Friday

Засгийн газрын 2010 оны 334 дүгээр тогтоол Нийгмийн үйлчилгээний жишиг норматив



                                                                      
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

НИЙГМИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИШИГ НОРМАТИВ БАТЛАХ ТУХАЙ

2010 оны 12 дугаар сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 334

Засгийн газрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төрөөс нийгмийн үйлчилгээг иргэдэд жигд, чанартай, үр ашигтай хүргэхэд баримтлах “Нийгмийн үйлчилгээний жишиг норматив”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Салбарын бодлого тодорхойлох, төлөвлөлт хийхдээ “Нийгмийн үйлчилгээний жишиг норматив”-ыг баримталж ажиллах, нормативт зааснаас илүү төлөвлөх тохиолдолд төсөвт нэмэлт ачаалал үүсгэхгүй байхаар урсгал зардлыг урьдчилан шийдвэрлэсэн байхыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосугай.

3. “Нийгмийн үйлчилгээний жишиг норматив”-т заасан боловсролын үйлчилгээг иргэдэд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилгоор боловсролын байгууллагын барилга байгууламжид тавих үндсэн шаардлага, эрүүл ахуй, аюулгүй байдлын болон номын сан, биеийн тамирын заал, бие засах газар, сургалтын хэрэглэгдэхүүн зэрэг сургалтын үйл ажиллагаа явуулах орчны стандартыг боловсруулан батлуулж, боловсролын бүх шатны байгууллагад мөрдүүлэх арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт даалгасугай.

4. Төрөөс иргэдэд үзүүлж байгаа нийгмийн үйлчилгээнд мөрдөгдөж байгаа стандартын биелэлтийг хангах ажлын явцыг шалган, дүнг жил бүрийн IY улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт үүрэг болгосугай.

5. Нийгмийн үйлчилгээ нь энэхүү жишиг нормативт заасан түвшинд хүрээгүй сумдын судалгааг гаргаж, үйлчилгээг сайжруулах асуудлыг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд, эдгээр арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт үе шаттайгаар тусган хэрэгжүүлж байхыг Сангийн сайд С.Баярцогт, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо (Ч.Хашчулуун)-нд үүрэг болгосугай. 

                 Монгол Улсын Ерөнхий сайд                                       С.БАТБОЛД 

               Монгол Улсын сайд, 

              Засгийн газрын Хэрэг 

              эрхлэх газрын дарга                                                        Ч.ХҮРЭЛБААТАР


Засгийн газрын 2010  оны 334 дүгээр
                                                                       тогтоолын хавсралт


НИЙГМИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИШИГ НОРМАТИВ

Нэг. Жишиг нормативын зорилго

            Иргэдийн ая тухтай амьдрах таатай орчинг бүрдүүлэх, нийгмийн үйлчилгээг иргэдэд тэгш, чанартай, үр ашигтай хүртээх замаар төрөөс авч байгаа үйлчилгээнд сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, нөгөө талаас цөөн хүн амтай, эдийн засгийн хувьд үр ашиггүй, жижиг сумд нэгдэх хөшүүрэг бий болгоход энэхүү жишиг нормативын зорилго оршино.

Хоёр. Жишиг нормативыг хэрэгжүүлэх үйл
    ажиллагааны зарчим

Төрөөс үзүүлэх нийгмийн үйлчилгээний жишиг нормативыг тодорхойлох, хэрэгжүүлэхдээ дараахь зарчмыг баримтална:

1. Хүний эрх, эрх чөлөө, ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх.

     2. Үйл ажиллагаа нь бүх хүнд нээлттэй, ил тод, хүртээмжтэй байх.

3. Төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлах.

            4. Сум, дүүрэг нь санхүүжилтийн эх үүсвэрээ өөрөө шийдвэрлэсэн тохиолдолд энэхүү жишиг нормативт зааснаас илүү нийгмийн үйлчилгээтэй байж болох.

