хямрал дагуулсаар...


Төсвийн бодлогогүй зарлага хямрал дагуулсаар...
Засгийн газрын үрэлгэн зарлагаас үүдэн төсвийн тогтворгүй байдал үүсэх эрслүүд ойрхон болоод байна.

Монголын эдийн засгийн өнөөгийн байдал хямралын өмнөх жилтэй яг ижил болоод байгааг Олон улсын валютын сан анхааруулсаар байгаа билээ. 2011 оны хувьд эрх баригчид ДНБ-ний 10 хувьтай тэнцэх алдагдал бүхий үрэлгэн төсвийг батлаад буй. Энэ нь дотоод, гадаадын эдийн засагчдын шүүмжлэлд багагүй өртөж байсан бол эрх баригчид дахин нэг алдаатай шийдвэр хэлэлцэхээр зэхэж байна. Тодруулбал, УИХ-ын намрын чуулганы эхний хэлэлцэх асуудал нь төсвийн тодотгол.

Төсөвт жил дуусахаас ердөө хоёр сарын өмнө Засгийн газар УИХ-д ДНБ-ний 6.4 хувьтай тэнцэх хэмжээний төсвийг тодотгохоор зэхсэн байх юм. Үүнийг ОУВС-гийн Токиогийн бүсийн төвийн дэд захирал Стивен Барнет Монголын хэвлэлийнхэнд ярихдаа “Одоо яригдаж байгаа төсвийн тодотгол нь эдийн засагт байж боломгүй зүйл юм. Өөрөөр хэлбэл эдийн засагт хэт халалт үүсгэнэ гэсэн үг. Яг 2007, 2008 оных шиг инфляци 20, 30 хувьд хүрэх аюултай” гэлээ. Инфляцийн түвшин буюу өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ их хэмжээгээр өсөх нь дунд болон дундаас доош түвшний өрхөд маш их хүндрэл үүсгэдэг.

Хэдийгээр Монголбанк бодлогын хүүг сүүлд 0.25 нэгжээр нэмж 11.75 хувь болгож мөнгөний бодлогыг хатууруулж байгаа ч үүнээс илүү хатуу бодлого барих нь чухал гэж олон улсын эдийн засагчид үзэж байна. Одоо инфляци ес орчим хувьтай байна. Хэрэв Засгийн газраас төсвийн зардалд хумилт хийхгүй бол инфляци оны төгсгөл, дараа жилийн эхээр 20 орчим хувь болж нэмэгдэх магадлалтай гэж Монголбанк үзээд байгаа. Эрчимтэй нэмэгдэж байгаа инфляцийг хязгаарлах ганц зүйл нь Монголбанкны бодлогын хүү юм.

Энэ талаар ноён Стивен Барнетаас сэтгүүлчид хариулт авлаа.

-Монголбанкны бодлогын хүүг ямар түвшинд хүргэх ёстой гэж та үзэж байна вэ?
-Төв банк бодлогын хүүг өөрчилдөг нь инфляцийг өөрийн хяналтандаа байлгахын тулд хийдэг алхам. Бодлогын хүү нэмэгдсэнээр мэдээж дотоодын эрэлт буурна. Улмаар хувийн хэвшлийнхний зах зээл хумигддаг сөрөг талтай. Гэхдээ төсвийн сул бодлоготой байгаа энэ үед мөнгөний хатуу бодлогыг баримтлах нь зайлшгүй зүйл юм. Энэ нь үүсэх эрсдлийг арай зөөлөн давж гарна гэсэн үг шүү дээ.

-Одоо төсвийн бодлогодоо анхаарахгүй бол хямралын өмнөх жилтэй ижил байдалд хүрээд байна гэдгийг тодруулахгүй юу?
-Монголын эдийн засаг гадаад зах зээлд маш өртөмтгий болсон. 2008 он шиг зэсийн үнэ хэд дахин унахад Монголын төсөв эрсдэлд орно. Тэгэхээр алдагдалтай төсөвтэй сууж байгаа эрх баригчид зэсийн үнэ буухад л маш их аюултай байдал үүсэх юм. Тиймээс төсвийг ингэж их тэлэх шаардлагагүй гэж үзэж байна. Эдийн засгийн хэт халалтыг эрх баригчид үүсгэж байна гэсэн үг.

-Манай эрх баригчид Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу мөнгө төвлөрүүлж байгаа. Энэ тус нэмрээ өгөх болов уу?
-Эрсдэл үүслээ гэхэд зөвхөн энэ сангаар даваад өнгөрнө гэж хэцүү шүү дээ.

Олон улсын валютын сан манай эрх баригчдыг ийнхүү шүүмжилж байна. 2011 оны төсөв батлагдахын өмнө ч Дэлхийн банкнаас ийм шүүмжлэл  ирж байсан. Гэвч манай төр засаг мөнгө олохоос илүү үрэх дуртай. Энэ ч нөгөө ард түмэндээ таалагдахын тулд буюу дараа дараагийн сонгуулийн сурталчилгаагаа хийж буй хэрэг. Өнөөдөртөө ядуу буурай Монголчуудад таалагдсан шийдвэр төр засаг гаргасан ч алсдаа гай болох шийдвэрүүд гаргаж байгааг манайхны арай ахиухан хүн ойлгодог болоосой. Үүний хамгийн тод жишээ бол сар бүр иргэн бүрт олгож байгаа 21 мянган төгрөг билээ.

Үнэндээ өнөөдрийн үмх талхнаас илүү бидний ирээдүй хойчид дотоодын үйлдвэрлэл, чанартай боловсрол, баталгаатай эрүүл мэндийн салбар, дэд бүтцийн бүтээн байгуулалтууд хэрэгтэй сэн.

Ч.Болор 
Эх сурвалж: www.news.gogo.mn

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...