Гурав.  Жишиг нормативт дурдсан нийгмийн үйлчилгээ

Жишиг нормативт дараахь нийгмийн үйлчилгээ багтана:

1.      Сургуулийн өмнөх боловсрол.
2.      Бага боловсрол.
3.      Суурь боловсрол.
4.      Бүрэн дунд боловсрол.
5.      Мэргэжлийн боловсрол.
6.      Дээд боловсрол.
7.      Соёлын байгууллага.
8.      Нийтийн номын сан, интернэт.
9.      Мэргэжлийн урлагийн байгууллагын үйлчилгээ.
    10. Нийгмийн халамжийн үйлчилгээ.
    11. Нийгмийн үйлчилгээний төв.
    12. Хоноглох байр.
    13. Төрөлжсөн асрамжийн үйлчилгээ.
    14. Ахмадын төв.
    15. Гэрлэх ёслолын ордон.
    16. Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ.
17.  Эрүүл мэндийн хоёрдогч шатны тусламж, үйлчилгээ.
18.  Түргэн тусламжийн үйлчилгээ.
19.  Спортын байгууламж.
20.  Цахилгаан эрчим хүч.
21.  Дулааны хангамж.
22.  Ус хангамж.
23.  Ариутгах татуурга, нийтийн аж ахуйн үйлчилгээ.
24.  Харилцаа холбоо, шуудангийн үйлчилгээ.
25.  Авто зам, гүүр.
26.  Орон нутгийн удирдлага.
27.  Нэг цонхны үйлчилгээ.
28.  Чанарын удирдлагын стандарт.
29.  Гэмт хэрэгтэй  тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах.
30.  Хог зайлуулах, хадгалах, устгах.
31.  Тохижилт, цэцэрлэгжүүлэлт. 
32.  Цэцэрлэгт талбай, хүүхдийн парк.

Дараахь үйлчилгээг нийгмийн суурь үйлчилгээ гэнэ:

1. Сургуулийн өмнөх боловсрол.
2. Бага боловсрол.
3. Соёлын байгууллага.
4. Нийтийн номын сан интернэт.
5. Нийгмийн халамжийн үйлчилгээ.
6. Ахмадын төв.
7. Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ.
8. Спортын байгууламж.
9. Цахилгаан эрчим хүч.
    10. Дулааны хангамж.
    11. Ус хангамж.
    12. Ариутгах татуурга, нийтийн аж ахуйн үйлчилгээ.
    13. Харилцаа холбоо, шуудангийн үйлчилгээ.
    14. Авто зам, гүүр.
    15. Орон нутгийн удирдлага.
    16. Гэмт хэрэгтэй  тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах.
    17. Хог зайлуулах, хадгалах, устгах.
    18. Тохижилт, цэцэрлэгжүүлэлт.

Дөрөв. Нийгмийн үйлчилгээг хүргэхэд баримтлах жишиг норматив

4.1  Боловсрол, соёлын үйлчилгээ

Сургуулийн өмнөх боловсрол:

1. Бүх сум, хот, тосгонд ном, гарын авлага, сургалтын үзүүлэн болон тоглоом, бусад хэрэглэгдэхүүн зэргээр боловсролын стандарт[1]-ын шаардлагыг хангасан, хүүхдийн хоол хүнс, эрүүл ахуй, ариун цэвэр, аюулгүй байдлын стандарт, норм, норматив, барилгын норм ба дүрэмд[2]  (цаашид "БНбД" гэх) заасан нормативт хэмжээг чанд мөрдсөн, бүлэгт байх хүүхдийн тоо нь БНбД[3]-д заасан нормативыг баримталсан сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэг байх.

2. Хөдөөгийн малчин өрхийн 5 хүртэл насны хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох үйл ажиллагааг нүүдлийн аж байдалд нь тохируулан хувилбарт сургалт[4]-ын хэлбэрээр зохион байгуулах.

3. Аймаг, нийслэлд ном, гарын авлага, сургалтын үзүүлэн болон тоглоом, бусад хэрэглэгдэхүүн зэргээр боловсролын стандарт[5]-ын шаардлагыг хангасан, мөн хүүхдийн хоол хүнс, эрүүл ахуй, ариун цэвэр, аюулгүй байдлын стандарт, норм, норматив, барилгын норм ба дүрэмд заасан нормативт хэмжээг чанд мөрдсөн, бүлэгт байх хүүхдийн тоо нь БНбД[6]-д заасан нормативыг баримталсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн орчин бүхий сургуулийн өмнөх боловсрол олгох хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэг байх.

Бага боловсрол:

1. Бүх сум, хот, тосгонд боловсролын стандартад заасан боловсролын агуулгын түвшин, сургалтын орчинд тавигдах үндсэн шаардлага, барилгын норм ба дүрэмд заасан нормативыг бүрэн хангасан бага боловсрол эзэмшүүлэх байгууллага[7] байх.

2. Ерөнхий боловсролын сургууль нь дотуур байртай тохиолдолд БНбД[8]-д заасан шаардлагыг хангасан байх.

Суурь боловсрол[9]:

1. 2000-аас дээш хүн ам бүхий суманд боловсролын стандартад заасан боловсролын агуулгын түвшин, сургалтын орчинд тавигдах үндсэн шаардлага, барилгын норм ба дүрэмд заасан нормативыг хангасан суурь боловсрол эзэмшүүлэх байгууллага байх.

            2. 2000-аас цөөн хүн амтай, 20 км зайд суурь боловсрол олгох сургуульгүй суманд суурь боловсрол эзэмшүүлэх байгууллага байх.

3. 2000-аас цөөн хүн амтай, хоорондоо 20 км-ээс бага зайтай сумдын хувьд хүн ам илүү төвлөрсөн суманд нь суурь боловсрол эзэмшүүлэх байгууллага байх.

4. Сум нь харьяандаа тосгонтой[10], сумын нийт хүн амын тоо нь 2000-аас цөөн бол сум, тосгоны илүү хүн ам төвлөрсөн сууринд суурь боловсрол эзэмшүүлэх байгууллага байх;

5. Ерөнхий боловсролын сургууль нь дотуур байртай тохиолдолд БНбД[11]-д заасан шаардлагыг хангасан байх.

Бүрэн дунд боловсрол:

1. 3000-аас дээш хүн ам бүхий суманд боловсролын стандартад заасан боловсролын агуулгын түвшин, сургалтын орчинд тавигдах үндсэн шаардлага, барилгын норм ба дүрэмд заасан нормативыг хангасан бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх байгууллага байх.

2. 2000-3000 хүн амтай сумын хувьд 100 км зайд бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх байгууллага байхгүй тохиолдолд бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх байгууллага байх.

3. 2000-3000 хүн амтай, хоорондоо 100 км-ээс бага зайтай сумдын хувьд хүн ам илүү төвлөрсөн суманд бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх байгууллага байх.

4. Ерөнхий боловсролын сургууль нь дотуур байртай тохиолдолд БНбД[12]-д заасан шаардлагыг хангасан байх.

Мэргэжлийн боловсрол:

20000-аас дээш хүн амтай бүх сум, хотод болон бүсчилсэн хөгжил, хот төлөвлөлтийн бодлого, бүс нутгийн онцлогийг харгалзан зарим сумдад боловсролын стандартад заасан боловсролын агуулгын түвшин, сургалтын орчинд тавигдах үндсэн шаардлага, барилгын норм ба дүрэмд заасан нормативыг хангасан мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага[13] байх.

Дээд боловсрол:

50000-аас дээш хүн амтай бүх сум, хотод болон бүсчилсэн хөгжил, хот төлөвлөлтийн бодлого, бүс нутгийн онцлогийг харгалзан зарим сумдад боловсролын стандартад заасан боловсролын агуулгын түвшин, сургалтын орчинд тавигдах үндсэн шаардлага, дээд боловсролын байгууллага байгуулахад тавих нийтлэг шаардлага, барилгын норм ба дүрэмд заасан нормативыг хангасан дээд боловсролын сургалтын байгууллага[14] байх.

Соёлын байгууллага:

Бүх сум, хот, тосгонд хурал, цуглаан, бүжиг, урлагийн тоглолт гэх мэт нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулах соёлын байгууллага[15] байх.

Нийтийн номын сан интернэт:
Бүх сум, хот, тосгонд интернэт мэдээллийн төв бүхий нийтийн номын сан байх.

Мэргэжлийн урлагийн байгууллага:

Бүх аймгийн төв болон 20000-аас дээш хүн амтай бүх сумын төвд мэргэжлийн урлагийн байгууллага[16] байх.

4.2. Нийгмийн хамгаалал

Нийгмийн халамжийн үйлчилгээ:

            Бүх сум, хот, тосгонд иргэдийг амьжиргаагаа  дээшлүүлэх чадавхитай болоход нь зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах болон нийгмийн халамжийн тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмж, тусламж, хөнгөлөлт олгох, халамж, төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдах өрх, иргэнийг тодорхойлж, шийдвэрлүүлэх зэрэг нийгмийн халамжийн үйлчилгээ хүргэх нийгмийн халамжийн байгууллага[17] байх. Нийгмийн халамжийн үйлчилгээг сум, хороонд хүргэх нийгмийн ажилтны тоо тухайн сум, хорооны хүн амын тооноос хамаарч дараахь байдлаар тогтооно:

Сумын хүн амын тоо
Нийгмийн ажилтны тоо
Хорооны хүн амын тоо
Нийгмийн ажилтны тоо
1000-3000
1
4000-5000
1
3000-аас дээш
1+нэмэгдэж байгаа 3000 хүн ам тутамд             1 нийгмийн ажилтан
5000-аас дээш
1+нэмэгдэж байгаа 5000 хүн ам тутамд             1 нийгмийн ажилтан

Нийгмийн үйлчилгээний төв:

Хүчирхийлэлд өртсөн иргэд болон хаягдсан хүүхэд, гал түймэр, үер, хүчтэй салхи зэрэг байгалийн гамшгийн улмаас орон гэрээ түр алдсан иргэдийг тулгамдсан асуудлаа шийдвэрлэх хүртэл түр байрлуулж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх үүрэгтэй нийгмийн үйлчилгээний төв[18] аймгийн төвийн сум болон нийслэлд байх.

Хоноглох байр:

Орон гэргүй, ажилгүй, оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ захиргаанд хаягийн бүртгэлгүй, орлогын эх үүсвэргүй, нийгмийн хамгааллын ямар нэг тэтгэвэр, тэтгэмж авдаггүй иргэдийг бүртгэж, өдөрт нэг удаа халуун хоол өгөх, хоноглох байр Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод байх. 

            Төрөлжсөн асрамжийн үйлчилгээ:

Бүс бүрт  ахмад настныг асрах асрамжийн үйлчилгээний төв байх.


Ахмадын төв:

Сум бүрт  ахмад настны чөлөөт цагаа өнгөрөөх зориулалт бүхий газар эсхүл кабинет байх.

Гэрлэх ёслолын ордон:

60000-аас дээш хүн ам бүхий суманд гэрлэх ёслолын ордон байх.

4.3. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ

Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ:

1. Бүх сум, хот, тосгонд өрх, сумын эмнэлгийн стандартыг[19] хангасан, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ болон зарим үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээг хүн амд үзүүлдэг эрүүл мэндийн байгууллага байх.

2. Сум, тосгон нь Монгол Улсын эмийн санд тавих нийтлэг шаардлагыг[20] хангасан эмийн сантай байх.

Эрүүл мэндийн хоёрдогч шатны тусламж, үйлчилгээ:

1. Бүх аймгийн төвийн сум болон дүүрэгт стандартын[21] шаардлага хангасан аймгийн нэгдсэн эмнэлэг буюу эмнэлгийн үндсэн болон зарим төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллага байх.

2. 20000-аас дээш хүн амтай сум нь аймгийн нэгдсэн эмнэлгийн стандартын шаардлага хангасан, эмнэлгийн үндсэн болон зарим төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагатай байх.

3. 20000-аас дээш хүн амтай, хоорондоо 50 км болон түүнээс ойр зайтай хоёр болон түүнээс дээш сумын хувьд хүн ам илүү төвлөрсөн суманд нь аймгийн нэгдсэн эмнэлгийн стандартын шаардлага хангасан, эмнэлгийн үндсэн болон зарим төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллага байх.

4. Аймаг, дүүрэгт 5000 хүн ам тутамд Монгол Улсын эмийн санд тавих нийтлэг шаардлагыг[22] хангасан эмийн сантай байх.

Түргэн тусламжийн үйлчилгээ:

Цочмог өвчин эмгэг, осол гэмтэл, хордлого, жирэмслэлт, төрөлтийн үед эмнэлгийн яаралтай анхны тусламжийг газар дээр нь болон тээвэрлэлтийн явцад үзүүлэн, эмнэлэгт хүргэх түргэн тусламжийн үйлчилгээтэй байх.

Спортын байгууламж:

1. Бүх сумын сургууль биеийн тамирын талбай, заалтай  байх.

2. Аймгийн төвийн бүх сум болон 15000-30000 хүн амтай суманд  450 хүний суудал бүхий спорт цогцолбор байх.

3. 30000-аас дээш хүн амтай суманд 900 хүний суудал бүхий спорт цогцолбор байх.

4.4. Дэд бүтэц

Цахилгаан эрчим хүч:

Монгол Улсын сум, хот, тосгон бүрийг стандартын шаардлага хангасан, найдвартай эрчим хүчний эх үүсвэр (нар, салхи болон бусад сэргээгдэх эрчим хүч)-ээр 24 цагийн турш тасралтгүй хангах.

Дулааны хангамж:

Монгол Улсын сум, тосгон бүрийн эмнэлэг, сургууль, цэцэрлэг, нутгийн удирдлагын байрыг түлш бага хэрэглэдэг, өндөр үр ашигтай, стандартын шаардлага хангасан, гүний дулаан хуримтлуулдаг геосмарт зэрэг технологи ашиглан нэгдсэн байдлаар дулаан, халуун усаар хангах.

Ус хангамж:

Сум, хот, тосгон бүрийн хүн амын ундны усны хэрэгцээг БНбД 30.01.04-т заасан инженерийн шугам сүлжээний төлөвлөлтийн шаардлага, ундны усны эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын стандартыг[23] хангасан төвлөрсөн болон төвлөрсөн бус усан хангамжийн эх үүсвэрээс хангах, сум, хотын гэр хорооллын хувьд нэг хүнд хоногт 25 литрээс багагүй ус хүргэх, орон сууцанд амьдарч байгаа иргэнд хоногт 230 литрээс багагүй ус хүргэх.

Ариутгах татуурга, нийтийн аж ахуйн үйлчилгээ[24]:

1. Аймгийн төвийн бүх сумыг ус хангамжийн найдвартай эх үүсвэрээс хангах, сайжруулсан ариун цэврийн байгууламжтай байх.

2. Ариутгах татуургын төвлөрсөн системгүй газарт бие даасан систем болон бага оврын цэвэрлэх байгууламж байх.

3. Сум, тосгон бүрт халуун усны газар байж, БНбД 30.01.04-т заасны дагуу хотод 1000 хүнд 5, хөдөөд 1000 хүнд 7 шүршүүр ногдохоор хангах.



Харилцаа холбоо, шуудан:

1. Шуудангийн болон цахилгаан холбооны зайлшгүй шаардлагатай үйлчилгээг[25] бүх суманд хүргэж, сум бүрт 7 хоногт 1-ээс доошгүй удаа шуудан хүргэх.

2. Монгол Улсын бүх аймгийн төвийн сумыг өндөр хурдны интернэтийн сүлжээнд холбох.

3. Монгол Улсын бүх сум, суурин газрыг тоон технологид шилжүүлэх.

4. Монгол Улсын бүх сум, суурин газрыг интернэт холболттой болгох.

Авто зам, гүүр:

Бүх аймгийн төвийн сумыг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох.

4.5. Хүн амын аюулгүй байдал

Орон нутгийн удирдлага:

Монгол Улсын бүх суманд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу нутгийн удирдлагыг хэрэгжүүлэх Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид[26] болон Засаг дарга, түүний Тамгын газар байх;

Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг хүн амын тоо, нутаг дэвсгэрийн онцлогийг харгалзан Засгийн газраас тогтоох.

Нэг цонхны үйлчилгээ:

Монгол Улсын бүх аймгийн төвийн сум, бүсийн төв болон дүүрэгт төрийн захиргааны үйлчилгээг хялбар хүртээмжтэй, шуурхай, нээлттэй хүргэх тухайн орон нутгийн онцлогт тохирсон нэг цонхны үйлчилгээний төв байх.

Чанарын удирдлагын стандарт:

Монгол Улсын төрийн захиргааны бүх байгууллагын үйл ажиллагаанд чанарын удирдлагын ISO стандарт нэвтэрсэн байх.

Гэмт хэрэгтэй  тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах:

Монгол Улсын бүх суманд нийгмийн хэв журам сахиулах цагдаагийн төлөөлөгч эсхүл хэсэг, тасаг байх.

4.6. Хүрээлэн байгаа орчин, байгаль хамгааллын үйл ажиллагаа

Хог зайлуулах, хадгалах, устгах:

1. Сум бүрт нормативын[27] дагуу ахуйн хог хаягдлыг цуглуулах.

2. Том хотод[28] хог хаягдлыг үйлдвэрийн аргаар боловсруулах үйлдвэрийн газартай байх.

Тохижилт, цэцэрлэгжүүлэлт: 

Бүх сум, хот, тосгонд цэцэрлэгжүүлэх бүс, цэнгэлдэх хүрээлэн, цэцэрлэг, цэцэрлэгт гудамж, цэцэрлэгт талбайг төлөвлөх[29].

Цэцэрлэгт талбай, хүүхдийн парк:

40000-аас дээш хүн амтай бүх сум, хотод хүүхдийн парк[30] байх.

Тав. Жишиг нормативыг хэрэгжүүлэх үе шат

Жишиг нормативыг 2011-2016 оны хооронд дараахь 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ:

5.1 Нэгдүгээр үе шат буюу нийгмийн суурь үйлчилгээгээр бүрэн хангах үе шат: 2011-2014 он.

5.2 Хоёрдугаар үе шат буюу жишиг нормативыг бүрэн хангах үе шат:    2014-2016 он.

         Зургаа. Жишиг нормативын санхүүжилт

 Жишиг нормативыг хэрэгжүүлэхэд нийт 2464.7 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдахаар байгаа бөгөөд үүнээс нийгмийн суурь үйлчилгээгээр иргэдийг бүрэн хангахад 2017 тэрбум төгрөг шаардагдахаар байна. Эдгээрээс боловсролын салбарын жишиг нормативыг хангаж, стандартын түвшинд хүргэхэд 509 тэрбум төгрөгийн санхүүжилт, дэд бүтцийн салбарын жишиг нормативыг хангахад 1605.4 тэрбум төгрөг, эрүүл мэндийн салбарын жишиг нормативыг хангаж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад 80.6 тэрбум төгрөг, нийгмийн хамгааллын үйлчилгээний жишиг нормативыг хангаж, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд 40.1 тэрбум төгрөг, бусад салбарын жишиг нормативыг хангахад 229.6 тэрбум төгрөгийн санхүүжилт тус тус шаардагдахаар байна.





Долоо. Хүрэх үр дүн

Нийгмийн үйлчилгээний жишиг нормативыг баримталснаар дараахь үр дүнд хүрнэ:

7.1. Төрөөс нийгмийн үйлчилгээг хүргэхэд баримтлах жишиг түвшин бий болно.

7.2. Иргэдийн амьдрах орчин сайжирна.

7.3. Нийгмийн үйлчилгээний чанар, үр ашиг дээшилнэ.

7.4. Төв, суурин газар руу  шилжих шилжилт хөдөлгөөн буурна.

7.5. Төсвийн хөрөнгө оруулатыг хуваарилах зохицуулалттай  болно.




---оОо---

[1] Боловсролын тухай хуулийн 11.1
[2]  БНбД 30.01.04, цэцэрлэгийн байрны багтаамжийг 1000 хүн амд ногдох цэцэрлэгийн хүүхдийн тоо хотод 100, хөдөөд 90 байхаар тооцно.
[3] БНбД II 66-88, нэгдүгээр хүснэгт
[4] Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, 4.1.9, 8.4
[5] Боловсролын тухай хуулийн 11.1
[6] БНбД II 66-88, нэгдүгээр хүснэгт
[7] Бага, дунд боловсролын тухай хуулийн 10.1
[8] БНбД П-65-79. дотуур байрны хүчин чадлыг 50, 80, 160, 200, 280  хүүхдийн багтаамжтай байхаар төлөвлөнө.
[9] Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 7 дахь заалт, Боловсролын тухай хууль 6.3
[10]  Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1
[11] БНбД П-65-79.
[12] БНбД П-65-79.
[13] Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 12.1
[14] Боловсролын тухай хуулийн 15.1
[15] Соёлын тухай хуулийн 6.1
[16] Мэргэжлийн урлагийн байгууллага гэж театр, чуулга, цирк, филормони зэргийг хэлнэ.
[17] Нийгмийн халамжийн тухай хуулийн, 6.1
[18] Нийгмийн халамжийн тухай хуулийн 6.6
[19]  MNS 5082-2005 31x
[20] MNS 5260:2008
[21]  Аймгийн нэгдсэн эмнэлэгийн стандарт MNS 5095:2001
[22] MNS 5260:2008
[23] MNS 900-2005 11х
[24] Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм /БНбД 30.01.04/, ариутгах татуурга. Гадна сүлжээ ба байгууламж /БНбД 40.01.06/, Усан хангамж. Гадна сүлжээ ба байгууламж /БНбД 40.02.06/ нормыг баримтална.
[25] Харилцаа холбооны тухай хуулийн 3.1.8
[26] Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу ИТХ-ын гишүүдийн тоо нь
2000 хүртэл хүн амтай бол 15
2001-9000 бол 21
9001-ээс дээш бол 25 байна.
[27] БНбД 30.01.04-ийн заавал мөрдөх 16 дугаар хавсралт
[28] БНбД 30.01.04-1.5-д заасан ангилал ёсоор том хот гэж 100-500 мянган хүн амтай байна.
[29] БНбД 30.01.04-4.3
[30] БНбД 30.01.04-4.3

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...